Парламент судлаач, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргалтай ярилцлаа.
-Сүүлийн үед манай улстөрчид парламентын ардчиллаа төгөлдөржүүлнэ, сонгодог парламенттай болох чиглэлд алхам хийнэ гэх мэтээр ярих нь их болж. Сонгодог парламент, парламентын ардчилал гэж юуг хэлээд байна вэ. Үүний тулд эхлээд юу хийх ёстой вэ?
-Парламентын засаглалыг төрийн удирдлагын хэлбэрээ болгосон улс орныг хэлээд байгаа юм. Сонгодог парламенттай гэвэл Англи, Герман улсыг нэрлэж болно. Манай улс 1992 онд парламентын засаглалыг сонгосон. 30 жилийн өмнө баталсан Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн заасныг үндэслэж парламентын засаглалтай гэж тайлбарладаг. Гэхдээ Англи, Германы парламент бүрэн төлөвшсөн гэсэн үг биш. Тэнд ч асуудал байгаа. Монголд ч бий. Манай улс сонгодог парламенттай болох чиглэлд хийх алхам, орхигдсон зүйл зөндөө.
Сонгодог парламентыг бий болгохын тулд нэгдүгээрт, иргэдийнх нь улс төрийн болон эрх зүйн боловсрол өндөр байх ёстой. Яагаад гэвэл, парламент бол олонхоороо шийдвэр гаргадаг, цөөнхөө сонсдог байгууллага. Сонгогчдын боловсрол өндөр байж гэмээнэ хариуцлагатай, шаардлага хангахуйц хүмүүс тэнд гарч ирнэ. Парламентын тогтолцоо ярвигтай, шууд ойлгоход хэцүү. Эзэн хаан, эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцооноос өөр. Зарим хүн хэрүүл хийдэг байгууллага гэж ойлгох нь ч бий. Угтаа энэ нь ардчиллын элемент юм. Уг хүний санаа бодол нь юу юм, тойргоо төлөөлөн юу ярьж байна гээд тогтож сонсвол үзэл бодлоо уралдуулж байдаг. Иргэдийн улс төр, эрх зүйн боловсрол тааруу байвал тийм л хүмүүс сонгогдоно гэсэн үг. Хоёрдугаарт, гол оролцогч нь улс төрийн нам. Өөрөөр хэлбэл, нам нь төлөвшсөн, санхүүжилт нь ил тод байх ёстой. Намаас парламентын гишүүнд нэр дэвшүүлдэг шүү дээ. Тааруухан нөхдийн нэр дэвших замыг нам нь хааж, шаардлага тавина гэсэн үг. Энэ хоёр хүчин зүйл нийлж байж парламентын ардчилал буюу сонгодог парламентыг бий болгодог. Түүнээс зүгээр л “сонгодог парламент” гэж яриад хэрэггүй.
МАНАЙХ ХОЁР ТАНХИМТ ПАРЛАМЕНТЫН
ТОГТОЛЦООНД ШИЛЖИХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
-Манайд байгаа асуудал, орхигдсон зүйл нь юу вэ?
-Тухайлбал, манай парламент нэг танхимтай. Сонгодог парламентын засаглалд шилжихийн тулд хоёр танхимтай болох хандлага дэлхий нийтэд давамгайлж байна. Мэдээж доод танхим нь ард түмний төлөөллөөс бүрдэнэ. Одоогийн 76 гишүүнийг сонгож байгаа маягаар л бүрдүүлнэ гэсэн үг. Парламентын ардчиллын хамгийн гол зүйл нь төлөөлөл. Парламент бол төлөөллийн дээд байгууллага. Иргэдийн эрх ашгийг төлөөлсөн хүмүүс хууль батлах гэж парламентад сонгогддог. Энэ ташрамд нэг зүйл хэлэхэд, манайхан “хууль тогтоох” гэж буруу ярьдаг. УИХ-ын гишүүн бол хууль тогтоогч биш. Парламент биш, ард түмэн л хууль тогтоодог. Тэд намуудын мөрийн хөтөлбөрийг харж байгаад, “Та ийм хууль батлаарай” гээд тогтоон явуулж байгаа юм. Парламент давхаргын, эрх ашгийн гээд олон янзын төлөөллөөс бүрдэх учиртай. Манай парламентад сүүлийн үед эрх ашиг, давхаргын төлөөлөл дутагдаад байгаа юм. Жишээ нь, ард түмэн өөрсдийн хүссэн, дуртай хүнээ сонгодог. Ерөнхийдөө сайн дуучин, бөх, зурагтаар хэн олон гарч байгааг нь сонгож ирсэн. Сонгогдсон хүмүүсийн буруу гэж юу байх вэ. Ард түмний төлөөлөл болоод гараад ирлээ шүү дээ. Бидний байгаа нь л энэ. Ийм л хүмүүсийг сонгосон. Мөн гишүүдийн тоо ч цөөн байна. Цаашид 76 гишүүнтэйгээр удаан явж болохгүй. Шүүлтүүртэй болгохын тулд дээд танхим байгуулах учиртай. Олон улсад дээд танхимыг мужуудын төлөөллөөс, эсвэл улс орондоо гавьяа байгуулсан хүмүүс (жишээ нь, Англид лорд)-ээс томилдог жишиг бий. Манайх хоёр танхимт парламентын тогтолцоонд шилжихээс өөр аргагүй. 1924 онд манайд парламентын хоёр танхим буюу дээд, доод хурал байгуулж байсан. Гэхдээ сонгодог парламентын жишгээс өөр буюу түшмэдийг шууд томилдог байсан юм. Одоо бол өөр. Жишээ нь, нийт хүн амын төлөөллийг сайн шингээх хэрэгтэй. Аймаг бүрээс, эсвэл тодорхой давхаргын төлөөллөөс оруулж болно. Хамгийн гол нь мэдлэг, чадвар, туршлагатай, доод танхим муу төсөв баталбал болохгүй байна гээд буцаачихдаг, буруу зүйлд нь хязгаар тавьдаг байх ёстой.
Мөн дээр дурдсан “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” хэмээх заалт нь орчин үед Үндсэн хуульд байхааргүй зүйл. Онолын хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан тэнцвэртэй, бие биеэ хянаж, өөр өөрийн чиг үүргийн дагуу ажиллах ёстой атал манайд нэгийг нь “төрийн эрх барих дээд байгууллага” гээд огцом дээш татчихсан. Нэг сэргэлэн улстөрч энэ заалтыг барьж аваад, буруу зүйл рүү хөтлөхийг үгүйсгэхгүй.
-Парламентын үндсэн шинж нь төлөөлөл гэж та хэллээ. Харамсалтай нь, манайх сонгогчдын саналыг хамгийн ихээр гээдэг, төлөөллийг бага түвшинд хангадаг хувилбараар УИХ-ыг бүрдүүлж байна. Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэхдээ сонгуулийн тогтолцооны ямар хувилбарыг сонгох ёстой юм бол?
-Сонгуулийн тогтолцоо бүр өөр өөрийн онцлогтой. Давуу болон сул талтай. Хамгийн сайн тогтолцоо гэж байхгүй. Улс орнууд өөрт тохирох хувилбараа л сонгодог. Судлаачийн хувьд хэлэхэд, парламентыг хоёр танхимтай болгоод, доод танхимыг мажоритар, дээд танхимыг пропорциональ хувилбараар явуулбал илүү үр дүнтэй гэж бодож байна.
-Манай Үндсэн хуулийн суурь зарчим нь мажоритар хувилбараар сонгууль явуулахыг шаарддаг гэж ярих хүн олон бий. 2016 онд холимог хувилбараар явуулах гэж байсан сонгуулийн тогтолцоог ч ийм л шалтгаанаар өөрчилж, мажоритар болгосон. Харин одоо эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог сайжруулна гэх байр суурь цухалзуулах боллоо.
-Таны хэлсэнчлэн 2016 онд мажоритар хувилбараар сонгууль явуулахад хүргэсэн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт бий. Сонгуулийн одоогийн тогтолцоог өөрчилнө гэвэл Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасныг өөрчлөх хэрэгтэй.
-УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газарт сайдаар ажиллахаар хязгаарласан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой маргааныг Цэц үүсгээд буй. Ерөнхийдөө өнөөгийн эрх баригчид хоёр жил гаруйн өмнө хийсэн алхмаасаа ухарч, Засгийн газраа 100 хувь “давхар дээл”-тэй болгох сонирхолтой байна гэх хардлага буй. Тиймээс ч парламентын ардчиллаа төгөлдөржүүлж, сонгодог болгохын тулд ийм алхам хийх хэрэгтэй гэж яриад байх шиг. Энэ нь зөв юм уу?
-Яг энэ маргаантай асуудлыг олон улсад хоёр танхим байгуулах замаар л шийдэж байна. Жишээ нь, Японд доод танхим нь 240, Английнх 600 гишүүнтэй. Эдгээрээс 10 гаруй нь Засгийн газарт сайдаар томилогдсон ч нөлөөлөл бага. Нөгөө талаас, парламентын ардчиллын үүднээс тайлбарлавал парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь хэвийн үзэгдэл. Яагаад гэвэл, ард түмнээс сонгогдсон гэдэг нь Засгийн газарт орж ажиллах том шалгуур болдог. Түүнчлэн эрх барьж, Засгийн газраа байгуулсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд гол гол сайд нь парламентдаа байх нь том дэмжлэг. Үндсэндээ парламент нь хоёр танхимтай бол Засгийн газарт “давхар дээл”-тэй хэдэн сайд байх нь төдийлөн хамаатай биш гэж хэлэх гээд байгаа юм. Түүнчлэн Монголын онцлог гэж бий. Жишээ нь, УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашчихаар биеэ тоодог ч юм уу, нөгөөдүүлээсээ илүү гээд ойлгочихдог тал анзаарагддаг. Гадаадад ийм ойлголт байхгүй. Дахин хэлэхэд, монгол хүний сэтгэхүй, боловсрол нь парламентын ардчиллын хөгжилд нөлөөлөөд байгаа юм.
-Үүнтэй холбоотойгоор л УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай үнэмлэхүй олонх идэвхийлэн яриад байгаа л даа. Та ч дурдлаа. Гэвч энэ нь шинэ биш бөгөөд олон нийт хүлээн авах хөрс суурь, уур амьсгал байхгүй сэдэв гэхэд болно. Ний нуугүй хэлэхэд, одоогийн 76-гаа яая даа гэж байхад юун тоог нь нэмэх вэ гэх маягаар л эсэргүүцэж буй. Тэгээд ч УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэх талаар 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хангалттай яриад, эцэст нь хассан шүү дээ.
-Тийм ээ, иргэд үүнийг дэмжих, эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ 1992 оны Үндсэн хуулийг баталж байх үеийн хүн амын тоо эдүгээ өссөн. Хүн амын болон парламентын гишүүдийн тоо хамааралтай. Судалгаанаас харахад 3.5 сая хүнтэй улсад парламентын гишүүн нь дунджаар 100 орчим байдаг. Миний хувьд нэгэнт хоёр танхимтай байх нь зүйтэй гэсэн байр суурьтай учраас доод танхим нь одоогийнхоороо буюу 76, дээд танхим нь 25-30 гишүүнтэй байх нь үр дүнтэй гэж хэлнэ.
Хэрэв бид парламентын ардчиллыг төгөлдөржүүлнэ л гэж байгаа бол ийшээ явахаас өөр аргагүй. Одоо үүнийг дэмжихгүй байж болно. Иргэд дэмжихгүй гээд миний бие судлаачийн хувьд хэлэхгүй өнгөрч болохгүй биз дээ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Өнөөдөр би, надаас өмнө ч хөндөж л байсан. Цаашид ч ярина. Магадгүй 10 жилийн дараа арай өөр орчин, нөхцөл бүрэлдэх байх.
-Тэгвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгосноор парламентын ардчилал бэхжих үү. Бас л сүүлийн үед Ардын намын голдуу улстөрчид сэргээн яриад байгаа болохоор асууж байгаа юм.
-Мөн л улс орон болгонд өөр. Ерөнхийлөгчийг парламентаас сонгосноороо сайхан болчихгүй. Жишээ нь, Япон эзэн хаантай. Түүнийг парламентаас сонгодоггүй биз дээ. Харин Германд парламентаас сонгодог. Манай улсын хувьд эхлээд Ерөнхийлөгчийн институц хаашаа яваад байгааг бодох хэрэгтэй. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хууль, бодит байдлаа харахаар Ерөнхийлөгч гэж чухам ямар эрх мэдлийн хаана байрлаж байгааг институц болохыг ойлгоход хэцүү. Гадаадын орнуудад Ерөнхийлөгч нь гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлөх нь олонтоо ч манайд өөр. Хориг тавих эрх зэргээс нь харвал хууль батлах эрх мэдэлд ойр ч юм шиг. Мөн Засгийн газарт чиглэл өгдөг.
-Сая Цагаан сарын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудаж, чиглэл өгөөд л тэтгэврийг нэмчихлээ шүү дээ.
-Тийм, бас албан тушаалын томилгоо ч хийдэг. Ийм л эрлийз маягийн институц бий болгох хууль баталчихсан. Үүнийг нэг талд нь гаргах ёстой. Ерөнхийлөгчийн тухай хуулиа шинэчлэх шаардлагатай.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХААНААС Ч СОНГОЖ БОЛНО, АСУУДАЛ БИШ
-Гэхдээ 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд цэгцэлж, хязгаарласан гэдэг.
-Дутуу. Жишээ нь, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэх мэт цаг хугацааны гэмээр ч юм уу, жижиг өөрчлөлт хийх шаардлагагүй байсан. Харин оронд нь Ерөнхийлөгч чухам аль эрх мэдлийг хэрэгжүүлэхийг тодорхой болгох хэрэгтэй байлаа. Үүний дараа Ерөнхийлөгчийг хаанаас ч сонгож болно, асуудал биш.
-Та түрүүнд парламент дахь давхаргын төлөөллийн талаар цухас дурдсан. Манай сүүлийн үеийн парламентуудад аль давхарга түлхүү байна гэж хэлэх вэ?
-Энэ бол өргөн ойлголт. Дундаж, доод, дээд, иргэний нийгмийн гээд олон давхаргыг нэрлэж болно. Гэхдээ манайд иргэний нийгэм хөгжихгүй байна. Энд давхарга бий болдог. Жишээ нь, Худалдаа, аж үйлдвэрийн танхим бол бүх худалдаа эрхлэгчийг нэгтгэдэг том давхарга. Худалдаа, татвар, аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг энэ давхаргаар дамжуулан шийднэ. Мөн ажилчид бол хүчтэй давхарга. Багш, эмч нар гээд олон давхаргын байр суурь парламентад орж ирэх ёстой. Иргэний нийгмийн байгууллагаараа тэд бие биеэ хянаж, зөвшилцдөг. Манайд давхаргууд сайн хөгжихгүй, бодит биеллээ олохгүй байна.
-Б.Чимидийн нэрэмжит шагналыг “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээлийн судалгааны баг саяхан хүртсэн. Тус багийн гишүүний хувьд танд баяр хүргэе. Ардчилсан Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ой тохиож буй энэ үед бидний туулж өнгөрсөн замыг та дүгнэхгүй юү?
-Баярлалаа. Б.Чимид багшийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг анх удаа долоон судлаачийн бүрэлдэхүүнтэй багаараа хийсэн, “The role of the Constitution of Mongolia in consol¬idating democracy: an analysis” гэж англи, монгол хэлээр 2013, 2016 онд хэвлэгдсэн бүтээлээр авлаа.
Үндсэн хуулийн алдаа, онооны аль аль нь байна. Гэхдээ оносон нь их. Жишээ нь, 1992 онд анх удаа өөрсдөө Үндсэн хуулиа боловсруулж, баталсан. Өмнө нь 1924, 1940, 1960 онд монголчууд өөрсдөө Үндсэн хуулиа бүтээсэн гэхэд эргэлзээтэй. Оросын Үндсэн хуулийг ерөнхийд нь хуулбарлаж байсан юм. 30 жилийн өмнө бид Үндсэн хууль хэмээх, улс төр, эрх зүйн өөрсдийн гэсэн баримт бичгээ бий болгосон юм. Нөгөө талаас 30 жил болсон гээд байнга магтаад байж болохгүй. Жишээ нь, түрүүнд ч хэлсэн, Үндсэн хуульд ойлгомжгүй зүйл олон байна. Тухайлбал, гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан. Гэтэл төрийн эрх мэдэл хэзээ ч ард түмний гарт байдаггүй. Миний бие Германы Үндсэн хуулийг хамтран орчуулсан. ОХУ-ын Үндсэн хуулийг орчуулснаа удахгүй хэвлүүлэх гэж байна. Тэдгээрээс харж байхад төрийн эрх мэдэл нь ард түмнээс эх сурвалжтай гэсэн агуулга л байдаг. Өөрөөр хэлбэл, ард түмнээс эх сурвалжаа авч, эрх мэдэл бий болдог шүү гэдгийг хэлээд байгаа юм. Энэ мэт зүйлийг сайжруулаад явах ёстой.
-Сонгогчдын боловсролын талаар та ярилцлагын эхэнд хөндсөн. Үнэндээ манай үе үеийн эрх баригчид сонгогчдыг боловсролгүй байхыг илүүд үздэг мэт санагддаг.
-Уг нь иргэд боловсролтой болох эрхийг манай Үндсэн хуулиар нээчихсэн. Өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж бий. Дан төр, засгийг хараад хэрэггүй. Хүсвэл өөрийгөө боловсруулах олон эх сурвалж байна. Үеийн үед иргэдийн толинд буусан тусгал нь УИХ, 76 гишүүн байсаар ирсэн. Би сонгогддог албан тушаалтан биш учраас ингэж хэлээд байгаа юм. Магадгүй би сонгогддог албан тушаалтан бол “Энэ муу биднийг доромжилдог хэн бэ, дахиж сонгохгүй” гээд л хөөгдөх байсан биз. Нөгөө талаас нөхцөл байдал сайжирч байна гэж харах үндэслэлтэй. Жишээ нь, өмнө нь урлагийнхан сонгуулийн үеэр иргэдийг сэнхрүүлдэг байсан бол одоо хориглосон. Эцсийн дүндээ тогтолцооны сайжралыг л би хүсээд байгаа юм. Байшингийнх нь суурь далий байхад ханаа хэчнээн гоёор будаж, чимээд хэрэггүй биз дээ.
-Улс төрийн намын санхүүжилтийн орчныг яаж сайжруулах тухайд та байр сууриа хэлэхгүй юү?
-Сонгогчдын боловсрол, улс төрийн намын төлөвшил, санхүүжилтийг малгайлж ярихаас илүү тэдгээрт сорилт болж буй асуудлыг нь шийдэх хэрэгтэй л дээ. Нам санхүүжилтээ хаанаас ч авч болно. Гагцхүү түүнийгээ ил тод, нээлттэй болгох ёстой. Ингэвэл намын мөнгө цэвэр болж, хариуцлага аяндаа сайжирна. Нам нь чамбай болчихвол нэр дэвшигчдэдээ бодитой шалгуур тавиад эхэлдэг. Ингэснээр сонгогдсон хүмүүс нь хариуцлагатай ажиллах юм.
Бэлтгэсэн Б.Номин