Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сарын 15-нд нээх үүрэг өгөв. Тодруулбал тэрбээр,
“Энэ оны гуравдугаар сарын 15-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахгүй бол та бид энд мануухай болж суугаад яах вэ дээ. Засгийн газрын хурлаар төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн асуудлыг хэлэлцэх үед нэг их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал ирсэн байхад, гүйцэтгэгч "Монголын төмөр зам" ТӨХК-иас нэг ч төлөөлөл байгаагүй. Өөрөөр хэлбэл энэ бүтээн байгуулалтын ажил танай удирдлагуудад хамаагүй мэт харагдаж байна. Засгийн газрын гишүүд надаас "Монголын төмөр замынхан хаана байна" гэж асуусан. Та нар Засгийн газрын хурал дээр очихгүй байгаа учраас би мэдээлэл дамжуулагч хийж байна. Дараагийн удаа Монголын төмөр замын асуудлыг хэлэлцэж байхад заавал төлөөллөө илгээгээрэй” гэв.
Тус бүтээн байгуулалтад одоогоор нэг их наяд, 53 тэрбум төгрөг зарцуулаад буй бөгөөд зүгшрүүлэх тээвэрлэлтийг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Тодруулбал, туршилтаар Оюутолгойн зэсийн баяжмалыг Тяньжин боомт руу зөөх юм. Мөн тус төмөр зам ашиглалтад орсноор жилдээ гурван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхээр зорьж буй талаар албаныхан мэдээллээ.