Гэрэл зурагчин Г.Мөнх-Од “Байхгүй, байсан, байна” үзэсгэлэнгээ Монголын үндэсний гэрэл зургийн танхимд дэлгэжээ. Хүн бүхэн хэзээ нэгэн цагт байхгүй болдог. Зарим нь байсан гэж яригддаг. Цөөн хэд нь байнга дурсагддаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх цаг хугацааны бүхий л хэмжүүрт нэгэн зэрэг оршиж чаддаг тийм хүмүүс бусдад гэрэл түгээж явдаг гэдгийг харуулах тус үзэсгэлэн 30 шахам бүтээлээс бүрджээ. Г.Мөнх-Од “Үзэсгэлэнгээ П.Жаргалсайхан ахын гэгээнд дурсгалд зориулсан. Тэрбээр “Ардын эрх” сонины байранд харуул хийдэг байлаа. 2016 оноос л тааралдах, дэргэдүүр нь өнгөрөхдөө хааяа нэг зургийг нь авчихдаг байв. Сайхан хүн байсан юм” гэв. “Байхгүй, байсан, байна” үзэсгэлэн Монголын үндэсний гэрэл зургийн танхимд буюу хуучнаар “Ардын эрх” сонины байрны гуравдугаар давхарт энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тайшир