Гадаадад зорчих иргэд олон улсын итгэмжлэгдсэн лаборатори болох ХӨСҮТ-ийн Төв лаборатори, Интермэд эмнэлгийн лабораторид шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.
Гадаадын улс орнууд иргэдээс 24-72 цагийн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа учир иргэд явахынхаа өмнөх өдөр ирж шинжилгээ өгвөл илүү баталгаатай гэж ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга, АУ-ы доктор Б.Бумдэлгэр мэдээллээ. Тэрбээр, "Шинжилгээг өдөр бүр 08.30-11.00 цагийн хооронд авч, шинжилгээний хариуг тухайн өдрийн 22.00 цагаас хойш ХӨСҮТ-өөс бичгээр авах зохион байгуулалт хийсэн. Шинжилгээний хариу e-mongolia цахим үйлчилгээнд орж байгаа ч гадаадын улс орнууд тамга тэмдэг бүхий цаасан дээр гаргасан шинжилгээний хариу шаардаж буй учир ХӨСҮТ байгууллагынхаа толгой бүхий албан бичиг дээр олон улсын стандартын дагуу англи хэл дээр хариуг гаргаж өгч буй юм байна" гэх мэдээллийг өглөө.