Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд түр томилсон албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, сул орон тоонд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар иргэдийг томилох үйл явц эхэлсэн. Уг ажлын явцын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.
-Эхлээд дахин шинэчлэн найруулснаар одоогоос хоёр жил гаруйн өмнөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн талаар мэдээлэл өгнө үү. Өмнөхөөс хэр сайжирсан бэ?
-Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны дараахан буюу 1994 онд Төрийн албаны тухай хуультай болсон. Ингэснээр төрийн албаны үйл ажиллагаа, онцлогийг хуулийн хүрээнд зохицуулдаг болсон гэсэн үг. 2002, 2017 онд хуулийг шинэчлэн найруулсан. Өнөөдөр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр нь төрийн албан хаагчдын үйл ажиллагааг зохицуулж байна. Уг хуульд зааснаар төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааны, төрийн тусгай албанд орж буй иргэн нь төрийн албаны сонгон шалгаруулалт гэдэг шалгалтыг заавал өгч төрийн албанд хөл тавих зохицуулалттай.
Шалгалт хоёр төрөлтэй. Төрийн алба хаших хүсэл, сонирхолтой иргэдийн нөөцийг бүрдүүлдэг ерөнхий шалгалт гэж бий. Энэ нь өмнөх хуульд арай өөр зохицуулалттай байсан юм. Төрийн албанд анх орох иргэний мэргэжлийн шалгалт гээд, аль нэгэн яам, агентлаг, дүүргийн Тамгын газар байлаа гэхэд ямар нэг ажлын байр зарлаад, түүнд нь олон хүн өрсөлдөж, нэг хүн нь ажилтай болоход үлдсэн, нөөцөд орсон хүмүүс өөр, өөр байгууллага руу шилждэг уян хатан гэмээр зохицуулалттай байлаа. Одоогийн хуулиар бол ерөнхий шалгалтад иргэдийг мэргэжил, ажилласан жил шаардалгүйгээр бүртгэлд хамруулдаг болсон онцлогтой. Тэгэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргаж байгаагүй, сэтгэцийн өвчин эмгэггүй, Монгол Улсын иргэний харьяалалтай, монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, хугацаат цэргийн алба хаасан хэн ч бүртгүүлэх бололцоотой. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд бүртгэгдсэн иргэн, төрийн байгууллагад ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар, сургуульд явахаар түр чөлөөлөгдсөн хүмүүс, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүтэц зохион байгуулалтын нөлөөгөөр ч юм уу, түр чөлөөлөгдсөн зэрэг асуудалтайгаар нөөцөд байдаг иргэд албан тушаалын буюу тусгай шалгалт өгдөг. Тусгай шалгалтыг төрийн ажил, албанд яг томилогдохын өмнө өгдөг. Тухайлбал, сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллах болбол тусгай шалгалт заавал өгсөн байх нь.
-Ерөнхий шалгалт өгсөн хүн л тусгай шалгалт өгдөг гэж ойлголоо.
-Тийм. Мөн ажил, албан тушаалын онцлогийг харгалзан, ангилал, зэрэглэлийг хангаж байвал заавал шалгалтаар гэхгүй, шилжүүлэн томилж болдог. Төрийн албан хаагчийг сэлгүүлэн ажиллуулж болох тал бас байдаг. Тэгсээр байтал хууль бус томилгоотой олон арван иргэн, ажилтан байна гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Өнгөрсөн онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар тухайлбал, Архангай, Увс, Дорнод, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар зэрэг 11 аймаг, зарим яам, агентлагт ажиллалаа. Өнөөдрийн байдлаар гэхэд БОАЖЯ-нд мөн ажлын хэсэг хяналт хийж
байна. Аймгууд, яам, агентлагуудад ажиллахад томилгооны зөрчил байсан нь илэрсэн. Төрийн 375 байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилсон 5277 үйл ажиллагаанд хяналт хийсэн. Ингэхэд 284 байгууллагын 1112 ажилтныг хууль зөрчиж томилсон шийдвэр гаргасан байв. Үүн дотор товчилсон байдлаар хэлэхэд “Ковид”-ын хуулийн зохицуулалтаар томилсон иргэний ч, албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангаагүй хүний ч асуудал бий. Шалгалт огт өгөөгүй нь ч байв. Бас хөдөлмөрийн гэдэг юм уу, бусад гэрээгээр, хууль зөрчиж томилсон зөрчил нэлээд байлаа. Энэхүү зөрчилтэй үйл явцуудыг арилгуулах талаар Төрийн албаны зөвлөл хуралдаж, бүгдэд нь анхааруулга, ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгавар, чиглэл өгсөн.
-Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хэдэн албан хаагчийг томилоод, асуудал болгоод байна вэ. Томилгооны зөрчил арилж байна уу?
-Судалгаа хийсэн. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Ковид”-ын хуулиар 1053 иргэн төрийн албанд томилогдсон байв. Нөхцөл байдал ийм болоод ирэхэд Төрийн албаны зөвлөл өнгөрсөн оны эцэст 411 дүгээр тогтоол гаргасан. “Ковид”-ын хуулиар томилогдсон хүмүүсийг чөлөөлөх, мөн шалгалт өгөөгүй иргэдийг ямар нэгэн гэрээний хүрээнд ажилд авсан бол чөлөөлөх, сул орон тоог богино хугацаанд зарлаж, сонгон шалгаруулалтаар явуул гэсэн шаардлага тавьж, шийдвэр гаргасан. Зөвлөмж гэж үзэж ч болно. Түүнээс хойш бүр нарийвчлан судлахад 2539 хүн болсон. Тэднээс 936 нь ажиллаж буй албан тушаалынхаа тодорхойлолтын шаардлагыг боловсрол, мэргэжил, туршлагын хувьд хангажээ. Харин шаардлага хангаагүй 1081 хүн ажиллаж байна гэсэн дүн гарсан. Энэхүү 411 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хоёрдугаар сарын 1-нээр тасалбар болгож, дүн мэдээ авсан юм. “Ковид”-ын хуулиар томилогдсон иргэдийн дунд түрүүнд дурдсанчлан албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангасан 936, нөөцөд бүртгэлтэй 821 хүн байжээ. Тэгэхээр асуудлын гол нь шаардлага хангахгүй 1081 хүнд байгаа юм. Тэд нэгэнт албан тушаалын шаардлага хангахгүй тул шалгалт өгч, дахин томилогдох боломж ч байхгүй. Харин хэдийн нөөцөд байсан тэр хүмүүс бол хууль бус томил томилгооноосоо чөлөөлөгдчихөөд, ажлын байрыг нь хууль, журмын хүрээнд зарлавал шалгалтыг амжилттай давснаар дахин томилогдох боломжтой. Ийм зохицуулалтууд байна.
-Нөөцөд бүртгэлгүй нь төрийн албаны ерөнхий ч, тусгай ч шалгалт өгөөгүй хүмүүс гэсэн үг үү?
-Тийм. Ийм иргэн 1152 байв. Одоогийн байдлаар “Ковид”-ын хуулиар томилогдсон 952 хүнийг чөлөөлүүлээд байна. Иймээс төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс ажлын байрныхаа захиалгуудыг хурдан ирүүл, түргэн зарлуул гэж шавдуулж байна. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар төрийн байгууллагууд томилгоог хуульд нийцүүлэхтэй холбоотойгоор 1393 сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлүүдэд хүргүүлжээ. Үүнээс 1164 нь зарлагдсан байна. Тэгэхээр зөрчлийг залруулахаар, хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэсэн үг.
-Зарим яам, агентлагийн өндөр албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэсэн шүүмжлэл өнөө хэр байсаар. Чухам хаана ийм зөрчил байгааг нэрийг нь дурдан тайлбарлаж болох уу?
-Энэ талаар бодитой мэдээлэл байхын зэрэгцээ холбогдох хууль, тогтоомжийг судлалгүй, багцаагаар “бууддаг” нь ч бий. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, цагдаа, хил хамгаалах газар зэрэг байгууллагын дарга нар шалгалт өгөөгүй, тэднийг хууль зөрчиж томилсон гээд байдаг. Гэтэл амьдрал дээр эдгээр нь тусгай, өөр, өөрийн салбарын хуулийн онцлогтой субъект. Шалгалт гэлгүй томилдог зохицуулалттай тул эдгээр албан тушаалтныг төрийн албаны шалгалттай холбож, элдвээр “цоллох” боломжгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга шалгалт өгөөгүй гээд байсан. Засгийн газраас, Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолтой холбоотойгоор шийдвэр гаргаж, шалгалт өгсөн, мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж байсан хүнийг тус албан тушаалд шилжүүлэн томиллоо. Энэ тухайд бид зөрчилтэй зүйл байхгүй гэж ойлгож байгаа. Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын захиалга Төрийн албаны зөвлөлд ирээд, бүртгэл нь хийгдсэнээс хойш бүтэн жил болж байна. Бид шалгалт аваагүй. Яагаад гэхээр маргаантай зүйл бий. Маргаан эцэслэгдвэл шалгалт авч болно. Үүнтэй холбоотойгоор шалгалт өгөөгүй хүн ажиллаж буй гэсэн шүүмжлэл байдаг юм билээ. Одоогоор Төрийн худалдан авах ажиллагааны агентлаг, Усны газар, Засгийн газрын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Соёл, урлагийн агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газарт шалгалт өгөөгүй буюу “Ковид”-ын хуулиар томилогдсон хүмүүс ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан хүнийг шаардлага хангахгүй байна гээд чөлөөлчихсөн. Захиалга нь одоогоор ирээгүй байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар болон Газрын харилцаа, геодез, зураг зүйн агентлагийн дарга нар чөлөөлөгдсөн, захиалгыг нь одоогоор ирүүлээгүй. Бусад агентлагт бол төрийн албаны шалгалт өгсөн иргэд даргаар нь ажиллаж байгаа. Тухайн үед буюу шинэ оноос өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллага захиалгаа ирүүлсэн тул шалгалтыг явуулсан. Саяхан шинээр Боловсролын ерөнхий газар гэдэг агентлаг байгуулсан. Захиалга нь одоогоор ирээгүй байна. Яамандаа газрын даргаар, нийслэл, дүүрэгт Боловсролын газрын дарга, мэргэжилтнээр ажиллаж байсан албан хаагчийг
агентлагийн дарга томилогдох хүртэлх хугацаанд ажиллуулж байгаа юм билээ. Удахгүй захиалгаа ирүүлэх байх.
-“Ковид”-ын хуулийн далбаан доор гэх үү, сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилох эрх тухайн байгууллагуудад байсан уу?
-Хууль тогтоох байгууллагаас гаргасан хуулийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд явахаас аргагүй. Цар тахал манай орныг тойрсонгүй. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын сацуу төрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагын үүднээс УИХ хууль гаргасан. “Ковид”-ын хуулийн хүрээний томилгоог хууль бус гэх бас хэцүү. Энэ хуулиар иргэдийг албан тушаалд томилж болох уу гэвэл болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Энэхүү хуулийн зүйл, заалт дотор, уг хуулиар томилохдоо албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй иргэдийг томилж болно гэж заагаагүй. Тухайн үед Төрийн албаны зөвлөлөөс гаргасан, албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийг баримтлаарай гэсэн агуулгатай зөвлөмжийг төрийн байгууллагууд хайхралгүй, томилгоог хавтгайруулчихсан нь харамсалтай. Гуйвуулсан ч гэж хэлж болно. Зөвлөмжид бол хууль, хүчний, эрүүл мэндийн, мэргэжлийн хяналтын, онцгой байдлын гээд “Ковид-19”-ийн халуун цэг дэх ажил, албан тушаалд хүний нөөцийн хомсдол үүсэж, хүн хүч дутагдвал нарийн мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулж болох тухай тусгасан юм. “Ковид”-ын хуулийг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс одоо ч гэсэн зарим байгууллагад томилгоо хийгээд байх шиг байна. Болно оо. Гагцхүү тухайн чиг үүргийг хэрэгжүүлж чадахуйц, батлагдсан албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангасан хүнийг л томилох ёстой.
-Танай байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, иргэдийг албан тушаалд шалгалтгүй томилсон
эрх мэдэлтэнтэй хариуцлага тооцох зохицуулалт бий юү?
-“Ковид”-ын хуулийн дагуу хавтгайруулан гэдэг юм уу, гуйвуулан гэх үү, орон тоог нь өсгөх замаар томилсонтой холбоотойгоор тооцох хариуцлага бол байхгүй. Харин Төрийн албаны хуулиар бол албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангаагүй томилгоо хийсэн нь улсын хөгжил, төрийн албаны шинэтгэлтэй холбоотой, тухайн албан тушаалын чиг үүрэг бүрэн хэрэгжиж, олон нийтэд төрийн үйлчилгээг саадгүй, чанартай, ил тод, шударга хүргэхтэй холбоотой доголдлууд үүсэх магадлалтай. Тийм учраас хууль зөрчиж хийсэн томилгоотой холбоотой хариуцлага бий. Төрийн албаны зөвлөл бол төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтны хийсэн томилгоог хянаж үзээд, хууль зөрчсөн байна гэж үзвэл хугацаатай үүрэг даалгавар, засаж залруулах чиглэл өгдөг. Хэрвээ үүнийг хэрэгжүүлэхгүй бол тухайн ажилтныг томилсон дээд байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлдэг. Ингэсээр атал, өөрөөр хэлбэл, шаардлагыг хоёр шат дараалуулан тавихад биелүүлэхгүй бол Төрийн албаны зөвлөл гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгох эрх зүйн зохицуулалттай. Хэрвээ ийм хариуцлага тооцох нөхцөл бүрдвэл тухайн албан тушаалтныг гурван жилийн хугацаанд төрийн албанд ажиллуулахгүйгээр хална. Энэ бол сахилга, хариуцлагын томоохон шийтгэл. Өмнөх хуулиар хугацаа нэг жил байсан бол одоогийн хүчин төгөлдөр хуульд гурван жил гэж заасан бөгөөд энэ тухай гурван ч заалтад тусгасан байдаг.
Эцэст нь хэлэхэд, бид хууль гэдэг “дарга”-д бүрэн захирагдаж, хууль дээдлэх ёсыг чанд сахиж гэмээнэ төрийн албаны шинэтгэлийг хэлбэрэлтгүй хийж чадна. Хуулийг богино хугацаанд өөрчлөх асуудал нь шинэтгэлийг тогтворгүй болгож буй нэг асуудал юм.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал