MBC компанийн захирал, Гавьяат барилгачин С.Батчулуунтай ярилцлаа. Тэрбээр барилгын салбарт 40 орчим жил ажиллан, гурван хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлж байсан компаниа 300 ажилчинтай томоохон үйлдвэрлэгч болгон хөгжүүлсэн нэгэн.
-Та ажлын гараагаа аль байгууллагаас эхлүүлж байв?
-Би 1976 онд одоогийн ШУТИС-ийн мод боловсруулах үйлдвэрийн инженер технологийн ангид элссэн. 1981 онд сургуулиа төгсөөд хуучнаар Мод боловсруулах комбинатад ажилд орсон юм. 1986 оноос Хөнгөн үйлдвэрийн яамны барилга угсралтын контор руу шилжин, даамлаар ажиллаж эхэлснээс хойш өдий хүртэл барилгын салбарт ажиллаж байна.
-Таныг сургуулиа төгсөх үед манай улсын барилгын салбарын өнгө төрх ямар байсан бэ?
-1980-аад оны дунд хүртэл бид олон давхар барилга барьж чаддаггүй байлаа. Орос, Японы инженер, ажилчидтай л нийлж барьж байв. Би “Говь” компани болон Ариун цэврийн цаасны үйлдвэрийг барилцан, техникийг нь угсарч, байрлуулахад япончуудтай хамт ажилласан. Миний хувьд анх удаа л олон давхар барилгын ажилд оролцон, том оврын техникүүдийг өргөж, буулган, угсралцсан нь тэр. “Говь” үйлдвэрийн угсралтыг хийх явцад их ч юм сурч, мэдсэн дээ. Мөн Сүлжмэлийн болон Талх чихрийн, Гутлын, Нэхээсгүй эдлэлийн зэрэг манай томоохон үйлдвэрийн барилгыг барих, өргөтгөхөд гар бие оролцсон. Тухайн үед нарийн мэргэшсэн боловсон хүчний тоо манай улсад цөөн, дадлага туршлага муутай байлаа. 1990-ээд онд Бөхийн өргөөг барих талаар монгол инженер, ажилчид хэлэлцэн, таазыг нь хэрхэн дугуйруулбал ончтой байхыг зөвлөлдөж байв. Монгол барилгачид анх удаа тийм хэлбэр хийцтэй байшинг, ард түмний хандивын хөрөнгөөр барьсан нь тэр. Ер нь хандиваар цөөнгүй барилга барьсан. Тухайлбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад зарцуулах хөрөнгийн багагүй хувийг албан хаагчид, ажилчдын хандиваас цуглуулсан. Улсын үйлдвэрийнхэн болон албан байгууллагын ажилчид бямба гараг бүрт субботник хийн, олсон орлогоо ЭХЭМҮТ-ийн барилгыг барих хөрөнгө босгоход шилжүүлж байсан нь санаанаас гардаггүй юм.
-Барилгын салбарт ажиллаад удаагүй, залуу мэргэжилтэн байхад тань зах зээлийн эдийн засагт манай улс шилжжээ. Төрийн өмчийн барилга, угсралтын бааз, үйлдвэрүүд тарсны дараа юу хийж эхлэв?
-1990 онд барилга угсралтын конторынхон болон бусад бүх үйлдвэр, бааз, цех тарсан. Би 1990-1993 онд ОХУ руу явж наймаа хийж байлаа. Боломжийн ч ашиг олсон. Тэгээд 1993 онд хувиараа эрхлэх аж ахуй байгууллаа. Гурван хүнийг туслахаар аван, жижиг байшин барьж, засварын ажлууд хийж эхэлсэн. 1990-ээд оны эхээр барилга барьж, засварын бригад байгуулсан бараг бүх хүн хуучнаар Оросын цэргийн ангиудын барилгыг буулган, материалынх нь үлдэгдлийг ашигласан байдаг. Хувийн хэвшлийнхний барилгын салбарыг босгож эхэлсэн үнэн түүх энэ. Улмаар би аж ахуйгаа өргөжүүлэн 1998 онд MBC компанийг байгуулсан. Анх гурван хүнтэй хамтран ажлын гараагаа эхлүүлж байсан бол өдгөө 300 ажилчинтай болжээ. Сүүлийн 30 жилд 10 000 хүн ажиллуулж, цалинжуулсан байна билээ.
-Компанийнхаа барьсан томоохон бүтээн байгуулалтаас нэрлээч.
-Бид 160 гаруй барилга барьжээ. Үүнд ШУТИС-ийн салбар сургуулиудын өргөтгөл, үндсэн барилга, нийслэл болон орон нутагт барьсан цэцэрлэг, сургууль, Засгийн газрын авто баазын барилгыг нэрлэх дуртай. Засгийн газрын авто бааз орчмын хөрс чийг ихтэй, намгархаг байсныг бид зөв технологи ашиглан, Монголд бараг анх удаа усархаг хөрсөнд тийм том хэмжээний байшин барьсан юм.
-Ер нь манай улсын барилгын салбарт ямар технологи нэвтрүүлснээр хөгжих суурь нь тавигдсан юм бол?
-Би барилгын салбарыг Монголд богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн гэж боддог. Одоогоос 30-аад жилийн өмнө л бид олон давхар байшин барих, мэдлэг, туршлага бага байлаа. Одоо бол хэдэн ч давхар, ямар ч хэлбэр хийцтэй барилгыг бүх л материалаар барих болсон. Ийн хөгжихөд монголчуудын юм сурахдаа гаргуун, авхаалжтай, аливаад чадмаг байдал нь нөлөөлсөн гэж үздэг. Жишээлбэл, тоосго, блок хэрхэн хурдан, өөгүй өрөхийг мэддэггүй, хөдөөнөөс ирсэн залуу Хятадуудыг дагалдан хоёр жил хүрэхгүй хугацаанд маш сайн сураад, өөрөө бригад байгуулан гарч байв. Түүнчлэн фанеран хэв хашмал ашиглан, помпоор бетоноо шахаж, цутгаж эхэлсэн нь томоохон дэвшил болсон. Зуурмагийн анхны үйлдвэрийг манай компани солонгосчуудтай хамтран байгуулж байв. Барилгын салбарын оргил үеийг би 2006-2014 он гэж боддог. Аж ахуйн нэгжүүд, хүмүүс ч орлого ихтэй болж бүгд л өөрийн гэсэн офисс, байшинтай болохоор зорин барилга барих нь эрчимжсэн.
-Хүмүүс дураараа барилга барьж эхэлснээр хот төлөвлөлтийн бодлогыг алдагдуулж улмаар автомашины түгжрэл үүсгэх нэг шалтгаан болсон байх?
-Хот төлөвлөлтийн бодлого алдагдсан байх талтай. Гэхдээ барилгын компанийн эзэд, барилгачдын хэн нь ч зөвшөөрөлгүй газарт байшин бариагүй. Хотын үе үеийн удирдлага, холбогдох байгууллагынх нь зөвшөөрөл, дэмжлэгийг авсан байж таарна. Олон улсад байшин барих, хот үүсгэн бий болгохоос өмнө инженерийн байгууламж буюу дэд бүтцийг нь шийдсэн байдаг. Гэтэл манайх дэд бүтцээ өргөжүүлэлгүй дулааны худаг, цахилгааны шугамаа бараадан жижиг зайд олон барилга барьсан нь үнэн. Цаашид Улаанбаатарын баруун зүг рүү барилга, орон сууц бариад хэрэггүй болов уу. Учир нь Эмээлт орчим газар хөдлөлийн идэвхтэй бүсэд тооцогддог. Харин урд, зүүн, зүүн урд зүг рүү л нийслэл тэлбэл зохино. Тэр зүг рүү ч барилгажиж буй.
-Газар хөдлөлтийн идэвхтэй бүсээс зайлсхийх хэрэгтэй гэснээс сүүлийн үеийн барилгуудын чанар муудсан. Газар хүчтэй хөдөлбөл нурах нь олон гэх юм. Энэ талаар юу хэлэх бол?
-Барилгын чанар тун сайн, газар хөдлөлт, аливаа гамшигт тэсвэртэй гэж би хэлнэ. Ер нь барилгын зураг төслийг эхлэн гаргаж, эрсдэлийг тооцдог. Хуучны барилгууд буюу Төмөр зам, Дөчин мянгат, Дөрөвдүгээр дэлгүүрийн орчмын орон сууцуудыг эс тооцвол нурж, сүйрэх байшин байхгүй. Харин зарим орон сууцын дотор ханыг арай нимгэн өрснөөс болж дуу, чимээ тусгаарлах нь муудсан тал бий. Гэхдээ ерөнхий сууриар манай барилгууд тун сайн шүү.
-Барилгын салбарын бүтээгдэхүүний зардлын хэдэн хувийг материалын өртөг эзэлдэг юм бэ. Манайх үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон учраас хил хаасан болон барааны нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж үл хөдлөх хөрөнгийн үнэ зогсолтгүй өсөж байна шүү дээ.
-Материал түүхий эдийн зардалд хөрөнгийнхөө 65 хувийг зарцуулна. Мөн ашгийнхаа 20-25 хувийг ажилчдын цалинд олгодог жишиг бий. Тиймээс барилга, угсралт, дэд бүтцийн ажил эрхэлж буй компаниуд санхүүгийн хувьд чадамжгүй, өр зээл ихтэй байдаг. Урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байж л эл салбараас өгөөжийг нь хүртдэг юм. Ашиг өгөөжөөс гадна хүний хийсэн бүтээсэн зүйлс, хийх бүтээх эрмэлзэл нь аль нэг салбарт тогтвортой, удаан ажиллах нөхцөл болдог байх.
-Барилгын туслах ажил гүйцэтгэх компани, хүн олдохоо больсон гэсэн. Танай компанид ийм асуудал тулгарч байна уу?
-Хүний нөөцийн хомсдол нүүрлэсэн гэж болно. Өнгөрсөн зун гэхэд л хоол өгөхийн зэрэгцээ өдрийн 100 000 төгрөгийн хөлсөөр ажиллах хүн бараг олдсонгүй. Залуучуудын хандлагыг ажиглахад, хүний ажлыг хийлцэж өдөрт 100 000 төгрөг авснаас өөрийн дураар явж зуун мянгыг олно гэх болж. Такси үйлчилгээ эрхэлж, эсвэл баг, бригад үүсгэн тааваараа ажиллана гэлцэх юм. Уг нь хамт олон дунд орж, бүтээн байгуулалтад оролцон, олигтойхон хөдөлж байж ажил сурдаг юм шүү дээ. Тааваараа амьдарвал сурч үлдэх юм ховор болно. Монгол хүн дундаж наслалт багатай, өвчлөмтгий байдгаас 60 хүрээд л хийж чадах зүйлгүй болдог талтай. Харин ямар нэгэн ажлыг сурсан, хийх дөрийг нь мэдсэн хүн ядаж бусдад зааж, сургаад цалин орлого олох биш үү. Өөрөөр хэлбэл, ажил сурангаа мөнгө олох, амар хялбараар орлогоо дээшлүүлэхийн эцсийн өгөөж нь өөр.
-Та Хөвсгөлд төрж, өссөн. Аав тань “Хөвсгөл” найраглалын зохиолч Д.Сүрэнжав гуай юм байна. Хүүхэд нас, гэр бүлийнхан, нутаг усныхаа талаар сонирхуулахгүй юу?
-Манай аав, ээж хоёул Хөвсгөл аймгийн уугуул. Аав Д.Сүрэнжав маань аймгийн төв хэвлэл “Эрх чөлөө” сонинд насаараа ажилласан, шүлэг, яруу найрагт шимтсэн, соён гэгээрүүлэгч, бичгийн хүн байлаа. Аав голдуу яруу найргийн төрлөөр бүтээл туурвин, “Дэлтэй цэнхэр”, “Дэлгэрмөрөн”, “Тайгын уянга” зэрэг шүлэг найргийн ном хэвлүүлсний дотор
Өлийн халзан давааны
Өнө эртний овоо
Өргөн алаг Шишгэдийн
Өнөр баян хөндий
Тоомын халзан давааны
Торойх нарийн харгуй
Тосон Сүмбэр уулын
Тодрох өндөр оргил
Хөвсгөл… хэмээн бичсэн “Хөвсгөл” найраглал нь олонд алдартай.
Мөн олон сайхан тууж, өгүүллэг, эсээ бичин Монгол Улсын соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртэж байв. Би айлын том, бид эхээс наймуулаа, аав, ижийтэйгээ ам бүл 10. Гэрт аав ном, сонин ярьж, шүлэг дуудан, биднийг эрдэм номтой хүмүүс болгоход анхаарч ирсэн. Түүнчлэн хөдөлмөрт дуртай, ажилд махруу болж төлөвшихөд ч гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн болов уу. Бид найм бүгд С, Б үсгээр эхэлсэн нэртэй, их, дээд сургууль төгссөн, салбар салбартаа амжилт гаргаж буй улс. Тиймээс дүү нарынхаа нэрийг оролцуулан компаниа MBC гэж нэрлэсэн юм. Аавынхаа дурсгалыг хүндэтгэн хүүхдүүд нь Мөрөнгийн төвд номын болон ахмадын өргөө барьж өгсөн. Ер нь надаас өмнөх болон манай үеийнхэн ажил хийхийн төлөө л төрсөн гэлтэй байж. Ямар ч ажлаас ер хойш сууж, няцаж ухарч байсангүй. Улсын үйлдвэрт ажиллаж байгаад татан буугдах үед нь бусдын адил наймаанд явлаа. Тэгээд хувиараа эрхлэх аж ахуй байгуулан жижиг, дунд үйлдвэрлэлийн суурийг тавилцсан. Улмаар компани болгон өргөжүүлж, өдгөө үр хүүхэддээ өвлүүлэн, өөрөө үлгэрлэн, зааж сургахыг хичээж явна даа.