“Войс Монгол” шоуны оролцогч Мөнхбаатарын Бат-Оргилтой ярилцлаа. 25 настай тэрбээр мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, багагүй бэрхшээлийн ард гарсан авьяаслаг залуу юм. Өмнө нь ээрүү байсан гэдгээ “Войс Монгол” шоунд оролцох үеэрээ М.Бат-Оргил хэлсэн юм. Харин хичээл зүтгэлийнхээ хүчээр уг асуудлаа ардаа орхижээ. Энэ нь хэл ярианы бэрхшээлтэй олон хүүхэд, залууст итгэл, урам зориг хайрласан биз ээ. Нийгэмд сайн үлгэр дуурайл болсон түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Бүжиглэх, дуулах, жүжиглэх гээд тал бүрийн авьяастай юм аа. СУИС төгссөн үү?
-Үгүй ээ. Би “Монгени” цогцолбор сургуулийг дүүргээд, 2016 онд “Их засаг” их сургуулийн олон улсын харилцааны анги төгссөн. Улаанбаатар хотод төрсөн.
-“Войс Монгол” шоунд оролцох үеэрээ өөрийгөө ээрдэг байсан тухайгаа ярьсан. Хүмүүс хэл ярианы бэрхшээлээ ихэвчлэн нуудаг. Харин та нээлттэй ярьсан нь олон хүнд урам зориг өгсөн болов уу?
-Баярлалаа. “Войс Монгол” шоуны тайзан дээр ярьсан миний түүхийг хүмүүс төдийлөн мэдэхгүй. Сэтгэл хөөрсөндөө энэ тухайгаа ярьчихсан л даа. Би багаасаа ээрдэг байсан уч раас хүүхдүүдэд их шоглуулдаг байв. Хүссэн зүйлээ сайн илэрхийлж, ярьж чадахгүй учраас сэтгэлийн дарамтад ордог байсан. Тавдугаар ангиасаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөх хүртэл их ээрдэг байв. Үүнээсээ ичээд үе тэнгийнхэнтэйгээ төдийлөн найзалж нөхөрлөдөггүй, ангийнхантайгаа л дотно байлаа. Хүүхдүүд “Ээрүү” гэж дуудна, янз бүрээр шоглоно. Тиймээс сурагч байхдаа зожигдуу, ярих дургүй байсан. Миний ах В.Батцолмон их гоё дуулдаг учраас би түүнийг дуурайж дуулах дуртай болсон юм. Дуулах үедээ ээрэхгүй байгаагаа анзаардаггүй байж. Харин нэг өдөр дуулж байхдаа ээрэхгүй байгаагаа гэнэт анзаарсан. Дуулахдаа ээрэхгүй байсан нь амьдралд минь гэрэл асаах шиг л болсон. Ээрдэг хүмүүс харилцан адилгүй үсэг, үг хэлэхдээ гацдаг. Тухайлбал, би г, т, д үсгийг хэлж чаддаггүй байлаа. Тиймээс тэдгээр үсэг ороогүй үгээр ярьж сурах ч юм уу, хэлэхээс аль болох зайлсхийнэ. Заримдаа ээрэхгүйн тулд янз бүрийн үйлдэл гаргана. Үүнээсээ санаа зовох тохиолдол ч байсан. Би сэтгэлийн хөөрөл ихтэй хүн. Даанч хэл ярианы асуудлаасаа болоод үүнийгээ илэрхийлж чадахгүй хэцүү байсан. Ээрэх гээд байвал амаа хөдөлгөх, амьсгалаа түгжих, шүлсээ залгих гэх мэтээр үйлдэл хийхээр арай гайгүй болдог байлаа.
-Одоо ээрэхгүй сайн ярьж байна шүү дээ. Энэ бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ?
-Ямар үг хэлэхдээ ээрч байгаагаа олж тогтоож, өөрөө өөртэйгөө ажилласан. Өөрөөр хэлбэл, “Их засаг” их сургуулийн оюутан болсон анхны жилдээ ээрч буй учир шалтгаанаа хайж, судалж эхэлсэн дээ. Ном чанга унших, толь руу харж байгаад өөрөө өөртэйгөө ярихаар ээрэх нь багасдаг тухай интернэтээс уншиж мэдсэн. Тэгээд өдөр бүр толь руу харж ярьж, ном чангаар уншиж эхэлсэн. Бүр илтгэлийн тэмцээнд оролцсон шүү. Өмнө нь ээрч ярьдгаасаа болж илтгэлийн тэмцээнд ер оролцож байгаагүй. Ингэж өдөр бүр тууштай, тасралтгүй өөртэйгөө ажилласнаар хоёрдугаар курсэд байхдаа ээрэхээ больсон. Боломж л гарвал хүмүүстэй сайн ярилцаж, “хэлд орсон” хүүхэд шиг л байсан. Найзууддаа өмнө нь хэлж амжаагүй зүйлээ бүгдийг нь ярьсан байх.
-Юунаас болж ээрдэг болсон талаар аав, ээжээсээ сонсож байв уу?
-Багадаа гэнэт айсан ч юм уу, ямар нэг цочролд орохоор ээрдэг болдог тухай сонсож байсан. Миний тухайд цочролд орж байсан тохиолдол бий. Түүнээс болсон л гэж ойлгодог. Харин бүтэн нэг жилийн хугацаанд уйгагүй бэлтгэл хийснээр ээрэхгүй ярьж чадаж байна. Өдөр бүр хичээлээ тараад гэртээ ирээд нэг цаг бэлддэг байв. Өмнө нь хэлж чадахгүй байсан г, д, т үсэг орсон үгийг яриандаа түлхүү ашиглаж эхэлсэн. Уйгагүй бэлтгэл, бас зориг хэрэгтэй. Хүнтэй мэндлэхээс эхлээд л энгийн үгээр харилцаж эхлэх хэрэгтэй юм билээ. Хэл яриа сайжрах тусам өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Мэдээж маш сайн ярьдаг болоход хугацаа орно. Нэг өдрийн дотор л хүссэндээ хүрнэ гэж байхгүй. Миний нэг танил охин их ээрүү байсан. Би өөрийн туршлагаасаа хуваалцаж, толь руу харж ярих, ном чангаар уншихыг зөвлөснөөр одоо сайн ярьдаг болсон.
…Хэл ярианы бэрхшээлтэй байлаа ч хэзээ ч битгий шантар. Зүгээр болохгүй ч байж магадгүй. Гэхдээ хичээвэл ямар нэг үр дүн заавал гарна. Чангаар унш, дуул, толь руу харж байгаад өөрөө өөртэйгөө ярь. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролц. Санаа зовоод ярихгүй байвал улам л ээрсээр байх болно. Мөн та бүхний эргэн тойронд ээрдэг хүн байвал инээж шоолохын оронд ойлгож туслах хэрэгтэй шүү…
-Ойр дотнынхон тань ээрэхгүй яриад эхлэхээр их баярласан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Аав, ээж минь “Миний хүү яагаад ээрээд байна, яаж зүгээр болгох вэ” гэж санаа зовнидог байсан. Ээрдэг хүмүүс маш хурдан ярьдаг. Ингэхдээ дараагийн үгнүүдээ хольж хутгаад улам гацаад эхэлдэг. Тиймээс тайван, дэс дараалалтай ярьж сурах хэрэгтэй.
-Хэл ярианы бэрхшээл сурлагад тань сөргөөр нөлөөлсөн үү?
-Би хичээлдээ сонирхолтой, идэвхтэй байсан учраас сурлагад муугаар нөлөөлөөгүй. Гэхдээ ганцаараа юм унших, илтгэл тавих зэрэгт асуудал тулгарсан. Хүүхдүүд инээлдэж, шоглохоор бүр ярьж чадахаа больдог байлаа.
-“Войс Монгол” шоунд яагаад оролцохоор болсон юм бэ?
-Би дуулах маш дуртай. Дуулахаар би ээрэх гэдэг асуудлыг мартдаг байсан. Гадаад улсад зохион байгуулсан “The Voice” шоуг шимтэн үздэг байв. Тэгээд хоёр дахь удаагийн “Войс Монгол” шоунд оролцох шийдвэр гаргасан. Харамсалтай нь, телевизийн ажилтнууд өөрсдөө оролцох боломжгүй гэсэн хариу сонссон. Өөрөөр хэлбэл, би “Монгол HD” телевизийн охин компани “Volume plus”-д ажилладаг байсан юм. Тухайн үедээ шоунд оролцож чадсангүй гээд сэтгэлээр их унасан л даа. Гэтэл азаар гурав дахь удаагийн “Войс Монгол” шоу зохион байгуулагдлаа. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд ажлаасаа гарч, тэмцээндээ оролцсон.
-“Хурд” хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр шүүгчийн багийн анхны гишүүн нь болсон шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байв?
-Маш их сандарсан. Би амьд хөгжимд илүү сонирхолтой учраас Д.Отгонбаяр шүүгчийг сонгосон.
-Шоуны дараа магтаал багагүй сонссон болов уу. Хүмүүс эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Дууны багштай юу?
-Би 2018 онд “Nature sound” хөгжмийн продакшнд суралцаж, төгссөн. Продюсер Б.Дашдондог багшаас “номын дуу” сонссон хүн. Тэр цагаас дуунд илүү дурлаж, шимтэн сонсдог болсон. Тухайлбал, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, Төрийн соёрхолт Х.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт Д.Болд, дуучин Н.Наранбаатар, Д.Уламбаярын дууг сонсох дуртай. Гадаадын дуучдаас гэвэл Mariah Carey болон “Queen” хамтлагийг их сонсдог.
-Одоо хаана ажиллаж байна вэ. Нэг хэсэг “Шинэ үе” продакшнд ажилласан байх аа?
-Тийм ээ. Их сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшнд анх бүжигчнээр ажилласан. Хоёр жил ажиллаад “Аглуу” энтертайнментийн хоёр тоглолтод оролцсон. Дараа нь “Volume plus”-д ажилласан. Анх урлагийн гараагаа бүжигчнээр эхэлсэн юм байна. 2016 оны “Авьяаслаг монголчууд” шоунд хамтлагаараа амжилттай оролцож байлаа. Одоо “Туг нэтворк” ХХК-ийн видео эдитороор ажиллаж байна. Бид “TippyТop” контент нийлүүлдэг. Энэ нь богино хэмжээний зохиомжтой, төрөл бүрийн дүрс бичлэг. Үзэгчдэд гэгээлэг, өнгөлөг зүйл үзүүлэхийг зорьдог. Өдөр бүр шинэ бичлэг оруулдаг юм. Манайхан бүгд зургаа өөрсдөө авна, тоглолт, бичлэгтээ ч өөрсдөө ордог. Одоогийн байдлаар тус контентыг бүтээхэд 10 хүн ажиллаж байна. Цаашид жүжигчин, эдитор зэрэг шинэ ажилтан авч, бүрэлдэхүүнээ тэлэхийг зорьж байгаа. Бид богино хэмжээний бичлэгийнхээ санааг өөрсдөө олж, ямар өнцгөөс олон нийтэд хүргэхээ ярилцаж шийддэг.
-Цар тахал, ухаалаг утасны замбараагүй хэрэглээнээс болж хүүхдүүд хэлд оройтож орох болсныг мэргэжилтнүүд хэлэх болсон. Ээрдэг, гацдаг гээд хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд ч цөөнгүй бий. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч.
-Өөрөөсөө битгий ич гэж хэлье. Өөртөө итгэлтэй байж, аль болох хүмүүстэй сайн ярилц. Би анх өөрийгөө хэзээ ч засрахгүй нь гэж бодож байсан. Гацаж ээрэхгүй ярьж байгаа хүмүүсийг хараад “Яаж ингэж сайн ярьдаг юм бол, ямар байдаг бол” гэж боддог байлаа. Өсвөр насандаа мэдээж охидыг сонирхож эхэлсэн. Тэр бүртээ өөрийгөө илэрхийлж чадахгүй сэтгэлээр их унаж шаналдаг байв. Ээрч гацахыг монголчууд байдаг л зүйл гэж ойлгодог. Гэтэл үнэндээ ээрдэг хүмүүс сэтгэл санааны дарамтад их өртдөг. Тайван амарч ч чаддаггүй. Хэл ярианы бэрхшээлтэй байлаа ч хэзээ ч битгий шантар. Зүгээр болохгүй ч байж магадгүй. Гэхдээ хичээвэл ямар нэг үр дүн заавал гарна. Чангаар унш, дуул, толь руу харж байгаад өөрөө өөртэйгөө ярь. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролц. Санаа зовоод ярихгүй байвал улам л ээрсээр байх болно. Мөн та бүхний эргэн тойронд ээрдэг хүн байвал инээж шоолохын оронд ойлгож туслах хэрэгтэй шүү.
-Цаашдынхаа зорилгоос хуваалцахгүй юу?
-Дуучин болох. Шинэ дуу бүтээх. Өөрийгөө сорьж үзэхийн тулд “Войс Монгол” шоунд оролцсон. Амжилт гаргана гэж итгэж байна.