Өнгөрсөн Сар шиний баярын босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаалгасан зохиолч Б.Сарантуяаг “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа.
-Шагналд хөөрдөг хүн бий. Тоодоггүй нь ч бий. Харин танд төрийн өндөр шагнал хүртсэний дараа ямар бодол төрөв?
-Төрийнхөө хайр хишигт талархалгүй яах вэ. Хүн чинь урмын амьтан. Овог, нэрийн минь өмнө үргэлж дуудагдах төрийн эрхэм алдар шүү дээ. Ид бичиж, туурвиж яваа үед минь шагнасан нь надад их урам өглөө. Цаашид надаас “төрөх” бүхэнд минь ташуур болсон. Юуны түрүүнд тэнгэрт буй аав, ээжийгээ саналаа. Тэд минь хамт байсан бол надаас илүү баярлах байсан даа.
-Та уран бүтээлийн гараагаа хэзээ, хэрхэн эхэлж байв. Хамгийн анх бичсэн шүлгээ санадаг уу. Хадгалдаг уу?
-Дунд сургуулийн сурагч байхдаа шүлэг бичдэг байлаа. Хамгийн анх эмээдээ зориулж бичсэн шүлэг минь тухайн үед сургуулийн урлагийн үзлэгт түрүүлж байсан санагдана. Цаг хугацааны уртад хадгалж үлдсэнгүй ээ. Ер нь шүлэг надад олон зүйлийг өгсөн гэж болно. Амьдралынхаа туршид гараасаа “хөтөлж” явах зүйл бол шүлэг юм. Түүнтэй “нөхөрлөсөн” цагаасаа би өөрийгөө олж эхэлсэн. Хүмүүс гайхах байх л даа. Үнэндээ шүлэг намайг уран зохиолд дурлуулж, хаа явсан газарт минь үгээр гацах, торохын зовлонгоос ангид байлгасан санагддаг. Миний өнөөдрийг хүртэл амьдрахдаа хийсэн ажил минь үг холбох л байлаа. Телевизийн салбарт ч, уран зохиолд ч тэр.
-Уран бүтээл мэдрэмжээс төрдөг байж таарна. Харин яг ямар мэдрэмж уран бүтээлийн эх болдог юм бол?
-Янз янз даа. Шүлэг бол мэдрэмжийн урлаг. Ихэндээ гунигтай мэдрэмж төрөх үед сайхан шүлэг биччихсэн байх нь олон. Учир нь хүн гуниг уйтгартай үедээ л өөрийнхөө дотоодод гүн аялж чаддаг болов уу. Ямар ч яруу найрагч жаргалтай үедээ нэг их шүлэг бичдэггүй нь аз жаргалын мэдрэмж дотоодод үлддэггүй, шууд л гадагшилдагтай холбоотой байх. Харин хүүрнэл зохиолыг мэдрэмжээр эхэлж болох. Тэр мэдрэмжийг зохиолын туршид хадгалах, үргэлжлүүлэх боломжгүй. Үй олон мэдрэмж нийлж байж уран зохиолын томоохон хэмжээний бүтээл төрнө.
-МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээр та үзэгчидтэй “уулздаг” байсан. Телевизийн салбар таныг хэрхэн өөрчилсөн бэ. Тэр туршлага тань одоо танд давуу тал болдог уу?
-Би 1995 онд УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг уран зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, МҮОНТ-ээс ажил, амьдралын гараагаа эхэлж байлаа. Телевиз надад олон зүйлийг өгсөн буянтай газар даа. Насан туршийн найз нөхөд, уран бүтээлийн төлөө бүхнээ зориулах зүрх сэтгэл, тэвчээр хатуужил бүхнийг би тэндээс л сурсан. “Хоббигоо мэргэжил болговол амжилтад хүрнэ” гэж үг байдаг даа. Үнэндээ телевиз бол миний хобби. Би телевизэд дурлаж байлаа. Одоо ч дуртай ажлаа хийхийг хүсдэг учраас Youtube суваг хөтөлж, номуудаа уншиж байршуулдаг. Телевиз надад текст боловсруулах, баримттай ажиллах, өөрийгөө илэрхийлэх, олны дунд биеэ авч явахаас авхуулаад олон зүйл заажээ. Энэ салбарт удаан ажиллахаар аливааг дэлгэцийн өнцгөөс хараад сурчихдаг юм шиг. Уг онцлог нь надад зохиол бичихэд ч нөлөөлдөг. Миний зохиолууд ихэндээ л нэг үйл явдал нэг газар оронд өрнөж, дараагийнх руу шилждэг. Тэгэхээр уншиж байгаа хүнд дэлгэцээр харж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг шиг байгаа юм. Уран зохиолын хязгааргүй талбарт зохиолчийн бодол, мэдрэмж зөвхөн нэг үзэгдэл, газар оронд өрнөх шаардлагагүй ч минийх ихэнхдээ нэг үзэгдлээс нөгөөд шилжиж хөвөрдөг. Энэ нь телевизийн хайрцаг шүү дээ. Дэлгэцийн эриний өнөө цагийн үзэгч, уншигчдад магадгүй тэр нь таатай байж болох. Нэгийг өгүүлэх гэж байгаад нөгөөг яриад явчихгүй, одоо хэлэх гэж буйд чинь юу чухал вэ гэдэгтээ тогтож сурахад телевиз надад тусалсан гэж ойлгож болно.
-Та Сорхугтани, Самар хатан, Бат хааны тухай бичсэн. Яагаад түүхэн сэдэв, тэр дундаа түүхэн хүмүүсийг “барьж авах” болсон юм бэ?
-Миний амьдралын бүх л учир шалтгаан телевизээс л улбаатай. Би чинь оюутны ширээнээс телевизийн сэтгүүлч болсон хүн шүү дээ. Ажил, амьдрал, хань ижлээ бүгдийг нь телевизээс олсон. Түүхэн зохиол бичих шалтгаан минь ч телевизтэй холбоотой. Телевизийн баримтат уран сайхны киноны зохиол бичих гэж Сорхугтани хатны түүхийг сонирхон судалж байсан минь намайг түүхэн зохиол бичих замд хөтөлсөн юм. Түүх гайхамшигтай шүү дээ. Хуудсыг нь нэг л удаа сөхвөл цааш дагуулсаар, дурлуулсаар байдаг. Миний хувьд эмэгтэйчүүдэд зориулсан хэв шинжит дүрийг бүтээсэн уран зохиолын ном бичье гэж эрж хайж явахдаа Сорхугтани хатантай “учирсан”. Эмэгтэй хүн энэ орчлонд яах гэж ирж, юуны төлөө амьдардаг юм бэ гэдэг үзэл санааг л уран зохиолын аргаар гарган нэг сайхан зохиол бичье гэж бодож явахад минь Сорхугтани хатны түүх таарсан хэрэг. Эндээс л зохиол эхэлж байлаа.
-Нэлээд судалгаа хийсний эцэст бичиж эхэлдэг байж таарна. Судалгааны явцад үүний тухай л бичих сэн гэж хорхойсмоор хүн, эсвэл түүх таардаг биз?
-Олон сайхан түүх, түүхэн хүмүүс таарна аа. Гэхдээ анхнаасаа бичихээр төлөвлөсөн түүхэн хүмүүс, тэднээр дамжуулан илэрхийлэх гэсэн үзэл санаа бий учраас харсан бүхнээ “барьж авах” боломжгүй л дээ. Шагнал хүртэхдээ хэлсэнчлэн Монголын түүхээр таван ном бичье гэж төлөвлөж, анх эхэлсэн. Монголчуудын мандал бадралын үеийг Сорхугтани хатнаар, уналтын буюу бага хаадын үеийн түүхийг Самар хатнаар төлөөлүүлэн бичсэн. Энэ нь бид эв нэгдэлтэй байвал юунд хүрч болдгийг, хөл жийлцэн суувал бас л хэрхэхийг түүхээрээ жишээ аван үзүүлэх зохиолын гол үзэл санаа юм. Удаах нь Монголын эзэнт гүрний тэлэлт. Алтан ордны улсын түүхийг Батхаанаар, Юань гүрний түүхийг Агай гүнжээр төлөөлүүлэн “Тогосын цөс” гэж ном бичсэн. Одоо Илхаант улсын түүхээр бас нэг ном бичнэ гэж бодож байгаа.
-Түүхэн романуудынхаа дараа та “Сэтгэл залгигч хот” орчин үеийн сэдэвтэй ном бичсэн. “Хотын романууд” гэж нэрлэнэ гэсэн байх аа. Хэдэн цуврал гаргах бол?
-Зохиолч хүн амьдарч буй цаг үеийнхээ дуу хоолой байх учиртай тул би “Хотын романууд” хэмээх гурван цуврал ном гаргая гэж төлөвлөсөн юм. Эхнийх нь “Сэтгэл залгигч”. Олон мянганы туршид нүүдэллэн амьдарсан монголчууд суурин иргэншилтэй болоод зуу илүү жил л болж байна. Энэ хугацаанд бид юуг алдаж, юу оносныг уг бүтээлээр харуулах зорилготой. Үүний дараа “Эм хүйстэн” гэж ном бичихээр төлөвлөсөн. Үнэндээ өнөө цагийн бид жендерийг эргэн харахаар түвшинд оччихоод байна л даа. Амьдрал бол арга, билгийн нэгдэл шүү дээ. Эрэгтэй нь арга бол, эмэгтэй нь билиг. Энэ хоёр хүч тэнцүү явдаг.
Өнгөрсөн зуунуудад өрнөж байсан дайн дажин, бүтээн байгуулалт, хүнд хүчир ажлыг өнөөдөр технологийн тусламжаар хийлгэх болсон. Ингэснээр амьдралын хөдөлгөгч хүч болсон эрчүүдийн үүргийг сулруулж, өнөө үед эмэгтэйчүүд харин бүхий л салбарт манлайлах болсон. Гэтэл эрчүүд анхаарлын гадна үлдэж, улам л сул дорой болсоор байна. Үүнийг л дуугарсан зохиол бичье гэж бодсон юм. Дараагийнх нь “Хуруу шилний хүүхдүүд”. Энэ их ярвигтай сэдэв л дээ. Хүн гэдэг үрээс үрсэлж, үндэснээс соёолдог байгалийн жам эвдэгдэж байна. Үүний зөв, бурууг бид шүүхгүй. Гэлээ ч дуугарч бол болно. Орчин үеийн сэдвээр ийм л гурван ном бичье гэж шийдсэн юм.
-Таны өөрийн бичсэн зохиол бүтээлээс алийг нь хамгийн сайн болсон хэмээн олзуурхаж “тоодог” вэ?
-Ээж, аавууд үр хүүхдээ алагчлалгүй хайрладаг шиг зохиолч хүн бүтээлүүдээ ялгах аргагүй юм. Үнэндээ намайг хамгийн ихээр баярлуулж “мэндэлсэн” зохиол бол “Сорхугтани”. Уран зохиолын элементүүдийг түлхүү ашиглан, уянгаар сүлж бичсэн нь “Тогосын цөс”. Нийт уншигчид “Сорхугтани” тэргүүтэй өмнөх номуудыг минь таалдаг боловч би өөрөө “Тогосын цөс”-өө их тоодог юм. Мэргэжлийнхээ түвшинд хүртэл бичиж чадсан гэж энэ зохиолоо тоодог гэсэн үг л дээ.
-Бүтээлээ кино болгох сон гэж хүсдэг үү. Хүсдэг бол алийг нь вэ?
-Түрүүн өгүүлсэнчлэн миний номуудыг кино зохиол болгох амархан. Учир нь би дэлгэцийн мэдрэмжээр бичсэн учраас аль ч зохиолыг кино болгон хувиргахад хялбар. Гэвч түүхэн зохиолоор кино хийхэд асар их хөрөнгө шаардлагатай. Киноны төсөв талаас бодсон ч, өгүүлэмж талаас харсан ч “Тогосын цөс”-өөр эхний ээлжид кино хийх сэн гэж их боддог. Хэзээ нэгэн цагт кино болох байх аа.
-Бүтээлээ бичиж дуусгаад эцсийн цэгийг нь тавих, мөн хэвлэлтээс авч, номын дэлгүүрүүдэд байршуулсны дараа ямар ямар мэдрэмж төрдөг бол?
-Яг таны хэлсэн энэ дарааллаар бүхнийг хийж дууссаныхаа дараа өөрийгөө чөлөөлдөг. “Одоо бол миний мэдэх хэрэг биш. Энэ ном, энэ түүх миний мэдлээс гараад тэднийх болсон. Таалах, таалахгүй нь тэдний хэрэг. Тиймээс өөрийгөө чөлөөлж, өргөн олон түмэндээ итгэж хүлээ” гэж өөртөө хэлдэг. Дараа нь уншигчид уншаад бодол, сэтгэгдлээ хэлж, бичихийг хараад алдаа, оноогоо тунгаадаг. Үнэндээ бол нэгэнт бичээд, хэвлүүлээд, дэлгүүрт тараачихсан бол орхих хэрэгтэй. Би бичиж байхдаа л дахин дахин шүүж, уншиж нягталдаг. Нэг романыг хэдэн ч удаа уншиж дуусгадаг юм бүү мэд. Харин дараа нь сөхөж ч хардаггүй. Ганц нэг үг, үсгийн алдаа гарвал дараагийн хэвлэлтэд засварлуулдаг л төдий. Нэг хийсэнтэйгээ зууралдаад байх дэмий. Дараагийн бичих зохиолыг хаагаад байгаа мэт санагддаг учраас тэгээд л орхидог.
-Нобелийн шагналт зохиолч Надин Гордимер “Зохиолч болох ганцхан арга л бий. Тэр нь тархиа номоор дасгалжуулах” гэсэн байдаг. Таныхаар зохиолч болоход арга бий юү?
-Өнөөдөр Монголын уран зохиолыг хөлбөмбөгийн талбай гэж харвал зохиолчид дүрэмгүй тоглож байдаг. Үнэндээ уран зохиол өөрийн гэсэн онолтой, дүрэмтэй. Утга зохиолын боловсрол эзэмшсэн цөөн тооны зохиолчийг эс тооцвол ихэнхдээ дур зоргоор хөвөрч байна. Тэгэхээр чамд авьяас, мэдрэмж байгаа бол түүнийгээ онол гэдэг зүйлтэй жаахан ч гэсэн уяж бичээрэй л гэж зөвлөнө. Зохиол бичиж байгаа хүмүүс хүссэн, хүсээгүй тархиа номоор дасгалжуулна шүү дээ.
-Зохиол бичихэд авьяас, боловсрол, хөдөлмөрийн аль илүү чухал бол?
-Яг дарааллаар нь эрэмбэлчихлээ. Юуны түрүүнд авьяас мэдрэмж, дараа нь уран зохиолын боловсрол, харин энэ бүхнийг бүтээхэд хөдөлмөр зайлшгүй хэрэгтэй. “Тэтгэвэрт гарахаараа ном бичнэ” гэж ярьдаг хүмүүс ч таардаг. Үнэндээ бол ном бичихийн тулд ямар их цаг хугацаа, он жилүүдийг туулж, хэчнээн удаа бүтэлгүйтэж, хэр их тэвчээрээр бүтдэг зүйл вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Зарим зохиолч хүртэл онол, мэдлэг, онгод авьяасыг үгүйсгэх нь ч бий.
-Үлгэр жишээ авч, хамгийн ихээр шүтэн биширдэг зохиолч тань хэн бэ. Хэд ч уншаад уйдамгүй зохиол гэвэл?
-Уншаад уйдамгүй олон сайхан зохиол байна даа. “Монголын нууц товчоо” бол нэг талаар уран зохиолын дурсгал юм. Унших тусам утга санаа нь шинээр хөврөн гарч ирдэг шидтэй. Бид “Монголын нууц товчоо”-гоо одоо хүртэл судалж дуусаагүй байна. Нэг өгүүлбэр нь л хэд хэдэн утга санааг ил, далд илэрхийлсэн ийм бичгийн дурсгал Монголд бүү хэл дэлхийд ховор. Шимтэн уншиж ирсэн Оросын болон гадаадын олон зохиол, зохиолчид байна. Би Габриель Гарсиа Маркесийн зохиолуудад дуртай. Тэр бол учир шалтгааныг ургуулах бүхий л боломжийг зохиолдоо өргөн ашиглаж чаддаг. Өөрийнх нь хэлснээр маш сайн худлаа ярьж чаддаг. Ихэнх зохиолч болсон явдалтай л зууралддаг. Харин оргүй хоосноос зохионо гэдэг тухайн зохиолчийн уран чадварыг харуулах бас нэгэн өнцөг юм. Түүхэн зохиол яалт ч үгүй баримттай уягддаг учраас хальж дэврэх боломжгүй. Харин оргүй хоосноос зохиох тэр мөн чанар, амтыг би орчин үеийн сэдэвтэй зохиолууддаа гаргахыг хүсдэг.
-Зохиолоо бичих зуураа гацаанаас гарах, түгжээгээ тайлах гэж ч юм уу, зөвлөгөө авдаг хүн бий юү?
-Миний нөхөр найруулагч мэргэжилтэй. Театрын онолыг их сургуулийн боловсролоор эзэмшчихсэн учраас гацаанд орох тохиолдолд түүнтэй зохиолынхоо талаар ярилцдаг. Мөн уран бүтээлч нөхөдтэйгөө ч ярьдаг. Үнэндээ бичээд эхэлчихсэн үедээ зохиолоороо амьсгалчихсан явдаг тул удаан гацдаггүй. Яаж ийж байгаад түгжээг мултална. Хүнтэй зөвлөнө, зарим тохиолдолд гадуур алхаж явахад, кофе уугаад сууж байхад түгжээ өөрөө тайлагдана. “Аан, тийм юм байна шүү дээ” гэж өөртөө хэлээд цааш бичнэ.
-Ном уншихын чухлыг олон хүн янз бүрээр хэлсэн нь бий. Харин та өөрийн өнцгөөс юу гэх бол?
-Ном уншдаггүй хүний тархийг тавилгагүй өрөөтэй адилтгаж болох юм. Түүнтэй тухтай ярилцах боломжгүй, суух газар ч олдохгүй. Хоосон өрөөнд гэдэс өлсөж, ам цангаад зогсож байгаа юм шиг л. Уншсанаар л мэдлэг тэлдэг шүү дээ. Мэдлэгтэй хүнтэй ярилцах сайхан. Маш үр өгөөжтэй, амттай, бас тухтай.
-Та одоо ямар уран бүтээл дээр төвлөрч байна?
-“Эм хүйстэн” зохиолоо эхлүүлсэн боловч бичих явцад гол дүрийн үзэл санаа нь цааш задран тэлж, нэлээд өргөн хүрээтэй болчихлоо. Нэг гэр бүлийн эмэгтэйчүүдийн зуун жилийн амьдралаар дамжуулан эмэгтэйчүүд энэ зуун жилд гадаад, дотооддоо хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах зорилготой. Үнэндээ өнгөрсөн, одоо, ирээдүй, ил далдын ертөнцөөр аялуулах энэ номын нэр ч бас өөрчлөгдөх магадлалтай болчихсон. Ирэх хавраас уншигчдын гарт очих байх.
-Зохиолын дүрүүд тань бодит хүмүүсээс хэр өөр вэ. Тэднийг яаж сонгож, дүрслэн “ургуулдаг” юм бэ?
-Түүхэн зохиолд ч уран сайхны дүрүүд бий. Уран сайхны дүрүүдийг ихэнхдээ гол дүрийнхээ үзэл санааг тодотгох зорилготой гаргаж ирдэг. Харин орчин үеийн сэдэвтэй зохиолд хэдийгээр хийсвэр оюун санаанаас гарсан дүрүүд боловч тэдний дунд миний таних хэн нэгэн оршин, түүнийг төсөөллөөрөө ургуулсан байх тохиолдол бий. Дүр бас зөвхөн нэг хүний бус, нэлээд хэдэн хүний нийлбэр болох ч тохиолдол бий.
-Та бичих ажилдаа өдрийн хэдэн цагийг зарцуулдаг вэ?
-Янз бүр. Зарим үед өдрийн ихэнхийг зориулах нь бий. Зарим өдөр огт бичдэггүй. Зохиол бичиж эхэлсэн үед өдөрт ядаж 1-2 цаг ширээний ард заавал суухыг бодно. Том хэмжээний бүтээлийн ард гарахыг хүсвэл суухаас аргагүй. Ихэнхдээ оройн цагаар сууж бичдэг байсан бол “Тогосын цөс”-ийг бичих үед өглөө эрт босож 2-3 цаг суудаг байсан. Энэ нь илүү үр бүтээлтэй санагдсан. Өдөр бүр тогтмол ийм хэмнэлтэй бичихэд зохиол гараас их амар гардаг юм билээ. Би нэг зохиолын араас нөгөө зохиолыг угсруулан бичдэггүй. Дунд нь нэг хоёр жил завсарладаг. Учир нь өмнөхөө давтахгүй гэж. Энэ хооронд уншина, бодно, судална.
Бэлтгэсэн А.Халиун