Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбаттай ярилцлаа. Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт тэрбээр “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 2005 онд тэргүүлж, шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг 2003, 2013 онд хүртэж байв. Түүний шүлгээр жигүүрлэсэн дууны уран бүтээл олон байдгийн зэрэгцээ зохиолыг нь бичсэн “Хөлгүй цэнхэр нуур” уран сайхны, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” тэргүүтэй олон ангит киног нь үзэгчид андахгүй.
-Уран бүтээлийн олз арвин байна уу. Хамгийн сүүлд ямар бүтээл туурвив?
-Өнгөрсөн жил дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллалаа. Гурван ч баримтат киноны “ард гарсан”. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “Дэлхийн Монгол”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 110 жилийн ойл зориулсан “Монгол төрийн тархи, зүрх” баримтат кино хийлээ. Богино өгүүллэг нэлээд олныг бичлээ. “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэг бичсэн минь “Утгын чимэг” наадмын гутгаар байрт шалгарлаа. Чамлахааргүй “олзтой жил байлаа.
-Хэрхэн утга зохиолд дурласан юм бэ. Таныг хэн хөтөлсөн бэ?
-Би Говь-Алтайн хүү. Сурагч байхаасаа л утга зохиолд, тэр дундаа яруу найрагт дуртай байлаа. Харин урам хайрлаж, хөгжүүлсэн хүн нь Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргал. Аравдугаар ангидаа өврийн дэвтэртээ хэдэн шүлэг биччихээд түүнтэй уулзахад минь “Хөөрхөн биччихдэг юм байна. Уншаадах” гэсэн хүн шүү дээ. Тэр цагаас хойш би улам урамшиж, идэвхтэй бичсэн. Ингэж л утга зохиолд хөл тавьсан юм.
-Хамгийн анх таны ямар бүтээл хэвлэлд нийтлэгдэж байв?
-Сонин нь, миний нэг ч шүлэг сонинд гарч байгаагүй. 1994 онд “Ил товчоо” сонинд миний “Шарга морьтой хүн” гэж өгүүлэг анх гарсан санагдана. Хойтон жилээс нь ганц нэг өгүүллэг энд тэнд гарсан. Тэр үед “Цаашид улам хичээж бичвэл горьдлого байгаа ч юм болов уу” гэсэн бодол төрж, илүү мэрийсэн дээ. 1996 онд Мон
голын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Монгол хэл, уран зохиолын газраас санаачлан залуу зохиолчдын бүтээлээр “Зөн” цуврал гаргасан. Тэр цувралд миний “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэгийн номыг багтаасан юм. А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Б.Галсансүх, Б.Баярсайхан нарын олон уран бүтээлчийн номыг эл цувралаар гаргаж байлаа. Мөн тухайн үед нэрт сэтгүүлч Ц.Балдорж, Д.Цоодол, Б.Пүрэвдаш, Г.Аюурзана, Э.Сонинтогос, Б.Галаарид нарын мундаг бүрэлдэхүүнтэй “Билгүүн судар” гэж сонин гардаг байлаа. Жинхэнэ авьяастныг эрдэг, залуу уран бүтээлчдийг дэмждэг, босго өндөртэй хэвлэл байсан юм. Тэр сонинд “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэг минь гарахад олон хүн баяр хүргэж байсныг ер мартдаггүй.
-“Хөлгүй цэнхэр нуур”-аас хойш хэчнээн ном “өлгийдсөн” бэ?
-“Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” гэх зэрэг зургаан ном бий.
-Бичсэн бүтээлүүдээсээ “Овоо болсон доо” гэж “тоодог” нь аль вэ?
-Тэр, энэ нь гэж онцлох амаргүй. Би сэтгэлд хүрээгүй, эсвэл дутуу санагдсанаа хэвлүүлдэггүй. Тэгэхээр хэвлүүлсэн, номдоо багтаасан л бол “Овоо болжээ” гэж тоосон гэсэн үг. Санаанд хүрээгүй, дутуу санагдаж дарагдсан, гологдсон олон “юм” бий. Хааяа тэднийгээ сөхөн харж, “Энийг нь засчихвал аятайхан үргэлжилчих байж. Түүнийг дахин сэргээж бичээд үзье” гэх тохиолдол ч бий. Хаягдаж, мартагдсан нь ч олон. Үг цаанаасаа л тасралтгүй урсаж, ямар ч тээргүйгээр бичих үе бий. Онгод орно гээч нь тэр байх. Тэгж бичсэн зохиолууд яагаад ч юм бэ “Дууссан” гэж мэдрэгддэг. Зарим тохиолдолд тэгдэггүй. Тэр нь л дутуу санагдаад, гологддог байх.
-Дүрүүдээ хэрхэн сонгож, “ургуулдаг” юм бэ?
-Янз янз даа. Эргэн тойрны хүмүүс, болсон явдлаас санаа авах үе ч бий. Огт хоосноос төсөөлж дүрслэх нь ч бий. Зохиолч хүний оюун сэтгэхүй хаана ч хүрдэг байх ёстой. Би харин дүрүүдээ нэрлэхдээ удаан боддог, гашилдаг. Гэхдээ анзаарах нь ээ, би эерэг ч бай, эсрэг ч бай дүрүүдээ их өмөөрч бичдэг юм билээ. Бас бичиж дуусчихаад зохиолын нэрээ оноодог онцлогтой. Ихэндээ зохиолын төгсгөлд нэр гарч ирдэг. Ингэж дуусгасны дараа сэтгэл хөнгөрч, санаа алдмаар санагддаг.
-Уран бүтээл мэдрэмжээс төрдөг нь гарцаагүй. Харин яг ямар мэдрэмж уран бүтээлийн эх болдог юм бол?
-Зүрх сэтгэлээс төрсөн хамгийн нандин мэдрэмж л уран бүтээлд буудаг даа. Хайр, харуусал, ямар ч байж болно. Үнэндээ би заавал ингэж, тэгж, бичнэ, ийм, тийм орчинд бичнэ гэж төлөвлөдөггүй. Ёстой л мэдрэмж хөтөлдөг. Тэр мэдрэмжийг онгод гэдэг ч юм бил үү, мэдэхгүй. Туулсан амьдрал, төрсөн мэдрэмжүүд сэдэрснээр үнэн бичиж, тэр нь бусдад хүрдэг юм болов уу.
-“Авьяас нэг, хөдөлмөр 99 хувь” гэдэг үг бий. Энэ үг зохиолч хүнд нийцэх үү?
-Авьяас бол бэлэг. Мэдлэггүй авьяас бас хайран. Би авьяасыг биетэй хамт төрдөг гэж боддог. Дуу хоолой, бие хүч чадал эцэг, эхээс удамшиж болох ч оюун ухаан, билиг авьяас төрдөг болов уу. Бусад хүн санаа нийлэхгүй ч байж магад.
-Нас ахихаар уран бүтээлийн өнгө аяс өөрчлөгддөг болов уу?
-Өөрчлөгдөж байна аа. Өдөр өнгөрөх, нас ахих хэрээр хүн ухааждаг, амьдралыг харах өнцөг өөрчлөгддөг. Амьдралаас авдаг таашаал ч өөр. Тэр нь бичих ур, үгийн сонголт, цаашлаад бүтээлийн сэдэв, агуулгад ч нөлөөлнө. 30 настай үед цонхоор харахад төрөх мэдрэмжийг 50-тай үеийнхтэй харьцуулшгүй. Нас ахих тусам улам л уужуу болдог юм шиг.
-Огт хөндөхгүй гэж боддог сэдэв бий юү?
-Байхгүй. Гэхдээ яагаад ч юм бэ, зохиолч хүн үхлийн талаар бичиж эхлэхээрээ л “явчихаад” байдаг мэт санагддаг. “Явна” гэдгээ мэдэрдэг мэт л.
-Сүүлийн үед залуус гадаадын, орчуулгын ном руу шуурч, дотоодын зохиолчдынхоо бүтээлийг ойшоохгүй байгаа мэт ажиглагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Буруутгах аргагүй. Гэхдээ л гадаадыхныг уншихаасаа өмнө дотоодынхыгоо уншчихсан, ойлгочихсон байвал хэчнээн сайхан.
-Та шүлгийг нь бичсэн, хүмүүсийн эчнээ мэддэг дуу олон бий. Хүмүүс дууг тань сонсож, дуулж байхыг харах сайхан биз?
-Намайг дууны уран бүтээлд хөтөлсөн хүн мөн л З.Түмэнжаргал багш. Дуу болсон шүлгүүддээ их хайртай. Хүмүүс миний дууг дуулж байгааг сонсох сайхан. Өврийн дэвтэрт минь байхдаа минийх байж, өөр уран бүтээлчийн аяар “амилан” хамтынх болж, дуучин дуулсны дараа түмнийх болдог уран бүтээл шүү дээ.
-“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааныг та сүлд дуутай болгосон байх аа?
-Хэдэн жилийн өмнө “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зохион байгуулж байтал Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү ах “Энэ сайхан арга хэмжээгээ дуутай болгооч” гэсэн юм. Би “За” гэчихээд тэгсхийгээд мартчихсан. Дараа жилийнх нь уралдааны өмнөхөн МҮОНТ дээр ахтай тааралдлаа. Тэгсэн нөгөө дууны шүлгээ нэхэж байна. Хүнд “Ээждээ захидал бичээрэй” гэж хэлэх, дуу сонсоод ээждээ захидал бичье гэж бодох хоёр өөр. Тиймээс ижийгээ амьд сэрүүн байхад нь захидал ч болов бичээд сайн яваагаа дуулгачихаарай гэсэн сэдэл өгөхөөр шүлэг бичихийг хүссэн. Н.Чулуунхүү ах хөгжмийг нь зохиож, “Ээждээ захидал бичээрэй” дуу “төрсөн” юм. Энэ дуугаа их тоодог шүү.
-Та хэзээнээс кино зохиол бичиж эхэлсэн юм бэ. Үзэгчид таны “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит киног андахгүй. Найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтарсан “Би нар” хүүхдийн, “Гэргий” уран сайхны кино тань олон улсын кино наадмуудад ч амжилт үзүүллээ. Одоо ямар киноны зохиол бичиж байгаа бол?
-Намайг уншигчдад таниулсан өгүүллэг минь “Хөлгүй цэнхэр нуур”. Энэ өгүүллэгийнхээ талаар дурдах ч дуртай. “Зөн” цувралд багтсан “Хөлгүй цэнхэр нуур”-ыг минь залуу найруулагч Н.Чингис олоод уншчихаж. Тэгээд “Энэ өгүүллэгээс сэдэвлэсэн кино хиймээр байна. Кино зохиолыг нь бичиж өгөөч” гэж санал тавьсан. Ингэж л анх бичсэн юм. Телевизэд ажиллаж байсан минь давуу тал болсон байх. Киноны дуугаа ч тэр үед бичиж, С.Жавхлан дуулж байлаа. Дараахан нь олон ангит кино хийж үзмээр санагдсан. Тухайн үед солонгос цувралд үзэгчид шуурдаг байлаа. Ингээд “Сарны нулимс” киноны зохиолоо бичсэн. Миний мэддэг олон хүн гадаадад ажиллахаар явж, олон ч айл амьдын хагацал амсаж байлаа. Их эмзэглэж явсан сэдэв. Түүнээс хойш кинотой холбогдчихсон юм уу даа. Уран сайхны дөрөв, олон ангит хоёр, “Хүний үнэр” тэргүүтэй теле жүжиг хоёрыг бичжээ.
-Шүлэг, өгүүлэг, кино, жүжгийн зохиол гээд та утга зохиолын олон төрлөөр туурвиж байна. Аль нь илүү амттай вэ. Дэлгэцэд амилуулдаг болохоор кино зохиол ч байж болох.
-Харин ч эсрэгээрээ. Кино, жүжгийн зохиолыг продюсер, найруулагчийн санаанд тааруулж бичнэ. Их төвөгтэй. Би өгүүллэг, тэр дундаа богино өгүүллэг бичих л их дуртай. Үйл явдал, дүрүүдийн холбоо, зөрчил зангилааг гаргаж бичихэд үргэлжилсэн үгийн зохиолын төрлүүдээс өгүүллэг илүү хамгийн амттай. Зохиолчоос ур чадвар илүү шаарддаг төрөл гэж боддог. Тийм ч болохоор өнөөдрийг хүртэл роман бичсэнгүй. Эхлүүлсэн “зүйл” бий боловч дуусгалгүй дөрвөн жил болж байна. Ингэж удаж байгаа нь судалгаа хийж цаг авсан, дээр нь миний залхуу зантай ч холбоотой байх. Уг нь судалж, хэрхэн бичихээ бодож дуусмагцаа л шуудхан биччихдэг юм. Энэ удаад жаахан хойрго л байна. Нөгөө тээгүүр, өөрийгөө султгаж, чөлөөлж байж бичдэг онцлогтой. Сатаарах зүйлтэй үед гараас “юм” гардаггүй. Тэр байдал ч нөлөөлж байж магад.
-“Хүний үнэр”-ээс хойш жүжгийн зохиол бичив үү?
-Хүмүүсийн харилцаа, ёс суртахууны сэдэвтэй жүжгийн зохиол бичиж байна. Тайзан дээр амилуулах уу, теле жүжиг болгох уу гэдгийг хараахан шийдээгүй.
Бэлтгэсэн А.Халиун