Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд эмч болон эцэг, эх, гэр бүлийн оролцоо чухал. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг хэдийчинээ эрт илрүүлнэ төдий хэрээр эрсдэлээс сэргийлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой. Тэгвэл тэд энэ үүргээ хэр биелүүлж буй бол, ямар бэрхшээл тулгамдаж байна вэ зэрэг асуудлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Болормаатай ярилцлаа.
-Та ЭХЭМҮТ-д 10 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд Монголд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд эмч нарын оролцоо хэр байна гэж дүгнэх вэ?
-Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэдэг сургалтын тогтолцоо нэг хэсэг тасалдаж, доголдсон. Хүний их эмчээр төгссөн залуус энэ чиглэлээр үргэлжлүүлэн сурч, мэргэшдэг байсан юм. Үүнээс болоод “Монгол хүүхдийн эмчгүй боллоо”, “Хүүхдийн эмч хүрэлцэхгүй байна” гэсэн асуудал байнга сөхөгддөг байлаа. Харин одоо цаг үе өөрчлөгдсөн. Резиндентээр ч бэлтгэж байна, хувийн зарим сургууль хүүхдийн эмчийн анги нээж, элсэлт авдаг болсон. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэхэд улсаас энэ мэтчилэн бодлогоор анхаарч эхэлсэн ч алдаа дутагдалтай зүйл олон бий. Үзлэг, оношилгоог бүрэн, хариуцлагатай хийдэг эмч ховор. Тэр дундаа хүүхдийн ямар нэг эмгэг, хөгжлийн бэрхшээлийн шинж тэмдгийг соргогоор харж, түрүүлж илрүүлэн, цаг алдалгүй “барьж авах” тал дээр учир дутагдал их бий. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийн оролцоо төдийлөн хангалттай биш байх шиг санагддаг юм. Өдгөө хүүхдийн эмчээр ажиллаж буй хүмүүсийн дунд яг энэ чиглэлээр дагнаж мэргэшсэн хүн ховор байдаг нь үүнд нөлөөлдөг болов уу.
-Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг хамгийн эртдээ хэзээ мэдэх, оношлох боломжтой бол. Ямар эмгэгтэйгээс хамаараад илрүүлэх хугацаа нь харилцан адилгүй байдаг уу?
-Тийм. Зарим эмгэгийг маш эрт буюу ургийн бойжилтын үед илрүүлдэг. Энэ үед нь илрүүлэх, мэдэх боломжгүй эмгэг ч байна. Төрөх үеийн, төрсний дараах хүндрэлүүдээс үүдэлтэй эмгэгүүд ч бий. Тэрчлэн хүн бүр жирэмсэн байх үедээ нарийн шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломж хомс шүү дээ. Тэгэхээр аливаа эмгэг, хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх хугацаа харилцан адилгүй. Гэхдээ эцэг, эхчүүд боломжтой бол ураг байхаас нь хүүхдэдээ анхаарч, шаардлагатай оношилгоонд хамрагдах нь ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.
-Танай төвд эмчлүүлж буй хүүхдүүдийн хувьд хөгжлийн ямар бэрхшээл зонхилж байна вэ?
-Тархины саажилт, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхэд олон байдаг. Миний бодлоор энэ нь сүүлийн үед дутуу төрөлт ихэссэнтэй холбоотой. Дутуу төрсөн нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээ шинжлэх ухааны хөгжлийн ачаар сүүлийн үед эрс сайжирсан. Үүнийг дагаад нярайн нас баралт буурч, аврагдах, амьдрах боломж нэмэгдсэн ч хүүхэд цаашид тархины саажилттай болох эрсдэл их байна. Монгол Улсад тархины саажилт 1000 төрөлт тутамд 1.89 хувь байна гэж үздэг. Британи, Америк зэрэг олон сая хүн амтай, шинжлэх ухаан өндөр хөгжсөн оронд энэ үзүүлэлт 1.7-гоос бага хувьтай байдаг. Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд 1.89 хувь гэдэг өндөр, анхаарал татахуйц үзүүлэлт юм. Тархины саажилтын дараа удамшлын эмгэг, дауны хам шинж хүүхэд багачуудын дунд зонхилж байна.
-Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо сайн байна уу?
-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ байнга хамт байдаг учраас биед нь илэрч буй өөрчлөлт, зовуурь, шинж тэмдгийг зарим эмч нараас илүү соргогоор анзаарч, илрүүлэх боломжтой. Гэвч ээж, аавууд эрүүл мэндийн боловсрол тааруугаас, хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг цаг тухайд нь үнэлүүлдэггүйгээс, “ягаан” дэвтрээ тогтмол хөтөлж, түүн дээрх үзүүлэлтүүдийг “уншиж” чаддаггүйгээс энэ давуу талаа тэр бүр ашигладаггүй. Хүүхдээ яаж хооллох тухай ойлголтгүй, өвчний шинж тэмдэг илэрлээ ч хаана, хэнд хандах учраа мэдэхгүй ээж, аав олон байна. Тиймээс хариуцлагатай ээж, аав бэлдэхийн тулд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт энэ чиглэлийн хичээл тусгаж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийг үнэлэхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр онцгой үүрэгтэй. Гэвч эцэг, эхчүүд үүнийг бараг ашигладаггүй. Хүүхэд хөхөө амлахгүй байвал ямар шалтгаантай, эсрэгээрээ сайн хөхөж байвал ямар ач тустай гэхчлэн наад захын зүйлийг ээж, аавууд мэддэг байх ёстой. Хүүхэдтэй болсон үеэсээ эхлээд “ягаан” дэвтрийг тогтмол ашиглахыг зөвлөе. Түүнчлэн сургалт, зөвлөгөөнд хамрагдах, интернэтээс мэдээлэл хайх, судлах зэргээр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх олон боломж нээлттэй болсон. Үүнийг ашиглах хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэхэд зөвхөн эмчийн оролцоо хангалтгүй. Эцэг эх, гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хувь нэмэр, дэмжлэг чухал. Өөрөөр хэлбэл, олон талын оролцоо чухал.
…Хүүхдийн хөгжлийг үнэлэхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр онцгой үүрэгтэй. Гэвч эцэг, эхчүүд үүнийг бараг ашигладаггүй. Хүүхэд хөхөө амлахгүй байвал ямар шалтгаантай, эсрэгээрээ сайн хөхөж байвал ямар ач тустай гэхчлэн наад захын зүйлийг ээж, аавууд мэддэг байх ёстой. Хүүхэдтэй болсон үеэсээ эхлээд “ягаан” дэвтрийг тогтмол ашиглахыг зөвлөе
-Та өдөр тутам хүүхэдтэй, эцэг, эхчүүдтэй харилцдаг учраас ээж, аавуудын хандлагыг сайн ажигладаг байх. Тэд хүүхдэдээ хэрхэн анхаарал тавьж байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Янз бүрийн хүмүүс таарна. Зарим нь хүүхдийнхээ асуудалд их нухацтай, уйгагүй ханддаг. Эмчийн үг, зөвлөгөөг сайн тусгаж авна. Гэтэл зарим эцэг, эх тоомжиргүй, хайнга хандлагатай. Хүүхдийн эрүүл мэндийн асуудалд зөвхөн эмч анхаарах ёстой юм шиг ханддаг ээж, аав олон байна.
-ЭХЭМҮТ-ийн эмч нар хүүхдийн хөгжлийг ямар аргаар үнэлж, хоцрогдол, бэрхшээлийг нь илрүүлдэг вэ?
-Манай улсад эрүүл мэндийн салбарт нийтээр ашигладаг, хүүхдийн хөгжлийг үнэлдэг тест байдаггүй. Тиймээс хэрэглэгдэхүүний хувьд дутагдалтай байсаар ирсэн. Бид тухайн хүүхэд насныхаа онцлогт тохирсон чадваруудыг эзэмшсэн үү, юу сурсан бэ гэдгээр нь баримжаалж, хөгжлийг нь үнэлдэг. Ер нь бол хүүхдийн хөгжлийг үнэлэхдээ хамгийн түрүүнд анхаарч, ажиглах ёстой зүйл бол арьсны өнгө, биеийн байрлал, хариу үйлдэл үзүүлж буй байдал юм. Эдгээр нь тухайн хүүхдийн өсөлт, хөгжилтэй холбоотой олон зүйлийг илэрхийлдэг. ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар ямар нэг эмгэгийн улмаас хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хүүхэд багачуудад тусламж, үйлчилгээ үзүүлж, эмчилдэг. Тархины саажилттай хүүхдэд гэхэд рефлекс болон хөдөлгөөн заслын эмчилгээ хийдэг. Бид хүүхдийн хөдөлгөөний чадварыг боломжит түвшинд сайжруулах зорилготой.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Монголд хүүхдийн хөгжлийг үнэлэх, олон улсын Бауман аргыг нэвтрүүлэхээр мэргэжилтнүүд ажиллаж буй. Үүнийг нэвтрүүлснээр хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлж, тэднийг тодорхой үйлчилгээнд хамруулах боломж бүрдэх юм.
-Эмч нар нэгдсэн журмаар ашигладаг ийм үнэлгээний аргатай болчихвол ахиц дэвшил гарах нь дамжиггүй. Тэрчлэн хүүхдийн эмч нарыг мэргэшүүлэх, ур чадварыг нь сайжруулах чиглэлд анхаарах нь зүйтэй.
-ЭХЭМҮТ хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чиглэлээр ямар төсөл, хөтөлбөр, ажлууд санаачлан хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү.
-Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид, сайн дурынхан манайд энэ чиглэлийн тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Монголын “Хүрээ” болон Японы “Tokyo tachikawa kobushi” ротари клубийнхэн хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хоёр өрөөг 68 мянган ам.долларын санхүүжилтээр иж бүрэн тохижуулсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл эрс сайжирсан. Энэ бол маш том, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт. Коронавирусийн улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн учраас энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж сүүлийн жилүүдэд хумигдсан.
-Нярай, бага насны хүүхдэд ямар шинж тэмдэг, зовуурь илэрвэл зайлшгүй анхаарах ёстой вэ. Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд онцгой анхаарч, цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай бол?
-Нярайн шарлалтыг тоохгүй өнгөрөөж болохгүй. Зарим нь “Бараг бүх хүүхэд шарлалттай төрдөг. Хэсэг хугацааны дараа арилдаг” гэсэн хандлагаар үл ойшоодог. Гэтэл шарлалт нь даамжирч, саажилттай болсон хүүхэд олон бий. Шарлалт эхлэх хугацаатай, мөн тодорхой хоног үргэлжлээд дуусдаг. Үүнийг эцэг, эхчүүд маш сайн мэддэг, анзаардаг байх хэрэгтэй. Мөн хүүхэд орчинтойгоо хэрхэн харилцаж байгааг сайтар анзаарч, ажиглах нь чухал.
-Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд эмч нар, ялангуяа анхан шатны буюу өрх, сумын эмнэлгийн эмч
нарын үүрэг, оролцоо чухал. Анхны шатны эмч нар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд юунд голчлон анхаарах шаардлагатай талаар та зөвлөгөө өгнө үү?
-Өрхийн болон шинэ залуу эмч нар хүүхдийн өлгийг бүрэн задалж, байрлал, рефлекс, тухай бүрт нь үүсэж буй шинж тэмдгийг сайн ажиглаж, оношлоорой гэж зөвлөмөөр байна. Түүнчлэн эцэг, эхчүүдэд асуумж тавьж занших хэрэгтэй. Харин эцэг, эхчүүд “ягаан” дэвтрийг тогтмол ашиглаж сураасай гэж хүсэж байна. Хүүхдээ хэрхэн хооллох, агаарт гаргахдаа хувцсыг нь яаж тохируулах, гэрийнхээ агаарыг хэдий хэр хугацаанд сэлгэх зэргийг өөрийнхөө хэмжээнд судалж, мэдээрэй гэж захья.