Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Б.Должинзуу үеийнхнээсээ цахиур хагалж, амжилт гаргаж яваа. Тэрбээр 2013-2015 онд Монгол туургатан олон улсын хүүхдийн тэмцээнээс тус бүр хошой алт, мөнгөн медаль хүртэж байв. 2009-2015 онд өсвөр үеийнхний УАШТ-д аваргаар шалгарч, 2017 онд БНХАУ-ын Вүши хотод болсон Азийн АШТ-д шилдэг 62, 2019 онд Индонезийн Жазартад зохион байгуулахад нь шигшээд шалгаран 32-т үлдсэн юм. Тэр жил Улаанбаатар хотын АШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, 2020 онд мөн л цойлж түрүүг нь авсан. УАШТ-ий багийн төрөлд алт, ганцаарчилсанд хүрэл медаль хүртсэн түүнтэй ярилцлаа.
-Ширээний теннисний дээд лигийн тэмцээн эхэлчихлээ. Тамирчдын тоглолтоос сонирхолтой агшнууд олж хардаг болохоор хүмүүс ч үзэх дуртай байх юм билээ.
-Би дээд лигийн тэмцээнд 2015 оноос оролцож эхэлсэн. Тоглолт хоёр сар үргэлжилдэг болохоор тамирчдад өөрийгөө дүгнэх боломж олгодог юм. Миний хувьд бэлтгэл удаан хийхээр тэмцээнд хэрхэн тоглох бол гэсэн эргэлзээ хааяа төрдөг. Долоо хоног бүр өрсөлдөхөөр ур чадварын түвшин нь ч ахина. Лигийн тэмцээнд найман баг тойргоор тоглож, тунасан нь медалийн төлөө өрсөлдөнө. Нэгдүгээрт шалгарсан нь IV байр эзэлсэнтэйгээ хоёр удаа тог лож, хожвол түрүүлнэ. Харин аль аль нь тэнцсэн тохиолдолд дахин тоглоно. Би өмнө нь тус тоглолтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, холимог хосын төрөлд түрүүлж байлаа.
-Та өмнөд хөршийн теннисний сургуульд сурч, шигшээ багийнхантай нь бэлтгэл хийж байгаад ирсэн гэл үү?
-Тийм ээ, аавыгаа ширээний теннис тоглохыг багадаа зүгээр л сонирхож хардаг байв. Долоон настайдаа БНХАУ-ын Тяньжинь хотыг зорьж, найман жил сурахдаа ширээний теннисээр хичээллэсэн юм. Тэнд ширээний теннисний тэмцээн байнга болдог тул нэг удаа оролцож түрүүллээ. Тэр үед Монголоос ирсэн хүүхдүүдээс хоёрыг нь тус хотын шигшээ багт авахад би багтсан юм. Шигшээ багийнхантай нэг жил бэлтгэл хийхдээ тамирчны амьдрал ямар байдгийг анх мэдэрсэн. Тэднийг зөвхөн бэлтгэл хийлгэж, томоохон тэмцээнд оролцуулдаг. Долоо хоногийн лхагва гарагт багш нар ирж, ерөнхий эрдмийн хичээл заана. Харин Одхүү бид хоёр дунд сургуулийн сурагч байсан тул өглөө хичээлдээ сууж, өдөр нь бэлтгэл хийдэг байлаа.
-Гадаадад олон жил амьдарсан хүүхдүүд төрөлх хэлээ мартах дөхсөн байдаг. Танаас ийм байдал огтхон ч анзаарагдсангүй.
-Би ч гэсэн багадаа явсан болохоор Хятадаар голдуу ярьж, эх хэлээ бараг мартах дөхсөн. Зуны амралтаар ирэхэд ээж монгол хэлний багшаар хичээл заалгаж, хэл яриаг минь зүгшрүүлдэг байв. Тэр үеийг бодвол одоо хүмүүстэй сайн ойлголцдог болсон. Тэнд сурч байхад хүүхдүүд “Чи хаанаас ирсэн, ямар улсын иргэн бэ” гэж асуухад нь “Монгол” гэж хариулахаар “Өвөрмонгол уу” гэнэ. “Үгүй ээ, ар Монгол” гэхээр ер итгэдэггүй байв.
-Ширээний теннис охидын сонирхдог спортын төрөл. Гэрийнхэн тань хэр ойлгож, дэмжив?
-Энэ спортод хөл тавьсан бол хэзээ ч орхиж чаддаггүй юм билээ. Ямар нэгэн шалтгаанаар хөндийрсөн ч хэсэг хугацааны дараа заавал эргэж ирдэг. Би ч бас тэдний адил сонирхож сонгосон болохоор аав, ээж минь бүх талаар дэмжсэн. Монголд ирсэн үед тэмцээн болбол оролцдог байв. Тэр үед үеийнхэнтэйгээ тоглоход давуулалт, бөмбөгнийх нь эргэлт нь өөр санагддаг сан. Эхэндээ гайхдаг байсан ч одоо хэдийн дасжээ. Намайг өмнөд хөршөөс ирдэг жил БНАСАУ-аас дасгалжуулагч Чой Юн Хо багш Монголын шигшээ багийн тамирчдыг удирдаж, бэлтгэл хийлгэсэн.
-Чой Юн Хо багшийн удирдлагад Монголын шигшээ багийнхан ур чадвараа ахиулж, багийн ДАШТ-д байр урагшилсныг өмнө нь сонсож байлаа.
-Түүний удирдлагад хичээллэсэн эмэгтэй тамирчид багийн ДАШТ-д оролцож, өмнөхөөсөө 15 байраар урагшилж, 53-т жагссан бол эрэгтэйчүүд D хэсэгт түрүүлж, С хэсэгт тоглохдоо мөн л байр ахисан. Чой Юн Хо багшийн арга барил хятад дасгалжуулагчдынхаас өөр тул техникийн тал дээр зөрчилдөх зүйл багагүй гардаг байв. Тэрбээр шаардлага өндөртэй, зарчимч. Шигшээ багийн тамирчин ямар байх ёстойг хатуу, чанга шаардлагад нь бэлтгэл хийхдээ ойлгосон. Ширээний теннисээр амьсгалсан бидэнд тэр үед өөр зүйлд сатаарах зав бараг гараагүй. Унтахдаа хүртэл теннисээ зүүдэлнэ шүү дээ. Бэлтгэлтэй өдрүүдэд багш гар утас хураачихна. Утасны бараа харахгүй уддаг болохоор нийгэмд ямар үйл явдал өрнөж буйг тэр бүр мэдэх боломжгүй. Өмнө нь Хятадад байхдаа сурагчдын дотуур байрт иймэрхүү шаардлагын дагуу амьдарсан тул надад тийм ч хэцүү санагдаагүй. Гэхдээ л шантрах үе гарна. Тэрбээр бидний анхаарлыг зөвхөн бэлтгэлд хандуулсны ач тус гарсан. Тэгж шаргуу хичээллэсний үр дүнд Токиод болсон ДАШТ-д амжилтаа ахиулсан. Ширээний теннисний эрэгтэйчүүдийн баг одоогоор 67, эмэгтэйчүүд 48 дугаар байрт жагсаж байна.
-Бэлтгэл хийлгэх арга барил нь Чой Юн Хо багшийнхаас өөр. Кан Дон Хун дасгалжуулагч залуу, тамирчин хүн байсан болохоор биднийг сайн ойлгоно. Тэрбээр орчин үеийн техникээс зааж, тоглох арга барилд түлхүү анхаардаг. Бид өмнө нь хоцрогдсон техникээр бэлтгэл хийж байснаа мэдсэн. Ширээний теннисний ширээ, бөмбөгний хэмжээ, цохиурын резин наах цавуу өөрчлөгдсөнөөр ойлт, эргүүлэг нь саарч, хүчтэй давуулах боллоо. Манайхан энэ долоо хоногоос фитнест явж, хурд, хүчний бэлтгэл хийж байгаа.
-Катарын Дохад Токиогийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнийг зохион байгуулахад та оролцсон байх аа?
-Миний гол зорилго бол гадаадын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргахыг хүсдэг. Катарын Дохад өнгөрсөн жилийн хавар Зүүн өмнөд Азийн хэсэгт олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдсөн. Үүнээс өмнөх тэмцээнүүдээс ихэнх улсын тамирчин онооны үзүүлэлтээр Токиог зорих эрх авчихсан байв. Зарим улс цар тахлын улмаас тамирчдаа оролцуулаагүй нь бидний хувьд том боломж гарсан. Тус тэмцээнд эхлээд Туркийн теннисчинтэй, дараа нь Б.Болор-Эрдэнэтэй таарсан. Хөл хориотой үед чамлахааргүй бэлтгэл хийсэн ч тэмцээнгүй тул нэг ч тоглолт хийлгүй оролцсон. Туркийн тоглогч насаар ойролцоо ч туршлагатай, алдаа бага гаргадаг тамирчин байв. Түүний давуулсан бөмбөгнийх нь эргүүлэлт маш хүчтэй. Тэмцээнд байнга оролцож байсан тул ур чадвараар илүү санагдсан. Тамирчдад ялах, ялагдах бол байдаг л зүйл. Хамгийн гол нь өрсөлдөгчдийнхөө давуу талаас суралцах нь чухал.
-Тяньжиниэс ирээд шигшээ багт хэрхэн хөл тавьснаа сонирхуулаач.
-Миний тоглохыг Чой Юн Хо багш хараад “Монголд ирээдүйд хэрэгтэй тамирчин байна” гэж хэлээд үндэсний шигшээ багт авсан юм. Тэндээс ирэхэд өөрийн гэсэн багш байгаагүй болохоор алдахдаа алдаж, онохдоо онон, бор зүрхээрээ урагшилсан. Саад бэрхшээлтэй тулгарах тусам их ч зүйл ойлгосон. Ганцаардах үед ээж “Чи битгий халшир. Энэ спортоор нэгэнт хичээллэсэн юм чинь үр дүнг нь заавал харах хэрэгтэй” гэдэг байв. Спортод амжилт гаргахад зориг, зорилго хэрэгтэй. Шантарсандаа нэг бус удаа эргэж буцсан. Үлдэх үү, явах уу гэсэн сонголттой нүүр тулахад теннисээ хаях харамсалтай санагдаж “Зорилгодоо хүрээгүй байж дундаас нь орхих гэж үү, амжилт гаргах гэж энэ спортод хэчнээн цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан билээ” гэж бодсон.
-Амралтаараа ирж, тэмцээнд оролцдог байхдаа аваргуудаас хэнтэй нь анх таарсан бэ?
-Монголд 2015 онд болсон УАШТ-д ОУХМ Б.Батхишиг эгчтэй таарсан. Тэрбээр есөн удаа аваргаар шалгарсан, туршлагатай. Саяхан ширээний тенниснээс зодог тайллаа. Түүнийг тэмцээнд анх удаа хожиж, хүрэл медаль хүртэхдээ өөртөө ч итгээгүй. Хүмүүс баяр хүргэж, урам хайрлахад медаль минь ямар үнэ цэнтэй ирсэн шагнал болохыг ойлгосон. Дараа нь 2017 онд Дархан-Уул аймагт зохион байгуулахад мөн л таарч аваргын төлөө тоглов. Тэр үед догдлохоос илүү сандарч мөнгөн медаль хүртэж байлаа. Тэрбээр хурдтай, дайчин, довтолж тоглодог. Бид энэ удаагийн дээд лигийн тоглолтод дахин таарч магадгүй.
-Дээд лигийн тэмцээний ганцаарчилсан, холимог хосын төрөлд түрүүлсэн санагдах юм.
-Би өмнө нь Орхон аймгийн “Хангарьд” клубийн тамирчин О.Хүслэнтэй холимог хосын төрөлд тоглодог байв. Сүүлийн үед Ж.Мөнхзоригтой гадаад, дотоодын тэмцээнд оролцдог болсон. Миний хувьд 2016 онд дээд лигийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, аваргаар шалгарсан юм. Дараа нь 2018 онд Э.Лхагвасүрэн ахтай холимог хосын төрөлд түрүүлсэн. Харин багаараа УАШТ-д дөрвөн жил дараалан тэргүүлж байна. Миний хувьд шигшээ багийн эмэгтэй тамирчдаас БНХАУ-ын Вүши хотод болсон Азийн АШТ-д шилдэг 64, 2019 онд Индонезийн Жакартад зохион байгуулахад нь шигшээд шалгарч, 32-т багтсан. Тэгвэл эрэгтэйчүүдээс Г.Сэр-Од Катарын Дохад өнгөрсөн намар болсон Азийн АШТ-д шилдэг 32-т анх удаа багтлаа.
-Сүүлийн үед эмэгтэйчүүдээс хэн сонирхолтой тоглолт харуулж байна вэ?
-Бидний залгамж халаа болж, цахиур хагалах хэдэн охин бий. Шигшээ багийн эмэгтэйчүүдээс М.Ундрам тэмцээнд алдаа бага гаргадаг. Тэрбээр сонирхолтой тоглолтууд харуулж, үзэгчдийн анхаарлыг татдаг. Бид нэг бус удаа таарсан болохоор нэгнийхээ тоглох арга барилыг мэднэ. Бид өгөө, аваатай л байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон “Оч” клубийн нэрэмжит тэмцээнд би хожсон ч дараа нь УАШТ-д түүнд хожигдлоо. Бидний хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө өрсөлдсөн. М.Ундрам Б.Болор-Эрдэнэтэй аваргын төлөө тоглож, УАШТ-д анх удаа түрүүллээ.
-Хятадад амьдрахдаа хүмүүсээс нь хамгийн түрүүнд юуг сурав?
-Ард түмнийх нь ёс заншил, соёл, хөдөлмөрч, давуу талаас багагүй суралцсан. Өмнөд хөршийнхөн цаг сайн баримталдаг. Монголд ирээд уулзахаар цаг товлочихоод хоцорч байгаа хүмүүсийг хараад эхэндээ их гайхдаг байлаа. Хятадууд хүүхдүүдээ багаас нь бие даалгадаг. Аливаа зүйлийг эхэлсэн бол цагт нь амжуулдаг. Мөн эх оронч үзлээр үр хүүхдээ хүмүүжүүлж байгааг нь хараад бахархсан. Миний хувьд тэднээс өөртөө хэвшүүлсэн зүйл их бий.
-Шантарсан ч дуртай спортдоо үнэнч үлдсэнээрээ бахархдаг уу?
-Алдаа гаргадаггүй тамирчин ховор. Би ч бас алддаг. Шантрах үедээ “Алдаа болгон муу биш, эмээх хэрэггүй. Алдсаны хэрээр амжилт ирнэ” гэж боддог. Тиймээс бусадтай бус, өөртэйгөө л өрсөлдөхийг хичээдэг. Би айлын ганц охин, эрх өссөн. Өмнөд хөршид хөл тавиад энгийн амьдралаар амьдарсан. Өсвөр насандаа хүний нутагт аав, ээжээсээ хол байх хэцүү. Хятад хүүхдүүдийн зан чанар, хандлага биднийхээс өөр. Нэг хэсэг нь гадуурхахад нөгөө нь найрсгаар хүлээж авдаг. Тэнд амьдарсан он жилүүдэд хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байхад суралцсан. Надад бие даахаас илүү ингэх нь чухал санагддаг байлаа.
-Ээж тань тэмцээн сонирхож үздэг биз?
-Ээж тэмцээн үзэж суухдаа надаас илүү бухимддаг. Сэтгэлээрээ хамт тоглоод, хямрахыг нь харсан болохоор дахиж үзэхийг санал болгохоо больсон. Би үргэлж амжилт гаргана гэж юу байх вэ, хааяа хожигдож, сэтгэлээр унах үе бий. Тийм үед ээж минь түшиг болдог. Ур чадвараа ахиулж, өөрийгөө тэмцээнд бүрэн хя надаг болсон үедээ ээжийгээ үзүүлнэ гэж боддог юм. Тамирчин хүний ар тал байх амаргүй. Спортын талбар дахь ялалт, ялагдлыг нь хамт хуваалцаж, уйлахдаа уйлж, баярлахдаа баярлан урагшилдаг хүмүүс бол гэр бүлийнхэн л байдаг. Аавын минь хамаатан саднаас нэг хүүхэд ширээний теннисээр хичээллэдэг. Өмнө нь төрөл садан гэдгээ мэддэггүй байлаа. Тэрбээр 12 настай, Төв аймгийнх. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд голдуу оролцдог. Аавын минь ах, дүүсийн хүүхдүүдээс тамирчин болсныг хараад би ганцаараа биш юм байна гэх бодол төрсөн шүү.
-Хэзээ нэгэн цагт зодог тайлбал мэргэжлээрээ ажиллах уу?
-“Глобал удирдагч” их сургуулийг олон улсын худалдааны менежмент мэргэжлээр өнгөрсөн жил төгссөн. Миний хувьд нэг хэсэгтээ ширээний теннист анхаарал хандуулна. Оюутан байхдаа бэлтгэл, тэмцээн, хичээлээ аль алийг нь орхигдуулахгүй гэж их хичээсэн. Катарын Дохад болсон Токиогийн олимпын эрх олгох тэмцээнд оролцож ирээд шалгалтдаа бэлдсэн. Өмнө нь “Рояаль” олон улсын их сургуульд сурч байгаад III курсээсээ шилжиж ирсэн болохоор шинэ ангийнхантайгаа танилцаж, тухтай ярилцах зав гараагүй. Цар тахал дэгдсэнээр хичээл цахим хэлбэрт шилжсэн тул бүр ч уулзалдаагүй. Харин өмнөх сургуулийнхаа нөхөдтэй одоо ч холбоотой байдаг.
-Өөрийг тань ширээний теннис хэрхэн өөрчилж, зөв хүмүүжүүлсэн талаар хүүхдүүдэд урам өгч сонирхуулаач.
-Тамирчин хүн дуртай спортдоо эргэж ирэхдээ бүхнийг эхнээс нь сурах шаардлагатай болдог. Ширээний теннис ч ялгаагүй. Энэ спорт мэдрэмж их шаарддаг. Урт хугацаанд тууштай бэлтгэл хийж амжилт гаргана. Аливаа зүйлд шантардаггүй зан зөв төлөвшихөд нөлөөлдөг. Сайн тамирчин байхын тулд хүмүүжилтэй, хувийн сахилга бат, зохион байгуулалттай байх ёстой. Ямар ч үед өрсөлдөгчдөө хүндэлдэг, давуу талаас нь хичээнгүйлэн суралцдаг байгаарай. Спорт хүнийг өөрчилж, олон талаар хөгжүүлдэг юм шүү. Ширээний теннисээр хичээллэх тусам та зөв төлөвшилд суралцана” гэж хэлье.