Шүүхийн Сахилгын хороо ШЕЗ-өөс тусдаа бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус хороо анхны хурлаараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох ёс зүйн асуудлыг хэлэлцэж байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн жил өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгчдийг авлигадсан байж болзошгүй асуудлаар "Дэлхийн монгол ногоон нэгдэл", "Нэхүүл" хөдөлгөөнийхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн ёс зүйн хороо хуралдаж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж огцруулах, Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ногдуулжээ.
АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар нарын ёс зүйгээ умартсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Цагдаагийнхан уг бичлэгтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 12.6.1-т заасан буюу Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэх үйлдлийг ийн шалгаж байгаа билээ.
Тэгвэл дээрх нэр бүхий шүүгч нар Шүүхийн ёс зүйн хорооны 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх гомдлыг хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны тавдугаар сарын 25-ний 68 дугаар магадлалыг хүчингүй болголоо.
Тэгвэл дээр дурдсанчлан шинээр байгуулсан Шүүхийн Сахилгын хороо өнөөдөр уг асуудлыг дахин хэлэлцэнэ. Шүүхийн сахилгын хорооны талаар эргэн мэдээлэх болно.