Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталснаас хойш найм, хэрэгжүүлэх хугацаа эхлээд зургаан сар өнгөрлөө. Энэ хуулийг хэрэгжүүлснээр хүний эрхийг хамгаалах чиглэлд ямар өөрчлөлт, ахиц гарах боломжтой вэ. Ялангуяа хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага, иргэдэд ямар ач холбогдолтой талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа. Тус комисс өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй олон гомдол хүлээн авчээ. Цар тахал, түүнээс улбаатай төр, засгийн шийдвэрүүдээс шалтгаалан ийм олон гомдол хүлээн авсан аж.
-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар ХЭҮК-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулах ёстой. Хороо байгуулах ажил өдгөө аль шатанд явна вэ?
-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн, эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллана. Энэ хороо хүний эрх хамгаалагчдад дарамт ирвэл эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлж, шаардлагатай хамгаалах арга хэмжээг авхуулж, хариуцлага тооцуулахаар ажиллах юм. Одоогоор уг хороог байгуулаагүй. Учир нь уг хуулийн дагуу хороог даргалах, ХЭҮК-ын гишүүн нэгээр нэмэгдэх юм. УИХ-аас шинэ гишүүний сонгон шалгаруулалт зарласан. Өмнө зарласан ч хүчингүй болсонтой холбоотой энэ ажил удааширлаа. Комиссын зүгээс хороог байгуулах журам батлах зэрэг бэлтгэл ажлаа хангаж буй. Одоогоор Хүний эрхийн хамгаалагчийн хороонд хандсан гомдол ирээгүй. Харин хүний эрхийн талаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлагдсан гэх асуудлаар нэр бүхий хүмүүс ХЭҮК-т гомдол гаргасан. ХЭҮК бүрэн эрхийнхээ хүрээнд гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу хариу өгсөн.
-Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ. Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, талбай дээр жагсаж буй иргэд, дабл стандартыг устгахыг шаардаж буй хүмүүс хүний эрх хамгаалагч мөн үү?
-Ганцаараа болон бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж буй, түүнд оролцож байгаа хүн бүр хүний эрх хамгаалагч гэж хуульчилсан. Гэвч хүний эрхийг хамгаална гээд бусдын эрхийг зөрчөөд, гүжирдэн гүтгэж болохгүй бөгөөд ийм хүн уг хуулийн хамгаалалтад орохгүй. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хамгаалагч нь үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг зөрчдөггүй, хүний эрхэд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Мөн олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцын зарчимд нийцүүлэн, тайван замаар, хүчирхийллийн бус аргаар, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромж лохгүйгээр үйл ажиллагаа явуулах ёстой. Тухайн хүн, байгууллага хүний эрхийн хамгаалагч мөн, эсэхийг хороо тогтоож, хуулийн хамгаалалтад оруулна.
-Хүний эрх хамгаалагчийн тоо сүүлийн үед хэр нэмэгдэв. Хууль, эрх зүйн орчин бүрдсэн тул нөхцөл байдал өмнөхөөс илүү сайжирч, эерэг өөрчлөлт гарах боломжтой гэж ойлгож байна.
-Манай улс Азидаа анх удаа хүний эрх хамгаалагчаа хамгаалсан хуультай болсон. Ингэснээрээ хүний эрхийг хамгаалагч нь ямар нэгэн айдасгүйгээр, дарамт, шахалтад өртөхгүйгээр дуугарах боломж бүрдүүлнэ гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, тэднийг хуулийн хамгаалалтад оруулж, статусыг нь баталгаажуулсан. Тиймээс хүний эрхийн хамгаалагч цаашид асуудлыг зоригтойгоор гарган тавьж, дуугардаг, нөгөө талаас төр нь хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааг хүндэтгэдэг болно. Энэ нь хүний эрхийн зөрчил буурахад нөлөөлнө гэж харж байна.
-Олон нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан хүмүүс халдлагад өртөхөөс сэргийлэхийн тулд уг хуулийг боловсруулж, хэрэгжүүлэхээр болсон юм билээ. Шинэ хууль энэ үүргээ биелүүлэх хэмжээнд хүрэх үү. Өөрөөр хэлбэл, хүний эрх хамгаалагчид айдасгүй, аюулгүй орчинд ажиллах, хэн нэгний дарамт шахалтаас ангид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөлийг хуулийн хүрээнд хангалттай бүрдүүлсэн үү?
-2014 онд комиссоос хүний эрх хамгаалагчдын өнөөгийн байдлын талаарх томоохон хэмжээний судалгаа хийсэн. Үйлдвэрчний эвлэл, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагуудыг үүнд хамруулсан. Уг судалгаагаар хүний эрх хамгаалагчид нийгмийн шударга бус байдлыг ил гаргасныхаа төлөө аюул заналхийлэл, дарамт шахалтад өртөх, эрүү, иргэн, зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх зэрэг олон жишээ гарч ирсэн. Тэр ч бүү хэл, ирвэс хамгаалагч залуу амиа алдсан түүхийг бид мэднэ шүү дээ. Тухайн үед хүний эрх хамгаалагчийн хууль байгаагүй. Хуультай байсан бол хүний эрх хамгаалагчийг хамгаалалтад авах байсан. Шинэ хууль үүргээ биелүүлэх хэмжээнд хүрнэ найдаж байгаагаас бус, яг ийм үр дүн гарлаа гэж одоогоор дүгнэх боломжгүй. Цаашид хуулийг хэрэгжүүлэх явцад процессын шинжтэй нэмж оруулах зүйлүүд гарах байх. Хамгийн гол нь бид эхний удаад хуультай болсон нь чухал ололт.
-Хүний эрхийн ноцтой зөрчил гарах бүрт ХЭҮК ажлаа хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Хүний эрхийн хамгаалагчийн хуулийг хэрэгжүүлснээр хэр өөрчлөлт гарах бол?
-Төр хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах гэж байгуулагдсан. Тодруулбал, төр, түүний албан тушаалтан, албан хаагчид хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Төр, түүний байгууллага хүний эрх хэрэгжих, нийгэм, эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үр дүнтэй тогтолцоо, боломжийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй. Харин ХЭҮК-ын үндсэн чиг үүрэг нь төр энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, хүний эрхийн харьяалах зарим гомдлыг шийдвэрлэх, хүний эрхийг хөхиүлэн дэмжих юм. Иймд хүний эрхийг хамгаалах чиг үүргийн хувьд авч үзэхэд, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, нутгийн өөрөө удирдах байгууллага, ХЭҮК гээд бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж байгаа гэсэн үг. Хүний эрх нь маш өргөн хүрээний асуудал тул нэг, хоёр төрийн байгууллагад даатгаад орхих ёсгүй гэдэг нь эндээс харагдах байх.
-Уг нь төрийн бүх байгууллага хүний эрх хамгаалах чиглэлээр ажиллах ёстой. Гэсэн ч эрх баригчид, албаныхан энэ талаар мэдээлэл, ойлголт тун багатай. Зарим байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, хандлагаас нь үүнийг тодорхой харж болохоор байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ дархан бэр тодруулах журам гаргаж олон нийтийг ихэд бухимдууллаа.
-Төр өөрөө хүний эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Шийдвэр гаргахдаа ч, үйл ажиллагаа явуулахдаа ч тэр. Гэтэл Цогтцэций сумын ИТХ-аас “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам баталж, эмэгтэйчүүдийг ямар хүйсийн хүүхэд төрүүлснээс нь хамааруулан шууд бусаар ялгаварлан гадуурхсан. Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхэд халдсан шийдвэр гаргалаа шүү дээ. Хувь хүн хүүхэдтэй болохоо өөрөө сонгох эрхтэй. Энэхүү сонголтод төр шууд болон шууд бусаар нөлөөлөх ёсгүй. Тиймээс уг шийдвэрээ цуцалж, албан хаагчдаа хүний эрхийн сургалтад хамруулах зэрэг шаардлага бид хүргүүлсэн. Шаардлагын хугацаа хараахан дуусаагүй ч эхний ээлжид журмыг хүчингүй болгосон гэх мэдээлэл авлаа. Зөвхөн журам хүчингүй болгоод орхих ёсгүй. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, жендерийн сургалтыг үе шаттай, үр дүнтэй зохион байгуулах, цаашид жендерийн мэдрэмжтэй шийдвэр гаргах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авахыг шаардсан. Төрийн албан хаагчид хүний эрхийн өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй байх ёстой. Мөн үүний хүрээнд бусад аймагт ч иймэрхүү зөрчил гарч буйг анхааруулсан. Ер нь төрөөс аливаа шийдвэр гаргахдаа хэнд зориулж байгаа, үүний цаана хэний эрхийн асуудал хөндөгдөх, ямар үр дагавар, сөрөг нөлөөлөл авчрахыг тооцдог байх, олон улсын болон дотоодын хууль тогтоомжид нийцэж байна уу гэдгийг үргэлж харгалзах нь чухал.
-ХЭҮК-ын өнгөрсөн жил хүлээн авсан өргөдөл, гомдол өмнөхөөсөө эрс өсжээ. Ямар гомдол түгээмэл байна вэ?
-2020 онд 790 гомдол хүлээн авсан бол өнгөрсөн жил 1188 болж нэмэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, ялангуяа эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хүний эрх зөрчсөн гэх асуудал цөөнгүй байна. Мөн цар тахлын улмаас хүний зарим эрх хязгаарлагдсантай холбоотойгоор гомдол нэлээд нэмэгдлээ. Нөгөө талаар хөдөлмөрлөх эрхийн асуудал цөөнгүй гарсан. Ялангуяа ажлын байрны дарамттай холбоотой гомдол гэхэд 2020 онд 38 байсан бол өнгөрсөн жил 126 болж, гурав дахин нэмэгдсэн. Ажлын байрны дарамтын гомдол төр, хувийн хэвшил, нийслэл, орон нутаг гээд аль алинаас ирж байна.
-Ажлын байрны дарамт өнгөрсөн жилүүдийнхээс яагаад ихэссэн юм бол?
-Улстөржилт их байгаатай холбоотой. Ялангуяа орон нутагт намчирхах, улстөржихөөс үүдэлтэй ажлын байрны дарамт цөөнгүй гарч байна. Мөн цар тахлын хуулийн дагуу төрийн албанд, ялангуяа удирдах түвшинд сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсэнтэй холбоотойгоор ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус удирдлага томилогдож, шаардлага тавихаар ажлын байрны дарамт учруулж байна гэх гомдлууд ирэх болсон. Ажлын байрны дарамттай холбоотой гомдлуудыг ерөнхийд нь харвал, бие махбодын дарамт учруулсан нь тийм ч олон биш. Хамгийн гол нь сэтгэл санааны дарамт учруулах, хэл амаар доромжлох, нэр төрийг нь гутаах асуудал зонхилж байна. Нөгөөтээгүүр, тэвчишгүй орчин үүсгэж, ажиллах боломжгүйд хүргэсэн гэх гомдол цөөнгүй байлаа. Тэвчишгүй орчин үүсгэнэ гэдэг нь их ажлаар шахах, эсвэл ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх, илүү цагаар ажиллуулах, амралтын хуваарь өөрчлөх гэх мэтээр тухайн ажилтанд байнгын дарамт учруулж, өргөдлөө өгөөд ажлааc гарахаас өөр аргагүйд хүргэдэг асуудал юм. Энэ мэт гомдлын дагуу хяналт шалгалт хийж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна.
-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол хэр их хувийг эзэлдэг вэ?
-Бэлгийн дарамтын тухайд комисст ирсэн нийт гомдолтой харьцуулахад нэг ч хүрэхгүй хувийг эзэлдэг. Уг асуудлаар 2020 онд таван гомдол ирсэн бол өнгөрсөн жил 12 болж нэмэгдсэн. ХЭҮК-оос өнгөрсөн онд төрийн захиргааны 2000 эмэгтэй албан хаагчийг хамруулан ажлын байрны бэлгийн дарамтын судалгаа хийсэн. Судалгаанаас үзвэл, дөрвөн эмэгтэй албан хаагч тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын ямар нэгэн хэлбэрт өртсөн. 92 эмэгтэй хүчингийн хэргийн хохирогч болсон ч 10 хүрэхгүй хувь нь холбогдох байгууллагад хандсан байсан. Харамсалтай нь, дарамтад өртсөн талаараа эрх бүхий байгууллагад хандсан ч дорвитой үр дүнд төдийлөн хүрээгүй. Тэдний олонх нь байгууллагынхаа удирдлагад хандсан байсан. Тэгэхээр ийм дарамт хэр даамжирсан нь ойлгогдох байх. Бэлгийн дарамтад өртсөн хүн холбогдох байгууллагуудад хандахгүй байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, юуг бэлгийн дарамт гэж үзэх талаар мэдлэг, ойлголт хангалтгүй. Мөн таван албан хаагч тутмын нэг нь хаана хандах, хэрхэн гомдол гаргахаа мэдэхгүй гэж хариулсан. Нөгөө талаар уг асуудалд ихэвчлэн эмэгтэйчүүдийг буруутгадагтай холбоотой. Өөрөө л буруутай үйлдэл гаргаснаас, эсвэл зохисгүй хувцас өмссөнөөс бэлгийн дарамтад өртсөн гэх мэтээр эмэгтэйчүүдийг буруутгадаг хэвшмэл ойлголт, хандлага амь бөхтэй байгаа. Мөн энэ төрлийн гомдлыг хуулийн дагуу ажил олгогчдоо, үйлдвэрчний эвлэл, цагдаагийн байгууллагад ихэвчлэн гаргадаг ч нууцлалыг огт хадгалдаггүй. Шийдвэрлэхгүй удаашруулдаг, хохирогчийг буруутгадаг зэрэг асуудал гардаг. Жишээ нь, ажлын байрны бэлгийн дарамтад өртлөө гээд байгууллагынхаа удирдлагад, Ёс зүйн хороонд хандахад нууцыг нь бусдад задалж, гомдол гаргасан ажилтанд улам дарамт учруулсан тохиолдол ч бий.
-Манай улс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгадаа анх удаа ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын талаар тусгаж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ. Ийнхүү хуульчилсан нь өдгөө үүсээд буй асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд дөхөм болж чадах уу?
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглохоор заасан. Үүнээс урьдчилан сэргийлэх үүргийг ажил олгогч хүлээж, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтыг хориглох зохицуулалтыг дотоод журамдаа тусгах, энэ талаар сургалт, гэгээрлийн ажлыг тогтмол явуулах үүрэг хүлээсэн. Хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийллийн талаар хуульд ийнхүү тусгасан нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гээд олон талын ач холбогдолтой.
-Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаарх гомдол ХЭҮК-т ирэхэд хэрхэн арга хэмжээ авч, шийдвэрлэдэг вэ?
-Энэхүү асуудал нь ихэвчлэн хоёр хүний хооронд үүсдэг тул нотлох баримт олоход тун хэцүү. Гэхдээ бид аль аль талаас тайлбар мэдээлэл авч, нягталдаг. Мөн шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт явуулж, үнэхээр бэлгийн дарамт учруулсан нь батлагдвал буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар дээд шатны удирдлагад нь шаардлага хүргүүлдэг. Мөн тухайн асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүрэм, журамдаа зохицуулалт тусгах, сургалт явуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөдөг.
-Буруутай этгээдүүд шаардлага, зөвлөмжийг хэрхэн хүлээж авдаг бол. Бүрэн хэрэгжүүлдэг үү?
-ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлэх ёстой. Шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн зүгээс хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг комисст ирүүлэх ёстой. 2021 онд комиссын гишүүд нийт 46 шаардлага гаргасан. Үүнээс зургаад нь хариу ирүүлээгүй. Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар дээд шатны удирдлагад нь хандаж шийдвэрлүүлдэг. Гэвч шаардлагын дагуу арга хэмжээ авсан гэх хариу ирсэн ч бодит байдалд зөрчил арилаагүй асуудал гарсан. Тиймээс хэрэгжилтийг сайжруулах зорилгоор биелэлтийг нотлох баримттайгаар ирүүлэх асуудлыг тавьж байгаа. Мөн шаардлага, зөвлөмжийн биелэлтийг гэнэтийн болон төлөвлөгөөт байдлаар шалгадаг.
Бэлтгэсэн Ч.Мөнх