Коронавирусээр өвчилсөн иргэд цус өтгөрөх, бүлэгнэл үүсэх тохиолдол гарч байгаа тул дараах зөвлөгөөг Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Д.Булган хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Цусны бүлэн үүсэх гэдэг нь бүх эрхтэн тогтолцооны нарын хялгасан судаснууд бүлэнгээр бөглөрөх үзэгдэл юм. Цусны урсгал өөрчлөгдөж судсан дахь цусны урсгалын зогсонгишил, судасны хананд гэмтэл үүсэх, цусны зуурамтгай чанар ихсэх, бүлэгнэлтийн хүчин зүйлүүд идэвхижих зэрэг эмгэгийг үүнд хамруулдаг байна.
Цусанд бүлэн үүссэнээс цээж орчмоор өвдөх, өмнө нь байгаагүй толгой эргэх, ухаан алдах, толгой эргэх, цээж хэвлийгээр байнга өвдөх, халуурах ханиалгах зовиур улам ихсэх, хамар амнаас цус гараад тогтохгүй байх, биеэр том жижиг хөхрөлтүүд гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.
Коронавирусээр өвчилсөн үед цусны бүлэн үүсэх хүн бүр цусаа шингэлэх шаардлагагүй бөгөөд маш хүнд өвдсөн, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэн өвчтөнүүд шингэлүүлдэг. Мөн чихрийн шижин, даралт гэх мэт шингэлэх заалтгүй эмнэлзүйтэй буюу хавсарсан эмгэгтэй хүмүүс шингэлэх эм ууж болох юм байна.
Коронавирус туссаны дараа бусад эрхтнүүдэд дараах шинж тэмдэг илрэх магадлалтай
- Хараа муудах
- Шээсний гарц багасах
- Арьсны туураллт, хөхрөлт
- Мартамхай болох толгой өвдөх, сэтгэл гутрах нойргүйдэл
- Цээжээр хатгуулж өвдөх, зүрхний хэм алдагдах, ухаан санаа балартах, даралт ихсэх
- Хураагуур, тараагуур судасны бөглөрөл үүсэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Цус шингэлэх эмийг хүнд болон маш хүнд коронавирусийн халдвараар өвдсөн хүн эмчийн заавраар, хяналтад дор антикоагулянт, ксарелто, варфарин эмийг үргэлжлүүлэн уух, архаг хууч өвчтэй, эрсдэлт бүлгийн хүмүүс үндсэн өвчний заалтаар өмнө нь ууж байсан антиагрегант, аспирин, клопидогрел эмийг уух, тамхи татахгүй, архи уухгүй, амьсгалын дасгал хийхийг зөвлөж байна.