УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн чуулганаар хэрхэн ажилласан талаар тус байнгын хорооны дарга С.Бямбацогт зарим гишүүний хамт мэдээлэл өглөө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх бодлогыг баримталж, идэвхтэй ажиллаж байгааг тэд дурдаад, Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилсон үйл явцын талаар онцлон байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ олон нийтийн мэдэх эрхийг хангах, парламентын дотоод ардчиллын хүрээнд аливаа шийдвэр гаргах үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах чиглэлд Хууль зүйн байнгын хороо бодит ажлыг хийсэн гэж байлаа. Түүнчлэн шүүх, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын 2022 оны төсөвт тус байнгын хорооны гишүүд онцгой анхаарал хандуулан, Засгийн газар, Сангийн яам тэргүүтэй холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, идэвхтэй ажилласнаар зохих үр дүнд хүрсэн гэв.
Тэд энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилсон. Ингэхдээ зарим хүнийг, тухайлбал, Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон нь нэлээд шүүмжлэл дагууллаа. Энэ тухайд юу хэлэх вэ?
С.Бямбацогт: -Аливаа хуулиар өнгөрснийг зохицуулдаггүй. Ирээдүйд болох асуудлыг урьдчилж харж, зохицуулах учиртай. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа уг албанд ажиллаж байгаагүй гэдэг шаардлага тавьсан. Энэ нь одоо томилогдох гишүүд дахин тус зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй гэсэн үг. Үүнийг манай гишүүд “Урьд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг одоо нэр дэвшүүлж болохгүй” гэсэн агуулгаар ойлгон тайлбарлаж, тодорхой асуудал үүссэн. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам байнгын хорооны гишүүнээс олонхын санал авч чадаагүй. Мөн олонхын санал авсан нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлэг хүлээгээгүй. Хуулийн дагуу олонхын санал аваагүй нэр дэвшигчийн дараагийн хүнийг томилох, эсэхийг хэлэлцэх ёстой. Ингээд Д.Зүмбэрэллхам нэр дэвшигчийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, олонхын санал авснаар томилогдсон юм. Энэ бүхнийг хуулийн дагуу хийсэн.
Ер нь Шүүхийн тухай хуульд маш том өөрчлөлт оруулсан. Төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохдоо сонсгол хийж, хараат бус ажлын хэсэг сонгон шалгаруулдаг болсон нь том дэвшил. Өөрийгөө шаардлага хангасан гэж үзэж байгаа хэнд ч нэр дэвших эрхийг нь нээлттэй болгосон. Гэхдээ томилохдоо олон шалгуур тавьж байгаа. Ингэснээр даргын цүнх барьдаг, хэн нэгний “халаас”-нд явж байгаад албан тушаалд томилогддог явдал бараг үгүй болж байгаа юм. Өмнө нь хэдхэн дарга нар яриад л нэр дэвшүүлдэг байсан шүү дээ. Тэгээд дэвшүүлсэн хүнийг нь УИХ дахь олонхын бүлэг нь үг дуугүй дэмжиж, асуулт тавьж, саналаа ч хэлэлгүй томилдог байсан. Одоо хэн нь мэдлэгтэй, чадвартайг олон нийт мэддэг болсноор том давуу тал үүснэ.
Ж.Сүхбаатар: -УИХ төгс шийдвэр гаргадаггүй, олонхын саналаа дагадаг. Төгс, сайхан хүн томилох, эсэх нь 100 хувь УИХ-ын ажил биш л дээ. Иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт тухайн томилгоог эсэргүүцэх эрхтэй. Хэрэв сонгон шалгаруулалтыг далд явуулсан бол гомдол гаргаж, эсэргүүцэх ч боломж бүрдэхгүй шүү дээ. Магадгүй тухайн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа бол итгэл үнэмшлийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцэд хандаж, буруу, зөвийг нь тогтоолгож болно. Нэг, хоёр хүнийг томилохдоо хуудуутай шийдвэр гаргасан гээд бусдыг нь нулимж болохгүй. Өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл ахисан шүү дээ. Дараа, дараагийн томилгоонд эргэлзээтэй, асуудалтай хүмүүс өөрсдийнхөө нэрийг дэвшүүлэхээ болино.
-Хүний эрхийн үндэсний комиссын эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалт яагаад удаад байгаа юм бэ?
-С.Бямбацогт: -Анх сонгон шалгаруулалт зарлахад хоёр нэр дэвшигч хүсэлтээ ирүүлсэн. Гэвч тэд хүсэлтээ татсан учраас нэр дэвшигчгүй болсон юм. Ингээд өнгөрсөн сарын эхээр дахин сонгон шалгаруулалт зарласан. Хүмүүс нэр дэвших хүсэлтээ ирүүлж байна. Энэ удаагийн чуулганы завсарлагаар сонгон шалгаруулах ажлын хэсэг ажиллаж, ирэх хаврын чуулганаар томилох, эсэхийг хэлэлцэнэ.
-Эрүүгийн хуулийг эргэн харж, худал мэдээлэлд холбогдуулан хариуцлага хүлээлгэх заалтыг өөрчлөх төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ талаар тодруулахгүй юу?
Б.Энхбаяр: -Нийтийн мэдээллийн ил тод байдлын болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг батлах үеэр төрийн, албаны нууцын талаарх хууль, эрх зүйн орчныг эргэн харах ёстойг гишүүд хэлж байсан. Засгийн газар энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, ирэх хаврын чуулганд өргөн барьж, хэлэлцүүлнэ гэж найдаж байна. Яагаад гэвэл, одоо төрийн албаны дарга нар албаны мэдээллийг нууцад хамруулах, эсэхийг бие даан шийдэж байгаа. Бүхий л мэдээлэлдээ тамга даран, “албаны нууц” гэдгээр олон нийтээс нуух явдал хавтгайрсан. Цаашлаад тухайн байгууллагын даргын үзэмжээр нууцын тамга дарсан мэдээллийг ил болгосны төлөө Эрүүгийн хуулийн дагуу 2-8 жилийн хорих ял хүлээхээр байгаа. Ингэж болохгүй, энэ бол буруу. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны гуравдугаар сард миний бие зарим гишүүний хамт Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлсэн. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх, эсэхийг нь шийдэх байх. Өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Сонгуулийн үеэр манайхан хийрхдэг, “халуурдаг”, худал мэдээлэл, гүтгэлэг хавтгайрдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл санааг мушгих эрсдэлтэй байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Өдгөө хуульд байгаа “худал мэдээлэл түгээх” гэдэг зүйл ангийг буцаагаад “гүтгэх” болгохоор уг төсөлд тусгасан юм. Учир нь худал мэдээлэл нь хэд хэдэн үзэл санааг агуулдаг. Юуны түрүүнд, бодит байдлаас өөр бүх зүйл худал. Тэр мэдээллийг санаатай, эсвэл санамсаргүйгээр түгээж байгаа, эсэхийг ялгаж, салгадаггүй. Гэтэл санамсаргүйгээр тухайн хүний нэр төрд халдаж, ямар ч гүтгэх сэдэл агуулахгүйгээр алдаа гаргаж болдог. Энэ бол алдаа. Хэвлэл мэдээллийнхний хувьд үүнийг мэргэжлийн алдаа гэдэг. Жишээ нь, тоо, эсвэл үсэг алдаж болно. Нэг үсэг алдахад өөр утга гаргах тохиолдол байдаг шүү дээ. Үүнийх нь төлөө ял шийтгэл оноогоод байж болохгүй. Харин гүтгэх гэдэг бол зориуд, санаатайгаар мушгин гуйвуулдаг үйлдэл. Тиймээс худал мэдээллээс ялгаж, “гүтгэх” зүйл, анги болгож байгаа юм. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хардаж, сэрдсэн иргэдийн үйлдэлд энэ зүйл ангиар хэрэг үүсгэхгүй. Улстөрчдийн зарим нь “Бид ч бас хүн шүү дээ” гэдэг. Өөрөөр хэлбэл, албаны нэр хүндэд нь халдаж байгаа үйл ажиллагааг хувийн нэр төрд халдаж буйгаас зааглаж байгаа юм. Харин тухайн албан тушаалтныг хүнийх нь хувьд нэр төрд нь халдаж байгаа тохиолдолд хариуцлага тооцож болно. Үүнийг хуулиар хаагаагүй. Тухайлбал, албан тушаалтан улаан гэрлээр зам хөндлөн гарсан гэж мэдээлэл түгээлээ гэж бодъё. Албан тушаалтныхаа хувьд зам хөндлөн гарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Харин тухайн албан тушаалтан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг тодорхой баримттай мэдээлэл гарвал үүнд гомдоод байх хэрэггүй гэсэн үг. Тэр албан тушаалтан нийтийн эрх ашгийг төлөөлж байгаагийнхаа хувьд илүү хүлээцтэй байх ёстой. Нөгөө талаас, тэр ярвигтай эх сурвалж бүхий мэдээллийг нотол гэж шаардаж болохгүй. Авлига аваагүй, үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэдгээ албан тушаалтан өөрөө л нотлох ёстой. Үүний дараа шүүх, цагдаагийн байгууллагад хандахгүй бол албан тушаалтнууд иргэд болон сэтгүүлчдийг олноор нь хууль, хяналтын байгууллагаар шалгуулан, эх сурвалжаа хэлэхийг шаардаж байна. Энэ бол иргэний нийгмийн байгууллагынхны дуу хоолой, мэдэх эрхийг хаах зорилготой үйлдэл.