Монголын театрын урлагт тод мөрөө үлдээж, алтан үеийнхний залгамж халааг ур ухаан, авьяас билгээрээ сэлбэн өвлүүлсэн нэгэн эрхэм хүмүүнийг “Дурсахуй”-д онцоллоо. Тэр бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, багш Дорждуламын Маамхүү. Нөр их хөдөлмөрөө төр, засгаас хангалттай үнэлүүлж чадалгүй бидний дундаас “буцсан” эл эрхмийн бэлтгэсэн шавь нар өнөөгийн Монголын тайз, дэлгэцийн урлагийг өнгөлж, түүчээлсээр явна.
Дорждуламын Маамхүү 1930 онд Баянхонгор аймгийн Богд сумд төржээ. Хуучнаар Ламын гэгээний нутаг. Тэнд төрж, тав, зургаан нас хүртлээ амьдарч, дараа нь Өвөрхангай аймгийн Баянзүрх сумд хэсэг хугацаанд аж төржээ. Багадаа Өвөрхангай аймгийн Баянзүрх сумын танхим буюу бага сургуульд суралцаж, есөн настайдаа Улаанбаатарт ирсэн аж. Өсвөр насанд нь дайны хүнд цаг үе таарч, 13 настайгаасаа сургуулиасаа гарч ажил хийсэн гэдэг. Эгч нь дотуур байранд суудаг тул ээжийгээ асарч, тэжээхээс аргагүйд хүрч, Төмрийн заводад хэвчин болжээ. Тэр хүнд ажлыг 13 настайгаасаа 17 хүртлээ хийсэн аж. Ширэм хайлуулаад, цутгах бэрх ажил хийж явсан үеийнхээ талаар тэрбээр “Дайны жилүүд учраас юм ховор. Идэж, уух юм олдохгүй. Цалин мөнгө гээд байх ч юм байхгүй. Зах болон Хятадын пүүсээс үнэтэй мах, ногоо авдаг байлаа. Тиймээс аргагүйн эрхэд хүнд ажилд орсон юм. Норм биелүүлж байж цалин авна. Би заримдаа сард 700 төгрөг хүртэл авдаг л байлаа. Тэр үед чинь мөнгө хатуу байсан цаг” хэмээн дурсаж байв.
Тэрбээр багаасаа жүжиг үзэж, том жүжигчдийн тоглолтыг хардаг байсан гэнэ. Гэвч үзэх юм ховор. Консулын дэнжид орос мэргэжилтнүүдийн кино үздэг байж. Юм үзэх боломж хаана л байна, тэнд Д.Маамхүү гүйж явна. Цэргийн клуб, Амгаланд хүртэл гүйж очиж кино үзнэ. “Бөмбөгөр ногоон”-д жүжиг үзнэ. Хүний доогуур шургаж, нуугдаж ороод л жүжиг үзчихдэг байж. Мөн тухайн үед “Сүхбаатар”, “Цогт тайж” зэрэг мундаг кино гарч, тэдгээрт тоглосон жүжигчдийг харж, биширч, “Энэ хүн шиг жүжигчин болох юм сан” гэсэн мөрөөдөл тээх болжээ. Түүнийг урлагт хөтөлсөн, дурлуулсан өөр нэгэн эрхэм бол нагац ах Д.Гончиг нь. Тэрбээр Монголд Кино зургийн хороог анх байгуулах үед даргаар нь ажиллаж, кино бий болгох, хөгжихөд шаардлагатай техник, хэрэгсэл захиалж авчруулах бүхий л ажлыг хийж явсан нэгэн юм. Түүний байгуулсан Киноны зургийн хороо сүүлд Кино үйлдвэр болж өргөжсөнийг уншигчид мэдэх биз ээ. “Монгол хүү” киног бүтээж байх үед Д.Гончиг ах нь даргаар ажиллаж байв. Тухайн үед Д.Маамхүү ахынхаа эрхэлдэг ажилд ихэд дурлаж, “Ийм хүн болох юм сан” гэж бодох болсон гэнэ. Ингээд жүжигчин болохоор шийдэж, 1947 онд анх “Бөмбөгөр ногоон” театрт шалгуулахаар зориг шулуудан, очжээ. Ингэж 17 настайд нь түүний амьдралын зам Төмрийн заводаас өөр тийш эргэсэн юм.
“Бөмбөгөр ногоон” театрт очиход нь анхаарал, сонсголыг нь шалгаж, этюд хийлгэж үзсэн гэдэг. Тэр бүхнийг нь чадахынхаа хэрээр хийж, төдөлгүй тэнцсэн хүүхдүүдийн нэрсийн жагсаалт гарахад Д.Маамхүүгийн нэр багтжээ. Ингэж тэрбээр урлагийн сургуульд хүмүүсийн хэлж дадсанаар “алтан” Цэгмэд буюу Цагааны Цэгмэд багшийнхаа ууган шавь болжээ. 1950 онд 13-уулаа сургуулиа төгсөж, тэднээс дөрөв нь дөрөвдүгээр зэргийн жүжигчин болсон байна. Тухайн үед улсын дөрөв, гурав, хоёр, нэгдүгээр зэргийн жүжигчин гэж эрэмбэлдэг байж. Тэдний ангиас Ардын жүжигчин А.Очирбат, баримтат киноны алдарт найруулагч Д.Хишигт, найруулагч С.Туваанжав нарын олон алдартан төрсөн юм.
Д.Маамхүү оюутан ахуй үедээ уран бүтээлийн гараагаа А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн загасчин өвгөнд тоглож эхэлжээ. Энэ талаараа “Өвгөн болох гэж янз бүрээр үзнэ. Гадна, дотроос нь янз бүрээр төсөөлөх гэж оролдоно. Ихэвчлэн гадна талаас нь хуулдаг байсан байх, тэр үед. Сэтгэхүйн урлаг гэдгийг сайн ойлгодоггүй ч байсан юм уу, мэдэхгүй. Ц.Цэгмэд багш “Дуу хоолой, байгаа байдал нь яг өвгөн. Болж байна” гэдэг сэн. Өвгөн хүн яаж явдаг, ярьдгийг судлаад л. Сургуулийнхаа хашаанд таяг тулчихаад, ганцаараа явж байдаг. Хүүхдүүдээс айна, ичнэ ч гэж байхгүй. Ганцхан тэр дүр л дотор бодогдоод юун ичих манатай” хэмээн дурсаж байлаа. Тэрбээр дараа нь өөр нэг жүжигт мөн л өвгөний дүрд тоглож. Хоёр ч удаа өвгөнд тоглосон болохоор ч тэр үү, дипломын ажлаа бас л өвгөний дүрээр хамгаалж байсан гэдэг.
1950 онд Улсын хүүхэд, залуучуудын театр байгуулах үед Ц.Цэгмэд багш нь шавь нараа тийш илгээжээ. Ингэж Д.Маамхүү тус театрын суурийг тавилцсан анхны жүжигчдийн нэг болов. Тэнд ажиллах хугацаандаа “Үнэт үр”, “Би гэртээ харих сан”, “Нэг ангийнхан”, “Санасан ёсоор бүтэх болтугай” зэрэг жүжигт тогложээ. Тэрбээр 1957-1959 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт найруулагч, 1959-1961 онд Улсын хүүхэд, залуучуудын театртаа туслах найруулагчаар ажилласан байна.
1961-1966 онд Д.Маамхүү ЗХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийг А.Тумановын удирдлагад найруулагч мэргэжлээр суралцаж төгсөв. Төгсөж ирээд Улсын хүүхэд, залуучуудын театртаа найруулагч, театрын даргаар ажилласан юм. Тэрбээр тус театрт “Хүний бодол өөр болжээ”, “Залуу гварди”, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт “Онцгой даалгавар”, “Гарын таван хуруу”, “Баавгай дуулах уу”, “Хөдөөгийн хүүхэн”, “Будилаан” жүжгийг тавьжээ. Мөн Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт “Задын чулуу”, “Эсэн мэнд яваа цагт”, “Найрын ширээний ууц”, “Шүрцэцэгийн зураг”, “Шарай голын гурван хаан”, “Катя минь уучлаарай”, “Чоно ба долоон ишиг”, “Хянганы түлхүүр” жүжгийг найруулан тавьж байв. Түүнчлэн Улсын драмын театрт 1972 онд “Инжгүй хүүхэн” жүжгийг тавьж, гол дүрд нь Н.Сувдыг тоглуулж байлаа. Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Сургууль төгсөөд удаагүй, туршлагагүй надтай ажиллах амаргүй л байсан болов уу. Гайхалтай, мундгууд тэр жүжигт ажиллаж, би тэдэнд чирэгдэж байлаа. Гэхдээ Д.Маамхүү найруулагч хэзээ ч хүний урмыг хугалах үг надад хэлж байгаагүй. Надад ажиллах боломж, орон зай олгож, итгэл өгсөн учраас би эл уран бүтээлд амжилттай тоглосон. Тиймдээ ч түүнд үргэлж баярлаж явдаг” хэмээсэн юм.
1971 оноос Д.Маамхүү жүжигчин бэлтгэх үйлсэд зүтгэжээ. Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн Кино, драмын тэнхимд багш, эрхлэгчээр ажиллаж, мөн СУИС, “Харцага” кино урлагийн дээд сургууль, “Сити” их сургуульд багшилж байв. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж “Багш минь алтан үеийн уран бүтээлчдийн уламжлалыг хадгалахын зэрэгцээ, ГИТИС-ийн сургалтын дэгийг өөртөө тээж, Монголд нутагшуулах, эзэмшүүлэх ажилд асар их үүрэг гүйцэтгэсэн. Ийм мундаг хүнээс би жүжигчний уран чадварын мэргэжил эзэмшсэн. Жүжигчин хүн уран бүтээлээр үргэлж цангаж, өвчилж, өөрийгөө уран бүтээлд хэрхэн зориулж, түүнийхээ төлөө яаж амьдрах ёстой юм бэ гэдгийг бидэнд заадаг, үлгэрлэдэг байлаа. 1982 онд бидний төгсөлтийн баяраар багшийн хэлсэн үгийг би байнга санаж явдаг. “Миний хүүхдүүд, би нэг л зүйл захья. Та нар хүнд хэрэгтэй хүн байгаарай” гэсэн. Би шавь нартаа ч багшийнхаа энэ үгийг дамжуулж хэлдэг” хэмээсэн юм. Тэрбээр Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Г.Равдан, хошин урлагийг үндэслэгч Гавьяат жүжигчин Б.Батзаяа, нэг хүний театрыг үүсгэн байгуулагч Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг, Гавьяат жүжигчин И.Одончимэг гээд тоочвол барагдахааргүй хэдэн зуун шавьтай.
Түүнийг 2014 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнасан юм. Шавь нар нь “Та түүх, намтраа бичээд өгөөч. Бид таныг “гавьяат”-д тодорхойлоод өгье” гэж хэлдэг байсан ч цааргалж явсаар хожуу гардсан нь тэр. “Гавьяат гэдэг чинь авах гэж санаархаад, горьдоод байх цол биш. Энэ шагналыг хүртэх хэмжээнд хийх зүйлсийг нь гүйцээж байж гардах шагнал. Харин энэ шагналыг хүртэхэд нөлөөлсөн том хүчин зүйл бол миний шавь нар. Тэдний минь буян хишиг” хэмээн тэрбээр энгэрээ цоолуулсан өдрөө хэлж байлаа.
Түүний Монголын театрын урлагт туурвисан жинтэй уран бүтээлүүд, жүжигчин мэргэжлийг өвлүүлэн эзэмшүүлэхийн төлөө сэтгэл оюунаа зориулсан буянт үйлс нь хэзээ ч бүдгэрэхгүй.