“Хайрхан аялагч” клубийн тамирчин, ОУХМ Д.Баасандорж спорт, мөсөнд авиралтаар хичээллэж, богино хугацаанд ур чадвараа ахиулсан. Тэрбээр энэ төрөлд хөл тавьсан цагаасаа дотоод, гадаадын олон тэмцээнд хурд сорьсон юм. Тухайлбал, 2013 онд мөсөнд авиралтын УАШТ-ээс алт, дараа жил нь мөнгөн медаль хүртсэн. Улмаар 2019 онд УАШТ-ий хурдны төрөлд хүрэл, “Karakorum ice festival” найм дахь удаагийн цомын АШТ-ий техникийн төрөлд мөнгөн медаль зүүж, олон улсын тавцанд өрсөлдөхөөр шалгарсан. Түүний хувьд 2020 он аз, амжилт дагуулсан жил байв. Тэрбээр өмнөд хөршид зохион байгуулсан Дэлхийн цомын цуврал тэмцээнд анх удаа оролцсон. Мөн Ази тивийн АШТ-ээс хүрэл медальтай ирж, спорт сонирхогчдыг баярлуулж байлаа. 2022 он гарахын өмнөхөн “Karakorum ice festival-2021” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээний хурдны төрөлд тэргүүлж, аваргаар тодорсон түүнтэй ярилцлаа.
-Швейцарын Саас-Фе хотод өнгөрсөн сарын 27-29-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын ДАШТ-д Монголын тамирчид оролцсон. Таны хувьд анх удаа өрсөлдсөн үү?
-Тийм ээ. ДАШТ-д анх удаа оролцохдоо 20 орны 100 гаруй тамирчинтай өрсөлдөж, хурдны төрөлд X байр эзэллээ. Монголоос таван тамирчин Б.Ганзориг дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдөж, эрэгтэйчүүдийн багийн дүнгээр III байрт шалгарсан. “Хайрхан аялагч” клубийн тамирчин Ө.Цогтбаяр Чех улсаас ирж, бидэнтэй нэгдсэн юм. Саас-Фе өндөр уулсаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дээш 1000 гаруй метрт байрладаг, үзэсгэлэнтэй байгальтай, чийглэг, тайван хот юм билээ. Цар тахлын улмаас манай тамирчид сүүлийн хоёр жил бэлтгэл тууштай хийж чадалгүйгээр ДАШТ-д оролцсон. Гэхдээ бид мөсний өлгий хэмээгддэг ОХУ-ын Киров хотыг өнгөрсөн сарын 15-нд зорьж, найм хоног бэлтгэл базаасан. Тэнд гурван талаас нь авирч болох, 17 метр мөсөн хана бий. Мөсний бүтэц, тогтоц нь Монголынхоос өөр. Манай орон эрс тэс уур амьсгалтай, өвөл хүйтэн байдаг болохоор хөлдөөсөн мөс их хатуу байдаг. Швейцар чийглэг уур амьсгалтай орон тул зөөлөн, бутардаг мөстэй. Биднийг хамгийн сүүлд авирахад мөсөн хананд хонхойсон мөр, зам гарчихсан байв. Авирахад амаргүй болж, хөл алдаж, хугацаа хоцорсон тал бий.
-Хойд хөршийн шилдгүүд энэ удаа дорвитой амжилт гаргасангүй. Тэд түрүү байраа Ираны тамирчинд алдана чинээ бодоогүй байх?
-Мөсөнд авиралтын тэмцээнд Оросын тамирчид тогтмол тэргүүлсээр ирсэн. Дотооддоо өрсөлдөөн ихтэй, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг шилдэг тамирчидтай болохоор амжилтаа бусдад алдах нь ховор. Харин энэ удаа насанд хүрэгчдийн ангилалд хойд хөршийнхөн тааруу оролцон, Ираны авирагчдад түрүүгээ алдаж, мөнгө, хүрэл медаль зүүлээ. Сүүлийн үед Ираны тамирчид хүчтэй өрсөлдөх болсон. Дэлхийн аваргаар тодорсон, тус улсын тамирчин Мохсен Бехешти Рад 2019 оноос хойших тэмцээнд оролцоогүй байснаа энэ удаагийн ДАШТ-д өрсөлдлөө. Хэдэн жил бэлтгэл шаргуу хийсний үр дүнд түрүүлсэн гэж бодож байна. Тэрбээр техникийн төрөлд шигшээ наймд үлдэж, хурдныхад IV байрт шалгаран, нийлбэр дүнгээр I байрт жагслаа.
-Спорт авиралт олимпын наадмын төрөлд багтсан. Мөсөнд авиралт ч мөдхөн өвлийн олимпын төрөлд багтах ч юм бил үү?
-БНСУ-д 2024 онд зохион байгуулах залуучуудын олимпын наадмын үзүүлэх тоглолтод мөсөнд авиралтын төрлийг оруулна гэсэн. Италийн Милан, Кортина д’Ампеццо хотод 2026 онд болох өвлийн олимпын XXV наадмын хөтөлбөрт мөсөнд авиралт багтвал Монголын тамирчид медаль хүртэх боломжтой.
-БНСУ-ын Чонгсон хотод 2020 онд болсон Ази тивийн АШТ-ээс та хүрэл медальтай ирсэн. Ийнхүү өндөр амжилт үзүүлсэн нь бэлтгэл сайтайнх байсан болов уу?
-Би 2020 оноос гадаадын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. БНХАУ-ын Чанчун хотод тэр жилийн нэгдүгээр сард Дэлхийн цомын цуврал тэмцээн эхэлсэн. Үүнд оролцсоны дараа БНСУ-ын Чонгсон хотыг зорьж, Дэлхийн цом болон Азийн АШТ-д өрсөлдсөн юм. Манай улсаас “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн, Б.Ариунбаяр нар хурдны төрөлд түрүүлж, би хүрэл медаль хүртсэн. Миний хувьд Дэлхийн цомын тэмцээний хурд, техникийн төрөлд анх удаа оролцохдоо ихэд сандарч байлаа. Өмнө нь зурагт, интернэтээс хардаг байсан дэлхийн шилдгүүдтэй нэг гараанаас гарч, мөр зэрэгцэн авирна гэхээс их сүрдсэн. Монголд техникийн төрлөөр хичээллэхэд материаллаг бааз тааруу. Мэргэжлийн дасгалжуулагчгүй болохоор тамирчдын ур чадвар төдийлөн ахидаггүй.
-Таны ах Д.Баярмагнай мөсөнд авиралтаар хичээллэдэг байсан. Тэрбээр таныг спортод хөл тавихад дэмжиж, зөвлөсөн гэж бодож байна.
-Би 2013 оноос мөсөнд авиралтаар хичээллэсэн. Тэр жил ах минь Чонгсон хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцсон юм. Ах үүнээс өмнө мөсөнд авиралтаар хичээллэхийг надад зөвлөдөг байлаа. Миний хувьд хаданд болон спорт авиралтаар анх хичээллэж, мөсөнд авирах сууриа тавьсан. Багадаа гүйж харайх, турник дээр суниах зэргээр спортод дуртай байлаа. Сурагч байхдаа сагсан бөмбөг, хөлбөмбөгийн дугуйланд хичээллэж, сургууль, дүүргийнхээ намрын спартакиадад оролцож, олон медаль хүртсэн. Ахлах ангид орох жилээ спорт авиралтаар хичээллэхээр шийдсэн юм. Намайг энэ спортод анх хөл тавихад хүмүүс “Чи Монголд хөгжөөгүй спорт сонирхож яах нь вэ. Амжилт гаргахгүй спортоор хичээллэх хэрэггүй. Амьдралд чинь хэрэг болохгүй” гэж хэлдэг байлаа. Тухайн үед хичээллэдэг тамирчин цөөн, гадаадын тэмцээнд оролцох нь ч ховор байв. Олон улсын стандартад нийцсэн хана ч үгүй байлаа. МУБИС-д байдаг найман метрийн авиралтын хананд бэлтгэл хийдэг байв. Дотооддоо өрсөлддөг ганц тэмцээн нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах Улаан цутгалангийн хүрхрээнд болдог мөсөнд авиралтын УАШТ байлаа. Манай тамирчид 2016 оноос ОХУ-ын Кировт мэргэжлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг болсноор ур чадвараа ахиулж, амжилт гаргаж эхэлсэн. Тухайн үед би тийшээ явж чадаагүй тул ахтайгаа хамт хашаандаа төмрөөр рам зангидаж, найман метр өндөр мөсөн хана барин, бэлтгэл хийж байлаа. 2017 онд “Найрамдал” төвд мөсөнд авиралтын 15 метр хана бий болгосон цагаас бид тэнд бэлтгэл хийдэг болсон. Тэр жилийн УАШТ-д Кировт бэлтгэл базаасан Д.Отгонхүү, Н.Хэрлэн нартай би медалийн төлөө өрсөлдөж, III байрт шалгарсан юм. Хашаандаа мөсөн хана барьсны хэргийг тэгж нэг гаргаж билээ. Ах минь миний дотнын зөвлөгч. ДАШТ-д оролцохыг хараад “Чи чамлахааргүй амжилт гаргалаа. Хойшид алдаагаа давтахгүй байх хэрэгтэй” гэж хэлсэн. Спортоор хичээллээд тогтмол амжилт үзүүлсэн цагаас, мөн Азийн АШТ-ээс хүрэл медальтай ирэхэд гэр бүлийнхэн минь ойлгож, дэмждэг болсон. Анх гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй нэлээд тулгарч байсан болохоор амжилт гаргах гэж их хичээсэн.
-Та 2017 оноос хойших тэмцээнд нэг хэсэгтээ л оролцоогүй. Хоёр жилийн дараа спортдоо эргэж ирсэн. Тэр хугацаанд оюутан болсон уу?
-2017 оны хавар МУБИС-ийн газар зүйн багшийн ангид сурч байхад цэргийн зарлан дуудах хуудас ирснээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн 0146 дугаар ангийн нэгдүгээр заставт хуваарилагдсан юм. Эх орныхоо дархан хилийг манах сайхан байдгийг хилийн цэрэгт алба хаахдаа мэдэрсэн. Тамирчин байхын давуу талыг цэрэг байхдаа ч харуулсан. Тэмцээнд оролцохдоо бусдаасаа хурдан шаламгай байж түрүүлнэ. Цэрэгт байхдаа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдож, хол, ойрын сонин сонсдог байв. БНСУ-ын Чонгсон хотод 2018 оны нэгдүгээр сард болсон Азийн АШТ-ээс Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар ах хүрэл медаль хүртсэнийг дуулаад их баярласан. Тэр үед албаа бушуухан хаагаад тэмцээнд оролцох сон гэх бодол өөрийн эрхгүй төрж билээ. Анх Улаанбаатар хотын ойролцоох цэргийн ангид алба хаая гэж бодож байлаа. Гэтэл хилийн цэрэгт хуваарилчихсан. Би Сэлэнгэ аймгийн харьяат. Манай нутгийг бодвол Сүхбаатар аймаг тал, хээрийн уудам нутагтай. Тэнд зээр, буга, чонын сүрэг их. Хилийн манаанд гарахдаа хөдөөгийн тайван байдлыг хараад “Энд алба хаахаар ирсэн минь ямар их аз завшаан бэ” гэж бодсон.
-Цэргээс халагдаж ирээд бэлтгэл хийхээр яарав уу?
-Цэргээс халагдаж ирснийхээ намар бэлтгэл шаргуу хийж эхэлсэн. Тэр үед тамирчид зориулалтын багаж хэрэгсэл, гутал, хувцастай болчихсон байв. Намайг анх хичээллэх үеийг бодвол өдгөө хувцас, хэрэгсэл элбэг болсон. Спорт, мөсөнд авиралт өндөр хөгжсөн орнууд мэргэжлийн тамирчид бэлтгэдэг сургуультай, тамирчид нь судалгааны багтай. Хүүхдүүдийг багаас нь хичээллүүлж, амжилт гаргасныг нь шигшээ багт сонгон авч, тэмцээнд оролцуулдаг. Хэрэв Монголд шигшээ баг бүрдүүлбэл тамирчдын идэвх, ур чадвар ч дээшилнэ.
-Мөсөнд авиралтаар богино хугацаанд хичээллэж, амжилт гаргахад юу хамгийн их нөлөөлөв?
-Мөсөнд авирах техник, спорт авиралтынхаас өөр. Олимпын наадмын тэмцээнд оролцохыг хүсэж, спорт авиралтаар анх хичээллэсэн. Токиогийн олимпын наадмын тэмцээний төрөлд спорт авиралт багтлаа. “Парис 2024” олимпод спорт авиралтын төрөл тус бүрт медаль олгох юм билээ. Тэгэхээр бидэнд боломж бий. Хамгийн гол нь олимпын наадмын эрх олгох тэмцээнд алгасалгүй, амжилттай оролцох хэрэгтэй.
-Хойд хөршийнхөн ирэх сард эх орондоо зохион байгуулах Дэлхийн цомын цуврал тэмцээнд Ираны тамирчдаас “даагаа нэхэх” байх. Харин манай тамирчид үүнд хэр амжилт гаргах боломжтой вэ?
-Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээн ОХУ-ын Тюмень, Киров хотод болно. Монголын тамирчид амжилттай оролцохоор бэлтгэл базааж байна. Ираны Мохсен Бехешти Рад Бүх Оросын АШТ-д оролцохдоо түрүүлсэн гадаадын ганц тамирчин. Хойд хөршийнхөн дотоодын тэмцээнийхээ түрүүг түүнд булаалгасан, мөн ДАШТ-ий тэргүүн байрыг ч алдлаа. Тэрбээр хойшдоо Европын төдийгүй Азийн тамирчдын хүчтэй өрсөлдөгч байна гэдгээ амжилтаараа баталсан. Түүнээс гадна Японы тамирчдын ур чадвар илт сайжирлаа. Дэлхийн цомын цуврал тэмцээн хойд хөршид зохион байгуулах болохоор тамирчид нь хичээх байх. Амжилт гаргахад олон зүйл нөлөөлдөг. Тухайлбал, Ираны тамирчид өөрсдийн урласан багаж, хэрэгслээр тэмцээнд оролцдог. Тэдний хэрэглэдэг мөсний алх биднийхээс хөнгөн хэрнээ толгойн хэсгийнх нь жин илүү санагдсан. Мөсөнд зоогдох чадвар, тэмцээний үед тамирчин эцэж цуцахгүй байх ёстой зэргээр олон зүйлийг тооцоолж хийсэн болов уу.
-Авиралтын төрлүүдээс аль нь сонирхолтой санагддаг вэ?
-Надад спорт авиралтын боулдерингийн төрөл таалагддаг. Энэ төрөлд өрсөлддөг тамирчдын арга барил сонирхол татдаг юм. Парисын олимпын наадамд спорт авиралтын хурд, техник, боулдерингийн төрөл тус бүрт амжилт гаргасан тамирчдад медаль өгөх юм билээ. Токиогийн олимпод энэ гурван төрөлд өрсөлдсөн оролцогчид нийлбэр дүнгээр медаль хүртсэн.
-Монголд санхүүгийн боломжгүйгээс тэмцээнд оролцохгүй үлддэг тамирчин цөөнгүй бий. Та ч гэсэн ийм зовлонтой тулгарсан биз?
-Бид гадаадын тэмцээнд оролцохдоо зардлаа өөрсдөө гаргадаг. Нуугаад яах вэ, би ч гэсэн санхүүгийн боломжгүйн улмаас зарим тэмцээнийг өнжсөн тал бий. Сүүлийн үед зорьсноо биелүүлье, ур чадвараа харуулъя гэж хичээх болсон. “Хайрхан аялагч” клубийнхнээс гадна гэр бүл, ойр дотнынхон болон спортод дуртай хүмүүс дэмжиж тусалсны ачаар гадаадын тэмцээнүүдэд оролцож байна.
-Спорт, мөсөнд авиралтын олонх тамирчин Д.Батжаргал багшийн удирдлагад хичээллэж, гараагаа эхлүүлсэн байдаг юм билээ. Та ч бас тэдний нэг байх аа?
-Тийм ээ. Д.Батжаргал багш Монголын үндэсний спорт авиралтын холбооны тэргүүн. Тэрбээр МУБИС-д байрладаг хананд олон залуусыг бэлтгэл хийлгэдэг байлаа. Тухайн үед залуусыг дэмжсэн бол Монголын тамирчдын амжилт өнөөгийнхөөс илүү байж болох байсан гэж боддог. Багш одоо Дархан-Уул аймагт авиралтын хана байгуулж, хүүхэд, залуусыг тамирчнаар бэлтгэж байгаа.
-Мөсөнд авиралтаар хичээллэхэд насны хязгаар байдаг уу?
-Мөсөнд авиралт нь насны хязгааргүй спортын төрөлд багтдаг. Би 25 настай. ОХУ-ын тамирчдаас Максим Власов өдгөө 42 настай. Тэр бээр залуустай өрсөлдөөд эхний найман байрт заавал шалгардаг. Тэмцээнд бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж оролцдог. Миний хувьд техникийн төрөлд БНСУ-ын Пак Хи Ёны тамирчин байх үеийнх нь туршлагыг байнга судалдаг. Тэрбээр одоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Амжилт гаргадаг ид үедээ чансаа, ур чадвараараа дэлхийд тэргүүлдэг байсан. Мөн хойд хөршийн эмэгтэйчүүдээс Мария Толоконина, эрэгтэйчүүдээс Николай Кузовлев нарын чадвараар бахархдаг.
-Ажлынхаа хажуугаар бэлтгэлдээ анхаарал хэрхэн хандуулж байна вэ?
-Би “Энканто” спорт цогцолборт хананд авиралт, теннисний зааварлагч багшаар ажилладаг байлаа. Бэлтгэл хийх цаг бага болохоор ажлаасаа гарч, Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор сэтгэл шулуудсан. Сүүлийн жилүүдэд Монголын тамирчид шигшээ 16-д үлдэж, бусад орны хүчтэй өрсөлдөгч болсон. Биднийг Кировт очиход Оросын тамирчид авиралтынхаа нууц, техник, тактикаа алдахгүйн тулд бэлтгэл хийх цагаа зөрүүлсэн. Спорт өндөр хөгжсөн хойд хөршийнхөн хүртэл амжилт илүү гаргах вий гэж биднээс эмээх болсон шүү.
-Спорт авиралтын хурдны төрлийн дэлхийн шилдэг тамирчин С.Кокорин, түүний багш ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч С.Сергеевич нар 2019 онд Монголд урилгаар ирж, сургалт зохион байгуулсан. Тэднээс хэр ихийг мэдэж авав?
-Мэддэггүй байсан олон зүйлээ тэдний сургалтад суухдаа ойлгосон. Жин багатай, намхан тамирчид техникийн, биерхүү, өндөр, булчинлаг биетэй нь хурдны төрөлд авирахад тохиромжтой байдаг талаар тэр үед анх сонсож байлаа. Гэтэл манайхан өмнө нь үүнээс эсрэг ойлголттой байсан. Жижиг биетэй, шөрмөслөг тамирчид хурдны, булчинлаг, өндөр биетэй нь техникийн төрөлд давуу гэж ойлгодог байв. Гадаадад хурд, техникийн төрөлд бэлтгэгдсэн тамирчид тусдаа байдаг бол манайхан аль алинаар нь тэмцээнд оролцож байх жишээтэй.
-Авиралтын спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залуус олон болжээ. Нэг үеэ бодвол тэднийг эцэг, эх, гэр бүл, найз нөхөд нь ойлгон, дэмжиж байгааг хараад таатай сэтгэгдэл төрсөн шүү.
-Спорт, мөсөнд авиралтын төрлөөр хүүхдүүдийг багаас нь хичээллүүлэх хэрэгтэй. Тэд бидний гаргаж чадаагүй амжилтыг хойшид үзүүлнэ шүү дээ. Миний хувьд тамирчны карьераа өндөрлүүлсэн ч дасгалжуулагч болж, мэргэжлийн тамирчид бэлдэх бодол бий. Энэ спортоор хичээллэдэг залуусаа тал бүрээс нь дэмжвэл олимпоос медаль хүртэх боломж ойрхон бий.