Цар тахлаас үүдэлтэй хямралын шуурганд хамгийн их өртөж, эрдэм шинжилгээний санхүүжилт байтугай үйл ажиллагааны зардлаа хүртэл тануулсан шинжлэх ухааны салбарынхны хувьд сүүлийн хоёр жил хүнд сорилт болсон. Төсвөөс санхүүжилттэй олон төсөл, хөтөлбөр царцаж, зарим хүрээлэнгийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн юм. Тэр хэрээр энэ салбараас төвлөрүүлэх орлогын хэмжээ эрс багасаж, судалгаа шинжилгээний бүтээлүүдийн эргэлт саатсан. Товчхондоо, тус салбар сүүлийн жилүүдэд хүндхэн нөхцөл байдалтай буй. Гэсэн ч зарим эрдэмтэн, судлаач салбарынхаа нүүрийг тахалж, Монголын шинжлэх ухааны нэр хүндийг өндөрт өргөсөөр байна. Тэдний нэг нь МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн зөвлөх профессор, антропологич Д.Түмэн. Түүний хийсэн “Зүүн Азийн хүн амын угсаа гарвалийн түүхийг геномын судалгаагаар тодруулах нь” бүтээл өнгөрсөн онд “Nature” сэтгүүлд хэвлэгдэж, цахим дахь хайлт, эшлэл авсан үзүүлэлтээр Монголын хамгийн эрэлттэй өгүүллээр шалгаран, МУИС-ийн “Шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ээр тодорсон юм. Эл судалгааны ажлынх нь талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Зүүн Азийн хүн амын угсаа гарвалийн түүхийг мөшгөсөн энэ судалгааны гол онцлог, ач холбогдол юу байв?
-Хуучин, шинэ чулуун зэвсэг, хүрэл, төмрийн эхэн үе, Хүннүгийн болон дундад зууны түрүү үе, Монголын эзэнт гүрний үеийн хүн ам, нүүдэлчдээс өнөө цагийнханд өвлүүлэн үлдээсэн олон төрлийн өв соёл, археологийн дурсгал манай оронд бий. Эдгээр түүхэн үед холбогдох, археологийн малтлага, судалгаагаар илрүүлсэн хүний ясны олдворыг антропологийн олон чиглэлээр (дүр төрх тодорхойлох гавлын хэмжил зүйн, гений санг судлах молекул антропологийн гэх мэт) бүс нутаг, тивийн хүрээнд харьцуулан шинжилснээр уг соёлыг бүтээгчдийн нүүдэл суудал, соёлын харилцаа холбоо, угсаа гарваль зэрэг түүхэн олон талт асуудлыг магадлалын нарийвчилсан түвшинд шийдвэрлэх эх сурвалжийн нэг болдог.
Эд судалгааг Монгол, Америк, Герман, Хятад, Орос, Казахстан зэрэг орны судлаачдын оролцоо, тусламжтайгаар хийсэн. Бид нийтийн тооллын өмнөх 6000 гаруй жилийн тэртээх Зүүн Ази болон Евразийн тал нутаг дахь шинэ чулуун зэвсгийн үеийн түүвэрлэгч-анчид, нүүдэлчид, хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн мал аж ахуйт нүүдэлчдэд холбогдох 160 гаруй олдвор, орчин үеийн 46 угсаатанд молекул антропологийн буюу геномын ДНХ-ийн судалгаа хийсэн бөгөөд АНУ, ХБНГУ дахь тус чиглэлийн лабораториудтай хамтран ажилласан. Үүний үр дүнд тухайн бүс нутаг дахь эртний хүмүүсийн соёлын харилцаа холбоо, аж байдал, нүүдэлчид болон орчин үеийн хүн ам, угсаатнуудын гарал үүсэл зэрэг түүх, соёлын олон асуудлыг тодорхой болгож, энэ талаарх эрдэм шинжилгээний өгүүллээ “Genomic insight into the formation of human populations in East Asia”нэртэйгээр олон нийтэд хүргээд байна.
-Судалгааны явцад тодорхой болсон, баталсан гол үр дүнгээс танилцуулна уу?
-Холоценийн эрин буюу одоогоос 10 000 жилийн тэртээх үеэс Евразийн тал нутагт дорноос өрнө руу, өрнөөс дорно руу чиглэсэн нийгмийн шилжилт хөдөлгөөн (миграци) эрчимжсэн. Шинэ чулуун зэвсгийн хожуу үе, хүрэл, төмрийн эхэн үе, түүний дараа дараагийн түүхэн үеүд дэх соёлын харилцаа нь тухайн цагийнхаа хүн амын нүүдэл, шилжилт хөдөлгөөнтэй салшгүй холбоотойг манай орны болон Зүүн Азийн археологи, соёлын антропологийн олдворууд, орчин үеийн хүн амд хийсэн ДНХ-ийн судалгааны үр дүн нотолсон. Тухайлбал, нийтийн тооллын өмнөх 6000 гаруй жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийн үед Монгол орны зүүн бүс Дорнод аймаг, ОХУ-ын Амар мөрний сав нутгаар амьдарч байсан хүн ам өнөөгийн алтай хэлний бүлгийн монгол, түнгүс хэлтэн угсаатнуудын ерөнхий өвөг угсаа гарвалийн холбоотой болох нь геномын судалгааны үр дүнгээр баталгаажсан. Энэ бол манай судалгааны гол дүгнэлт.
-Ер нь энэ сэдвийг онцгойлон “барьж авч”, лавшруулан судлахад юу нөлөөлөв?
-Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх нь үе үеийн антропологичдын судалгааны зангилаа асуудлын нэг байсаар ирсэн. Учир нь улс орон, бүс нутаг бүр нэн эртний үеэс эхлээд түүхийн бүх цаг хугацаанд хамаарах соёлын олон төрлийн өв дурсгалыг тээж, хадгалж байдаг. Харин энэхүү түүхэн, үнэ цэнтэй соёлыг бүтээгч хүн амын дүр төрх, биеийн бүтэц, онцлог, эрүүл мэндийн байдал, хүнсний хэрэглээ, генетик бүтцийн мэдээлэл нь тухайн бүс нутагт амьдарч байсан эртний хүмүүс болон орчин цагийн хүн ам, угсаатнуудын гарал үүслийн түүхийн судалгаанд үнэтэй эх сурвалж болдог. Энэ үүднээс сүүлийн жилүүдэд Умард, Төв, Зүүн өмнөд Ази, Америкийн уугуул хүн ам, тэдгээрийн соёл иргэншил, гарал үүсэл, удам угсаа, миграци, хүн ам зүй зэргийг онцгойлон судалж, түүхэн асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулахыг хичээж ирлээ.
Монгол Улс археологи, соёлын бүсчлэлээр Зүүн Ази, Евразийн тал нутгийн зүүн бүсэд хамаардаг. Манай орны түүхэн бүх үеийн археологи, соёлын дурсгалууд Зүүн Ази болон Евразийн хил зэргэлдээх нутгаас олдсон байдгаараа онцлог. Тухайлбал, манай орны баруун бүсээс олдсон, хүрэл, төмрийн эхэн үеийн афанасьев, чемурчек (олдсон газрынх нь нэрээр нэрлэсэн булшны төрлүүд), сагил-чандмань, хиргисүүр, буган хөшөө зэрэг археологийн дурсгалууд Өмнөд Сибирь, Алтай, Тува, Казахстан, Шинжаанд мөн байдаг. Харин Төв ба Дорнод Монголын хүрлийн үеийн дөрвөлжин булш, улаан зуух хэлбэрийн дурсгалууд Өвөр Байгалын хязгаар, Амар мөрний эх, Өвөр Монголын нутагт бий.
-Зүүн Азийн хүн амын угсаа гарвалийн түүхийг геномын судалгаагаар тодруулахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
-Шинжлэх ухааны хосолмол цогц судалгаа гэдэг утгаараа нэлээд цаг зарцуулсан. Сүүлийн таван жил орчмын хугацаанд үүнд төвлөрлөө.
-Цахим хайлт, эшлэл авсан тоо зэргээр таны өгүүлэл нэлээд өндөр үзүүлэлттэйд тооцогдож буй юм билээ. Ер нь хэчнээн судлаач, эрдэмтэн таны бүтээлийг эх сурвалж болгон ашигласан бол?
-Шинжлэх ухаан, технологийн сангийн мэдээлэл, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтээр Монголын хамгийн өндөр альтметрик оноо (шинжлэх ухааны бүтээлийг хэр олон хүнд хүрсэн, хэчнээн эрдэмтэн, судлаач ашигласнаар нь дүгнэдэг үзүүлэлт)-той өгүүлэлд тооцогдож байсан. Үзүүлэлтийн оноо нь тэр үед 17000-д хүрсэн. Одоо нэлээд өссөн болов уу.
-Та гадаад, дотоодын олон судлаачтай хамтран судалгаа шинжилгээ хийсэн. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд өгүүллээ нийтлүүлж, мэргэжил нэгтнүүдийнхээ “хорхойг хүргэсэн” анхны тохиолдол нь энэ биш байх?
-М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг антропологич мэргэжлээр төгсөж, эрдэм шинжилгээний болон дээд боловсролын байгууллагад ажилласнаас хойших хугацаанд 140-өөд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, түүнийгээ гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Харин сүүлийн таван жил гаруйн хугацаанд гадаадын судлаачидтай хамтран хийсэн антропологи, молекул антропологийн судалгааныхаа үр дүнг 2021, 2022 онд “Frontiers in genetics” “Na¬ture”,“Cell”, “Journal of archaeological science”. зэрэг нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлж, олны хүртээл болгоод байна.
-Антропологич хүнтэй уулзсаных нэг зүйлийг асуумгүй өнгөрч боломгүй санагдлаа. Монголчууд сүүлийн үед цус ойртолтын асуудлыг нэлээд хөндөх боллоо. Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн л гэнэ. Цус ойртоогүй аймаг, сум үлдээгүй гэх. Энэ бүхэн үнэний ортой болов уу?
-Монголд цус ойртолт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн гэдэгтэй санал нийлдэггүй. Энэ асуудал 1980-аад оны сүүлчээс л яригдаж эхэлсэн. Одоо ч ярьсаар байна. Манай орны хүн амын тоо хурдацтай өсөж байгаа шүү дээ. Ер нь хүний эрүүл мэнд гадаад, дотоод орчны олон хүчин зүйлээс хамаардаг гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тогтоолын төслийг УИХ сар гаруйн өмнө баталсан. Үүнийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд “Монголд хүн судлалын салбар орхигдсон, сэргээн хөгжүүлэх шаардлагатай” гэсэн нийтлэг асуудал хөндөж байв. Зарим нь энэ салбарыг бодлогоор зангиддаг алба, нэгж байгуулах нь чухал гэсэн санал хүртэл дэвшүүлсэн. Та эдгээртэй санал нийлэх үү. Ер нь ийм тогтоолын төсөл батлах цаг нь болсон уу?
-Хүн амын эрүүл мэндийн асуудалд л анхаарах цаг нь болсон байлтай. Удмын сангийн аюулгүй байдал гэхээр нэг л бууж өгөхгүй, тохиромжгүй санагдаад байгаа юм.