Манай улсын цэрэг, армийнхан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулганыг Монголд зохион байгуулахаар болсон. Эмэгтэй энхийг сахиулагчдын нэг, ахмад Э.Бямбасүрэнг “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын энхийг дэмжих ажиллагааны мэргэжилтэн юм.
-Цэргийн албыг “чанга” л гэдэг. Яагаад энэхүү хүнд гэмээр албыг сонгосон бэ?
-Зүүдэлж сэрээд ч юм уу, эсвэл дүрэмт хувцастай эмэгтэй сайхан харагдахаар нь сэтгэл хөдлөөд энэ албыг сонгоогүй юм. Миний хувьд эхлээд багш, орчуулагчийн ангид сурч төгсөөд, гадаад руу явж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлснийхээ дараа цэргийн албыг сонгосон. Нэг үгээр хэлбэл, ухамсар суусан хойноо, юу хийх ёстойгоо ойлгосны дараа ажлаа сонгосон. Дуртай ажлаа хийхэд хэцүү, хүнд санагддаггүй.
-Цэргийнхэн ар гэртээ тэр бүр анхаарал тавьж чаддаггүй байх. Ар гэрийн ажлаа хэнд даатгадаг вэ, эсвэл өөрөө амжуулдаг уу?
-Тангараг өргөсөн цэргийн алба хаагч эмэгтэй бусадтай харьцуулахад ар гэртээ анхаарал хандуулах цаг зав хомс. Амралтын өдөр ч би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад өөр ажил, мэргэжилтэй гэрийн эзэгтэй, эмэгтэйчүүдийн олонх нь л гэртээ, хүүхдүүдтэйгээ хамт амарна шүү дээ. Энэ мэтчилэн ар гэр, ахуйгаасаа хол байх үе гарна аа. Ажил, албаны минь онцлогийг ойлгодог гэр бүлтэй байна гэдэг маш чухал. Оройтоод ороод ирэхэд халуун хоол аягалаад, инээгээд угтдаг ээж минь л миний найдвартай ар тал. Бүхий л асуудлыг минь зохицуулж, санаа зовох зүйлгүй, ажилдаа л анхаарах боломж олгодог. Энэ завшааныг тохиолдуулаад ээждээ баярлалаа, хайртай шүү гэж дамжуулъя.
-Байнгын бэлтгэл сургуулилалт хийж, үргэлж тушаалын дагуу үүрэг гүйцэтгэдэг албанаасаа шантарч байв уу. Наад зах нь цэргийн гутал, шинель их хүнд гэх юм билээ.
-Бүхий л төрлийн ажил алба эрхэлдэг, ер нь хүн бүр хэзээ нэг үед, ямар нэг хэмжээгээр шантардаг байх. Харин шантраад бууж өгөх үү, үргэлжлүүлээд тэмцээд босож ирэх үү гэдэг нь тухайн хүнээс шалтгаална. Шантраад бууж өгөхгүй байх сэтгэлийн тэсвэр, тэвчээр, хатуужлыг цэргийн алба олгодог, ойлгуулдаг. Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг гэдэг дээ.
-НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор тэнцэнэ гэдэг хүн бүхний чадах хялбар даваа биш байх. Байнгын бэлтгэл сургуулилалттай хүмүүс өрсөлдөж байхад ялгарч, түүчээлж гарч ирнэ гэдэг их л чадвар шаардах байх, тийм үү?
-Хамгийн эхэнд бие, сэтгэцийн эрүүл мэнд чухал. Мөн бие бялдрын бэлтгэл, гадаад хэлний мэдлэг шалгадаг. Миний англи хэлний мэдлэг арай жаахан илүү байсан нь бусдаасаа ялгарах давуу тал болсон болов уу. Үндэсний батлан хамгаалах их сургуульд англи хэлний багшаар олон жил ажилласан, энхийг сахиулах ажиллагаанд оролцох офицер, ахлагч нарт англи хэлний хичээл зааж байсан минь их хэрэг болсон.
-Та хэдэн удаа энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлж оролцов. Халуун оронд, галын шугамд, хэзээ ч зэвсэгт тулгаралт болж мэдэх газарт үүрэг гүйцэтгэхээсээ эмээж байв уу?
-Баруун Сахар дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд ажиглагч офицероор үүрэг гүйцэтгээд ирсэн. Эхэндээ явна гэж баярлаад гэх үү, хөөрөөд гэх үү, айхаа мэдээгүй ээ. Харин гэр бүлийнхнийг минь төлөөлөөд аав “Гомдолгүй” гэсэн бичигт гарын үсэг зурахад жаахан эмээх сэтгэл төрсөн. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаандаа Монгол Улсын зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллахыг үүрэг болгодог. Энэ үүргээ нэр төртэй биелүүлээд Монголын үе үеийн энхийг сахиулагчдын нэр хүндийг унагаахгүй ажиллана даа л гэж их бодогдож байсан.
-НҮБ-ын ажилтан байх нь нэр хүндтэй, бас хариуцлагатай алба. Та тэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Баруун Сахар дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэх эхний зургаан сар “Teamsite” цэргийн ажиглагчийн баазад ажилласан. Тэнд ажиллах хугацаандаа долоо хоногт дунджаар 800 км газрын, 14 хоногт нэг удаа агаарын эргүүлд эргүүлийн дарга, жолоочоор ажилладаг байв. Үүнээс гадна давхар “Teamsite” баазын хүнсний болон хүний нөөцийн офицерын албан тушаал хашдаг байлаа. “Teamsite”-д байх хугацаанд ажиллагааны төв штабт сургалтын офицер шалгаруулж авах зарын дагуу зохих шаардлагуудыг хангасан тул хүсэлтээ гаргаж, материалаа илгээсэн. Ингээд долоон өөр улсаас ирсэн хурандаа, дэд хурандаа нартай хамт сонгон шалгаруулалтад оролцоод, хамгийн сүүлд ажиллагааны хүчний командлагчийн ярилцлагад ороод тэнцсэн. Сүүлийн найман сар ажиллагааны төв штабтаа Сургалтын хэлтсийн дарга, сургалтын офицерын үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 28 улсын 168 ажиглагч офицерт танилцуулах сургалт явуулж, англи хэл, жолооны ур чадварын шалгалт зохион байгуулсан. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед сургалтуудыг цахимаар зохион байгуулсан зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна.
-Тухайн газарт үүрэг гүйцэтгэж байхад хүндрэлтэй зүйл хэр олон тохиолдсон бэ. Үүрэг гүйцэтгэж байхдаа эх орноо, үр хүүхэд, хань ижлээ санадаг байх?
-Баруун Сахарт хамт үүрэг гүйцэтгэж байсан хоёр эмэгтэй офицероороо бахархдаг. Тэд үнэхээр туршлагатай, элгэмсэг, хүний нутагт ээж, аав, гэр бүлийн гишүүн шиг байдаг. Дэд хурандаа Б.Нарангэрэл, Х.Чанцалмаа гэж хоёр сайн найз, хамтрагч, багштай болсон доо. Энэ хоёроосоо их зүйл сурсан. Үүрэг гүйцэтгэж байхдаа гэрээ их санана аа. Тэр болгонд гуниглаад байж болохгүй. Хэцүү үед “Харанга”- ын Х.Лхагваагийн дуунуудыг сонсдог байв. Яг үүрэг гүйцэтгэж байх үед Монголд “Войс Монголиа” шоу зохион байгуулж, оролцогчид нь “Өнө мөнх орон” дууг шинэчлэн дуулсан юм. Тэрхүү дууг маш олон удаа сонссон. Ээжийн тухай дуу харин аль болох сонсохгүйг хичээдэг. Сонсохоор ээжийгээ санаад уйлчих гээд байдаг.
-ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын энхийг дэмжих ажиллагааны мэргэжилтний хувьд энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү.
-Одоогоор НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монголын 800 гаруй алба хаагч дэлхийн таван өөр халуун цэгт үүрэг гүйцэтгэж байна.
-Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Бас эмэгтэй энхийг сахиулагчид Монголд чуулна. Үүнд хэрхэн бэлтгэж байна вэ?
-Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж цөөнгүй ажил эхлүүлсэн. Энхийг сахиулагчдын ололт амжилт, хуримтлуулсан туршлагыг дүгнэх эрдэм шинжилгээний хурал, алба хаагчдын ажил үйлсийг нийтэд таниулах, сурталчлах нэвтрүүлэг, гэрэл зургийн цомог, баримтат кино бүтээх зэрэг ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Монгол Улсаас нийт 19 000 гаруй алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 800 гаруй нь эмэгтэй. Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ирэх гуравдугаар сарын 4-нд зохион байгуулна. Мөн “Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоонд тулгарч буй сорилт, бэрхшээл, сайн туршлага” олон улсын хурлыг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
-Батлан хамгаалахын сайд энхийг дэмжих ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн квотыг нэмэхээ мэдэгдсэн байх аа?
-Дээр хэлсэнчлэн 2021 оны байдлаар 800 гаруй эмэгтэй алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс 60 нь цэргийн ажиглагч болон штабын офицероор ажилласан. Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгаа. Эмэгтэй энхийг сахиулагчийн тоог нэмэгдүүлэх, ялангуяа удирдах түвшний албан тушаалд ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Зөвхөн манай алба хаагчид бус, бусад орны эмэгтэйчүүд энхийг сахиулах ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Эмэгтэй энхийг сахиулагчдын гол үүрэг нь орон нутгийн иргэд, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байдаг. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд тэдэнтэй ярилцах, мэдээлэл цуглуулах нь чухал. Тиймээс англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Иймээс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх сонирхолтой эмэгтэй офицер, ахлагчид гадаад хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай байдаг.