1. “Эвт” ХХК, “One Life” авто, мото клубийн тамирчин, спортын мастер Д.Мөнх-Оргил 74 дугаартай уралддаг. Түүнийг уралдааны талбарт ур чадвар, овсгоо самбаагаа харуулж олныг огшоодог болсноос хойш авто спортын хорхойтнууд аварга болох ирээдүйтэй тамирчдын тааварт байнга оруулсаар ирсэн. УАЗ-тай нөхөрлөж, тоос өргөсөн цагаас нь хөгжөөн дэмжигчид хэзээ түрүү авах бол хэмээн битүүхэн харж, хүлээдэг болжээ. Тэрбээр эрчүүдийн эр зориг, ухаан, тэвчээрийг шалгадаг “Мастер кросс”-т “акулуудтай” ана мана өрсөлддөг. Дархан-Уул аймагт жил бүр зохион байгуулдаг “Чингис мастер кросс”-оос 2015 онд мөнгө, дараа жил нь хүрэл медаль гардсан. Тэгвэл 2019 онд шилдгүүдээс 35 дугаартай Х.Улам-Өрнөх, 50 дугаартай Э.Батнайрамдалыг ардаа орхиж, III байрт шалгарч байв. Үүнээс гадна мотоцикл, суудлын авмомашины ангилалд ч хурд сорьдог. Тухайлбал, 2015 онд ”Ар гүнт”-д зохион байгуулсан мотоциклын тэмцээнд тэргүүлж, өнгөрсөн жилийн аравдугаар сард суудлын автомашины “Speed cup” цуврал тэмцээний эхний гараанд түрүүлсэн. Энэ оны анхны тэмцээн болох “Автохим мастер кросс 2022” уралдаанд V байрт шалгарсан түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-Авто, мото спортод хөл тавьсан болгон тууштай уралдах нь ховор. Харин та уралдаануудад алгасалгүй оролцож байгаа харагддаг. УАЗ, мотоциклтой хэрхэн нөхөрлөсөн талаар өгүүлбэл сонирхолтой түүх сонсох л байх.
-Би уралдаанд өнжихгүй оролцохыг хичээдэг. Хүүхэд насныхаа хүсэл, мөрөөдөлд хөтлөгдөж, тамирчин болох гараагаа авто спортоос эхлүүлсэн. Хөдөө өвөөгийндөө өссөн надад хурдан морь унаж, аавтайгаа хамт анд явах хамгийн сайхан санагддаг байлаа. Нэг өдөр адуунд явж байгаад мөсөн дээрх мотоциклын уралдааныг сонирхож үзсэн юм. Түүнээс хойш уралдах хүсэл төрж, нойр ч хүрдэггүй боллоо. Мото спортоор үеийнхнээсээ хожуу хичээллэсэн. Тэр үед 27 настай байв. Тамирчдын уралдахыг харж зогссоноос дунд нь ороод мөр зэрэгцэж явахад үгээр хэлэмгүй мэдрэмж төрж билээ. Анхны тэмцээн, анхны шагналаасаа урам авч байснаа мартдаггүй. Суудлын автомашины уралдаанд 2005 онд оролцож, шагналын салхиа мөнгөн медалиар хагалсан. Морингийн даваанд болсон “Мастер кросс” уралдаан үзэхдээ хүмүүс огшин догдолж, баярлаж байгааг анзаарсан юм. Өвөө, аав хоёрынхоо УАЗ-аар хөдөө ажил амжуулахаар байсхийгээд явдаг байв. Миний төмөр хөлөгтэй нөхөрлөсөн түүх тэр өдрөөс эхэлсэн дээ.
-74 дугаартай уралдаад багагүй хугацааг үдсэн байна. Танд аз, амжилт, шагналын аль алийг нь авчирчээ.
-УАЗ, суудлын автомашин, мотоциклын уралдаанд 74 дугаартай оролцдог. Намайг анх 83 дугаартай уралддаг байхад найз минь “Чи дугаараа нэг солиод үзээч, өмнөхөөсөө илүү амжилт гаргах ч юм бил үү” гэж зөвлөсөн. Тэр дугаартай уралдаж түрүүлээгүй ч шагналт байрт шалгарсан удаа бий. Миний хувьд 74 дугаарыг бэлгэдэж сонгоогүй. Дөрвийн тоо оролцсон болохоор шууд л сонгосон. Түүнээс хойш солилгүй уралдаж байна.
-“Чингис мастер кросс”-т шилдгүүдтэй өрсөлдөж, аваргын түрүүнээс атгаад алдсан уралдааныг тань хүмүүс ярих дуртай юм билээ.
-Би кросст уралдах дуртай. Олны нүдэн дээр шударга өрсөлддөг болохоор сонирхолтой. Олон тэмцээн дурсамж болж үлдсэн ч тэр уралдаан олныг огшоож, сэтгэлд нь хоногшсон байдаг юм. Дархан-Уул аймагт 2015 онд болсон “Чингис мастер кросс”-т түрүү байрын төлөө шилдгүүдийг ардаа орхиж, цээжинд уралдсандаа баярладаг. Тэр жил 68 дугаартай Ш.Гомбодорж аварга түрүүлж, би мөнгө, 58 дугаартай Э.Пүрэвбаяр хүрэл медаль хүртэж байв. Дараа жил нь сүүлийн тойрогт барианд ороход гурван туг дутуу байхад 35 дугаартай Х.Улам-Өрнөхийг гүйцэж, хүрэл медаль зүүсэн. Хүмүүс өрсөлдөөн дундаас цойлж гарсан, таавар эвдсэн тамирчдад дуртай байдаг. Тэднийг хойшид хэрхэн уралдах бол гэж хардаг. Тэмцээний үед хорхойтнууд тэр түрүүлнэ, энэ шигшээд шалгарна гээд бооцоо хүртэл тавина. Тус кроссыг үзэхээр хол, ойроос олон хүн зорьж ирдэг. Тиймээс замын болон хэв журам сахиулах цагдаа нар бидэнд “Уралдаан үзэхээр олон хүн цугларсан байна. Та нар хянуур, болгоомжтой уралдаарай”, харин үзэгчдэд “Дэг журамтай байгаарай” гэж хэлдэг. Авто спортынхон “Чингис мастер кросс”-т тоос өргөх гэж хүсэн хүлээдэг. Уралдааны зам нь амаргүй, бартаа саад, жалга, ихтэй. Тэр хэрээр тамирчдын ур чадвар, техникээ хэр зэхсэнийг шалгадаг. Эр зоригтнуудын жинхэнэ тулаан энэ уралдаанд л өрнөдөг. Хүмүүсийн хурдан морины уралдаан үзэж буй мэт уухайлан дэмжихийг сонсох бидэнд ч сайхан. Тэр өдөр хэн зориг, ухаан гарган, зөв тооцоолж уралдана, тэр л түрүүлдэг юм. Тиймээс уралдах бүртээ авьяас, мэдрэмж, туршлага гээд өөрт байгаа бүх зүйлээ дайчилж гаргадаг.
-Цээжинд нь уралдах хүсэл төрөөд байгааг өвөө, аав хоёр тань мэдсэн болохоор нэг их хориогүй бололтой.
-Тийм ээ, намайг уралдаж эхлэхэд өвөө, аав хоёр дуртай дэмжсэн. Хүүхэд байхдаа Улиастайн аманд болдог “Батхүлэг” тэмцээнийг аавтайгаа хамт үзсэн юм. Орос тамирчдын уралдахыг хараад тэдэн шиг машинтай болъё гэж бодсон. Хойд хөршийнхний УАЗ манай тамирчдынхаас илүү хурд, хүчтэй байлаа. Техник хөгжсөн оронд мэргэжлийн тамирчид бэлтгэгдсэн байдгийг тэр үед мэдэж билээ. Аавын УАЗ байлдааны загвартай, харин өвөөгийнх супер 469 байсан. Тэднийхээ машиныг өөд, өөдөөс нь харуулчихаад өөрийн уралдах УАЗ-д кроп, мотор гээд сайн гэсэн бүх эд ангийг нь тавьдаг сан. 20 дугаартай, ОУХМ П.Дарханжаргал, ТМ телевизийн Баасансүрэн, 48 дугаартай, ОУХМ Ц.Жаргалсайхан нар сурсан, мэдсэн зүйлээсээ зааж, зөвлөж байлаа. П.Дарханжаргал ахын механикаар ажилладаг залуу УАЗ-ыг маань засаж, уралдахад бэлэн болгож байв. Тэдний тусалж, дэмжсэний хүчинд амжилт гаргасан гэж боддог.
-Таныг өмнө нь мотоциклын уралдаанаар тамирчны гараагаа эхлүүлсэн гэж боддог байлаа.
-Би багадаа унадаг дугуйнаас унаж бэртсэн юм. Мотоциклоор уралдахад манайхан тийм ч дуртай байдаггүй. Би “Седан” суудлын автомашинаар уралдааныхаа гарааг эхлүүлсэн. УАЗ-аар уралдсаныхаа дараа мото спортоор хичээллэсэн юм. Аль аль нь эрсдэл ихтэй, эр зориг шаарддаг болохоор ээж минь санаа зовдог. Гэрийнхэн минь түрүүлээрэй гэхээс илүү “Болгоомжтой уралдаарай” гэж захидаг. Монголд авто спорт өндөр өртөгтэй. Техникээ зэхэхээс гадна санхүү, эдийн засгийн боломжтой байж уралдана. Тамирчин болоод удаагүй байхдаа тэмцээний тов ойртох тусам догдолж хүлээдэг байлаа. Нойр, хоолоо мартаад зөвхөн түрүүлэх тухай боддог байсан тэр үеэ бодвол одоо тайван, тооцоолж уралддаг болсон.
-Тэмцээнд ганц удаа уралдаад түрүүлдэг тамирчин байхгүй. Амжилт гаргахын тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө багагүй зориулдаг байх.
-Авто, мото спортод хөл тавьсан бол гарна гэж хэзээ ч байдаггүй юм. Би ч гэсэн дуртай болохоор уралдахаас татгалздаггүй. Монголд хоббигоо ажил, амьдралаа болгосон тамирчин олон бий. Миний хувьд жил бүр зохион байгуулдаг тэмцээнд хурд сорьдог. Мотоциклоор уралдсаныхаа дараа нь УАЗ, суудлын автомашин гэх зэргээр тэмцээнээс тэмцээнд оролцоход цаг хугацаа хурдан өнгөрдөг. Сүүлийн үед эхнэр “Чи одоо хөгширч байж, мотоциклоор уралдахаа болиоч” гэх болсон. Нас харгалздаггүй спорт болохоор зодог тайлах гэж яарахгүй. Тиймээс ойрын хэдэн жилд уралдана.
-Та хэт бартаат замын уралдаанд түрүүлсэн санагдах юм.
-Тийм ээ, түрүүлж алтан медаль хүртсэн. Авто спортынхноос олон төрөлд уралддаг цөөн тамирчны нэг нь би. 2016 онд болсон “Зэрлэг 4х4” хэт бартаат замын 70 км-ын уралдаанд 70 гаруй тамирчин оролцоход “Уаз” клубийн нэг гишүүнтэй хамт уралдсан юм. Шавар, шалбааг, бартаа, дэрс ихтэй замаар уралдах хэцүү байлаа. Гараанаас түрүүлж гарсан бидний араас бусад нь таван минутын зайтай хөдөлсөн. Уралдах замдаа шаварт сууж, Уазаа гаргах гэж их ч ядрав. Хамт оролцсон нөхөр араас нэхсэн “Ландкрузер”-тэй тамирчны гүйцэж ирэхэд сандарч, сүүлдээ бухимдлаа. Тэгэхээр нь зургаа гаргаж хараад “Залуу минь тайвшир. Бид түрүүлнэ. Одоо бүр ч хэцүү зам руу орно. Цаадах чинь баруун эргээд л шаварт сууна” гэхэд нэг л итгэхгүй байлаа. Бид араас нь хөдлөхөд яг миний хэлснээр шаварт суучихсан байв.
-Хөвгүүд тань таны уралдахыг харж өслөө. Мотоциклоор уралдаж эхэлсэн биз?
-Хоёр хүү мотоциклоор уралддаг. Том нь 12 настай Хонда 150, бага нь есөн настай, KTM 65 сс ангилалд хурд сорьж байгаа. Бага хүү өсвөрийн тамирчдын уралдаанаас мөнгөн медаль хүртсэн. Хөвгүүд минь уралдаанд хүсэл, сонирхлоороо оролцож, өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулж л байна. Тамирчин хүн гэр бүлийнхээ дэмжлэгтэй амжилт гаргадаг. Эхнэр минь хөвгүүдээ уралдахыг дэмжиж, ар талын бүх ажлыг найдвартай хариуцдаг. Гэрийн ажлын хажуугаар тэмцээнээс өмнө миний, хөвгүүдийн уралдааны хувцсыг бэлдэхээс авхуулаад бүх зүйлийг амжуулдаг юм.
-Ажлынхаа хажуугаар техникээ бэлдэх, бэлтгэл хийх цаг зав хэр гаргадаг вэ?
-Ажлынхаа зав чөлөөгөөр техникээ зэхэж, бэлддэг. Ажил их үед бэлтгэл хийлгүй уралдахад амьсгаа давхцаад, бие буларч хөндүүрлэнэ. Тамирчид тэмцээнд бэртэх тохиолдол бишгүй гардаг. Гэмтэл авсан үед хурдан эдгээсэй, дахиад уралдах сан гэж боддог. Тэмцээнд оролцохгүй өнжихөөр нэг л онцгүй мэдрэмж төрдөг.
-Хурдан морины дэл дээр өссөн залууд морь уяж, наадамд сойх бодол төрдөг үү?
-Улсын их баяр наадмаар хурдан морины уралдаан үзэх дуртай. Уяач найзуудынхаа сойсон хүлгүүдийг хэрхэн давхих бол гэж сонирхож хардаг. Өвөөдөө хэдэн жилийн өмнө “Би 45 нас хүрээд адуу, малтай ойрхон байя. Наадмаар хурдан морь уяж, уралдуулдаг болно” гэхэд “Миний хүү морио УАЗ, мотоциклоор сольчихсон шүү дээ. Дахиж зардал гаргах хэрэггүй. Цаг, заваа төмөр хөлөгтөө л зориул” гэж билээ.
-Сар шинийн баяр хуучраагүй байна. Авто спортын ахмадуудтайгаа золгов уу?
-УАЗ ангилалд уралддаг ахмад тамирчдадаа жил бүр мэндчилгээ дэвшүүлдэг. Ахмадуудаас ОУХМ Х.Ганхүү ах намайг анх уралдахад “Шинэ тамирчдаас хамгийн залуу нь чи. Сайн тамирчин болоорой” гээд үнссэн. Мөн Айдасын даваанд болсон уралдаанаас мөнгөн медаль хүртэхэд Гавьяат тамирчин Болдбаатарын аав Д.Дамдинхорлоо гуай хүүгийнхээ өрсөлдөгч гэж бодохгүйгээр намайг хүндэлж “Хүү минь, чи сайн уралдлаа. Баяр хүргэе” гээд урам хайрлаж байлаа.
-Авто, мото спортоор сонирхож хичээллэдэг залуус их болжээ. Туршлагатай тамирчны хувьд тэднийг амжилтад хөтлөх ямар зөвлөгөө өгөх вэ?
-Уралдахаар зорьж байгаа бол техникээ эхлээд зэх, дараа нь бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, хөрөнгө төсвөө бүрдүүлээрэй. Тамирчид уралдаж байхдаа хүртэл техниктэйгээ ярилцдаг юм шүү дээ. Би тэмцээний дараа автомашиныхаа эд ангийг шалгадаг. Угааж цэвэрлээд эвдрэл, гэмтэл байвал засаж, сэлбэнэ. Уралдаанд хэдэн удаа оролцоод санхүүгийн боломжгүйгээс болж орхидог залуус олон. Тиймээс цаашид уралдах, эсэхээ сайн тооцоолж, төлөвлөх хэрэгтэй. Амжилт амархан ирдэггүй. Уралдаанд эрсдэл, эвдрэлийг түрүүлж бодоод байвал амжилт хэзээ ч гаргахгүй. Хэдийгээр эр зоригийн спорт ч гэлээ авьяас байхгүй бол уралдахгүй. Автомашинаа сайн мэддэг, туган дээр цэвэрхэн эргэдэг, уралдааны замд эрсдэл гаргадаггүй, хэн нэгэнтэй мөргөлдөж, техникээ эвддэггүй гээд аваргуудаас залууст суралцах зүйл их бий.
Бэлтгэсэн Г.Батцэцэг