Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Сангийн эрх зүйн байдлын болон Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл төрийн бус байгууллага (ТББ)-уудын эсэргүүцэлтэй тулгаран, эргүүлэн татахыг шаардаад байгаа. Учир нь эдгээр хуулийн төсөл нь иргэний нийгмийг устгах, боомилох гэсэн оролдлого гэж ТББ-ын төлөөллүүд үзэж буй. Иргэний нийгмийн байгууллага устах нь олон нийт нүд, чихгүй болохтой адил юм. Эдгээр хуулийн төслийн талаар “Хүний эрх хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоожтой ярилцлаа. “Хүний эрх хөгжил төв” нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хангах, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой хуульч, судлаачид, идэвхтэн хүмүүсийн санаачилгаар 1998 онд байгуулагдсан юм.
-Юуны түрүүнд Монгол дахь ТББ-уудын хөгжил дэвшил аль шатандаа явааг тодруулъя. Нийгэмд авчирдаг үр өгөөж юу вэ гэдэгт хариулт өгнө үү.
-Иргэд ТББ-ыг бүртгүүлж, ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг 1997 онд бий болгож, Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталсан. Ингэснээр борооны дараах мөөг шиг олон ТББ-тай боллоо гээд ад үзэх хүмүүс ч байсан. Учир нь төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдаас ил тод байдал, оролцоо, хариуцлага шаардах, хохирол нэхэмжлэх ТББ-ууд олноор бий болсон. Өөрөөр хэлбэл, иргэдийн нэгдсэн их хүч бий болж, орон даяар үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ ТББ-уудын чадавх, үйл ажиллагааны цар хүрээ хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа. Мөн орон нутагт ТББ болж бүртгүүлээгүй, эрх зүйн статусгүй, ямар нэг бодлогын дэмжлэггүй, бор зүрхээрээ ажилладаг иргэдийн бүлэг, санаачилга олноор бий болж буй. Энэ нь Монгол дахь иргэний нийгмийн байгууллагуудын хэлбэр, хүрээ өргөжиж байгааг илэрхийлнэ. Уг үйл явцыг бодлого, хөтөлбөр, зохицуулалтаар дэмжвэл улам хөгжиж, Үндсэн хуулийн амин сүнс болсон “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэсэн зорилго жинхэнэ ёсоор биелнэ гэж боддог. ТББ-уудын нийгмийн үр өгөөжийг тоймлож хэлбэл, олон хууль, бодлогыг өөрчлөх, шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах шаардлагыг тодорхойлон, нөлөөллийн ажил хийдэг. Уг ажил нь ч амжилтад хүрдэг. Нөлөөллийн ажил хийхийн тулд баримт цуглуулах, үнэлгээ хийх, олон улсын туршлага судлах, холбогдох талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж, нэгдсэн ойлголт бий болгох зэрэг үйл ажиллагаа явуулдаг. ТББ-ууд, иргэдийн бүлгүүд ийнхүү ажиллаж, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэж байдгаараа онцлог. Энэхүү үйл ажиллагааг нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлох индикатор гэж үздэг.
-25 жилийн өмнө баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг нийгмийн өөрчлөлттэй уялдуулан сайжруулах шаардлагатай байх. Та бүхний эсэргүүцээд буй хуулийн төсөлд ололттой дэвшилттэй заалт байгаагүй юу?
-Эдгээр хуулийн үзэл баримтлалд нь дэвшилттэй зүйл бий. Гэхдээ дэвшилттэй зүйлүүдээ хуулийн төсөлдөө бүрэн тусгаагүй. Тухайлбал, санхүүжилтийг сайжруулах олон хэлбэр байж болохыг дурдсан боловч ТББ-уудад иргэд, аж ахуйн нэгжээс өгөх хандивыг татвараас чөлөөлөх зохицуулалт байхгүй.
-Хууль зүйн яамнаас боловсруулсан Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг буцаан татахыг та бүхэн шаардаж буй. Ийнхүү шаардсан шалтгаануудаа нэрлэж болох уу?
-Би дахиад зөвхөн үзэл баримтлалын хүрээнд ярихыг хүсэж байна. Нэгдүгээрт, өдгөө Монголд үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудыг бүрэн хамруулж чадаагүй. ТББ болж бүртгүүлээгүй ч өөрсдийн болон бусдын төлөө эвлэлдэн нэгдэж, сайн үйлс бүтээж байгаа иргэдийн бүлгийг огт хамруулаагүй. Юутай ч хориглоогүй нь их юм. Холбооны тухай хуульд тодорхойлсон “бүртгэлгүй холбоо” гэдгийн дагуу иргэдийн бүлгүүд ажиллаж болно гээд баярлаж суух гэхээр дэндүү хангалтгүй. Төрийн ямар нэг бодлого, зохицуулалт, дэмжлэггүй 20 жил ажиллаж буй иргэдийн бүлэг ч бий. Ийм бүлгүүдийг цаашид хэрхэх нь тодорхой бус. Дэндүү харамсалтай. Хоёрдугаарт, ТББ-уудын санхүүгийн эх үүсвэрийг олшруулах шаардлагатай. Үүний тулд хандивыг татвараас чөлөөлнө гэж ярьсан ч хуулийн төсөлд тусгаагүй. Зөвхөн одоо хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагад өгдөг хандивыг татвараас чөлөөлөх гэж оруулсан нь хуураад ч байгаа юм шиг. Гуравдугаарт, иргэний нийгмийн байгууллагууд үр дүнтэй ажиллах таатай орчин чухал. Улс төр, эдийн засаг, нийгмийн, бүр нарийвчилбал, бодлогын, зохицуулалтын, санхүүжилтийн таатай орчин бүрдүүлэх гэсэн олон улсын хөгжлийн хандлагыг орхигдуулсан. Мөн иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх өөрийн удирдлагатай механизм байгуулах, хөгжүүлэх асуудлыг орхигдуулсан. Дээрх гурван асуудлыг тусгаснаар хуулийн төсөл хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрнэ.
-Албаны хүмүүс ТББ-ыг гадаадаас тусламжийн бараа оруулж ирээд зарж, ашиг олдог, төлөвшөөгүй гэх мэтээр шүүмжилдэг. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Тусламжийн бараа оруулж ирдэг ТББ цөөхөн гэж бодож байна. Миний мэдэхээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ, байгалийн гамшиг зэрэгтэй холбоотой тусламжийн бараа тараахад тэр чиглэлээр ажилладаг ТББ-ууд оролцдог байх. Гэхдээ зарж ашиг олдог тухай мэдээ баримттай таарч байгаагүй.
-Мөн ТББ-уудыг гадаадынхны мөнгөөр санхүүждэг. Санхүүжилт нь ил тод байдаггүй гэж УИХ-ын зарим гишүүн шүүмжилсэн. Олонх иргэний нийгмийн байгууллага гадаадаас санхүүждэг, тэр мөнгөнөөсөө татвар төлдөггүй, төрийн эсрэг иргэдийг турхирдаг гээд байгаа шүү дээ?
-ТББ үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа ил тод байлгах ёстой. Тийм ч учраас энэ зарчмын дагуу тайлангаа хэвлэж тараах, цахим хэлбэрт шилжүүлэх, бүртгэлийн газарт өгөх зэрэг үүрэгтэй. Бүртгэлийн газар тайланг нэгтгэх, тайлан өгсөн, өгөөгүйгээр жагсаалт гаргаж, ил тод болгох үүрэг хүлээх ёстой. Харамсалтай нь, уг ажлаа хийхгүй байна. Төр, засаг мөн ТББ-аар хийлгэсэн гэрээт ажил, үйлчилгээнд өгсөн санхүүжилт, гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг ил тод болгох шаардлагатай. ТББ байгуулан ашиг олж, татвараас зугтахаас сэргийлэх, хянах нь төрийн үүрэг. Төр энэ үүргээ сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ байгаа бол илрүүлэх, хариуцлага тооцох үүрэг нь хууль хяналтын байгууллагуудад бий. Ардчилал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-уудад төсвөөс санхүүжилт олгодоггүй. Төрөөс энэ чиглэлд иргэний нийгмийг санхүүжүүлсэн түүх байхгүй гэж бодож байна. Тэгэхээр төр энэ байгууллагуудыг гадаадаас санхүүжилт авахаас өөр аргагүйд хүргэдэг.
-ХЗДХЯ-ны газрын дарга нар болон Х.Нямбаатар сайд ТББ-уудыг зөвхөн тайлангаа л гарга гэдэг зохицуулалт хийснээс биш, хааж боогоогүй гэх тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, тайлан гаргахыг шаардсанаас бус, хяхаж хавчсан зүйл үгүй гэх ойлголтыг олон нийтэд өгсөн байх аа?
-Үйл ажиллагаа явуулах санхүүжилт олох боломжтой нь тайлангаа өгдөг гэдэгт эргэлзэхгүй байна. Тайлан нэгтгэх, үнэлэх, тайлан өгсөн, өгөөгүйгээр нь жагсаалт гарган, нээлттэй болгох зэрэг ажлыг хийх хэрэгтэй. Энэ эрх нь төрд бий. Үүнийг хийхэд хуулийн хэрэггүй гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, яг одоо бол тайлангаа өгсний ач холбогдол алга. Олон ТББ тайлангаа өгдөггүй нь үүнтэй ч бас холбоотой. Тэгэхээр сайдын өгсөн тайлбар хангалттай санагдахгүй байна.
-Эдгээр хуулийн төслийг буцаан татуулах чиглэлээр цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд ТББ-ууд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандана. Харин орон нутаг дахь ТББ-ууд, иргэдийн бүлгүүд мэдээлэлгүй байгаа. Тиймээс тэднийг мэдээлэлтэй болгох, хуулийн төслийг эгүүлэн татах үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэлээр ажиллана.
-Олон улсад ТББ ямар зохицуулалтаар үйл ажиллагаа явуулдаг вэ. Манай улсад хэрэгжүүлж, жишиг болгохоор ямар зохицуулалтууд бий бол?
-Олон улс дахь ТББ-ын зохицуулалтын тухай ярихын тулд хөгжингүй буюу ардчилал сайн хөгжсөн, хөгжиж буй буюу ардчилал сайн хөгжөөгүй гэж ялгах хэрэгтэй. Хөгжингүй орнуудад ашгийн бус байгууллага гэдгээр нь зохицуулдаг. Иргэний нийгмийн байгууллагуудын мэдлэг, туршлагыг хүлээн зөвшөөрч, бодлого боловсруулахдаа үр дүнтэй ашигладаг. Харин хөгжиж буй орнуудад бүртгэл, зохион байгуулалтыг нь заах, үйл ажиллагааг нь хянах чиглэлд зохицуулалтаа өөрчлөх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Тухайлбал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах нэрийдлээр гадаадаас санхүүжилт авахыг хориглох чиглэлд хуулийн хязгаарлалтууд хийж буй. Ардчиллыг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэл манай УИХ, Засгийн газар, төрийн албан хаагчид, иргэдийн олонход байгаа гэдэгт итгэдэг. Тийм болохоор хуулийн үзэл баримтлалаа эргэн харж Монголын иргэний нийгмийн бүрэлдэхүүн хэсгийг бүхэлд нь хамруулж хөгжүүлэх бодлого, зохицуулалттай болоход анхаарах хэрэгтэй.
-ТББ-тай УИХ-ын гишүүн цөөнгүй байна. Тэгэхээр тэд Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах нь зөв үү. Ашиг сонирхлын зөрчил үүсэх хэрэг биш үү?
-УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй нь илт харагдаж байгаа. Мэдээж ТББ байгуулан, ашиг олох үйл ажиллагаа эрхэлж, татвараас зугтаадаг. Эсхүл ТББ байгуулан, төсвийн болон зээл, тусламжийн мөнгийг авдаг, дарга нарын ТББ-ууд бий. Тэднийг хянах, үгүй болгох шаардлага байгаа. Гэтэл Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиар үүнийг хянаж чадах, эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүд ТББ-ын удирдах албан тушаалд, Удирдах зөвлөлд орж болохгүй. Яах вэ, үзэл баримтлал, зорилго, алсын хараа зэргийг нь дэмждэг байж болно. Хийж буй үйл ажиллагаа нь үр дүнтэй байх нь л чухал. Иргэний нийгмийн байгууллагын олон хэм хэмжээнд нийцсэн ёс зүйн найман зарчим бий. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх нь зөвхөн өөрсдөөс нь шалтгаалдаггүй, нийгэм, эдийн засаг, улс төр, бодлогын, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ийм нөхцөлийг л түшээд хуулиар бий болгох учиртай. Гэтэл үүнийг нь бүрдүүлээгүй учраас бид хуулийн төслийг буцаан татъя гэсэн саналтай байгаа.
-Нэр нь ТББ. Өөрөөр хэлбэл, төрөөс ангид үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн утга нэрэнд нь бий. Гэтэл манай улс холбогдох хууль тогтоомждоо УИХ-ын гишүүн ТББ байгуулахаар заасан. Тэгэхээр энэ бүхнийг сууриар нь өөрчилж, ТББ-ыг төрөөс ангид байлгах шаардлагатай биш үү?
-ТББ-ыг төрөөс бүрэн ангид байлгах шаардлагатай. Олон улсад ч ТББ гэсэн нэр хэвшсэн. ТББ нэртэй байхад нэг их буруудах зүйлгүй. Иргэний хуульд хоршоо, холбоо, сан гээд ашгийн бус байгууллага байж болно гээд заачихсан. Үүнд нийцүүлэх гээд ядаад байгаа хэрэг. Иргэний нийгмийн байгууллага гэдэг ТББ-аар хязгаарлагддаг юм биш.