Монголын уулчдын үндэсний холбооны Өндөр уулын хорооны болон “Хайрхан аялагч” клубийн гишүүн, спортын мастер Б.Гантулга эх орныхоо мөнх цаст ууланд авирахаас гадна дэлхийн дээвэр болсон ноён оргилуудад гарсан туршлагатай. Тухайлбал, Килиманжора, Эльбрусь, Аконкагуад мөрөө гарган, Төрийнхөө далбааг мандуулсан. Хоббидоо үнэнч, зорилгоосоо буцдаггүй зан нь түүнийг уулын спорттой нөхөрлүүлж, хүсэл сонирхол нэгтэй нөхөдтэй болгожээ. Нэг ууланд гараад дараагийнхад нь авирах хүсэлтэй болдог тэрбээр “Seven summit” буюу дэлхийн долоон ноён оргилд авирахыг зорьдог. Энэ удаад Эверестэд авирахаар бэлтгэж буй түүнтэй ярилцлаа.
-Таныг Алтай Таван Богдын Хүйтэн (4374 метр) оргилд авирсан гэж сонссон. Энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлийн тань анхны алхам уу?
-Тийм ээ, надад зорьсон зүйл бий. Энэ удаагийн авиралт миний хувьд 8000 метр өндөртэй оргилд гарахын өмнөх бэлтгэл байлаа. Уулчид ийм оргилд 4-6 дугаар сард авирдаг. Эверестийн оргилд гарах нь дэлхийн уулчдын мөрөөдөл. Би Эверест (8848 метр), мөн Макалу (8462 метр) хоёрын аль нэгт гарахаар төлөвлөж байгаа. Монголын мөнх цаст ноён уулын нэг болох Хүйтэн оргилд хэдхэн хоногийн өмнө Гавьяат тамирчин Б.Гангаамаа тэргүүтэй гурван эмэгтэй уулчин амжилттай авирсан. Тэдний дараа “Хайрхан аялагч” клубийн гишүүн Б.Нямсүрэн бид хоёр энэ сарын 15-нд гарлаа. Цаг агаарын байдал хүндхэн, ширүүн салхи, шуургатай байсан тул ууланд гурав хоносон. Өндөр ууланд зун авирахад тохиромжтой. Өмнө нь бид зургадугаар сард авирч байв. Оргилд гарна гэдэг хүн болгоны хүсдэг зүйл биш. Амьдралд заримдаа боломжгүй зүйл гэж бий, тэдний нэг нь оргилд авирах. Тиймээс бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдсэн байх ёстой. Би “Хайрхан аялагч” клубийн гишүүн, аялал зохион байгуулагч. Гишүүдийнхээ хамт ашгийн бус сургалт зохион байгуулж, ууланд авирдаг. Монголд оргилд авирах сонирхолтой залуус цөөнгүй. Ирэх зунаас Мөст, Мөнххайрхан оргилд авирна. Одоогоор манай клубийн 100 гаруй гишүүн Алтай Таван Богдын Хүйтэн оргилд надтай цуг авирсан байна.
-Ууланд авирсан хүн заавал дахин гарах хүсэлтэй болдог гэдэг юм билээ. Та өмнө нь Килиманжора, Эльбрусь, Аконкагуад гарсан. Сэтгэлийг тань оргил өөртөө хүчтэй татсан нь сонирхол төрүүлээд байна.
-Уулчид хүслээ биелүүлэхийг зорьдог. Нэг ууланд гарахад дараагийнхад нь авирах хүсэл үргэлж төрдөг юм. Эдгээр оргилд гарсны дараа “Seven summit” буюу дэлхийн алдартай долоон ууланд авирахыг зорьдог болсон. Миний хувьд уулс бүхэн амьтай гэж боддог. 2014 оны намар Эльбрусьт авирч, дахин 2018 онд гарсан. 2015 оны нэгдүгээр сард Аконкагуад амжилттай авирав. Уул уулчнаа харж, хүлээдэг гэдэг үг бий. Уулын спорт эрсдэлтэй, үзэгчгүй. Уулчид бусадтай бус, үхэлтэй, өөртэйгөө л өрсөлддөг. Би өөрийгөө ялан дийлж, бас өөртэйгөө ярилцах гэж оргилд авирдаг.
-Уул болгон араншинтай. Хэнийг хүлээж авч, хэнийг буцаахаа мэддэг. Та үүнийг ч гэсэн мэдэрсэн байлгүй.
-Оргилд гарахад хийморь сэргэдэг. Тэнд мэдэрсэн мэдрэмжийг үгээр зүйрлэшгүй. Авирахын тулд хэдэн сар, жилийн өмнөөс судлах шаардлагатай. Бэлтгэл бол амжилтын үндэс. Уул бэлтгэл сайтай хүнийг хүлээж авдаг. Тэнгэр ч ивээнэ. Тоогдохын тулд өөрийгөө хөгжүүлж, уулын талаарх мэдлэгээ ахиулах хэрэгтэй. Зүүдэнд уул харагдахаар авирмаар санагддаг. Энэ бол уул уулчнаа үгүйлж, хүлээсэн гэсэн үг. Уулчид ч үүнийг зөнгөөрөө мэдэрнэ. Сэтгэлд минь Алтай Таван Богд байнга уяатай явдаг. Би жил бүрийн зургадугаар сард авирдаг. Уулыг зориход цаг агаар сайхан байвал таатай хүлээж авсны шинж. Харин салхи, шуургатай угтвал дараа ирэхийг сануулж буй дохио.
-Авирах гэж очоод буцсан тохиолдол байдаг уу?
Бий, бий. Авиралт болгон амжилттай байдаггүй. 2014 онд Отгонтэнгэр хайрханд багийнхаа нөхөдтэй гарахаар очсон. Тэгтэл гурван уулчны бие хямарсан тул авиралгүй буусан. 2020 онд Хүйтэн оргилд авирах гэтэл нэг л болоогүй. Цаг агаар тогтворгүй, авиралт хийхэд оройтсон тул буцаж байлаа. Уул уулчны сэтгэл зүйг амархан шалгадаг. Саадтай нүүр тулгарах тусам шалгуурыг нь даван туулж байгаа юм. Ууланд хөл тавьсан бол дотоод сэтгэлтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Үүнээс гадна зориулалтын хувцсыг нэгбүрчлэн өмсөж, багаж хэрэгслээ сайн зэхэх ёстой. Авирахаар хөдлөхдөө тухайн өдрийн цаг агаарыг тооцоолж, судлах нь зөв .
-Хэн танд уултай нөхөрлөхийг уриалж, анх санал болгов?
-“Хайрхан аялагч” клубийн гишүүн, спортын мастер Ч.Ариунзул эгчийг уулчны эрдэм заасан багш минь гэж боддог. Тэрбээр Хүйтэн оргилд саяхан авирсан гурван эмэгтэйн нэг нь шүү дээ. Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа тэр хоёр өмнө нь 2019 оны хавар Хойд Америкийн ноён оргил Деналид (6144 метр) гарсан. Тэд хамтдаа авирсан нь тухайн үед онцлог байлаа. Өмнө нь Монгол орныхоо өндөр уулсаас гадна 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро, 2014 онд Европ тивийн ноён оргил Эльбрусьт гарсан туршлагатай уулчин. Дэлхийн хамгийн эрсдэлтэйд тооцогддог оргилын нэг бол Эльбрусь. Бид өмнө нь 2015 онд Аконкагуад хамтдаа авирч байв. Тус оргилыг аяллын багийнхантайгаа зорьж, амжилттай авирсандаа баярладаг. Багийн бүрэлдэхүүнд биднээс гадна Ж.Бямбасүрэн, Б.Одмандах, Г.Лхамсүрэн, С.Сумъяабазар, Ч.Баярмагнай, Э.Соёлмаа зэрэг дотоод, гадаадын өндөр ууланд авирсан хүмүүс багтсан. Бид авирахдаа бүх нөөц боломжоо шавхаж гаргасан. Энэ утгаар нь яривал Аконкагуа хахир хатуу оргил. Монголын уулчдын тэсвэр тэвчээр гайхалтай. Дайчин, зоримог, шийдэмгий зан нь зорьсон газарт нь хүргэдэг.
-Амь нас, амьдралаараа дэнчин тавьж, экстрим спортоор хичээллэдэг эр зоригтон ховор. Оргилд авирах шийдвэр гаргахад гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол?
-Уул бол эр зориг, тэсвэр хатуужлын спорт. Эрсдэлтэй спортоор хичээллэхэд гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хүлээж авах хандлага, дэмжлэг их нөлөөлдөг. Оргилд гарах хүний сэтгэл зүй юунд ч санаа зовохгүй, тайван байж зорьсон газраа хүрнэ. Зорилгодоо хүрэх нь уулчин хүний амжилт. Намайг анх авирахад манайхан таатай хүлээж аваагүй. Аажим аажмаар ойлгож, уулчны амьдралтай эвлэрсэн. Нэг л мэдэхэд гэрийнхэн минь хүлээн зөвшөөрдөг болсон байлаа.
-Таныг дагаад хүүхдүүд тань оргил руу тэмүүлдэг болсон уу?
-Манайх гурван хүү, нэг охинтой. Хөвгүүд минь спорт, ханан хаданд авиралтаар хичээллэдэг. Хожим өөрсдийн хүсэл, сонирхлоор ууланд авирвал дуртай дэмжинэ.
-Уулчдыг буцаж ирнэ гэсэн баталгаа байхгүй гэж ярьдаг. Авиралт хийхдээ аз, эрсдэлийн аль алийг нь тооцоолдог биз?
-Эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг агаар, тухайн оргилын онцлогоос бүх зүйл шалтгаалдаг. Эрсдэл ихтэй ч эргэж ирнэ гэсэн бодолтойгоор оргил өөд авирдаг. Хэцүү гэж хойш суулгүй урагшилсаар өнөөг хүргэлээ. Ууланд амжилттай авирна гэдэг нь гэртээ эсэн мэнд эргэж ирэхийг хэлнэ. Би энэ үгийг уулчдадаа хэлэх дуртай. Уулчин хүн амьдрал, үхэл хоёрын заагт өөртэйгөө тэмцэлдэх тэр хэсэгхэн хугацаанд хорвоогийн үнэ цэнийг илүү мэдэрдэг юм даа.
-Таныг ирсний дараа л гэрийнхний тань сэтгэл амарч, бүтэн нойртой хонодог байх аа?
-Намайг эргэн иртэл гэрийнхний минь сэтгэл хэрхэн зовнисныг харцнаас нь хараад л мэдэрнэ. Оргилоос бууж ирээд холбогдоход манайхан баярлаж, сэтгэл нь тайвширдаг юм.
-Ууланд авирах сургалт, аялал зохион байгуулдаг хүний хувьд гарынхаа шавийг бэлдэх бодол төрдөг үү?
-Ууланд авирч байгаа залуусыг цаашид үргэлжлүүлэх, эсэхийг нь ажиглаж хардаг. Хүсэл тэмүүлэлтэй нь андашгүй байдаг юм. Надад клубийн маань зарим гишүүн багшлуулах санал тавьсан. Би өөрийгөө шавь бэлдэх хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна. Бас багш болох арвин туршлага ч хуримтлуулаагүй. Монголд уулын спортын мэргэжлийн тамирчид бэлтгэх сургууль байхгүй. ОХУ уулчдыг бэлтгэдэг мэргэжлийн сургуультай. Тэр сургуульд сурахыг зорьж буй залуус манайд алга. Монголд ийм сургууль байгуулагдахад тодорхой цаг хугацаа шаардагдана. “Хайрхан аялагч” клуб байгуулагдаад 11 жил болж байна. Энэ хугацаанд манай клубийнхэн олон удаа авиралт хийжээ. Бид өнгөрсөн жил клубийнхээ 10 жилийн ойд зориулж “Амжилтад хөтөлсөн 10 жил” хэмээх баримтат кино хийсэн. Бүтээлээ цахим хуудсандаа тавьсныг олон хүн сонирхож үзсэн байна билээ.
-Алжаалаа хэрхэн тайлж, дараагийн оргилд бараалхахаар гардаг вэ?
-Ажил, амьдралынхаа олон зүйлийг хойш тавиад уул руу анхаарал хандуулдаг бидэнд амралт ус, агаар мэт хэрэгтэй байдаг. Оргилд гарсныхаа дараа алжаал тайлах гээд амралт, сувилалд амардаггүй. Гэртээ ирснийхээ мар-гааш ажилдаа явна, бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Уулчдын амьдрал ерөөсөө л энэ. Хэнийг ч цаг хугацаа хүлээхгүй. Олон зүйлийг зэрэг амжуулахын тулд амьдарч, хөдөлмөрлөж байгаа мөч бүхэн минь үнэ цэнтэй. Уулчдыг төр, засгаас дэмждэггүй. Бид гадаадын уулчид шиг зөвхөн бэлтгэл хийж, зорьсон зүйлдээ цаг гаргах боломжгүй. Би биеийн бэлтгэлийг чухалчилдаг. Тиймээс бэлтгэл хэрхэн хийх талаар ном, товхимол, сэтгүүлээс уншиж, хэрэгтэй мэдээлэл цуглуулдаг, бас хайж судалдаг. Уулчин хүн өөртөө үнэнч, зорилгоосоо буцдаггүй байх ёстой. Төрж, өссөн эх орныхоо оргилд авирах цаанаа л нэг өөр мэдрэмж төрүүлдэг. Хүлээж авах араншин нь хүртэл зөөлөн. Харийн нутгийн уулсын авир, онцлогийг таних хэцүү. Судалж очсон ч нөхцөл байдал бодож, төсөөлснөөс өөрөөр эргэх тохиолдол бий.
-“Уулчид ашиг олохгүй, авиралт нь үзэгчгүй. Үхлээс айхгүй оргилд гарах нь эрсдэлтэй ч сонирхолтой санагддаг. Тэд авирч байхдаа юуг мэдэрч, юуны талаар боддог бол оо” гэх хүмүүстэй таарч байлаа.
-Хэн нэгний сэтгэлийг татах зүйл оргилд байхгүй. Оройд нь гарах бүх замыг даван туулахдаа хүн өөрийгөө хэн бэ гэдгээ таньдаг. Бид хүсэл, сонирхлоосоо амьдрах урам зориг, эрч хүч авдаг. Тийм үедээ аз жаргалыг хамгийн их мэдэрнэ. Уулс яг амьдрал шиг. Шантарч ядарна, бас ганцаардаж уйлна, баярлаж догдолно. Уулчин хүний алдаа нь эхний бөгөөд эцсийнх байдаг гэдэг. Уулчдад зөв, буруу хамаагүй, харин хамгийн сайхан дурсамжийг амьдралдаа үлдээдэг. Дурсамждаа хөглөгдөж урагшилдаг хүмүүс бол уулчид. Аялал бол мартагдашгүй дурсамж. Бид байгалийн сайхныг харан мэдэрч, эх дэлхийгээ хайрлаж, хамгаалахын төлөө нэгддэг. Би Монголыхоо үе үеийн уулчдаар бахархдаг. Тэдний туулсан амьдрал тэр чигээрээ уншиж барамгүй судар шиг санагддаг. Зорилгоосоо ухраагүй хичээл зүтгэл, хоббидоо үнэнч байсан нь бидэнд үлгэр дуурайл, туршлага болдог. Миний хамгийн нандин гэр бүл “Хайрхан аялагч” клубийн хамт олон, гишүүд минь. Амжилт маань тэдэнтэй холбоотой болохоор сайхан дурсамжуудыг үргэлж бүтээнэ гэж боддог. Өндөр уулын авиралтын зардал өндөр. Уулчид санхүүгийн бэрхшээлтэй байнга тулгардаг. Энэ ташрамд, миний авиралтад чин сэтгэлээсээ тусалдаг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг клубийнхээ үе үеийн уулчин, гишүүдэд баярлаж талархдагаа илэрхийлье. Тэднийг минь мөнх цаст уулсын босоо цагаан хийморь ивээг.
Бэлтгэсэн Г.Цэцэг