Өсвөрийн даамчдын 2019 оны Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий алт, мөнгө, Хүүхдийн спортын VI их наадмын мөнгөн медальт, “Алтан хүү” клубийн тамирчин, спортын дэд мастер, Баянзүрх дүүргийн шилдэг сурагч, 21 дүгээр сургуулийн 7е ангийн сурагч Ц.Цацралыг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Даамын ямар тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна вэ?
-“Ирээдүй” клубийн дасгалжуулагч, ОУИМ Г.Ганжаргал багш АНУ-ыг зорьсон тул “Алтан хүү” клубт хичээллээд нэг сар болж байна. Узбекистаны Ташкент хотод Азийн АШТ-ийг дөрөвдүгээр сарын 15-28-нд зохион байгуулна. Би тус тэмцээнд гурав дахь удаагаа оролцохоор Р.Манлай багшийн удирдлагад бэлтгэл хийж байгаа. Өмнө нь тус хотод зохион байгуулахад 8-10 насныхны ангилалд оролцсон. Аваргын төлөө нутгийнхаа Ц.Мягмарсүрэнтэй таарна гэж огт төсөөлөөгүй. Түүнтэй сонгомол байрлалаар тоглосон ч нүүдэлгүй болж, хожигдсон юм. Тэрбээр төгсгөл, дунд үед маш сайн тооцоолж тоглосон. Би тэндээс мөнгө, Ц.Мягмарсүрэн хүрэл медальтай ирж байлаа. Би тэр үед Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор буюу 30 дугаар сургуулийн сурагч байв. Одоо дүүргийнхээ 21 дүгээр сургуульд сурч байгаа.
-“Шавь” клубийн дасгалжуулагч П.Нармандах багшийн удирдлагад даамаар анх хичээллэсэн гэл үү?
-Тийм ээ, Миний ахыг Ц.Цолмон гэдэг, спортын мастер цолтой. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч. П.Нармандах багшийн удирдлагад даамаар анх хичээллэсэн. Ах бэлтгэлээ тарж ирээд аавтай даам тоглоход би сонирхож хардаг байлаа. Намайг даам тоглох дуртай болоход аав минь ахын багшид шавь оруулсан юм. Аав, ээж минь ах бид хоёрыг сайн дэмждэг. Бэлтгэл хийх боломжоор хангаж, гэрийн ажлаас чөлөөлөн, бэлтгэл сургуулилалтад маань анхаардаг.
-Туркийн Измер хотод 2019 онд болсон ДАШТ-д та оролцсон. Тэр тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Би Э.Хүслэн эгчээс үлгэр дуурайл авдаг. Тэрбээр тэр жил тус хотод болсон ДАШТ-д түрүүлсэн. Дэлхийн аварга болоход нь баярлаж “Түүн шиг медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн ч болоосой” гэж бодож билээ. Надад тэндхийн бүх зүйл сайхан санагдсан болохоор сэтгэл хөөрч, догдлоод тоглолтдоо анхаарал сайн хандуулаагүй. Үнэнийг өгүүлэхэд, тэмцээнээс илүү Измер хотоор аялж, түүх соёлынх нь дурсгалт газруудыг хармаар санагдсан. Миний насны ангилалд хамгийн хүчтэй өрсөлдөгч ОХУ-ын тамирчин байв. “Би бараг хожчихсон юм чинь” гэж сэтгэл тайвшран, энэ тэрүүгээр тамирчдын тоглолтыг үзэж ирээд ширээндээ суутал нүүдэл минь нэг л эвгүй болчихсон байлаа. Тэр тэмцээн сургамж болж, хойшид хариуцлагатай тоглохыг сануулсан.
-Даамаар хичээллээд тэсвэр хатуужлаас хэр суралцаж байна вэ?
-Тогтвортой суухаас гадна анхаарлаа төвлөрүүлж сурсан. Багш нарынхаа зааж буй хичээлийг анхааралтай сонсож, хурдан ойлгодог боллоо. Даамын бодлого бодох, тооцоолж тоглох нь математиктай зарим талаараа адил тул сонирхолтой. Ангийн маань багш математикийн хичээл заадаг. Хичээлийнхээ хажуугаар шавь нараа даам тоглуулж, оюун ухааныг нь хөгжүүлдэг. Ангийн ширээн дээр даамын хөлөг байдаг тул нөхөд минь тоглох дуртай. Хичээлийн завсарлагаанаар ангийнхан “Цацрал аа, чамтай нэг нүүе” гэдэг юм.
-Ахтайгаа тоглоод хожсон удаа бий юү?
-Ахад хожигдохоор шар хөдөлж, хожмоор санагддаг. Тэрбээр Монголд 2019 онд болсон хүүхдийн спортын VI их наадмаас хүрэл медаль хүртсэн. Миний хувьд тус наадмаас ганцаарчилсан, багийн төрөлд тус бүр мөнгөн медаль зүүсэн. Би сүүлийн үед блиц төрөлд анхаарал хандуулж байгаа. Дүүргийн АШТ-ээс хошой мөнгө, нэг хүрэл медальтай. УАШТ-ий үндсэн тоглолтын төрөлд алт, рапидаас мөнгөн медаль хүртсэн.
-Медалийн төлөөх тоглолтыг аав, ээж нь ирж үздэг биз дээ?
-Тийм ээ, медаль хүртэхээр аав, ээж баярлаж, дуртай зүйлээр минь шагнадаг. Намайг тэмцээнд оролцох үед сургуулийн захирал, ангийн багш хичээлээс чөлөөлдөг юм. Ангийнхан минь тэмцээнтэй үед холбогдож “Амжилт хүсье, сайн тоглоорой, заавал түрүүлээрэй” гэж урам хайрлана. Тоглолтын дараа “Өрсөлдөгчдөө хожив уу, медаль хүртсэн үү” гэж асуудаг.
-“Шилдэг сурагч”-ийн шагнал гардаж байхад ямар бодол төрөв?
-ДАШТ-д оролцож ирснийхээ дараа Баянзүрх дүүргийн шилдэг сурагчаар шалгарсан юм. Тэр үед хэрвээ ДАШТ-д түрүүлсэн бол шилдэг тамирчнаар шалгарах байлаа гэж бодож зогссон. Надад дэлхийн аваргаас медаль хүртэх л дутуу. Тиймээс зорьсноо биелүүлж аав, ээж, багш нараа баярлуулна гэж хичээдэг. Спортын мастер цолыг хүртэхэд гурван балл биелүүлэх ёстой. Би хоёр балл биелүүлсэн. Азийн АШТ-д амжилттай оролцож, болзлыг нь хангана. Ахынхаа хүртсэн цолд хүрч, өрсөлдөгчидтэйгөө ана мана тоглоно гэж боддог.
Бэлтгэсэн Г.Цэцэг