Жиү жицүгийн тамирчин Ё.Батбаяр АНУ-ын Лас Вегас хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан цэнхэр бүсний М4 ангиллын 94 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон юм. Тэрбээр өмнө нь БНСУ-ын Сөүл хотод Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд хүрэл, ОХУ-ын Эрхүүд алт, Монголд болсноос нь мөнгөн медаль хүртэж байв. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж, ярилцлаа.
-Та жиү жицүгийн ДАШТ-д цэнхэр бүсний ангилалд түрүүлж, дэлхийн аварга болсон нь цар тахлын хүнд үеийг даван туулж буй монголчуудыг баярлуулсан сайхан мэдээ байлаа.
-Баярлалаа. “Таван цагариг”-ийн спорт сонирхогч уншигчидтай шинэ онд уулзан, амжилтынхаа тухай хуваалцаж буйдаа баяртай байна. Би энэ спортоор сонирхож хичээллээд гурван жилийн дараа ДАШТ-д оролцож, цэнхэр бүсний ангилалд анх удаа зодоглолоо. Надад дэлхийн аваргын алтан медаль үнэ цэнтэй ирсэн шагнал.
АНУ-ын тамирчинтай шигшээд шалгарч, аваргын төлөө барилдсан. Надтай таарсан тамирчдаас хойд хөршийн бөх хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Бид сонирхолтой барилдаан өрнүүлсэн. Тэрбээр биерхүү, бяртай, бас туршлагатай. Бөхийн төрлүүдээр багаасаа хичээллэж, амжилт гаргасан байв. Миний хувьд дэлхийн аварга болсон ч ялагдсан тамирчдынхаа давуу талаас олон зүйлийг олж харсан. Жиү жицү Бразилын үндэсний спорт. Бөхийн бусад төрлөөс хэвтээ барилдаанаараа ялгардаг. Тиймээс дэлхийн шилдгүүдийн барилдах арга барил, техник, тактикийг нь сайтар судлах ёстой. Манай тамирчид Лас Вегасын дэвжээнээс есөн медальтай ирсэн. Монголд энэ спортыг хөгжүүлэхэд О.Болд-Эрдэнэ багшийн үүрэг, оролцоо их бий. Тэрбээр ДАШТ-д хүч сорихын өмнө “Бүсээ медалиар мялааж ирээрэй” гэж захисан юм. Түүний итгэл хүлээлгэсэн тэр үг намайг амжилт руу хөтөлж, аварга болоход нөлөөлсөн. Багшийнхаа хэлснийг биелүүлж, аварга болоод ирсэндээ сэтгэл өндөр явна.
-Алтан медалийн төлөөх барилдаан үзэгчдийн сонирхлыг их татдаг. Дэлхийн дэвжээнд зодоглож байна гэж бодохоор догдолж, сандрав уу?
-Дэлхийн аваргын дэвжээ үнэхээр гайхалтай, сүрдэм байдгийг тэмцээн үзэж суугаа олны уур амьсгалаас мэдэрсэн. Тамирчид хэдэн жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлээ үзэгчдийн өмнө харуулдгийг ч тэр үед ойлгосон. Медалийн тавцанд Монголын тамирчин гэж дуудуулж, Төрийн дуулал эгшиглэх мөчид эх орноороо бахархаж, аав, ээж, нутаг ус, гэр бүл, хамт олон, найз нөхдөө их боддог юм билээ. Амжилтын ард өндөр үүрэг, хариуцлага, намайг ойлгодог олон хүний тус дэм бий. Алтан медаль маань урам өгсөн болохоор олны хайр, хүндлэлийг дааж, олон тэмцээнд аваргаа хамгаалан барилдахыг зорьж байгаа.
-Тэнд ажиллаж, амьдардаг монголчууд нутгийнхаа бөхчүүдийг дэмжиж, үзсэн гэж сонссон.
-Тийм ээ. Лас Вегас дахь нутаг нэгтнүүд бид энд тусалж, тухтай орчин нөхцөлөөр хангасан нь эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэнд болон Вашингтонд амьдардаг залуус бидэнтэй хамт бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон. Бид түүнээс хойш сайн найз болж, байнга холбогдож байгаа. Лас Вегаст тэмцээн Абу Дабигийнхаас хэд хоногийн өмнө эхэлсэн. Монголын тамирчдаас улсын аварга Г.Эрхэмбаяр алтан медаль хүртэж, гурав дахь удаагаа дэлхийн аваргаар шалгарлаа. Би аваргын барилдахыг харан эрч хүч авч, маргааш нь зодоглоод түрүүлсэн юм. Медаль хүртсэн тамирчдаас жижигхэн биетэй нь би байлаа. Манай гэрийнхэн түрүүлэхэд минь “Зорилгодоо хүрлээ” гэж надаас дутуугүй баярласан. Ээж, багшдаа дэлхийн аварга болно гэж амласнаа ч биелүүллээ. Сайн дасгалжуулагч, бэлтгэл хангагчгүй бол амжилтын тухай ярихгүй шүү дээ. Тиймээс итгэлийг нь алдахгүйг үргэлж хичээдэг.
-Амжилтынхаа гарааг анх ямар медалиар эхлүүлж байв?
-Хүрэл медалиар салхийг нь хагалснаа их бэлгэшээдэг. Өмнө нь БНСУ-д болсон “Sеoul open” тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл, дараа нь ОХУ-ын Эрхүүд алт, Монголд зохион байгуулснаас нь мөнгөн медаль хүртсэн. Сөүлийн дэвжээнээс зүүсэн медаль олон шагнал буухиалсан гэж боддог. Тэнд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд улсынх нь бөхийг цэвэр ялчихаад баярлаж зогссоноо мартдаггүй.
-Жиү жицүд хүч сорьдог тамирчид өмнө нь бөхийн төрлүүдээр хичээллэсэн байдаг юм билээ.
-Би бөхийн спортод дуртай. Хүүхэд байхдаа Ардын багш, Гавьяат дасгалжуулагч улсын харцага Ц.Сэрээтэр багшийн удирдлагад чөлөөт бөхөөр нэг хэсэг хичээллэсэн. Жиү жицүд их сонин тохиолдлоор хөл тавьсан. Хүүгээ хичээллүүлэхээр ирэхэд дасгалжуулагч багш нь “Та ч гэсэн сонирхоод хичээллэж болно шүү дээ” гэж санал тавьснаар тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Тэр цагаас бэлтгэл хийх бүрт сэтгэл сэргэж, амьдралынхаа зөв дадал болгохыг зорьсон. Найзууд минь дэмжиж, урам хайрладаг байсан нь амжилт руу тэмүүлэхэд нөлөөлсөн. Намайг ирэхэд нөхөд минь найрсгаар угтан авч, бэлтгэл хэрхэн хийх талаар зөвлөдөг байлаа. Тэр дундаа өөрөө хичээллэх гэж ирээд аавыгаа энэ спортод оруулсан хүүдээ их баярладаг. Цар тахал холдож, сайхан цаг ирэхээр хүүгээ тууштай бэлтгэл хийлгэх бодол бий.
-Спортод хөл тавьсан цагаасаа дуртай бүхнээ хойш тавьж, олон зүйлийг золиослон амжилт гаргасан тамирчдын түүхийг уншиж байлаа. Та ч гэсэн энэ бүхнийг тойроогүй л байх.
-Хүнд зорьсондоо хүрэх шиг сайхан зүйл байдаггүй юм билээ. Амжилт олон зүйлээр сорьсны эцэст ирдгийг ухаарсан. Ажлаа тааваараа хийж яваад медаль хүртдэг тамирчин байдаггүй. Би ч гэсэн тэдний адил амьдралынхаа олон зүйлийг хойш тавьж ирсэн. Дэвжээнд нөхөдтэйгөө хамт бэлтгэл хийхэд нийгмийн хар, бараан мэдээллээс түр боловч холддог. Ингэх нь надад алжаал тайлснаас ялгаагүй санагддаг юм. Зорилго минь намайг тэмүүлэлтэй болгож, таагүй зүйлээс хол байлгадаг. Бэлтгэлийнхээ дараа найзуудтайгаа спортын тухай яриа өрнүүлж суух сайхан. Тэмцээний товлосон хугацаа ойртох тусам миний сэтгэл догдолдог. Өмнө нь зөвхөн ажил гэж өөрийгөө мартах нь холгүй явдаг байсан бол жиү жицүгээр хичээллэсэн өдрөөс өөрчлөгдсөн. Намайг энэ спорт хөгжүүлж, амьдралын идэвхтэй болгосон, бас бие, сэтгэл зүйн хатуужил, тэвчээрт сургалаа. Өдөр бүр урам зориг мэдэрч, бусдыг уриалдаг болсон. Тамирчид амжилтын оргилд нь хүрэхээр тэмүүлдэг. Би ч гэсэн ийм хүсэлтэй урагшилж байна.
…Тамирчин хүн амжилт гаргахад эргэн тойрных нь олон зүйл нөлөөлдөг. Тиймээс төлөвшиж хүмүүжсэн, эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлэх нь чуxал. Өөрөө ч гэсэн гэр бүл, хамт олон, найз нөхдөдөө зөв үлгэр дуурайл болдог байх хэрэгтэй…
-Та өмнө ямар ажил эрхэлж байгаад спортын зам сонгочихов?
-Барилгын салбарт инженерээр ажилладаг. 10 гаруй жил ажиллахдаа агааржуулалт, сантехник угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Хамт олон минь намайг ойлгож, дэмждэгийн хүчинд бэлтгэл хийж, тэмцээнд оролцож байгаа. Миний амжилтад ажлынхны минь хувь нэмэр багагүй бий. Би цагаан бүстэй байхдаа гадаад, дотоод, олон улсын нээлттэй тэмцээнд хүч сорьж, медаль хүртсэнээр цэнхэр бүстэй болсон. Энэ бүсний ангилалд амжилт гаргавал ягаан, бор, хар бүс эзэмшдэг. Дараа жилийн тэмцээнээс медаль зүүж, бүснийхээ өнгийг өөрчлөхөөр хичээж байгаа.
-Таныг амжилт гаргахаар найзууд тань хүүхдээ жиү жицүгээр хичээллүүлэхээр дагуулж ирдэг үү?
-Намайг тэмцээнд оролцохыг хараад найзууд минь хүүхдээ дагуулж ирдэг болсон. Тэд “Манай хүү жиү жицүгээр хичээллэх сонирхолтой. Чи бэлтгэл хийх үед нь анхаарал хандуулж байгаарай” гэдэг юм. Спорт хүнийг зөв ёс суртахуун, хүмүүжилтэй болгодог. Эрүүл, идэвхтэй амьдрахын эх суурь нь спортоор хичээллэх шүү дээ. Сүүлийн үед би ч гэсэн ах дүүсийнхээ хүүхдүүдийг хичээллүүлэхийг боддог болсон.
-Эхнэр тань тамирчин гэл үү. Гэр бүлээрээ спортоор хичээллэх заримдаа амаргүй санагддаг биз?
-Гэр бүлийн минь хүнийг Б.Алтанхүү гэдэг. Хэт холын марафон гүйлтээр хичээллэдэг. УАШТ-ээс хүртсэн нэлээд олон медальтай. Манайх гурван хүүхэдтэй. Тамирчин хүн зөвхөн өөрийнхөө хүчээр амжилт гаргадаггүй. Гэр бүлээрээ спортын амьдралыг мэддэг болохоор нэгнээ тэмцээнд оролцох үед нь дэмжиж, урам өгдөг. Намайг ч гэсэн алхам алхмаар урагшлахад гэр бүл минь түшиг тулгуур болж байгаа. Бид спортоор хичээллэхийн давуу талыг мэдэрдэг болохоор тууштай хичээллэдэг.
-Монголд энэ спорт хөгжиж, хүүхэд, залуусаар хүрээгээ тэлж байна. Тэднийг амжилтад уриалж, урам хайрлаач.
-Дэлхийд бөхийн төрлүүдийн спортоос хурдацтай хөгжиж байгаа нь жиү жицү. Үүнийг АНУ-ын Лас Вегас, АНЭУ-ын Абу Дабигийн дэвжээнд хүч сорьсон тамирчдын өрсөлдөөн харууллаа. Тамирчин хүн амжилт гаргахад эргэн тойрных нь олон зүйл нөлөөлдөг. Тиймээс төлөвшиж хүмүүжсэн, эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлэх нь чуxал. Өөрөө ч гэсэн гэр бүл, хамт олон, найз нөхдөдөө зөв үлгэр дуурайл болдог байх хэрэгтэй. Монголын бөхчүүд дэлхийн шилдгүүдээс дутахгүй сэтгэлийн тэнхээ, авьяас, ур чадвар, туршлагатай. Манайд нас, насны ангилалд жиү жицүгийн дэлхийн аварга болсон тамирчид бий. Өнөө цагт спортоор өөрийгөө хөгжүүлж, ажил, амьдралдаа амжилт гаргаж яваа залуус олон. Залуусыг зөв хүмүүжил, ёс суртахуунтай болоход жиү жицүгийн академи, клубүүдийн хаалга нээлттэй, зорьж ирээд хичээллээрэй. Энэ ташрамд, намайг дэмждэг Монголын жиү жицүгийн холбооны дасгалжуулагч багш, баг тамирчид, гэр бүл, найз нөхөд, байгууллагынхаа хамт олонд талархсанаа илэрхийлээд, ДАШТ-ээс хүртсэн алтан медальд маань та бүхний итгэл найдвар, тус дэм, сэтгэл шингэсэн юм шүү гэж хэлье.