Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид “Хэвэгч малаас ялгарах метан хийн хэмжээг тодорхойлох онолын суурь судалгаа” төсөл хэрэгжүүлээд гурван жил болжээ. Төслийн удирдагч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Удвалтай ярилцсанаа хүргэе.
-Төслийн үр дүн, явц ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Энэ төслийг БШУЯ-ны санхүүжилт, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн дулаарал эрчимжихэд гол нөлөө үзүүлдэг зүйл нь хүлэмжийн хий. Харин нийт хүлэмжийн хийн 45 орчим хувь нь хөдөө аж ахуйгаас, тэр дундаа хэвэгч малаас үүдэлтэй гэдгийг шинжлэх ухаан хэдийн тогтоочихсон. Тиймээс энэ чиглэлийг онцгойлон судлахаас аргагүй. Ялангуяа манайх шиг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө харьцангуй их илэрч, ажиглагдаж буй оронд үүнийг зайлшгүй судлах ёстой.
Өнгөрсөн оны мал тооллогоор 67.3 сая мал бүртгэсэн. Үүний 55.9 хувь нь хэвэгч мал. Нийт малын талаас илүү хувь нь хүлэмжийн хий ялгаруулдаг гэсэн үг. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдийнх шиг жигд өссөөр байвал энэ төрлийн бог, бод мөн нэмэгдэнэ. Тэгэхээр монгол мал чухам хэчнээн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг, тэр нь хүрээлэн буй орчинд ямар нөлөөтэй, олон улсын судалгаа, үзүүлэлттэй дүйцэж байна уу гэдгийг тогтоох нь чухал. Адуунаас бусдыг хэвэгч малд тооцдог. Монголд тэмээ харьцангуй цөөн учраас бид судалгаандаа хонь, ямаа, үхрийг хамруулж буй. Газар нутгийн хувьд гэвэл хээр, цөлөрхөг хээр, ойт хээр гэсэн гурван өөр бүсэд төслөө хэрэгжүүлдэг. Эдгээр бүс нутгийн төлөөлөл бүхий Төв аймгийн Батсүмбэр, Дундговийн Луус, Хэнтийн Цэнхэрмандал сумыг сонгож, тэнд амьдардаг 10 гаруй малчин өрхийн хэвэгч малыг судалж, тандаж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нэгдсэнээр хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30 хүртэлх хувиар бууруулах амлалт өгч, олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Энэ хэлэлцээр ёсоор улс орнууд хоёр жил тутам явцын тайлан гаргах ёстой. Манайх үүнийг хийхдээ олон улсын аргачлал, загвар ашиглаж ирсэн. Харин бидний судалгааны үр дүнд тус тайланг шат ахисан түвшинд боловсруулах, бодитой өгөгдөл, баримтад тулгуурлан, өөрийн орны нөхцөл байдлыг үнэлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, бусдын боловсруулсан, манайхаас эрс тэс өөр орны нөхцөлд суурилан хийсэн загвар ашиглан, баримжаа бүхий тайлан гаргадаг байсан гэсэн үг. Гэтэл хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолоход тухайн орны газар зүй, цаг уурын онцлог, зонхилон эрхэлдэг аж ахуй гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлэхэд, хэвэгч малаас үүдэлтэй метан хийг тодорхойлоход малын амьдын жин, иддэг өвс, тэжээл, ашиг шимийн үзүүлэлт зэргийг харгалздаг. Гэтэл энэ нь улс бүрт харилцан адилгүй. Эл тоонуудыг “гаргаж ирж” байж л судалгаа, тооцооллоо бодитой хийж, холбогдох байгууллагуудад үнэн, зөв мэдээлэл хүргүүлнэ шүү дээ.
-Судалгаа хийх цэгийг сонгохдоо газар зүйн онцлогийг харгалзсан нь харагдаж байна. Малын тоо толгой, бэлчээрийн даац зэрэг өөр үзүүлэлт, шалгуурыг чухалчилсан уу?
-Хамгийн чухал нь газар зүйн бүсийн ял_ гаатай байдал. Монгол орны газар нутгийн зонхилох хэсгийг тал хээрийн бүс эзэлдэг. Тэр үүднээс хээр, цөлөрхөг хээрийг хамруулсан. Тэрчлэн бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйн онцлогийг харьцуулан судлах зорилгоор ойт хээрийн бүсийг сонгосон юм. Мах болон сүүний чиглэлийн үхрийг ихэвчлэн ойт хээрийн бүсэд нутагшуулж, адгуулдаг учраас эрчимжсэн мал аж ахуйтай зарим талаар нь адилтгаж, хээрийн бүсийнхтэй харьцуулах боломжтой гэж үзсэн.
Уур амьсгалын өөрчлөлтөд хөдөө аж ахуй, тэр дундаа хэвэгч мал хэрхэн нөлөөлдгийг дэлхий нийт судлаад багагүй хугацаа өнгөрч байна. Олон улсын судлаачдын ярьж байгаагаар эрчимжсэн мал аж ахуй хүрээлэн буй орчинд хал багатай, харин уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуй илүү хор хөнөөлтэй гэнэ. Энэ дүгнэлтээс улбаалаад манай улс хүлэмжийн хий маш их хэмжээгээр ялгаруулдаг орны тоонд автоматаар орж буй. Гэтэл бодит байдалд яг ямар вэ гэдгийг судалж, тогтоосон зүйл Монголд одоогоор алга. Бид үүнийг л тодорхой болгох зорилготой.
Нэг сонирхолтой баримт хэлье. Эхний дээж, судалгаагаар гэхэд бидний төсөөлөөгүй үр дүн гарсан. Тухайлбал, бэлчээрийн дайсан гээд элдвээр “цоллоод”, ад үзээд байдаг ямаа хониныхоос бага метан хий ялгаруулдаг байх жишээтэй. Бэлчээрийн болон эрчимжсэн маллагаатай үхрийг харьцуулахад эрчимжсэн нь илүү “хор” нийлүүлсэн байна. Гэхдээ энэ нь эцсийн үр дүн биш гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Хэвэгч мал хэдий хэмжээний метан хий ялгаруулахад жин болон тэжээлийн чанар чухал гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Мал хэдий чинээ их жинтэй байна тэр хэрээр их энерги зарцуулдаг. Тэр үедээ хий ялгаруулдаг. Мөн хэр сайн, чанартай өвс, тэжээл иднэ тэр хэмжээгээр метан хий бага ялгаруулна. Чанартай тэжээл дорхноо шингэчихдэг учраас энерги зарцуулах шаардлага гардаггүй.
Манай орны мал сүргийн 97 хувь нь дан бэлчээрийн ургамлаар идээшилдэг. Нэмэлтээр тэжээл өгөх нь тун ховор. Гэтэл шим сайтай өвс, ургамлаар идээшлэх боломжтой ганц улирал нь зун. Мал намрын сүүлчээс эхлээд л хагдарсан, шим тэжээлгүй өвс, ургамал идэж эхэлдэг. Дээрээс нь бэлчээрийн даац хэтрээд удаж буй. Даац хэтрэхээр тухайн бэлчээрт байх ёстой, ашигтай ургамал багасаж, түүний оронд нэг наст буюу лууль, шарилж ургадаг. Өнөөхийг нь идсэн мал шингээх гэж маш их энерги зарцуулж, хэвдэг. Тэгэхээр цаг уур, улирлын онцлог, бэлчээрийн талхлалт зэргээс болоод монгол мал илүү их энерги зарцуулдаг, метан хий ялгаруулдаг байж болзошгүй гэж дүгнээд буй. Гагцхүү үүнийг баталгаажуулах хэрэгтэй.
Метан хий малын гүзээнд байдаг. Нэг үхэр хоногт дунджаар 300-500 литр хий ялгаруулдаг бөгөөд үүний 95 орчим хувийг амьсгалаар (хэхрэх байдлаар), үлдсэнийг нь ялгадсаар гадагшлуулдаг гэсэн тооцоо бий. Энэ бол олон улсын судалгааны үр дүн. Бидний гол зорилго бол монгол мал хоногт хэчнээн литр хий ялгаруулдгийг тогтоох. Цаашлаад нийт мал, бэлчээрээс үүдэлтэй метан хийн хэмжээг улирал, улирлаар нь тодорхойлох юм.
-Үүнийг ямар аргаар хэмжиж, тогтоодог нь сонирхол татаж байна.
-Лабораторийн орчинд бий болгосон хиймэл гүзээ ашигладаг. Түүн дотор тэжээл яаж задарч, боловсорч, шингэж байгааг ажиглаж, судлах боломжтойн зэрэгцээ ялгарах метан хийн хэмжээг үнэлж болдог. Мөн туршилтын байранд тэжээсэн, бэлчээрт идээшилсэн малын баасыг харьцуулах байдлаар метан хийн хэмжээг тодорхойлдог.
-Төсөл хэрэгжүүлээд хоёр жил орчим болжээ. Эцсийн үр дүн хэзээ гарах вэ?
-Уг нь төлөвлөгөө ёсоор бол бидний ажил 2021 онд дуусах байсан. Гэвч цар тахал, санхүүжилтийн дутагдал зэргээс болоод нэлээд саатлаа. Өнгөрсөн оны санхүүжилт гэхэд арванхоёрдугаар сарын сүүлчээр шийдэгдсэн. Энэ ондоо багтаагаад төслөө дуусгаж, үр дүнг нь тайлагнах зорилт дэвшүүлээд байна. Одоогийн байдлаар судалгааны хундаамыг бүрэн тавьсан. Зарим тооцооллыг нягтлах, баталгаажуулах ажил үлдээд буй.
-Бэлчээр, малаас үүдэлтэй метан хийн хэмжээ их гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авбал зохимжтой вэ?
-Дэлхий дахинд эрчимжсэн мал аж ахуй зонхилж байна. Бэлчээрийн мал аж ахуйтай нь тун цөөн. Тэр улсууд малын тэжээлийн чанарт онцгой анхаардаг. Энерги зарцуулалтыг нь бага байлгахыг зорьдог. Бид ч мөн энэ жишгийг дагах хэрэгтэй. Тэртэй, тэргүй нийт бэлчээрийн зонхилох хувьд нь даац хэтэрсэн учраас ядаж өвөл, хаврын тарчиг цагт малдаа нэмэлт тэжээл өгөх нь зүйтэй. Эсвэл бэлчээрийн менежментийг сайжруулахад анхаараасай. Малчид малаас хүртэх ашиг шимийг тооцоолсон ч тэр, түүнд зарцуулах цаг заваа бодсон ч тоонд бус, чанарт анхаарах хэрэгтэй.
-Манай улсад өмнө нь энэ чиглэлээр хийсэн судалгаа байхгүй гэдгийг та онцоллоо. Тэгвэл санхүүжилт, цаг үеийн нөхцөл байдлаас гадна арга барил, туршлагын хувьд хүндрэлтэй зүйл бий юү?
-Байлгүй яах вэ. Тухайлбал, олон улсад метан хий хэмжигч тусгай багажийг өргөн хэрэглэдэг. Лабораторид ашигладаг ч байна, малд зүүдэг ч бий. Эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн зарим орон тийм хэмжилт хийдэг вакуум орчин бүрдүүлсэн байдаг. Манайд ийм орчин, багаж хэрэгсэл байтугай энэ чиглэлийн ойлголт, мэдлэг хомс. Бид санхүүжилтдээ баригдаад “бор арга”-аар үзэж байна. Гэхдээ хиймэл гүзээний аргыг олон улсад ашигласаар ирсэн. Дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулъя, дорвитой арга хэмжээ авъя гэвэл энэ чиглэлийн суурь судалгааг хөгжүүлэхээс аргагүй. Үүний тулд нэн түрүүнд дэвшилт арга технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх шаардлагатай