Хавдар судлалын үндэсний төвийн гэх харьяаллаа Хөвсгөл аймгаар сольсон залуу эмч бол Б.Түвшин. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Хөвсгөл аймгийг гэр бүлийн хамт зорьж, хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг орон нутгийн иргэдэд үзүүлж байна. Орон нутагт анхны гэх тодотголтой цөөнгүй мэс засал хийж, хавдрын өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулж яваа түүнтэй ярилцлаа.
-Хөвсгөл аймагт очоод багагүй хугацаа өнгөрлөө. Та өмнө нь ингэж орон нутагт ажиллаж байв уу?
-Энд ирээд таван сар болж байна. Би өмнө нь хөдөө амьдрах нь бүү хэл, маш цөөхөн удаа явж үзсэн. Би эх орныхоо 10 аймагт очиж үзээгүй хэрнээ тийм тооны гадаад улсад бол тодорхой хугацаанд амьдарч үзсэн хүн. Харин одоо хөдөө ирээд ажиллаж, амьдрахад маш таатай байна. Залуусыг нутагтаа очиж, ажиллаж, амьдраасай гэж бодох болсон. Агаар, хөрсний бохирдолгүй, замын түгжрэлгүй, гэр бүлийнхэндээ цаг гаргах боломжтой нь сайхан юм. Хотод хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, ажилдаа ирж, очих гэж ямар их хугацаа зарцуулдаг билээ, энд бол таван минутын дотор л гэртээ харьчихаж байна.
-Орон нутаг руу явах шийдвэр яагаад гаргасан юм бэ. Таныг анх орон нутагт ажиллахаар боллоо гэхэд цахим орчинд олон хүн дэмжиж, амжилт хүсэж байсан.
-Тийм ээ. Намайг олон хүн дэмжиж, урам зориг хайрласан. Үүний зэрэгцээ миний эхлүүлэх ажлын цаашдын үр нөлөөг сайн ойлгоогүй хүмүүс ч байв. Би анх аль аймагт очиж ажиллахаа шийдэхээр хэд хэдэн газрыг судалж, Нэгдсэн эмнэлгийн дарга нартай нь холбогдож үзсэн. Зарим нь эхэндээ Улаанбаатар хотод цөөхөн эмнэлэгт хийдэг мэс заслыг орон нутагт нэвтрүүлж чадна гэж бодоогүй байх.
Тухайн үед тохироо нь бүрдэнэ гэдэг шиг Хөвсгөл аймагт ажиллах боломж гарч ирсэн. Улаанбаатар хотоос алслагдсан, хавдрын өвчлөл өндөртэй газар байсан нь тус аймгийг сонгоход нөлөөлсөн юм. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал хавдрын өвчлөлд анхаарч ажиллах зорилготой байсан нь биднийг нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, би өнгөрсөн зун Хөвсгөл аймагт амарч явахдаа Г.Оюунжаргал даргатай уулзаж, орон нутагт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлэхээр ярилцаж тохирсон юм. Тэр үед мөн Япон Улсад сурах боломж гарч, намайг дуудсан л даа. Японы талаас яаралтай хариу ирүүлэхийг хүссэн учир би Г.Оюунжаргал эмчтэй зөвлөлдсөний эцэст Хөвсгөл аймагт очиж ажиллах шийдвэр гаргасан. Сэтгэл, зүрхнийхээ дуудлагыг дагасан гэх үү дээ. Мөн хавдрын тусламж, үйлчилгээ, мэс заслыг орон нутагт эхлүүлэх шаардлагатай байсан учраас ийн шийдсэн. Тэгээд өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд гэр бүлийн хамт тус аймагт очсон.
-Та тэгвэл Японд сурахаа хойш тавьжээ. Залуу эмчийн хувьд хөдөөгийн эмнэлэгт ажиллахыг сонгоод зогсохгүй, Улаанбаатар хотод ч цөөн эмнэлэгт хийдэг мэс заслуудыг амжилттай гүйцэтгэж буй нь үнэхээр бахархам байна. “Хөвсгөлд очсон сонголт минь зөв байжээ” гэж олзуурхсан тохиолдол хэр олон байв?
-Маш олон. Үнэхээр зөв шийдвэр гаргасан гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Аль нэг аймагт очиж, хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар хавдрын цээжний хөндийн мэс засалч, найз Л.Хануйтайгаа хоёр жилийн өмнөөс л ярилцдаг байсан. Найз минь ч удалгүй Хөвсгөл аймагт ирж ажиллалаа. Анх ярьсан зүйл минь хөрсөнд бууж, үр дүн сайтай, чухал ажил болсонд бид сэтгэл хангалуун байна. Зөвхөн Улаанбаатар хотод л хүн амьдардаг биш шүү дээ. Орон нутгийн иргэдэд ч нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь чухал. Залуу гэхээс илүү нарийн мэргэжлээ эзэмшчихсэн, туршлагатай эмч нар орон нутагт ажиллах нь маш зөв гэж би хувьдаа боддог. Гэтэл ихэнхдээ дөнгөж их сургуулиа төгссөн, ерөнхий мэргэжлийн эмч нарыг орон нутаг руу явуулдаг байсан. Уг нь тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулаад, төрөлжсөн тусламж, үйлчилгээг бие даан үзүүлж чаддаг болсон үедээ орон нутагт ажиллах нь иргэдэд илүү үр өгөөжтэй.
-Хөдөөнөөс Улаанбаатар хотод ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад иргэдэд унааны зардлаас эхлээд байрлах газар, танил тал гээд олон асуудал тулгардаг. Нэг талаас Хөвсгөл аймгийнхан их азтай юм. Хамгийн анх үзүүлсэн тусламж, үйлчил гээнийхээ талаар сонирхуулахгүй юу?
-Анх ирээд ходоодны хожуу шатны хорт хавдартай, 40 гаруй насны эрэгтэйд ходоод бүтэн тайрах мэс засал хийсэн. Өөрөө оношилж, хорт хавдартай болохыг нь тогтоосон юм. Мөн Улаанбаатарт очоод тусламж авч чадаагүй, бөөрний хавдартай өвчтөнд мэс засал хийлээ. Одоо төлөвлөгөөний дагуу мэс заслуудаа хийж байна. Энэ ажлыг эхлүүлснээр алсдаа олон хүн орон нутагтаа нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж буй нь сайшаалтай.
-Одоогийн байдлаар хавдрын хэчнээн мэс засал хийгээд байна вэ?
-Томоохон хэмжээний мэс засал гэвэл нийт 30 гаруйг хийжээ. Дийлэнх нь элэг, ходоодны хавдрын мэс засал. Гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлдэг тусламж, үйлчилгээ, мэс заслыг бол өдөр бүр хийж байна. Элэг тайрах мэс заслыг Улаанбаатар хотод дөрөвхөн эмнэлэгт хийдэг. Харин бид орон нутагт анх удаагаа эл мэс заслыг амжилттай хийсэн. Мөн цөөн эмнэлэгт л хийдэг ходоодны хагалгааг ч бид хийлээ. Зөвхөн ХСҮТ болон “Интермед” эмнэлэгт хийдэг улаан хоолойн хавдрын хагалгааг Л.Хануй эмчтэйгээ хамтран цөөн тоогоор хийсэн. Өөрөөр хэлбэл, гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ болох хавдрын мэс заслыг орон нутагт хийж байна гэсэн үг. Би ихэвчлэн ходоод, нарийн гэдэсний хавдрын мэс заслын чиглэлээр ажиллаж байгаа. Мөн хэвлийн хөндийн болон бөөрний хавдрын мэс засал хийдэг. Ингэж байтал бид хоёр дээр нэмэгдээд ХСҮТ-д ажиллаж байсан хоёр залуу, чадварлаг эмч маань Хөвсгөлд ирсэн. Элэг, цөсний эмч О.Дамдинсүрэн, цээжний хөндийн мэс засалч Г.Гантогтох нар маань “Орон нутагт ажиллах нь мэргэжлийн хувьд үнэхээр бахархам сайхан юм” гээд бидэнтэй нэгдсэн дээ. Тэд гэр бүлийнхэнтэйгээ хамт энд шилжиж ирсэн шүү. Гэр бүлийн хүмүүс нь ч мөн эмч мэргэжилтэй.
-Орон нутагт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг бол?
-Эмнэлгийн захиргаа маш сайн дэмжиж буй учраас асуудал тулгарах нь бага. Сайхан сэтгэлтэй хүмүүс тус дэм үзүүлж, багаж, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлээр тусалсан. Хамгийн гол нь бид энэ ажлыг эхлүүлэхдээ маш сайн төлөвлөсөн учраас бэрхшээл бараг гараагүй гэхэд болно. Онцлон хэлэхэд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд маш сайн хамтран ажиллаж, нэг баг болж чадсан. Мэс заслыг ганцхан эмч хийдэггүй. Унтуулгын, дүрс оношилгоо, эрчимт эмчилгээний сайн баг хэрэгтэй. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, Дүрс оношилгооны тасгийн эмч, ажилтнуудын ачаар ажил маш сайн урагшилж байгааг цохон хэлье. Мөн асрагч, сувилагч нар чухал үүрэгтэй. Түүнчлэн энэ ажлыг эхлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол хэрэгжсэн нь гол нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ тогтоолыг хэрэгжүүлснээр эмнэлгүүд гүйцэтгэлээрээ бие даан санхүүжих чадамжтай болсон юм.
-Та бүхнийг явсны дараа ч аймгийн эмч нар бие даан хавдрын мэс засал хийх боломж бүрдсэн үү. Залгамж халаагаа бэлдэх нь чухал шүү дээ.
-Хөвсгөл аймагт О.Дамдинсүрэн, Г.Гантогтох нар маань үлдэнэ. Мэдээж Л.Хануй бид хоёр байнга хамтарч ажиллаж, зөвлөгөө өгөх боломжтой. Мөн аймгийн хоёр эмчийг БНСУ-д сургахаар явуулсан. Хэдийгээр цар тахлын үед гадаад улсад сурахад хүндрэлтэй, тэтгэлэг олоход асуудалтай байгаа ч орон нутгийн болон бусад хүний дэмжлэгээр замын зардал зэргийг зохицуулсан.
-Анх аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ороход маш жижигхэн санагдсан гэж та хэлж байсан. Мэдээж эмнэлгийн орчин, зориулалтын өрөө, тасалгаа хамгийн чухал болов уу?
-Эмнэлгийн барилга байгууламж хуучирсан, засаж сайжруулах зүйл их байсан. Улаанбаатар хотын эмнэлгүүд тав тухтай, ихэнх нь том өргөтгөлтэй болсон. Энд тархины гэмтлийн хагалгаа, үе солих мэс засал хийх зэргээр чиглэл бүртээ үйл ажиллагаа нь тэлж байна. Намайг оюутан байхад ганцхан ГССҮТ-д л өвдөгний үе солих мэс засал хийдэг байлаа. Одоо Хөвсгөл аймагт Ядамсүрэн эмч эл хагалгааг маш сайхан хийж буй. Тархины гэмтлийн мэс засалдаа Амарбат эмч гаршсан. Мөн Цэрэнсүрэн, Должин эмч нар хавдрын хими эмчилгээг аймагтаа тогтмол хийж, нутагшуулж байна. Аймгийн хүн ам өсөхийн хэрээр өвчлөл ихэссэн, эмч, ажилтнууд нь тусламж, үйлчилгээний дараагийн шатанд гарсан ийм үед эмнэлгийн барилга байгууламжид анхаарах шаардлагатай санагдсан. Жишиг төвтэй болчихвол эндхийн эмч нарт хэнд ч гологдохгүй ажиллах чадвар бий.
Тухайлбал, улсын томоохон эмнэлгийн мэс заслын тасаг вакумжуулсан өрөөтэй. Иргэд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах эрхтэй.
-Хөвсгөл аймагт хавдрын ямар тохиолдол давамгайлж байна вэ?
-2020 онд хавдрын 270 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ бол ганц аймагт гэхэд том тоо. Зөвхөн хавдрын өвчлөл гэхэд л ийм байна.
-Та удам дамжсан эмч юм билээ. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийн нөлөө их байв уу?
-Манай гэр бүлийнхэн намайг эмч бол гэж ер хэлж байгаагүй юм байна. Би үнэндээ эмчээс өөр мэргэжил мэддэггүй байж. Эмээ, аав, ээж минь бүгд эмч учраас өөр мэргэжил байдаг гэж бодоогүй байх. Миний эмээ УНТЭ-т насаараа ажилласан, Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн ахмад эмч. “Булчирхайн Норов” гэж олонд танигдсан 80 хол гарсан буурай бий. Миний аав Г.Баясгалан андрологийн их эмч. УХТЭ-ийн даргаар 10 гаруй жил ажилласан. Ээж Д.Оюунжаргал минь Цэргийн төв эмнэлэгт насаараа ажилласан, дэд хурандаа цолтой. Эхнэр минь мөн эрүүл ахуй судлаач мэргэжилтэй. Бид гурван хүүхэдтэй.
-Өвчтөнөө эмчлэхээс гадна орон нутгийн хүүхдүүдэд англи хэл зааж байгаа гэв үү?
-Тийм ээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон англи хэлний багш, эмч нарт тодорхой хэмжээнд англи хэл заасан. Би эрүүл мэндээс гадна боловсролын салбарыг сонирхдог. Орон нутагт ч мөн адил хүүхдүүд чанартай боловсрол эзэмших эрхтэй.
-Цаашдын зорилгынхоо талаар хуваалцаж болох уу. Өөр аймагт ажиллах бодол бий юү?
-Хөвсгөл аймагтаа энэ сарыг дуустал ажиллах бодолтой байна. Тэгээд Япон Улс руу сурахаар явах байх. Эсвэл Увс аймагт очиж ажиллаж ч магадгүй. Одоо Хөвсгөлийн эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээнд санаа зовохоо больсон. Хавдрын мэс заслын эхлэл тавигдсан. Миний зорилго бол хавдрын мэс заслыг олон аймагт хийдэг болгох. Ажиллахаар судалсан газрууд бий. Гэхдээ энэ талаар одоо ярихад эрт байна. Хэд хэдэн аймагт хавдрын тусламж, үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөсөн.
Бэлтгэсэн Ч.Болортуяа