“Mayara Mongols” брэндийг үүсгэн байгуулагч Э.Азжаргал оёмол бүтээгдэхүүний кластерыг хөгжүүлэхээр зорьж буй. Түүнтэй шинэ мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.
Жижиг компани, аж ахуй нэгж хурдан хугацаанд их үйлийг бүтээхээр зорьж явахад хөрөнгө мөнгө, хүний нөөц, техник технологи гээд олон бэрхшээл тулгардаг. Тиймээс бүгдээрээ нэгдье. Ингэхдээ өөр, өөр төрлийн чадвартай, нөөц боломжтой, технологитой салбар салбарын хувь хүн болон аж ахуй нэгжүүд нэгдэж, нэг бүтээгдэхүүн буюу дундын брэндийг дэлхийн зах зээлд гартал нь хөгжүүлье. Ганц, ганцаараа яваад амжилт олохгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа ч харууллаа. Үүнийг кластер гэж нэрлээд байгаа юм.
Одоогийн тулгарч буй асуудал:
Энгийн жишээ татахад, зөвхөн өөрийнхөө брэндэд зориулж, сав баглаа боодол хийлгэхэд зардал өндөр. Бүтээгдэхүүн борлуулагдах хүртэл нэлээд цаг хугацаа авдаг учраас зардлаа нөхөхөд хүндрэл үүсдэг. Энэ хооронд том компаниуд ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд, зах зээлийг эзлээд авчих тохиолдол гардаг. Ингээд л жижиг үйлдвэрлэгчийн бага, багаар мэрж явсан нөр их хөдөлмөр талаар өнгөрөх нь бий.
Гадагшаа бүтээгдэхүүн экспортлоход тулгарч буй асуудал:
Мөн жижиг компани гадагшаа бүтээгдэхүүнээ экспортлохдоо, тухайн орны татварын хууль, худалдааны бодлого, харь хүмүүст бүтээгдэхүүнээ танилцуулах маркетинг хийх болно. Мөн хэрэглэгчийн сегментээ судлахад маш өндөр зардал гардаг. Тоочоод байвал асуудал мундахгүй ээ.
Тэгэхээр цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй, жижиг дунд үйлдвэрлэл дөнгөж бойжиж байгаа манай улсад нэг бүтээгдэхүүнийг хамтарч хөгжүүлэх нь хамгийн чухал. Ингэвэл дээрх асуудлаас гадна тээврийн зардал, татвар, судалгаа шинжилгээний ажил зэргийг хамтдаа хялбархан дөнгөчихнө.
Гаднын жишээ:
Дээрхтэй холбоотой иш татахад, Японы алдарт брэнд “MINISO”-гийн цаана 200-300 үйлдвэрлэгч байдаг гэнэ. Тэдгээр үйлдвэрлэгчид зөвхөн энэ брэндийг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Мөн “Тоyota” машины ганц дагалдах эд ангийг нэг жижиг үйлдвэрлэгч хийдэг байх жишээтэй. Тус тусдаа үйлдвэрлэгчтэй гэсэн үг.
Кластер нэмүү өртгөөс илүү өргөн цар хүрээтэй ойлголт. Үүгээр дамжуулж, бүтээгдэхүүнд инноваци шингээж, мэргэжлийн судалгаа, шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшил, болон олон улсын байгууллагуудын түншлэлийг бий болгох боломжтой юм.
“Mayara Mongols” хамтарч ажиллах хэн бүхэнд нээлттэй:
Дундын оффис: Миний бодлоор ажиллах, амьдрах орчин тусдаа байвал их зүгээр санагддаг. Зарим хүмүүс гэртээ оёдлын машинтай, ганцаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сүүлдээ гэр нь ч юм шиг, ажил нь ч юм шиг болчихдог. Би өөрөө ч энэ замаар явсан хүний хувьд сайн мэдэж байна. Уг нь хүний нүдэнд дарга юм шиг боловч, давуугаа үүрээд хэдэн долоо хоног усанд орохгүй завгүй явсан үе надад бий.
Гэртээ ганцаараа хийх гэлгүй, оёдлын машинаа аваад хүрээд ир. Манай үйлдвэртэй гэр нь ойрхон бол бүр амар байхгүй юу. Бүгдээрээ дундын бүтээгдэхүүнээ хөгжүүлье.
Дундын брэнд: Мэргэжлийн fashion-дизайнер хүн үүнийг уншиж байвал бидэнтэй нэгдэж, загвар гаргаж болно. Эсхүл гаргасан загвараа үнэлээд, манайд зарж болно. Мөн бүх гүйцэтгэлээ манайхаар хийлгэж болох юм.Ер нь хамгийн сайн чаддаг, мэддэг бүх зүйлээрээ хамтарч ажиллахад нээлттэй. Бас энд дурдаагүй хамтран ажиллах олон санал санаачлага таниас гарч болох л юм.