МҮОНТ-ийн тоймч, сэтгүүлч Т.Эрдэнэчимэгийн хөтөлдөг “Хуулийн засаглал” нэвтрүүлгийн 2022 оны эхний дугаарт УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн ахлагч Ж.Сүхбаатар оролцон, ярилцлага өгчээ. Уг ярилцлагад 2022 онд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд тулгамдаж байгаа асуудал, хүний эрхийг хангах, авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах чиглэлээр эрх барьж буй нам болон хууль тогтоох байгууллагын түвшинд ямар бодлого, зарчим барьж ажиллах талаар хөндсөн юм.
-Оны эхний ярилцлагаа шударга ёс хэрхэн яаж тогтох вэ гэдэг асуултаар эхэлье. Олон жил уриа лоозон шиг явсан асуудал. Өнөөдрийн эрх баригч намын хувьд их хурлаараа энэ асуудлыг тодорхойлсон. 2022 онд яаж ажиллах нь анхаарал татаж байна л даа. Маш олон хуулийн төсөл хүлээгдэж буй. Авлигыг бууруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн эхлээд юу хийх ёстой юм бэ?
-Шударга ёсны хүсэмжлэл, засаглалын асуудалд эрх баригч МАН-ын удирдлага сүүлийн дөрвөн жилийн хугацаанд онцгой анхаарал хандуулсан. МАНАН бүлэглэлтэй тэмцэх, шударга бус хонгил гэж нэрлэгддэг мафи маягийн тогтолцоог задлах, Ерөнхийлөгчийн институт гэх нэг этгээдийн нөлөөн дор сүүлийн 10 гаруй жил явсан тогтолцоог өөрчлөх гэх зэргээр шат дараатай ажил хийж байгаа.
Цөм нь хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, чадвартай үр ашигтай ажиллах төрийн удирдлагын асуудал. Хоёрдугаарт, энэ төрийн удирдлага нь өөрөө хүний эрхийг хамгаалах асуудал. Төрийн удирдлага, хүний эрх хоёрт хамгийн аюултай нь авлига. Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлд дурдсанаар, ерөөсөө ардчилалд, зөвхөн манай намд ч биш, улс оронд, хүний эрхэд аюул занал учруулагч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй явдал, нээлттэй бус байдал. Энэ асуудлыг бид зүгээр ч нэг яриад өнгөрч байгаа юм биш. Одоо бол сонгуулийн үе, жил биш шүү дээ. 2021 онд МАН 30 дугаар их хурлаа хийж, эрх баригч хүчнийхээ хувьд энэ асуудлыг тодорхой хэлж байгаад хийх ажлаа өргөн хүрээнд төлөвлөсөн. Манай нам 270 мянган гишүүнтэй. Нийгэмд энэ зорилтоо тайлбарлаж таниулахаас гадна нам дотроо соёл болгох, үйл ажиллагааны үндсэн зорилт, арга барил болгохын тулд хугацаа хэрэгтэй. Тэгэхээр энэ нам өөрөө өөртэйгөө ажиллаж байна гэсэн үг.
Эрх баригч нам өөрөө өөрийнхөө эсрэг асуудал тавиад байгаа юм уу гэж зарим хүн асуудаг. Ер нь бол зарчмын хувьд тийм. Өмнөд хөршийнхөө амжилтыг бид ярьдаг. Тэр дотроо эдийн засгийн өсөлт, авлигатай тэмцэх түүх хоёрыг нь холбож ярьдаг. Дэн Сяопин, авлигатай тэмцвэл нам маань хүнд байдалд орж болно. Гэхдээ авлигатай тэмцэхгүй бол төр улсад аюул занал учирна гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Хэдийгээр намд амаргүй ч улс орноо бодох ёстой. Яг энэ утгаар бид асуудлыг томьёолж байгаа.
Авлига бол төр, улсад хамгийн том аюул занал учруулагч дайсан. МАН эрх барьж буй намын хувьд авлигатай хийх тэмцлийг хүчтэй болгох нь эрх баригчид өөрийнхөө эсрэг ажиллах мэт ойлгогдож болох ч бид улс эх орны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн хөдөлгөгч хүч. Намын эрх ашгаас илүү улсын эрх ашгийг бодож ажиллах ёстой. Намын 30 дахь их хурлаар авлигын эсрэг, ёс зүй, хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, бодлогын үндсэн баримт бичгүүд батлагдсан. Одоо шат шатандаа ажлаа хийх ёстой. Цаашид Засгийн газар, бүлэг, нам бүх түвшинд авлигатай нэгдсэн бодлого, үзэл санаагаар тэмцэнэ. Ажлын хэсгүүд байгуулагдаж, шат шатандаа ажлуудаа хуваарилсан. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьж буй асуудлууд дотор авлигын индексийн үзүүлэлтийг сайжруулна гэж байгаа. Шүгэл үлээгчдийн эрх зүйн орчныг сайжруулж хамгаалдаг, урамшуулдаг тогтолцоо бий болгоно, зөвшөөрлийн системийг хялбаршуулж хөнгөвчилнө, улс төрийн намын зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчилж, санхүүжилтийн механизмыг ил тод, нээлттэй, авлигаас ангид байлгах хуулийг шинээр гаргана, цахим шилжилт хийж төрийн буюу нийтийн өмчийн за_саглал, хяналтын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулна. Намын их хурлаар социал демократ үзэл баримтлалаас гадна хүний эрх гэдэг үнэт зүйлд шударга ёсны засаглал, эх дэлхийд ээлтэй бодлого, тогтвортой, чанартай өрсөлдөөн бүхий эдийн засаг, нийгэм эв санаагаар нэгдэх зэрэг асуудлуудыг багтаасан бодлого дэвшүүлсэн. Энэ бодлогыг хэрэгжүүлэх гарааны жил нь 2022 он.
-Та 2021 онд бодлогын баримт бичгүүдээ баталсан гэж хэллээ. Тэгэхээр 2022 онд бодлогын тохируулгууд нь илүүтэй явах нь гэж ойлгож болох уу?
-Бид асуудлаас зугтах биш асуудлыг өөрсдөөсөө эхлүүлж байна. Авлигатай тэмцэх асуудлыг гаднаа ч, дотооддоо ч эхлүүлж буй юм. МАН шинэ хандлага, шинэ соёлыг бий болгоно. 2022 оныг авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах жил болгон зарлаж, дэс дараалсан арга хэмжээ авч байна. Шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж холбогдох процессын хуулиудыг ч цэгцлэх арга хэмжээ авах зэрэг шинэтгэлийн, шинэ сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Дүрэмдээ авлигын хэрэгт холбогдсон бол намын гишүүнчлэлээс шууд түдгэлзүүлдэг болгоно гэж оруулсан. Нам ийм тохиолдолд өмгөөлж хамгаалахгүй гэсэн үг. Хэрэв гэм буруугүй нь тогтоогдвол намын гишүүнчлэл нь сэргэнэ. Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг намын удирдах албан тушаал болон сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Ёс зүйн хариуцлагаа чангатгаад намын дотоод хяналтын системдээ өөрчлөлт оруулсан.
Засгийн газар дээр нэг асуудал яригдаж байгаа. Б.Энхбаяр тэргүүтэй бидний хэдэн гишүүн сонгогдсоноосоо хойш ярьж буй зүйл. Авлигын бас нэгэн зузаан давхарга нь төрийн өмчит компаниуд. УИХ-д Авлигын эсрэг бүлэг ажилладаг. Бүлгийн ахлагчаар нь миний бие байдаг. Манай бүлэгт Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажилладаг юм. Авлигын эсрэг бүлгийн гишүүд 2022 онд төрийн өмчит компаниудын шударга байдал руу анхаарал хандуулна. Төрийн өмчит компаниуд өөрчлөгдөлгүй 26 жил явжээ. Тэнд ноцтой асуудлууд яригддаг. Заримдаа УИХ дээр яригддаг шийдвэрүүдээс ч давсан асуудал яригддаг. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргаж буй шийдвэр л гэхэд УИХ-аар улсын төсөв хэлэлцэж байх үеийнхээс ч давсан. Энэ асуудалд бодлогын хүрээнд хувийн хэвшлийн гүйцэтгэж болох чиг үүргийг хувийн хэвшлээр нь гүйцэтгүүлье, нөгөө талаар төр өөртөө байлгаж хийлгэх чиг үүргийг Засгийн газар яг одоогоор ярьж байна. Эдгээр асуудал 2022 онд нэлээд тодорхой болно. Ажил үүрэг, хөдөлмөрийн хуваариа зөв болгож байж хариуцлагыг нь хуваарилахгүй бол ерөнхийд нь шүүмжлээд, бүгдэд нь хариуцлага тооцох тухай яриад байхаар асуудал замхраад байгаа юм.
-Суурийг нь сайн авч үзэхгүй бол одоо байгаа болохгүй бүхэн өнгөрсөн 30 жилийн туршид хуримтлагдсан асуудал. Таны ярьж байгаагаас үзвэл, авлига яг хаана байна гэхээр хэнд эрх мэдэл байна, түүнд л байна гэж ойлгогдлоо.
-Бид АТГ-ын үйл ажиллагааны тайланг энэ хавар сонсоно. АТГ маш олон тэрбумын хохирлыг арилгаж байна. Өмнөхтэй харьцуулбал олон албан тушаалтны хэргийг шалгаж байгаа. Энэ талаараа ч мэдээлж буй.
идний хувьд бодлого, үзэл санаагаар жолоодох ёстой. Бид шударга ёсны засаглал гэж нэгэнт зарлан тунхагласан. Мэдээж заримд нь хүнд тусах байх. Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаанд таних, мэдэх хүмүүс маань ч холбогдож болохыг үгүйсгэхгүй. Намын дарга намын бүлгийн хурлын үеэр сонирхлын зөрчилтэй холбоотой хийгдсэн ураг төрлийн холбоо бүхий томилгоог өөрчлөх ёстой, магадгүй энэ нь зарим хүнд таалагдахгүй байх, аливаа зүй бус асуудлыг бусдаас хайх биш өөрсдийнхөө ойр хавиас эхэлнэ шүү гэж нэлээд хатуухан хэлсэн. Энэ бол хийхэд амар биш л дээ. Гэхдээ ингээд ярьж байгаа нь нийгмийн шахалт шаардлагыг улам хүчтэй болгоод байдаг. Өнөө цагт цахим орчинд ярьж байгааг үнэлэх, дүгнэх бололцоо нь бүр илүү нээлттэй, бодитой. Тэгэхээр огт ярихгүйгээр дүлий дүмбэ сууж байгаад 2024 онд бид ийм нэг юм хийсэн гэх нь зохисгүй. Өөрсдийнх нь хэлснээр, өөрсдийнх нь хийж байгаа ажлыг дүгнүүлэх бололцоог иргэдэд олгож байгаа. Иргэд биднээс эргээд шаардахад авлигын индексийг бодитоор бууруулж, хүний эрхийн хамгаалалт сайжирсан зэрэг тодорхой үр дүнгээр, ажлаар харуулах ёстой.
Миний хувьд, Авлигын эсрэг бүлгийн ахлагч, Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд намын их хурлаар баталсан бодлогын баримт бичгийн дагуу хийж байгаа ажлуудыг хоёр гараа өргөн дэмжиж, талархалтай хандаж байгаа. Бусдаас буруу хайх биш 200 хувь илүү ачаалал, хариуцлага үүрэх үүрэг даалгаврыг өөртөө авч байна.
Тэгш боломж хулгайлагдана гэдэг чинь л авлига. Энэ авлига хаана үйлдэгдэж байна вэ гэхээр эрх мэдлийн орчинд хийгдэж байгаа. Энэ орчинд хэн манлайлах үүрэгтэй ажиллах вэ гэхээр эрх барьж байгаа нам. Тиймээс намаа шинэчлэн сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, үүн дээр иргэд олон нийтийн шахалт шаардлагыг хүчтэй болгохын төлөө ажиллана. Харахад хоорондоо зөрчилтэй урсгал байгаа биз. Төрийн ажил, иргэний нийгэм хоёр эсрэг урсгалд байдаг. Энэ огтлолцол дээр тэнцвэр хадгалагдсанаар нийгэм зохистой байдаг.
-Яг одоогийн цаг хугацаанд л энэ асуудлыг ярьж таслан зогсоохгүй бол дахиад 30 жил, магадгүй 300 жилийн алдагдсан боломжийн тухай дараа нь ярьж таарах байх.
-Авлигын асуудал бодитой оршиж буй учраас олон давтагдаж, үнэн учраас улиг болсон мэт хэлэгдэж байна. Харин ч авлигын эсрэг, хувь хүний эрхийг хамгаалах асуудал бидний амны уншлага, тарни болтол ойлгогдож ярьсаар байх нь чухал. Авлигатай тэмцэх асуудал дээр бас нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг манай намын хүрээнд ч, төрийн түвшинд ч идэвхтэй ярьж байна. Энэ асуудалд МАН манлайлан оролцож байгаа. Улс төрийн намын санхүүжилт нь нээлттэй, олон түмнээс хамааралтай байх, тэдэндээ тайлагнадаг байх тогтолцоо руу оруулна.
Авлига хаана оршиж байна гэхээр эрх барьж байгаа намын зонхилох хүрээнд гардаг, сонгуулийн үеэр гардаг, төрийн өмч тойрсон хүрээнд гардаг. Тэгэхээр энэ хүрээлэл рүү авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаа чиглэнэ. 2022 онд МАН 30 дугаар их хурлаараа шударга засаглалын бодлогыг дэвшүүлээд, намын дотроо ч, намын гадна талд ч, төрдөө ч, иргэний нийгмийнхээ хүрээнд ч хамтраад явна. Энэ бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай явна.
-За баярлалаа. Нийгмийн хамгийн гол тулгамдсан асуудлын бодлогыг 2021 онд эрх баригч нам дэвшүүлсэн. Одоо нийгэмд томоохон хүлээлт үүсээд байгаа. Энэ ажилд нь амжилт хүсье.