Утаагүй үйлдвэрлэл буюу аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж манай улсад өндөр. Гэсэн ч тус салбарт ажиллах мэргэжилтэй хүний нөөц, дутмагаас хөгжүүлэх боломжоо төдийлөн ашиглаж чадахгүй байна. БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэтэй энэ талаар ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбарт өдгөө хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар салбарын яаманд 190 орчим хүн ажиллаж буй. Гэхдээ тэдний долоо нь аялал жуулчлалын мэргэжилтэй. Уг нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт 12 хүн ажиллах бүтэц баталсан байдаг. Манай салбарт тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол хүний нөөцийн дутагдал. Бид салбарын хөгжил ярихын тулд хүндээ хөрөнгө оруулах ёстой. Аялал жуулчлалын салбарыг 1990 оноос өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд зөвхөн аяллын компани гэдгээр ойлгож ирсэн. Бодлого нь тийм учраас хэрэгжүүлж буй ажил ч үүнд чиглэсэн. Гэтэл XXI зуунд дэлхийн бусад орон аялал жуучлалыг жинхэнэ утгаар нь маш амжилттай хөгжүүлж байгаа. Хүнээ чадавхжуулж, тэднээр дамжуулан зөв бодлого, стратеги гарган, улс орноо хөгжүүлж байна. Харин манай улс сүүлийн 30 жилд дэлхийн жишигт хүрсэн бодитой ажил хийсэн гэж хэлэхэд маш хэцүү. Хүний нөөцтэй холбогдуулаад ярихад аялал жуулчлалын салбарт аяллын компаниуд нэртэй ч гэрээр ажилладаг хүн олон байна. Гэртээ оффистой юм уу, эхнэр, нөхөр тур компани нээгээд үйл ажиллагаа явуулах жишээтэй. Яах вэ, жилд 10 000 жуулчин хүлээж авдаг том компаниуд ч бий. Гэхдээ тийм компаниуд туслан гүйцэтгэгч нартай гэрээ хийж ажилладаг.
-Өнөөгийн нөхцөлд ганц аялал жуулчлал бус, бусад салбарынхан ч бэрхшээл туулж байгаа шүү дээ?
-Дэлхий даяар аялал жуулчлал, үйлчилгээний салбарын 100 сая хүн ажилгүй болсон гэх судалгаа бий. Монголд ч ажлын байраа алдаж байгаа. Ялангуяа аяллын компаниуд 100 хувь зогсонги байдалд орсон. “Ковид-19”-ийн нөхцөл байдал нэг эрсдэл бий болгосон. Энэ салбар хоёр жил зогсонги байлаа, хэцүүдлээ гэж ярьсаар мэргэжилтэй боловсон хүчин нь өөр салбар луу “урваад” алга боллоо. Дээр нь сургалтыг гаргуунд гаргачихлаа. Оюутан болох гэж байгаа залууст ийм дампуурсан салбарт ажил олдохгүй, аялал жуулчлал гэхээсээ илүүтэй маркетинг, менежмент, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр суралц гэж зөвлөж байна. Болохгүй, бүтэхгүй гэж ярьж байгаа нь аялал жуулчлалын салбарт том алдагдал.
-Аялал жуулчлалын чиглэлээр суралцах оюутны тоо цөөрсөн гэсэн үг үү?
-Бакалавр, магистрын боловсрол олгох индексийг Боловсрол, шинжлэх ухааны сайд үгүй хийсэн. Аялал жуулчлалын чиглэлээр бакалавр, магистр, доктор хамгаалах нэршлийг боловсролын салбараас баллуурдчихсан хэрэг. Их, дээд сургуулиуд эхний хоёр курс ерөнхий эрдмийн хичээл үзээд сүүлийн хоёр жилд нь мэргэжлийн хичээл сонгодог болсон. Тэр сонголтод аялал жуулчлалын анги байхгүй. Залууст аялал жуулчлалын чиглэлээр бакалавр, магистрын зэрэг эзэмшээд яах вэ гэсэн мессеж өгөөд байна. Тиймээс залуус өөр чиглэлээр сурна. Нэг сул тал нь аймгуудад хэрэгжүүлж буй аялал жуучлалын том том төслүүдээ бодлогоор хэн удирдаж ажиллах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны төслөөр Хэнтийд аялал жуулчлалын том бүтээн байгуулалт хийж байгаа. Энд ажиллах, удирдах мэргэжлийн хүмүүс алга. МСҮТ төгссөн хүн очоод бодлого боловсруулах юм уу. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан сая сая жуулчныг хэн олж ирэх вэ. МСҮТ төгсөгчид бодлого тодорхойлоод, гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч чадах уу. Ирээдүйд улс орны энэ чиглэлийн бодлогыг хэн тодорхойлж, стратеги боловсруулах юм. Казиногийн хууль баталъя, хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулъя гэчихээд хэнээр түүнийгээ хийлгэх юм, бүү мэд. Аялал жуулчлалын боловсон хүчнийг бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол МСҮТ төгссөн оюутан менежмент хийхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яам аялал жуулчлалаа дэмжихгүй байгаа нь харамсалтай. Аялал жуулчлал гэдэг бүх салбартай уялдана. Боловсрол, соёл, зам тээвэр, барилга, эрчим хүчний салбартай уялдаж хөгжинө. Жишээлбэл, Улаанбаатарт монгол ур ухаан шингэсэн дизайнтай барилга бариад, барилгын үнэ цэнээр нь жуулчдаа татаж болохгүй гэж үү. Монголчууд гадаадад аялаад гоё сайхан байшингийн гадна зургаа авхуулдаг. Гэтэл өнөөдөр Монголд дэлхийн энтэй гоё сайхан хийцтэй барилга байна уу. Үгүй. Зам тээврийн хөгжлийн яам замыг нь сайхан барьчих л даа. Бид аюулгүй замаар зорчмоор байна. Улаанбаатараас Хөвсгөл рүү аялахдаа аюулгүй байдлаа хангахын тулд 3-4 ам бүл нэгдэж явдаг. Зөвхөн гэр бүлээрээ тайван явмаар байна шүү дээ. Аялал жуулчлалыг ганц БОАЖЯ хөгжүүлэх ёстой биш. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монголыг хөгжүүлэх гурван тулгуурт бодлогын нэг нь аялал жуулчлал гэж тодорхойлсон юм бол бүх яам үүнд хувь нэмрээ оруулах учиртай гэж хардаг.
-Их, дээд хэчнээн сургуульд аялал жуучлалын мэргэжлээр элсэлт авдаг байсан юм бэ?
-10 гаруй сургууль аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг байсан. Тэдгээр нь цөөрсөөр одоо бүр аялал жуулчлалын анги ч үгүй боллоо. Аялал жуучлалын салбарын эрдэмтэд, багш нар нэгдээд БШУЯ-нд уг ангийг сэргээн байгуулах санал хүсэлт, албан бичиг өгөөд ч хүлээж аваагүй. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэчихээд боловсон хүчин бэлтгэх системийг нь устгаж байна. За яах вэ, гадаадад төгссөн боловсролтой залуус ирж байгаа. Миний мэдэхийн 40-50 залуу бий. Гэхдээ бараг дампуурчихсан, дээр нь төсөвгүй шахам болохоор өөр салбарт ажиллахаас аргагүй.
-Манай аялал жуулчлалын салбарын өнөөгийн хөгжил, түвшнийг та хэрхэн тодорхойлох бол?
-Манайхан аялалдаа жуулчлал гэдэг үг нэмж яриад байдаг. Уг нь аялал, аялал жуулчлал өөр ойлголт. Аялал гэдэг нь тур операторууд гадаадаас жуулчин авчраад гоё аялуулж байгаад гаргаад явуулж буй л хэлбэр. Улаанбаатараас Хөвсгөл орсноо аялал жуулчлал гэж яриад байна. Угтаа Улаанбаатараас Хөвсгөл орох замын турш тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлж байж аялал жуучлал болно. XXI зуунд хүнээс хүнд энерги өгдөг хамгийн гоё салбар шүү дээ. Хүн аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь аялал жуулчлал. Монгол хүн үнэ цэнтэй байх, аюулгүй зорчих, аз жаргалтай болох нь бүхэлдээ аялал жуулчлал юм. Өглөө гэрээсээ гараад орой буцаж ирэх хүртэлх бүх үйл явцыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж бид хардаг. Гэрээсээ гарна, унаанд сууна. Ажилдаа ирнэ. Унд ууна. Орой кино үзнэ, хүнтэй уулзана, танин мэднэ. Бодлогоор аяллыг, эсвэл аялал жуулчлалыг дэмжих үү гэдгээ зөв тодорхойлох ёстой. Монгол хүнийг аз жаргалтай болгох нэг зүйл нь аялал жуулчлал. Гэтэл бид гадаадын иргэнд зориулсан бодлого хэрэгжүүлээд өнөөдрийг хүрч, 30 жил алдчихаад байна.
-Олон улсад эдийн засаг нь сэргэлээ, аялал жуулчлалаас ашиг оллоо гээд мэдээлээд байх юм. Бидэнд ийм боломж байхгүй гэж үү?
-Хятадын 400-500 сая жуулчин жил бүр гадаадад аялдаг. Тэгвэл хятадууд цар тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор иргэдээ дотоодын аялал жуулчлалд татаж чадсан. Дотоодын жуулчны гадагшаа явж, үрдэг мөнгийг эх орондоо үлдээсэн. Дэлхийд хятад жуулчид ноёрхдог. Улс орнууд хятад жуулчин авахын төлөө өрсөлддөг. Тэдэнд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин Хятадын аялал жуулчлалынхан “Ковид-19”-ийг ашиглаад 400 сая жуулчнаа дотоодод аялуулах хөтөлбөр боловсруулж, их хэмжээний хөрөнгөө дотооддоо үлдээлээ. Солонгосчууд Холливууд, гадаадын оддыг эх орондоо уриад, кино бүтээсэн. Кино зураг авалтын баг дотооддоо бүс нутгуудаар явж зураг авахдаа жижиг, дунд бизнесүүддээ орлого оруулж байна. Олон улсад цацсан киноны ашиг орлого нь эх орондоо үлдсэн. Дэлхий тэдний хийсэн киногоор амьсгалж, шуугьж байна. Манайх болохоор зөвхөн гадаадаас ирж буй жуулчид руу чиглэсэн бодлого явуулж ирсэн учраас сая хил хаагдахад үйл ажиллагаа нь шууд л хасах руу орсон. Уг нь 3.2 сая хүнээ аялагч гэж тооцоод, тэдэн рүү чиглэсэн бодлого явуулах учиртай. Тэдэн рүү хөрөнгө оруулж, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, орчин тойрноо гоё болгож ирсэн бол цар тахал нүүрлэсэн ч уналтад орохгүй. Гадагшаа явж буй мөнгөн урсгалыг Хятад шиг дотооддоо шингээх боломж байсан. Ядаж дотооддоо нэг сайхан музей бариад, түүнийг хэдэн хүн үзэхийг тооцоолж мэддэг байх хэрэгтэй. Дотоодын музейг үзсэн хүн дахиж ирэхгүй. Тиймээс гадаадаас хэдэн хүн урихаа давхар тооцох шаардлага гардаг. Үүнийг цогцоор хийх ёстой. Гэхдээ “Ковид-19”-ийн нөлөөгөөр манай иргэд жуулчны бааз, амралтын газарт очих бус, хөдөө, байгаль дээрх эмчилгээний аялал жуулчлалыг дөнгөж өнөөдөр эхлүүллээ. Энэ нь ололттой тал.
-Манай хөтөч нарыг мэдлэг муутай гэх шүүмжлэл их гардаг.
-Монголд маш сайн хөтөч, аялал жуулчлалын мэргэжилтэн бий. Монгол гэрээ маш гоё сурталчилж, нэгбүрчлэн тайлбарлан, гадаад хүний гайхширлыг төрүүлж чадна. Гадаадын жуулчин өдөрт 500 ам.доллар санал болгоход татгалзаж, 1000-ыг шаардаж чаддаг. Хүссэн мөнгөө аваад хүссэн орчуулгыг нь ч хийж өгдөг. Гол нь Монголоо маш сайн мэддэг, уламжлалаа тайлбарлаж, үндэстнийхээ амин сүнсийг ойлгуулж чадаж байна. Гадаадынхан үнэхээр их баярлаж, кайф авч чаддаг. Гэхдээ ийм боловсон хүчин ховор. Ийм чадварлаг мэргэжилтнүүдээ Цагаан сарын дараа сурталчилж эхэлнэ. Ихэнх хөтөч шүүмжлэлд өртдөг. Аргагүй шүү дээ, мэргэжлийн боловсон хүчингүй учраас гадаад хэлний ангийн оюутныг хөтөч болгоод явуулчихдаг. Гэтэл жуулчин тухайн компанид өдрийн 500 ам.доллар өгчихсөн байдаг. Харин нөгөө газар нь оюутанд 50 ам.доллар өгөөд явуулчихдаг. Энэ онд аялал жуулчлалд 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өмнө нь 3.8-4 тэрбум байсан төсөв “Ковид”-ын нөлөөгөөр багассан байх. 2016 онд манай салбарын төсөв 900 сая байсан. 2017 онд 1.2 тэрбум болсон. 2018 онд гурван тэрбум. Ингэж өссөөр дөрвөн тэрбум төгрөг болсон. Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөв УИХ-ын нэг гишүүний тойрогтоо зарцуулах мөнгөнөөс бага байна. Үүнийг харсан хүмүүс аялал жуулчлалын салбараас зугтаах болсон. Хүний нөөц хомсодсон нэг шалтгаан энэ. Оюутнууд ирээдүйгээ харах ёстой. Тэгэхээр Монгол Улс хаанаа хөрөнгө оруулаад буйг залуучууд хараад байна. Тиймээс дээр хэлсэн гурван тулгуурт бодлогоо хэрэгжүүлэхийн тулд яалт ч үгүй хүний нөөцдөө хөрөнгө оруулах ёстой.
-Салбарынхаа хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд танай төв юу хийж байна вэ?
-Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн анхдугаар чуулганыг гуравдугаар сард зохион байгуулахаар санаачлан ажиллаж байна. Энэ чуулганаар салбараа яаж хөгжүүлэх, алдагдсан хүний нөөцөө бодлогоор хэрхэн сэргээх зэргээр тулгамдсан асуудлаа ярина. Хөдөө байгаа гадаад хэлтэй багш нараа аялал жуулчлалын салбарт татах боломж байна уу, дээр нь үйлчилгээний салбарт аялал жуулчлалын менежмент хэрхэн нэвтрүүлэх вэ. Тур компанийн хөтөч нараа эргэж хэрхэн татах зэргээ ярилцана. Манай сайн хөтөч нар уул уурхайгаас авхуулаад бусад салбарт “шингэчихээд” байна.
-Салбарынхаа тулгамдсан асуудлыг мэдэж байна. Цаашид яах вэ?
-Аялал жуулчлалын салбарыг үйлчилгээний салбартай холиод, МСҮТ байхад л хангалттай гэж зарим нь үздэг. МСҮТ-ийн хэмжээнд харчихаад, заавал дөрвөн жил сурч яах вэ гэдэг. Тиймээс бид БНСУ-ын таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар аялал жуулчлал сурталчлах үйлчилгээний сургалтын төв байгуулахаар боллоо. Яармагт хотын захиргааны шинэ байрны ардхан талд газраа авсан. Төвийн ТЭЗҮ-ийг баталчихсан. Энэ хавар барилгын ажлаа эхлүүлээд, 2023 оны намар ашиглалтад оруулахаар тооцоод байна. Манайх эл төслийг санаачилж, БОАЖЯ-нд танилцуулж, дэмжигдсэн. Уг төв ашиглалтад орвол залуусын яриад байдаг бартендерын, бармений, зөөгчдийн холбоо гээд аялал жуулчлалын бүх чиглэлийнхэнд зориулсан тоног төхөөрөмж бүхий танхимууд байгуулна. Энд сургаад, дадлагажуулаад сертификаттай төгсгөнө. Олон улсын жуулчдыг татах зорилттой учир дэлхийн жишигт нийцүүлнэ. Дээр нь уламжлал шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээний танхим ч байгуулна. Бартендарын холбоо энд коктейль хийхдээ монгол жимсээ ашиглана. Импортынхыг ашиглахгүй. Жимсээр дамжуулж монгол амтаа сурталчлах боломж бидэнд бий. 21 аймгийн онцлогийг харуулсан коктейль хийе гээд Бартендерын холбооныхонтой ярьж байна. Ганц хоолны салбарын хүний нөөц аялал жуулчлалд чухал нөлөөтэй. Бүх талаар хүнээ хөгжүүлэх хэрэгтэй.
-Хүнээ хөгжүүлэх боломж хомс аж. Салбарынхаа хөгжлийг өөд нь татах өөр ямар гарц боломж байгаа бол?
-Уламжлалт хөгжим байгаль дээр гэсэн контент хийж байна. Аялал жуулчлалын үндэсний модулийг аялал жуучлалын салбарын 16 шилдэг багштай нийлээд боловсрууллаа. Энэ модулийн дагуу сургалтын төвд хичээлээ заана. Дараа нь бид 21 аймагт 1-2 аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж өгнө. Аялал жуучлалын мэргэжилтэн бэлтгэх дээд курс хичээллүүлье гээд их, дээд сургуулийн захирлуудтай ярилцаж, хэлэлцээрийн шатанд маш нааштай явж байна. Бодлогоо тодорхойлсон. Нэг жилийн хөтөлбөрийг нь гаргачихсан. Эхлээд 21 аймгаас 42 мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөсөн. Элсэгч бүрээр дипломын ажил бичүүлнэ. Улмаар дипломын ажлаа амьдралд хэрэгжүүл гээд орон нутаг руу нь явуулна. Аймгийнхаа аялал жуулчлалын салбарт брэнд бий болго гэж захина. Уг нь 3.2 сая иргэн маань аялагч байхын зэрэгцээ боловсон хүчин юм. Нутаг орноо танилцуулаад сурталчлаад, үйлчилгээндээ тохирсон төлбөрөө авч болно шүү дээ.