Орчин үед залуус үүргэвчээ үүрээд хүссэн улс орон руугаа аялдаг болсон. Монгол залуус ч тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж буй. Үүргэвч үүрээд цор ганцаар дэлхийгээр хэрэн хэснэ гэдэг аюултай биш гэж үү. Эсвэл “амттай” ч байж болох юм. Та өөрөө өөртөө эзэн болж, бүх хариуцлагаа нуруундаа үүрээд гагцхүү урдах замаа харан алхаж чадах уу. Ийм нэг зочныг “Unuudur.mn” ярилцахаар урилаа. Түүнийг Т.Оюунсүрэн гэдэг. Тэрбээр бас ногоон хоолтон. Хорвоотой танилцсан аяллын туршлагаа хуваалцсанаас гадна ногоон хоол эрүүл мэндэд ямар ач тустай талаарх бяцхан зөвлөгөө өгсөн билээ.
-Хамгийн анх хэдийд хилийн дээс алхаж байв?
-Хамгийн анх ээжийгээ дагаж найм, естэйдээ БНХАУ-ын Эрээн хотод очиж байлаа. Тэндээс ээж ролик бас бус зүйлс авч өгсөн. Багаасаа их эршүүд хөдөлгөөнтэй хэрийн юм тоодоггүй байсан ч тухайн үедээ их баярлаж, хөөрч, аз жаргалын мэдрэмж авч байсан. Одоо бодоход тухайн үед Эрээн их бохир, хөгжил маш муу, тосгон маягтай, хаа сайгүй угаадас цацсан газар байжээ. Гэхдээ ээжийгээ бараанд явах бүрт нь дагах дуртай байсан. Дараа нь II курстээ Бээжинд очсон. Унтлагын автобусанд сууж, хурдны замаар явсан юм. Үүрээр сэрээд автобуснаас бууж, Бээжингийн барилга, зам, гүүрийг нь хараад соёлын шоконд орж байлаа. Гэхдээ тухайн үед хэл усыг нь мэдэхгүй учир, тийм ч таатай санагдаагүй ганц, хоёр хоноод буцсан.
-Ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-“Улаанбаатар” дээд сургуулийн аялал жуулчлалын ангийг 2010 онд дүүргэсэн. Төгсөөд аяллын компанид нэг хэсэг ажилласан. Ажиллах хугацаандаа дахиж сурах хэрэгтэй гэж үзээд 2012 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод Өвөрмонголын их сургуульд элсэж, аялал жуулчлалын чиглэлээр сурч, мастер хамгаалсан.
-Таны цахим хаягийг харж байхад сүүлийн хэдэн жил гаднын улсуудаар аялах шиг боллоо. Яагаад аялах болсон түүхээ хуваалцаач?
-2012 онд Хөх хотод сурахаар ирэхдээ би үе мөчний хэрх өвчтэйгээ мэдсэн. Анхны жил өвлийн амралтаараа Монгол руугаа буцаагүй. Дотуур байрандаа хичээлээ давтаад үлдсэн. Гэтэл гэнэт үе мөч өвдөж, сэтгэлзүйд маш хүчтэйгээр нөлөөлсөн. Ингээд л хар залуугаараа үхэх нь, тахир дутуу болчихвол яана аа гэсэн айдас намайг нөмөрсөн. Өөрөө л айдсаа даван туулахаас өөр арга байсангүй. Амьдралын талаар эргэцүүлэн бодож, олон шөнө өвчиндөө шаналсны эцэст өөрийн хамгийн дуртай, мөн намайг маш ихээр өөрчилсөн, сайхан түүх бүтээсэн аяллаа эхлүүлэх гэнэтийн шийдвэр гаргаж байлаа. Шууд үүргэвчээ үүрч, Хятадын аяллын компани дээр очиж, Шанхай, Нан жинг, Сү жөү хотуудын аялалд гарсан. Очсон газар бүртээ Хятад асар хурдацтай хөгжиж байгааг харсан. Дахиад л соёлын шоконд орсон. Хөгжилтэй нь, аяллын группийн 17 гишүүн бүгд хятад хүн байв. Хөх хотоос тал нь, бусад хүн нь Хятадын урд хотуудаас нэгдсэн. Шанхайд баг бүрдээд цаашаа аялсан. Хятад хэлийг хэдхэн сар жил хагас дутуу хэл сурсан болохоороо өөрийнхөө хэмжээнд ойлголцоод л явсан. Аялах явцад Хятадын хойд болон өмнөд нутгийн хүмүүс маш ялгаатайг анзаарсан. Аялагчид хоорондоо туршлага солилцож, нэг нэгэндээ мэддэгээ хэлж өгсөн байв. Зарим хүн нутгийн аялгаар ярьдгаас үүдэн аялагч хөтөч хоорондоо ойлголцохгүй байгааг хараад өвчнөө мартаад тухайн улсын хэл, соёлыг судлах хүсэл илүү их төрсөн.
-Сурч байхдаа Монгол руугаа хэр олон очсон бэ?
-Нутаг бараг буцдаггүй байсан. Шанхайн аяллаас эргэж ирээд нутаг буцаагүй, бие дааж хятад хэлээ давтаж, мөн эрүүл хооллолтын талаар судлахаар шийдсэн. Өглөө нь хичээлдээ явж, өдөр нь эмнэлэгт очдог байлаа. Нэг жил эмчилгээ хийлгэсэн. Бүх зүйл дээр хэлний бэрхшээл гарсан учир хэд дахин хичээнгүйлэн сурсан. Улмаар амралт болгоноороо Хятад аяллын компаниар дамжуулан очоогүй муж, хотоор аялж, цаашлаад бусад улс руу явах болсон. Нэг мэдсэн хоёр жил өнгөрч, өвчнөө даван туулаад, маш олон хятад найз охинтой болчихсон байлаа. Амралтаараа найзуудынхаа гэрт нь очиж, ахуй соёлтой нь танилцаж, хятад хэлнийхээ түвшнийг ахиулсан. Аялах тусам мэдэхгүйгээ сурч, дахиад илүүг сурах хүсэл минь буцалж байсан.
-Аялах зардлаа хэрхэн олдог байсан бэ?
-БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Хөх хотод суралцах завшаан тохиосон юм. Оюутан байхдаа сарын 3000 юанийн тэтгэлгээ хуримтлуулдаг байсан. Мөн зоогийн газарт зөөгч, бэлтгэгч гээд цагийн ажил их хийнэ. Сар бүрийн тэтгэлгийн мөнгөө хадгалж, аялалдаа зориулна. Харин зоогийн газарт ажиллаж олсон орлогоо сарын хэрэглээндээ зарцуулдаг байв. Сургууль төгссөний дараа улс орнуудаар аялж, хөтөч, орчуулагч, гэрийн багш, үл хөдлөхийн зуучлагч, үйлчилгээний газрын менежер зэрэг төрөл бүрийн ажил хийсэн. Гэтэл цар тахал дэгдээд уржнан Камбож улсад гацчихсан. Гэхдээ маш их адал явдал туулж даван гарсан. Заримдаа хөгжилтэй, заримдаа тийм ч амар байгаагүй. Ковид туслаа, эдгэлээ. Тасралтгүй ажиллалаа. Тийм хэдий ч аяллаас асар их зүйлийг сурсан.
-Эрүүл хооллолтын талаар бие даан судалсан гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийнхээ төлөө 90 хувийн ногоон хоолтон болохоор шийдэж, хичээлийнхээ хажуугаар дөрвөн жил тасралтгүй судалсан. Одоо ч зав гарвал эрүүл хооллолтын талаар мэдэхгүй зүйлээ судалдаг. Манай улсын иргэд нийтээрээ маш буруу хооллодог юм болов уу гэсэн бодол төрдөг. Яагаад гэвэл мах, махан бүтээгдэхүүн хүний өдрийн хэрэгцээт амин дэм уургийн 25 хувийг л эзлэх ёстой. Гэтэл манай олонх иргэдийн хувьд махыг илт хэтрүүлж хэрэглэдэг. Үүнээс улбаалаад бүгд өөх тосны илүүдэлтэй, зүрх судасны асуудалтай болсныг эмч нар ч хэлдэг. Мөн цагаан гурилыг хэтрүүлж хэрэглэдэг. Хүн өдрийн хоолны балансаа сайн хуваарилж өдөрт биедээ шаардлагатай бүх амин дэмүүдээ авч чадвал их эрч хүчтэй болно. Ядрах мэдрэмж хэр баргийн төрдөггүй. Амаараа юу оруулна тийм зүйлийг биед чинь авчирна гэх үг бий. Үүнтэй хувьдаа санал нийлдэг. Олон улсын судалгаагаар ч нотлогдсон. Хятад хүмүүс аливаа өвчнийг эмээр бус, хоолоор эдгээхийг илүүд үздэг юм билээ. Хятад хүмүүсээс сурсан хамгийн том соёл нь эрүүл хооллолт гэж боддог.
-Хятадын бүх хотуудад очсон уу. Өөр бас ямар ямар улсад аялсан бэ?
-Одоогийн байдлаар Хятадын Бээжин, Шанхай, Хонконг, Макао гээд 20 гаруй хотоор аялсан. Мөн Малайзын хэд хэдэн хот, Сингапур, Индонез, Тайланд, Камбож, Орос, Солонгос, Турк улсаар аялаад, ажиллаж, амьдраад явж байна. Сингапур улс илүү таалагдсан. Бас Хятадын Шэнь жэнь, Жү хай, Гуан жоү, Макао амьдрахад таатай газар. Учир нь Сингапур, Хятадад хууль маш сайн үйлчилдэг. Тиймээс аюулгүй, тайван аж төрж болно. Цаашлаад дэд бүтэц болон интернэт технологи сайн хөгжсөн нь гадаад жуулчид амар амгалан, цагийг үр дүнтэй өнгөрүүлж болдог гэх зэрэг давуу тал ихтэй. Энэ бүгдийг Монголд бага багаар боловч нэвтрүүлж байгаад баярладаг. Би бас гаднын хөгжлөөс авахыг нь авч, хаяхыг нь хаяж, улс орондоо хувь нэмрээ чадах хэмжээндээ оруулна гэж мөрөөддөг. Ковид цар тахал дууссаны дараа Монголдоо очиж ажиллахаар төлөвлөсөн. Одоогоор Камбож улсад амьдарч байна.
-Аяллынхаа адал явдлаас хуваалцаач?
-Аяллын үед олон адал явдал, сургамж таардаг. Аялагчид гол төлөв зан характер ойролцоо, нээлттэй, шинэ содон зүйлс эрэлхийлэгч байдаг. Тиймээс аяллын явцад нэгнээ олоод найзалж, бие биедээ дэм болоод явдаг. Бүр цаашаа хамтдаа аяллаа үргэлжлүүлэх тохиолдол цөөнгүй гарна. Мартагддагүй аяллын түүх бий бий. Малайз Улс руу явж байхдаа онгоцонд гурван хятад аялагч охидтой нэгдэж, дөрвүүлээ аяллаа үргэлжлүүлсэн. Аяллын гурав дахь хоногт нэмж хоёр эгчтэй найзууд болсон. Ингээд зургуулаа цааш аяллаа үргэлжлүүлсэн нь их сонирхолтой, мартагдашгүй дурсамжууд үлдээсэн. Ер нь аялал бүр шинэ сорилт байдаг. Тэр болгоноос мэдэхгүй олон зүйлсээ сурч, ойлгодог.