Монгол Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 10.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 15.9 хувиар буурчээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 13093 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12163 хүн, 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна. 1560 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан.
Хүчиндэх, залилах зэрэг зарим гэмт хэргийн тоо өсжээ
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
- Хүчиндэх гэмт хэрэг 39 хэргээр буюу 12.7 хувиар
- Залилах гэмт хэрэг 22 хэргээр буюу 3.1 хувиар
- Авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар тус тус өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурчээ
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 242 хэргээр буюу 23.5 хувиар
- бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 683 хэргээр буюу 12 хувиар
- хулгайлах гэмт хэрэг 361 хэргээр буюу 22.4 хувиар
- дээрэмдэх гэмт хэрэг 78 хэргээр буюу 29 хувиар буурчээ.
Шүүх торгох ялыг түлхүү оноожээ
Монгол Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилд шүүхээс торгох ялаар нийт 6179 хүн, 2 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1518 хүн, хорих ялаар 1560 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1049 хүн шийтгүүлсэн байна.
Өнгөрсөн оноос торгох ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 19.3 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүний тоо 26.5 хувиар, хорих ялаар шийтгүүлсэн хүний тоо 31.4 хувиар тус тус буурсан байна.
Шүүхээс 6179 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 9 тэрбум 568 сая 941 мянга 330 төгрөгийнторгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 4.2 хувиар өссөн байна.
Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав
Улсын хэмжээнд 2021 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 618 хүнээр буюу 20.8 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 6 хүнээр буюу 1.9 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 9 хүнээр буюу 6.1 хувиар буурсан байна.
Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав
Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилийн байдлаар нийт 144 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 15 хүн буюу 11.6 хувиар өссөн байна.
Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв
Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 оны бүтэн жилд харьяаллын дагуу зөрчлийн 21122 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 824 шийдвэрийг хянасан байна. 92 хуулийн этгээд, 4863 хүнд торгох шийтгэл, 16865 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 537 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 468 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 251 зөрчлийн хэрэгт буюу 53.6 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 109 зөрчлийн хэрэгт буюу 23.3 хувьд нь өөрчлөлт оруулж, 110 зөрчлийн хэрэгт буюу 23.1 хувьд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.