Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа. Хүнсний аж үйлдвэрийн салбарын 100 жилийн ойгоор буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ эрхэм хүндтэй алдрыг хүртсэн тэрбээр сүүний үйлдвэрийн инженер мэргэжил эзэмшсэн цагаасаа хүнсний аж үйлдвэрийн салбарт 50 гаруй жил ажиллажээ.
Ингэхдээ тухайн үеийн Хөнгөн хүнсний яамны залуу мэргэжилтнээс авхуулаад яамны орлогч сайдын албыг 1980-1990 он хүртэл хашсан аж. Тэрбээр социализмын үед ашиглалтад оруулсан Монгол Улсын голлох хүнсний үйлдвэрүүдтэй инженерийн хувьд ч, бодлого хариуцсан яамны удирдлагын хувиар ч хувь заяагаа холбосон байдаг. Мөн ШУТИС-д хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 20 жил багшилсан профессор юм. Ингээд шинэхэн Хөдөлмөрийн баатартай хийсэн ярилцлагыг таалан болгооно уу.
26 НАСТАЙДАА ХЭЛТСИЙН ДАРГА БОЛЖ БАЙЛАА
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болоод удаагүй байгаа Танд халуун баяр хүргэе. Та баатар болно гэж ер нь төсөөлж ч юм уу, эсвэл хүнсний аж үйлдвэрийн 100 жилийн ойгоор шагнуулах нь гэж гадарлаж байсан уу?
-Баатар болно гэж огт төсөөлж байсангүй. Гэхдээ шагналын тухай яригдах гээд байна гэдэг сэжиг ч авах нь авсан. Монголын хүнсчдийн холбоонд миний шавь нар байдаг. Тэд л байсхийгээд “Багш аа, таны бүтээлийн жагсаалт, тийм, ийм юм” гээд асуугаад байсан (инээв). Яах гэж байна гэхээр бид энд материал бүрдүүлж байгаа гэсэн. Эд нар маань ойтой холбоотойгоор гээд намайг шагналд тодорхойлж буй байх нь гэж би “хар авсан”.
Шинэ жилийн өмнөхөн эмнэлгээс гэртээ гарч ирээд байтал ХХААХҮЯ-наас утасдаад албан ёсоор мэдэгдсэн. Тэгээд л түргэн авч, хүүхдүүдээ цуглуулан, орой нь гэр бүлийн шуурхай хурал хийсэн (инээв).
-Танай салбараас Хөдөлмөрийн баатар өмнө нь хэр олон төрсөн бэ?
-Цөөхөн цөөхөн. Ө.Даанжуур гэж хүн 1960-аад онд баатар болсон. Дараа нь 1986 онд Зүүнхараагийн “Спирт бал бурам”-ын үйлдвэрийн дарга Дорлигсүрэн, Мах комбинатын ажилтан Халтархүү нар Хөдөлмөрийн баатар болсон удаатай. 2019 онд Дамдин сайд маань авсан. Ингээд хүнсний аж үйлдвэрийн салбарын тав дахь Хөдөлмөрийн баатар нь би болж байна даа.
Энэ бол түмэн олны дэмжлэг. Хүнсний аж үйлдвэрийн салбартаа, төр, засагтаа, ХХААХҮЯ-нд, ШУТИС-ийн захиргаа болон намайг дэмжсэн бүх хүнд гүн талархал илэрхийлье. Ганцхан хүн энэ том үйлийг бүтээнэ гэж байхгүй шүү дээ. Хүнсний аж үйлдвэрийн салбарын үе үеийн ажилтнууд, инженерүүд, үйлдвэрийн дарга, Дамдин, Дулмаа, Найдан сайд гээд алдартай аж үйлдвэрийн менежерүүд байлаа. Тэр том хүмүүсийн удирдлагад анх ажил хийж сурсан юм шүү дээ.
-Та сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-1969 онд намайг дээд сургуулиа төгсөөд ирэхэд Хөдөө аж ахуйн яам Сүү, тосны туслах бригад байгуулсан. Тэнд инженерээр гурван сар ажилласан. Өвөрхангай, Архангайд ажиллахаар хүрэн дээлтэй гараад, цагаан дээлтэй ирж байлаа. Тэр үед унаа тэрэг ховор. Би хөдөөний хүүхэд учраас сумын төвд шуудангаар очоод өртөөнөөс морь хөлсөлж унаад, сүүний тасагтаа ирдэг байлаа. Миний ажилласан сумынхан надад их сайхан ханддаг байсан. “Хөдөөний амьдрал мэддэг хүүхэд байна” гээд. Ингэж ажиллаж ирээд яаманд сүүний үйлдвэр хариуцсан инженер болсон. Гэхдээ бас зургаан сар туршилтаар ажилласан шүү. Анх ажилд ороод 600, яамны инженер болоод 650 төгрөгийн цалин авч байлаа.
-Тэр үед яаманд инженер гэдэг орон тоон дээр ажилд авдаг байсан юм уу?
-Тийм. Тэр үеийн мэргэжилтнүүд дандаа инженерүүд байсан. Манай Хүнсний үйлдвэрийн хэлтсийн дарга Лхагваа гэж салбарын тэргүүлэх инженер байлаа. Дор нь ажиллаж байгаа ажилтнууд ч бүгд үйлдвэрийн инженер, ихэнх нь хойно сургууль төгссөн хүмүүс байсан. Тэдний нөлөө ч шинэ залуу мэргэжилтэн намайг ажлын дөртэй болоход их нэмэр болсон байх.
Тухайн үед Монголын сүүний салбар цомхон байсан. Улаанбаатарт цөцгийн тосны үйлдвэр, сүүний үйлдвэртэй. Дархан, Дорнодод хүнсний комбинатын бүрэлдэхүүн сүүний үйлдвэр, Улаанбаатарт Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр баригдаж байлаа.
Миний ажил бол тэр баригдаж байгаа үйлдвэрүүдийн ашиглалтын бэлтгэлийг хангах. Үйлдвэрийг барилгачид барьчихдаг. Тоног төхөөрөмжийг нь угсарчихна. Хамгийн гол нь тэнд хэн, хэрхэн ажиллаж, ямар зохион байгуулалт хийх вэ гэдэг нь чухал. Сүүгээ хаанаас ямар унаагаар авах, хаана хүргэх гэх мэтийн ажлыг бүтэн жил хөөцөлдсөн дөө. Үйлдвэрүүдийг ч ашиглалтад оруулсан.
1970 оны намар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Байнгын комисс дахь Монголын төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга болж байлаа. Өөрөөр хэлбэл, дэвшиж буй хэрэг. Хэлтсийн даргын эрхтэй. Бүх ажлаа орос хэлээр хийнэ. Аз болж орос хэлээ гайгүй сайн сурчихсан байсан. Эдийн засгийн харилцан тус лалцах зөвлөлийн ажлыг хариуцаж байхдаа миний хувьд олж авсан нэг том зүйл бол хэлнээс гадна хүнсний салбарын талаар сайн төсөөлөлтэй болсон явдал. Миний мэргэжил чинь сүүний үйлдвэрийн инженер шүү дээ. Тэгэхээр анх ажил авахдаа мах, талх, гурилаа мэдэхгүй байсан гэсэн үг. Олон газраас материал ирэхээр нь уншина, мэдэхгүй зүйлээ хэлтсийнхээ олон инженерээс асууна. Заримдаа үйлдвэрт очиж ажиллана.
1972 онд манай яаманд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Хөнгөн үйлдвэрийн байнгын комисс, Хүнсний үйлдвэрийн байнгын комисс гэж байсан. Хариуцсан мэргэжилтнүүдийг нэгтгэж, Гадаад харилцааны хэлтэс байгуулсан юм. Тэгээд би 26 настай, намын гишүүн бус байхдаа тус хэлтсийн дарга болж байлаа.
-Намын гишүүн бус хүнийг ажил, албан тушаалд томилдоггүй байсан биз дээ?
-Их инээдтэй. Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний үеэр Намын төв хорооны нарийн бичгийн дарга, УТТ-ны гишүүн Н.Жагварал дарга “Чи намын гишүүн биш юм аа” гэж надаас асуусан. Би “Одоохондоо биш” гэсэн чинь манай Дамдин сайд хажуунаас нь “Өө, наадах чинь их эр. Тэргүүний хүн болж байж намд элсэнэ гэдэг юм” гэж билээ.
-Дамдин сайд яагаад тэгж хэлсэн юм бол?
-Өмнө нь Дамдин сайд, бид хоёрын дунд тийм яриа болж байсан юм. Сайд намайг “Чи одоо болтол намд элсээгүй юм уу” гэхээр нь “Сайд аа, намд чинь тэргүүний хүн элсдэг юм гэнэ лээ. Би тэргүүний хүн болоогүй байгаа” гэснийг хэлсэн хэрэг.
-Та тэгээд хэдэн онд Хөнгөн хүнсний яамны орлогч сайд болсон бэ?
-1975 оны сүүлчээр аспирантурт яваад 1978 оны эцсээр ирсэн. Буцаад яамандаа хэлтсийн дарга болсон. Тэр үед чинь жинхэнэ мерит зарчмаар явдаг байжээ. Намайг орлогч сайдын нөөцөд бүртгэсэн байсан юм билээ. Тэгээд орлогч сайд болгохоос өмнө Намын төв хороогоор нэг дамжуулаад үзье гэж. Намын төв хороонд нэг жил зааварлагч хийсэн. Бас л хүнсний үйлдвэрийн асуудал хариуцаж байлаа. Тэгээд Намын XVIII их хурлын материалыг бэлтгэхэд ажилласан.
Тэр үеэр би анх удаагаа Намын их хурлын буюу Ю.Цэдэнбал даргын илтгэлд хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн талаар ийм ийм үйлдвэр байгуулж, ингэж ажиллана гэсэн нэлээд гайгүй асуудлуудыг оруулсан. Намын их хурлын гол баримт бичигт тусгагдчихаар цаашлаад Сайд нарын зөвлөл энэ тэрт асуудалгүй. Тэгээд 1980 оны намар орлогч сайдаар томилогдож, 1990 он хүртэл арван жил хийсэн дээ.
-Хөдөлмөрийн баатар болчихоод өөрийнхөө хийсэн бүтээснийг эргэцүүлж байхад “Би ийм л юмыг салбартаа хийж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан даа гэж бахархах зүйл мэдээж бий байх. Тэр сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Намын их хурлын илтгэлд оруулсан асуудлуудаа би тухайн үедээ бас нэг их сайн үнэлж чаддаггүй байсан юм шиг. Орлогч сайд болчихоод таван жилийн төлөвлөгөөний төсөл ярих үед “Намын их хурлын илтгэлд миний оруулсан асуудлууд бараг хийх ажлын удирдамжийг заагаад өгчихсөн юм байна” гэдгийг ойлгосон. Төлөвлөгөөний комисст очихоор барагтай зүйлийг оруулахгүй шүү дээ. Бүх яам л үйлдвэр барина гэнэ. Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содномд “Цэдэнбал даргын илтгэлд ингээд орчихсон юм” гээд хэсгээс нь хэлэхэд л шууд ногоон гэрлээр явчихсан. “Сүрхий алсыг харсан бодлогын юм хийчихжээ” гэж би сүүлд ойлгосон гэх үү дээ.
-Таны тэр Намын их хурлын илтгэл буюу Ю.Цэдэнбал даргын хэлэх үгэнд оруулж чадсан асуудлууд сонирхолтой санагдаад байна. Хүнс, хөдөө аж ахуйд ямар зорилт дэвшүүлж тавьсан бэ?
-Хүнсний боловсруулах үйлдвэрийг нэгдүгээрт тавьж, намын гол анхааралд байна. Үүнтэй холбогдуулаад хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программ боловсруулж хэрэгжүүлнэ. Программын хүрээнд ийм ийм үйлдвэрийг барьж байгуулж, өмнөх хоёр таван жилд оруулсантай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ таван жилд хийнэ. Нөөцөө ашиглан, хөдөө аж ахуйн түүхий эдийг чанараар нь авдаг системд шилжүүлнэ. Ийм зорилтуудыг тусгаж байсан юм.
МАЛ, МАХ БЭЛТГЭЛ 1940 ОНООС ӨМНӨХ ШИГ БАЙНА
-Орлогч сайдын ажлаа юунаас эхэлсэн бэ?
-1980 онд намайг орлогч сайдын ажил авахад хүнсний аж үйлдвэрийн салбар хэцүүхэн байсан үе. Дарханы Хүнсний комбинатын ажил доголдчихсон, Улаанбаатарын Мах комбинатыг Ардын хянан шалгах хороо шалгаад баахан зөрчил илрүүлсэн, Сэлэнгийн хүнсний үйлдвэрийн дарга нь савлагаанаас илүү гарсан архийг өөрийн фонд гэж аваад, дураараа зарцуулсан гээд.
“Энэ хүнд байдал ч яах вэ, даваад л гарна. Яагаад ийм нөхцөл үүсэв гэдэг шалтгааныг л олох хэрэгтэй юм байна” гэж бодсон. Тэгээд Сэлэнгийн Хүнсний комбинатад, Дарханы Сүүний үйлдвэрт олон удаа очиж ажилласан. Сүүний улирал, мал, мах бэлтгэлийн үе дуусаад ажил арай гайгүй болоод ирэх үед Улаанбаатарын Мах комбинатад очиж, ажилтнаас эхлээд цех, тасгийн дарга нартай биечлэн уулзаж, бодит бай далтай нь танилцсан.
Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. 1987 онд Намын төв хорооны их хурлаар хүнсний программ батлаад төр, засгийн бодлогоор хүнсний аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байх үед орлогч сайдаар ажиллах арван жил минь таарсан.
-Дээд удирдлага газар дээр нь очиж ажилласнаар ямар үр дүн гардаг вэ гэдгийг та одоогийн дарга нарт хэлж өгөөч?
-Удирдах ажил хийж байгаа хүн доод дарга нарынхаа үгэнд хууртчих гээд байдаг юм. Нэг үгээр, доороос явсан мэдээлэл дээд удирдлагад хүрэхдээ хасах байсан нь нэмэх болоод хүрчихдэг. Үүнээс зайлсхийхийн тулд би үйлдвэрийн ажилчидтайгаа их уулзаж ярилцдаг байлаа. Тэгээд л нөхцөл байдлыг мэдэж аваад, үйлдвэр тус бүртээ засаж залруулах, ажил сайж руулах арга хэмжээ авч эхэлдэг дээ. Ер нь хамгийн нэгдүгээрт тавих зүйл бол хүн шүү дээ.
Өөр нэг зүйл нь үйлдвэрийн дарга заавал тухайн салбарын мэргэжлийн инженер байх ёстой гэж үзсэн. Болж өгвөл үйлдвэр дотроос дэвшүүлэх нь хамт олон хүлээж авахад хамаагүй илүү байдаг.
Мөн хамгийн их анхаардаг байсан зүйл бол угтуулж хийх. Сүүний улиралд зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарыг дуустал масс үйлдвэрлэл үргэлжилнэ. Тэгэхээр тэр үед хоногт хэчнээн литр сүү ирэх, хэрхэн боловсруулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргана гэсэн үг.
Улаанбаатарын сүүний үйлдвэр хоногт 20 тоннын боловсруулалт хийдэг, хуурай сүүний нэг цехтэй байсан учраас масс үйлдвэрлэлийн ид үед сүүгээ багтааж шингээх газаргүй болчихно. Хөөцөлдсөөр байгаад хоногт 40 тонн хуурай сүү боловсруулдаг цехийн тоног төхөөрөмж валютаар авах зөвшөөрөл гаргуулсан. Валютаар авах их хэцүү. Сайд нарын зөвлөл, Улс төрийн товчоогоор орж шийдүүлнэ. Үүн дээр тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн дарга байсан Содном гуай намайг их дэмжсэн дээ. Тэгээд 60 тонн сүүгээр хоногт зургаан тонн хуурай сүү үйлдвэрлээд ирэхээр багтахгүй байсан сүүний нөөц нэлээд дундарсан. Бас Финландаас хүүгүй зээл авч, элекстер сүүний шугам 2.3 сая ам.доллароор авснаа санаж байна. Элекстер шугамаар савлах сүүний уутны түүхий эдийг нь Эрхүүгээс аваад дотооддоо үйлдвэрлэж байсан. Гоймонгийн уут, сүүлдээ савангийн үйлдвэрт “Хөвч” гэдэг шампунь хүртэл хийсэн.
Сав, баглаа, боодлын хувьд бага ч гэсэн урагшаа алхсан гэж боддог. Социализмын үед юм хийхэд хэцүү шүү дээ. Одоо ингээд ярихад амархан санагдаж байгаа ч үнэндээ ажиллахад гар, хөл хүлээстэй байсан.
-Та одоогийн хүнсний үйлдвэрийн хөгжил дэвшлийг ямар түвшинд байна гэж үнэлэх вэ. “Ковид-19” бидэнд дотооддоо илүү олон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстойг ойлгуулж байна. Гарц шийдэл юу байж болох вэ?
-Бодлого, эрх зүйн хувьд дутагдах зүйл алга. Өчнөөн олон хууль, төсөл, хөтөлбөр байна. Хамгийн гол нь хэрэгжүүлдэг механизмдаа анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд хүнсний аюулгүй байдлын асуудлаар аймгийн Засаг дарга юу хийх ёстойг оруулж өгөх ёстой юм шиг байна лээ. Тэр механизм нь тодорхойгүй учраас одоо юм л болбол ХХААХҮЯ руу заачихаад сууж байна шүү дээ. Улаанбаатар хотын хүн амын махны хангамжийг яахаараа ХХААХҮ-ийн сайд хөөцөлдөх ёстой юм. Нийслэлийн Засаг даргын хариуцах ажил шүү дээ. Энэ мэтээр ажлын хуваарилалт, хэрэгжүүлэх механизм нь тодорхой биш байна.
Хүнсний салбарт ирээдүй их бий. Хүнсний аж үйлдвэрийн салбар 10-15 жилийн дараа их өөр түвшинд гарна. 1991-1995 онд энэ салбар бүр уналтад орсон шүү дээ. Одоо тэр үеийг бодоход юм юмтай, сайхан болсон. Чамайг анх 2000 оны эхээр надтай ярилцлага хийж байхад хүнсний хангамж, хүрэлцээ, аюулгүй байдлын асуудал тун тааруу байсныг санаж байгаа байх. Өнөөдрийн ололтдоо дөрөөлөөд өөрийн нөөцөө сайн ашиглаад улам илүү сайн хөгжүүлье гэдгийг л салбарынхандаа, залуучууддаа уриалъя.
-Таны бүтээн босгосон тэр сайхан зүйл зах зээлд шилжиж эхлээд хувьчлал нэрээр устаж үгүй болсон нь олон. Одоо хүнсний салбарт таны санааг хамгийн их зовоож байгаа асуудал юу байна вэ?
-Нэгдүгээрт нөөцийн асуудал. Нөөцийн менежмент маш чухал. Өөрөөр хэлбэл, дотоод дахь нөөцөө ашиглавал Монгол Улс олон барааг импортоор авах шаардлагагүй болно. Манайх үйлдвэрлэл явуулах нөөцгүй орон биш. Жишээлбэл, манай улс жилд 60, 70 мянган тонн төрөл бүрийн будаа импортолдог юм байна. Үүнээс 20 мянган тонн цагаан будааг нь хасъя. Манайх цагаан будаагаар дотоодын хэрэгцээгээ нэг хэсэгтээ хангаж чадахгүй. Харин цаана нь үлдэж байгаа хар будаа, гурвалжин будаа, хүнсний овьёос, хөх тариа зэргийг яагаад тарьж болохгүй гэж. Энэ бүгд Монголд ургана. Орчин үеийн хүмүүсийн хэрэглээ их өөрчлөгдөж байгаа шүү дээ.
Хоёр дахь сэтгэл түгшээсэн зүйл бол мал, мах бэлтгэл. Арай ч дэндүү байна. Өнөөдөр 1940 оноос өмнөх шиг л байна. Тэр үед Яргын газар гэж байсан юм билээ. Ялаа батгана бужигнуулж, гадаа малаа төхөөрөөд, худалддаг байсан үе хэвээрээ байна. Үүнд сэтгэл их зовох юм.
-Тэгсэн хэрнээ томоохон махны үйлдвэрүүд нь экспортын улирлаас бусад үед бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй бараг сул зогсох нь холгүй шүү дээ.
-Тийм. Энэ асуудалд дорвитойхон өөрчлөлт хийгээд, гадаа нядалсан малын махыг зах зээлд борлуулахгүй гэсэн хатуу стандарттай болмоор байна.
-Аймаг, сумд нь махны үйлдвэрүүд байх ёстой юу?
-Тэгж байж л нөөцөө ашиглана шүү дээ. Махны үйлдвэр байх юм бол дэргэд нь дайвар бүтээгдэхүүний гээд жижиг үйлдвэрүүд кластер болоод хөгжих боломжтой.
Намайг орлогч сайд байх үед Улаанбаатарын Мах комбинатад ясны гурил, ясны бэлдмэл, цусны гурил, цусны уураг хийдэг байсан юм. Тэр байтугай булчирхайнаас биологийн идэвхт бэлдмэл гаргаж авч байлаа. Түүнчлэн малын сэвсийг хатаагаад ногоон гурил хийж байсан шүү.
-Ногоон гурилыг юунд ашигладаг байсан бэ?
-Малын тэжээл. Мал хивж боловсруулаагүй учраас өвсөнд байдаг олон төрлийн витамин бүгд байдаг гэсэн үг.
Энэ мэтчилэн бидний хөлс хүчээ гаргаж бүтээсэн олон үйлдвэр устаж үгүй болсонд би их харамсаж явдаг. Хүнсний үйлдвэрүүд яалт ч үгүй хүний хоол ундтай холбоотой, дээр нь Монголын хүнсчдийн холбоо муугүй ажилласан тулдаа бас ч гэж танагтай үлдсэн. Хүнсний үйлдвэрүүдийг цех, тасгаар нь хувааж хувьчлах гэж байлаа. “Мах импекс”-ийн зөвхөн Хиам, консервийн үйлдвэрийг нь, “Сүү” компанийн гэхэд Хуурай сүүний цехийг нь хувьчлах гээд. “Технологийн уялдаатай үйлдвэрийг тэгж хувьчилж болохгүй” гэж бид тэмцэж байж болиулсан. Арьс, шир, ноосны үйлдвэрийг тэгээд л устгачихсан шүү дээ. Инженер хүний хувьд бодоход нэгэнт байгуулчихсан зүйлийг устгана гэдэг бол хамгийн бүдүүлэг зүйл. Засаж сайжруулж болно. Байшин барилга 100 жилийн настай. Ядаж л барилгадаа өөр үйлдвэрлэл явуулж болно шүү дээ.
Өөр нэг сэтгэл жаахан дундуур явдаг юм гэвэл олон аймгийн хүнсний үйлдвэрийг устгасан явдал. Дархан, Дорнодын Мах комбинат одоо байхгүй. Болгарын техникийн туслалцаатайгаар 1989 онд би хөөцөлдөж ашиглалтад оруулж байсан Шарын голын жимс, ногооны үйлдвэр нөөшилсөн бүтээгдэхүүн гаргадаг байлаа.
НҮБ-ын төслөөр Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрт “Nan”-аас дутахгүй, “Угж” гэдэг нэртэй хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэдэг байсан. Сүүний үйлдвэрийн гаргаж байгаа хуурай сүүг хурдан уусдаг хэлбэрт оруулаад, витамин, микроэлементээр баяжуулаад хийдэг. Жилд 100 гаруй тонныг үйлдвэрлээд, говийн аймгууд руу өгдөг байсан.
СОНГУУЛИЙН ДӨРВӨН ЖИЛД ЯДАЖ НЭГ АСУУДЛАА ШИЙДДЭГ БАЙЯ
-Одоо манай улсын жилдээ импортолдог хүүхдийн сүүн тэжээлийн хэмжээг аваад үзэх юм бол нэлээд том тоо гарах байх. Та байтугай би энэ мэдээллийг сонсоод өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж байна. Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэртэй болчихвол их хэмжээний долларын гадагшлах урсгалыг дотооддоо үлдээнэ. Мөн үр хүүхдээ илүү баталгаатай сүүн тэжээл өгөх боломжтой шүү дээ?
-Одоо суурь нь ч байхгүй болсон байна лээ. Хүүхдийн сүүний үйлдвэр нийтийнхээс өөр. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага нь бараг эмнэлгийн мэс заслын тасгийнхтай адилхан. Цахилгаан нь л гэхэд хоёр талаасаа холбосон байх шаардлагатай. Нэг талын цахилгаан тасрахад нөгөө тал нь ажиллаж байна гэсэн үг. Сүүг дутуу боловсруулж болохгүй учраас тэр. Манайд үүнийг хөгжүүлэх боломжтой. “Угж” сүү хийж байсан бидний туршлага бий. Одоо тэрийг мэдэх ганц хоёр хүн байгаа. Лабораторийн тооцоог хийж байсан профессор, доктор хүн ч байж байгаа. Гэхдээ хүүхдийн сүүний үйлдвэр жаахан алдагдалтай ажиллах гээд байдаг л даа. Тийм учраас үйлдвэрүүд бас шамдаж орохгүй байх шиг байна.
-Урд хил хаагдсан болохоор олон үйлдвэр түүхий эдгүй зогсоход хүрээд байна. Хүнсний үйлдвэрүүд ч ялгаагүй. Ийм үед зуун хувь дотоодоосоо түүхий эдээ хангадаг байхын тулд юу хийх ёстой вэ?
-Саяхан манай шар айрагны үйлдвэр соёолжгүй болчихлоо гэсэн мэдээ сонссон. Муу байна. Социализмын үед бид Төв аймгийн Баянцогтод шар айраг хийх зориулалттай арвай тариулаад АПУ-гийнхан авдаг байсан. Гадаадаас соёолж импортолж, чанаад шар айраг гаргахаар тэр чинь зуун хувь монгол бүтээгдэхүүн биш шүү дээ. Пивоны арвай уураг багатай, цардуул ихтэй байдаг. Манайд ургадаг. Мөн бид 700 тонн соёолж Эрхүү рүү гаргаж байсан. АПУ жилд 2-4 сая литр хүртэл шар айраг нийлүүлдэг байлаа. Жинхэнэ “Боргио” өгдөг байсан. “Хөгжилтэй орон гэж сайхан юм” гээд ууж байсан гэж онигоо хүртэл гарсан (инээв). Бидэнд нөөц байна шүү дээ. Махны нөөц бага, буудай дутна, төмс байхгүй гэхийн зовлон алга. Газар нь байна. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой. Зөвхөн бодлогын менежмент л дутаад байна. Зоригтой, тодорхой асуудал руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. “Атрын III аян” гэдэг шиг сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд ядаж нэг том асуудлыг шийдчихээд байдаг бол ирээдүй байна.
-Та Багахангайн махны үйлдвэрийг барьж байгуулахад бас хүчин зүтгэсэн үү?
-Бүх тоног төхөөрөмжийг нь Финландаас хүүгүй зээлээр авч, 1990 онд тэдэнтэй гэрээ байгуулсан. Мааньтаас 20 мянган толгой адууг амьдаар нь Орос руу ачдаг байлаа. Тэр үед энэ мэдээлэл нууц байсан, одоо бол хамаагүй. 20 мянган адуугаа амьдаар нь биш, мах болгож өгье, шир, дэл, сүүл нь үлдэх болохоор бидэнд ашигтай гэж би бодсон л доо. Тэгээд тус үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Эхний жил хагас хугас ажилласан байх. Дараа нь нэг том улстөрчийн хамаатан дарга нь боллоо гэж дуулдсан. Одоо дууссан байх.
Ер нь амьдаар мал гаргахыг хаах гэж бид их зүтгэж байсан л даа. Дархан, Дорнодод Мах комбинат барьсан нь ч тийм учиртай.
Увсын махны үйлдвэрийн 70 хувь нь баригдчихсан, Ховдод суурь нь тавигдчихсан байлаа. Мөн Увсад нэхий дээлний үйлдвэр байгуулах гэж байсан. Монгол хонины нэхийгээр Сибирийн хүйтэнд өмсөх сэгсгэр үстэй нэхий дээл хийж өгье гэсэн санал тавьсан чинь оросууд их дуртай хүлээн авч, хамтарсан үйлдвэр барих гээд ажиллаж байсан юм. Тэгээд л удалгүй зах зээлд шилжиж эхэлсэн дээ.
-Ардчилсан нийгэмд шилжих үед олон хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад оруулж таарчээ?
-Элсэн чихрийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад дөхүүлчихсэн, ургамлын тосны болон Зүүнхараад төмсний гурил хийдэг үйлдвэртэй болохоор төлөвлөж байсан. Түүнчлэн улаан буудайнаас чихрийн үйлдвэрийн түүхий эд болох бал бурмаа гаргаад, уургийг нь Баруун Германд экспортолж байлаа. Орон нутагт бэлдсэн ээдмэнцрийг өвөл авч ирээд хуурай сүүний үйлдвэртээ боловсруулаад, усанд уусдаг хэлбэрт оруулаад махнаас өндөр үнээр Япон руу гаргаж байсан.
1990 онд төр, засгийн гаргасан нэг том алдаа бол кадрын залгамж чанарыг огт баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, ажлаа сайн мэддэг үйлдвэрийн дарга, инженерүүдийг салбарт нь үргэлжлүүлж ажиллуулаагүй. Тэр байтугай намайг ажлаас чөлөөлсөн тогтоол шуудангаар ирж байсан шүү дээ.
-1990 оны үед манай улсын хүнсний аж үйлдвэр ямар түвшинд байсан бэ?
-Манай хүнсний салбар 1200 гаруй инженертэй, 30 мянган ажиллагсадтай, улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг дангаараа үйлдвэрлэдэг байлаа.
-Сүүний салбарт ямар тулгамдсан асуудал байна вэ?
-Нэг том асуудал бий. Орон нутгийн сүүний нөөцийг ерөөсөө ярихгүй юм. Сүүний хоёр эх үүсвэр байгаа. Нэг нь фермийн аж ахуй, нөгөө нь бэлчээрийн мал аж ахуй.
Үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах малчдын санаачилга их муу байна. Нэг үйлдвэрийнхэн ямааны сүү авъя гээд Баянхонгорт очсон чинь малчид “Ямааны сүүнээс ч ашиг олох нь бага юм. Харин түүний оронд алтны ченжүүдтэй нийлж ажиллавал дээр юм” гэж ярьж байна гэсэн.
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр хоёр дайсан шиг байвал хэзээ ч бүтэхгүй. Социализмын үед “Үйлдвэр хөдөө аж ахуйг шулдаг” гэж нэг муухай яриа байсан. Одоо ч хэвэндээ. Тийм биш. Юуны тулд хүнс, хөдөө аж ахуй гэж байгаа билээ. Нэг л юмны хоёр тал шүү дээ. Нийлж ажиллах ёстой.
-Та энэ хугацаанд олон мянган шавь бэлтгэсэн хүн. ШУТИС-ийн Хүнсний технологийн сургуулийн боловсролын чанар, шинэ залуу боловсон хүчний чадавх, хүнсний салбарын хүний нөөцийн түвшин хэр байгаа вэ?
-Би хүнсний аж үйлдвэрийн салбарт 50 гаруй жил ажилласны 20 жилийг нь энэ сургуульд өнгөрөөлөө. Бакалавр, магистр, докторын сургуулийн аль алинд нь багшилсан. Олон шавь бий. Миний бэлтгэсэн доктор 10 гаруй, магистр 70 орчим хүн байна.
Манай сургуулийн хөтөлбөрүүд муугүй. Төгсөөд гарч буй оюутнуудын чадавхыг үзэхэд онолын мэдлэг их сайтай, компьютерын хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн, хэлний мэдлэгээр муугүй нь давуу тал гэж би үздэг. Бидэнд сул тал бий. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн шугам дээр дадлага хийх боломж хомс учраас үйлдвэрлэлээс арай жаахан хөндий. Хувийн үйлдвэрүүд олон оюутан дадлага хийлгэх боломжгүй. Нөгөө сул тал нь бид хүнтэй ажиллаж сураагүй. Гэхдээ үүнийг үйлдвэрлэлийн явцад засаж болно. Бидний үед сургууль төгсөж ирээд үйлдвэрийн шугам дээр 10 сар ажилладаг байлаа. Өөрөө түлхүүр бариад, дадлагатай ажилтантай хамт хийгээд ирэхээр сурдаг л даа. Тиймээс манай хүнсний хувийн үйлдвэрүүд, бизнес эрхлэгчид бэлэн боловсон хүчин авах гэж хүлээх биш, ирээдүйн ажилтнаа оюутан байхаас нь сургаж, дадлагажуулж авах нь маш чухал юм.
И.Отгонжаргал