Манайхан дэлхийн залуустай эн тэнцэхүйц өвөрмөц стиль, имиджийг бүрдүүлж чадаж байна. Иймд бид энэ удаагийн онцлох зочноор БНСУ-д дизайнер мэргэжлээрээ ажиллаж, амьдарч буй Б.Майнбаяртай ярилцав. Тэрбээр хүний гадаад дүр төрх буюу имидж бүрдүүлэлт өнөөгийн нийгэмд чухал, эсэх талаар өөрт байгаа мэдээллээ хуваалцсан юм.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу ?
-Unuudur.mn сайтын уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Баянжаргалын Майнбаяр гэдэг. Хүмүүс Маяка гэж дууддаг. Өмнөговь аймагт төрсөн ч БНСУ-д өссөн. Одоогоор БНСУ-д дизайнер мэргэжлээрээ ажиллаж байна.
-Таныг загварын ертөнцөд хөл тавихад юу нөлөөлсөн бэ? Яагаад стилист мэргэжлийг сонгох болсон бэ ?
-Жаахан байх даа “Fashion tv”-гээр гадаадын загварын нэвтрүүлгүүд өдөржин үздэг байв. Тус телевизээр гоё хувцас, хөөрхөн модель, шилдэг загвар зохион бүтээгч нар их гардаг. Тэднийг хараад сэтгэл маш их хөдөлдөг байсан. Улмаар том болоод шилдэг загвар зохион бүтээгч болоод телевизээр гарна даа гэж төсөөлж, мөрөөддөг байв.
Солонгосын алдартай одуудын мэргэжлийн стилист болохыг хүссэн. Тиймдээ ч хүний гадаад төрхөнд анхаарал хандуулж, шинэ төрхийг тодорхойлж чадах чадварыг эзэмшихээр стилист бэлддэг академид элсэж, 2011 онд төгссөн. Үргэжлүүлээд дуучны стилистээр ажилладаг болсон.
-Та стилистээр ажиллаад хэр удаж байна. Ажиллах хугацаандаа хэчнээн хүний стиль имиджийг тодорхойлж, өөрийгөө олоход тусалсан бэ?
-Стилистээр тууштай ажиллаад хоёр жил болж байна. Бараг 2000 гаруй хүмүүсийн гадаад төрхийг тодорхойлж, зөвлөгөө өгч ажилласан. Гэхдээ нэгбүрчлэн тоолж байгаагүй. Энэ бол баримжаа тоо. Сар болгон стиль имидж тодорхойлох сургалт хийж, мөн ганцаарчилсан зөвлөгөө өгдөг.
-Алдартнууд болон олны танил гэлтгүй бусад хүмүүс ч стилистийн үйлчилгээг авдаг болсон шүү дээ.
-Тийм. Гэхдээ хүн болгон өөр өөрийн онцлогтой. Тиймээс бүгд өөрийн онцлогоо заавал мэдэх нь чухал. Өөрт тохирсон нүүрний хэлбэр, будалт, үсний стиль, өөрийн галбирт тохирсон хувцас, хувийн өнгөө мэдсэнээр нүүрний будаг, хувцасныхаа өнгийг зөв оновчтой сонгодог. Өнгө болгон өөрийн гэсэн онцгой гадаад дүр төрхийг бүтээдэг, бас тэрхүү урласан стиль, имиджээс өөрийн мэргэжил нь үнэртэх ёстой. Өөрийгөө бүрэн тодорхойлж өөрт тохирох зүйлээ мэддэг болчихвол үсчингээр үйлчлүүлэх, дэлгүүрт орсон ч толгой эргэх шаардлагагүй болчихдог учраас санхүүгийн асар их хэмнэлт хийх болно.
-Зарим хүн өөртөө ямар стиль тохирохоо мэддэггүй. Өөрчлөлт хийхийг хүсэн ч яг юунаас эхлэх ёстойгоо мэдэхгүй байгаа хүмүүст зориулж зөвлөгөө өгөөч ?
-Мэргэжлийн хүнээр өөрт тохирох стиль имиджээ зөв тодорхойлуулчих юм бол цааш нь өөрөө өөрийгөө хөгжүүлээд явах боломжтой болдог. Тиймээс эхлээд мэргэжлийн хүнд хандаарай.
Хувь хүн бүр өөрийн гадаад үзэмжийг хүлээн зөвшөөрч түүнийг зөв тодорхойлох нь чухал юм.
-Хүмүүс хувцас сонгохдоо гаргадаг түгээмэл гурван алдаа юу байдаг вэ ?
-Хүмүүс өөртөө зохих, зохихгүй маш олон хувцас худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт төлөвлөгөөгүй худалдан авалт хийх, хоёрдугаарт, өөрийнхөө гадаад төрхөө зөв тодорхойлоход ач холбогдол өгдөггүй, гуравдугаарт, хэн нэгнийг дагаж худалдан авалт хийдэг. Эдгээр гурван алдааг түгээмэл олж хардаг даа.
-Хүний гадаад имидж амьдралд ямар нөлөө үзүүлэх боломжтой бол.
-Хүн бусдыг хараад оюун ухаан нь гурван секундын дотор тухайн хүнтэйгээ хэрхэн харьцахаа өөрөө ч мэдэлгүй шийдчихдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс та бусдаас ямар харилцаа хүсэж байна яг түүн шигээ өөрийгөө авч явах хэрэгтэй. Учир нь гадаад стиль имидж гэдэг таны нэрийн хуудас юм.
-Та хүний имидж бүрдүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Тухайн хүний гадаад онцлог, нас, мэргэжил, зан төрхөд нь тохируулан, хэрэгтэй зөвлөгөөг чин сэтгэлээсээ өгөхийг зорьдог доо.
-Сүүлийн үед манай охид, бүсгүйчүүд Солонгосчуудыг даган дуурайж, гадаад дүр төрхөө бүтээдэг болж. Энэ нь хэр зөв алхам бол?
-БНСУ бол манай улсаас 20 жилийн урд яваа улс. Мөн тус улсын одод дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд эхэлчихлээ. Загварын ертөнц маш хурдацтай хөгжиж байна. Стилист мэргэжлийн хүмүүс л гэхэд хэдэн мянгаараа ажиллаж, судалгаа хийж өдөр бүр шинэ нээлт хийж буй. Дэлхий нийтийн загварын чиг хандлагыг даган дуурайх нь буруудахгүй.
-Стилистийн мэргэжил урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эрэлт хэрэгцээтэй болж байна. Стилист мэргэжлээр суралцахыг хүсэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ ?
-Анх 2012 онд Монголд очоод энэ мэргэжлээр ажиллая гэхэд хүмүүс нээх ойлгодоггүй, ойшоодоггүй байв. Харин одоо манайхан маш их хандаж зөвлөгөө авч, өөрийгөө зөв тодорхойлж, өөртөө итгэлтэй болж байгаад баяртай явдаг. Стилистээр сурахыг хүсэж байгаа залууст хандаж хэлэхэд хүний толгойноос эхлээд хөлийн ул хүртэл нь маш сайн мэддэг байх хэрэгтэй. Бүх талын мэдлэгээ дээшлүүлж үргэлж шинэ зүйлд суралцаж байгаарай гэж хэлмээр байна.
-Гадаад дүр төрхөөс илүүтэй хүний дотоод гоо сайхан чухал гэж ярьдаг. Эмэгтэй хүний дотоод гоо сайхан гэж юуг хэлэх вэ ?
-Өөрийгөө хайрлаж, хүндэлж чаддаг байдал гэж хэлнэ. Хүн өөрийн дотоод хүнээ таньж мэдсэнээр бусад хүмүүс ямар байх, юу гэх бол гэж санаа зовох шаардлагагүй болж, зөвхөн би гэдэг хүн юу хийж чаддаг, ямар зорилготой амьдарч байгаа одоо юуг хийх ёстой гэдэгт анхаарлаа илүү хандуулж эхэлдэг. Мөн бусдад эерэгээр нөлөөлөх, хүмүүст аливааг хийж чадах боломжтой гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Тиймээс өөрийгөө хайрладаг, хүндэлдэг, халамжилж чаддаг хүн бусадтай ч мөн тийм хандлагаар харилцана.
Өөрийгөө үргэлж хайрлаж, хүндэлж сураарай. Ганцхан амьдрах хорвоод өөрийнхөө дуртай ажлыг хийгээрэй. Дурлаж хийсэн ажил тань ажил, эсвэл хобби ч юм шиг онцгой мэдрэмжийг өгнө гэдэгт итгээрэй. Дуртай ажлаа хийж байхдаа хүн маш хурдан хөгждөг, амьдралаас илүү их таашаалыг авч, аз жаргалтай амьдарч чаддаг юм. Тиймээс өөртөө итгээд дуртай ажлаа хийдэг байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа