Хуучнаар Улсын мөрдөн байцаах газар, өнөөгийн Мөрдөн байцаах албанаас гавьяаныхаа амралтад сууж буй цагдаагийн хурандаа Ц.Ёндонхүүтэй ярилцлаа. Цэргийн прокурорт ажиллаж байсан түүний хууль сахиулах байгууллагын шинэчлэлийн талаарх байр суурийг уншигчдадаа хүргэе.
-Цагдаагийн ахлагч цолтой бүрэлдэхүүнээс анх удаа ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуульд сурахаар явсан хүн нь та юм билээ. Ямар хувь тохиолоор сонгогдож байв гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Би 1967 онд сэргийлэгч гэдэг албан тушаалд томилогдон цагдан сэргийлэх байгууллагатай амьдралаа холбосон хүн. Эргүүлийн ротод сэргийлэгчээр ажиллаж байгаад 1970 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуульд явав. Тэр үед цагдан сэргийлэх байгууллагын бага тушаалын бүрэлдэхүүнээс дээд сургуульд явуулдаггүй байлаа. Тэгэхэд бага дэслэгч цолтой намайг цагдан сэргийлэх байгууллагаас ЗХУ-д дээд сургуульд явуулсан нь анхны тохиолдол болсон юм. Сэргийлэх хамгаалах гарнизоны дарга нь тухайн үед “алаг гарт” гэх хочтой Шагдар гэж хурандаа байлаа. Тэр хүн миний амьдралд асар их хувь нэмэр болсон л доо. МУИС-ийн хуулийн ангид орохын тулд би хоёр удаа халагдах өргөдөл гаргаж байсан юм. Шагдар хурандаа өргөд-лүүдийг минь ураад хаячихаж байв. 1970 онд гурав дахь удаагаа халагдах өргөдөл бичлээ. Шагдар хурандаа өргөдлийг минь авангуутаа төмөр шүүгээ (сейф)-ндээ хийчихэв. Төд удалгүй Югославын Коммунист намын дарга манай улсад айлчилж, би хамгаалалтад гарч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ард зүлгэн дээр хэвтэж байлаа. Гэтэл машины дуут дохио хангинаж босоод хартал Шаагаа хурандаа “Суу энэ машинд” хэмээн командлав. Би ч “Сахилгад суух нь дээ” гэж бодоод машинд нь орлоо. Давхисаар НАХЯ-ны төв хаалган дээр ирж зогсон Санжмятав гэж дэд хурандаагийн өрөөнд дагуулан очив. “Нөгөө хүүхэд чинь энэ шүү” гээд яваад өглөө. Санжмятав дэд хурандаа намайг сонжин харж байснаа Багшийн дээд рүү Гомбо гэж хүнтэй уулз гэж явуулдаг юм байна. Тэнд очтол дандаа офицерууд шалгалт өгч, ахлагч цолтой би ороод орос хэлний шалгалтад уначихав. Ингээд сургуульд явахаасаа өнгөрсөн гэж бодож байтал 1970 оны наймдугаар сард намайг яаманд дуудлаа. Ороод сайдын өрөөнд илтгэх ээлжээ хүлээн зогсож байтал сайд нэг хүнийг “ор, ор” гэв. Тэр хүн орж ирмэгцээ мөрөн дээр минь гараа тавьж “Сайд аа. Миний яриад байсан хүүхэд энэ шүү” гэлээ. Гарыг нь хартал алаг арьстай байлаа. Энэ үед миний нүдийг нулимс бүрхээд авсан. Ингэж “алаг гарт” Шагдар гэж хүний буянаар анх удаа цагдан сэргийлэх байгууллагын бага бүрэлдүүнээс сонгогдон ЗХУ-д сургуульд явсан даа. Сургууль төгсөж ирээд Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, хэлтсийн орлогч, Хилийн ба дотоодын цэргийн прокурорын газрын мөрдөн хариуцсан орлогч, Цэргийн ерөнхий прокурорын газарт мөрдөн хариуцсан орлогч, УМБГ-ын хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга зэрэг алба хашиж байгаад гавьяаныхаа амралтад суусан даа.
-Таныг цагдаагийн хүн атлаа цагдан сэргийлэгч нартаа сэтгэлгүй гэж нэг удирдах албан тушаалтан чинь хэлж байсан юм билээ. Үнэхээр цагдаагаа гэсэн сэтгэлгүй ажиллаж байсан юм уу?
-Хилийн ба дотоодын цэргийн прокурорын газарт ажиллаж байхдаа цагдаа, дотоодын, хилийн цэрэг гээд бүх субъектийн алба хаагчдын холбогдсон хэргийг шалгадаг байв. Нэгэнт энэ прокурорын газарт ажиллаж байгаа хүн чинь хуулиа барьж л ажиллаж, гажууд зүйл хийхгүй шүү дээ. Гэхдээ хуулийн гарц байвал алба хаагчдыг хамгаалах боломж бүрдүүлж л байсан байлгүй. УЦСЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал цолтой тэр хүнд “Цагдаагийн ажилтнуудыг шоронд хийж байгаа хүн нь энэ Ёндонхүү” гэсэн ойлголт төрүүлсэн юм шиг байгаа юм. Тиймээс л “Цагдаад ээлгүй” хэмээгээд ЗХУ-д Дотоод явдлын яамны академи төгсөөд ирэхэд албан тушаалд томилохгүй хавчиж байсан явдал бий.
Харин НАХЯ-ны намын хорооны дарга Юндэндорж гэж хүн байсан юм. Түүнийг би ямагт дурсан санаж явдаг. Намайг хавчиж, шахаж байх үед Юндэндорж гуай яамны нэг хурлын үеэр тавьсан илтгэлдээ “Хилийн ба дотоодын цэргийн прокурорын газрын орлогч Ц.Ёндонхүү хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсны эцэст цагдан сэргийлэх байгууллагын бие бүрэлдэхүүний сахилгыг сайжруулсан шүү. Үүнийг та нар ойлгох хэрэгтэй” хэмээн онцолж байсан юм.
-НАХЯ-ны Тусгай ангийн даргыг эрүүгийн хариуцлагад татаж байсан түүхээ ярьж өгөөч.
-НАХЯ-ны Тусгай ангийн дарга гэдэг албан тушаалтан тухайн үедээ их эрх мэдэлтэй хүн байсан юм л даа. Ховд аймгийн Булган сум дахь Хилийн цэргийн ангийн Тусгай ангийн даргыг Хилийн ба дотоодын цэргийн прокурорын газрын орлогчоор ажиллаж байхдаа эрүүгийн хариуцлагад татаж байлаа. Түүнийг шалгаж эхлэхэд Намын төв хороо, НАХЯ-ны захиргааны хэлтэс, сайд гээд бүх л шатны удирдах ажилтан руу ярьж, жигтэйхэн юм болж байсан юм даг. Тэгэхэд хавтаст хэрэгтэй нь улсын ерөнхий прокурор С.Бүдрагчаа гуай, Улсын дээд шүүхийн дарга Б.Чимэд гуайтай хамт сууж НАХЯ-ны Тусгай ангийн даргын хэрэгтэй танилцаж байв. Ингээд хэрэг мөн үү, биш үү гээд дэнсэлж байсан юм. Тэр хүн нь албан тушаалаа ашиглаад эрүүгийн хэрэг нуун далдалсан үйлдэлд холбогдсон. Хилийн цэргийн хоёр алба хаагч маргалдаж, нэг нь нөгөөгөө хутгалсан хэргийг дарж, цэрэг нохойд хазуулсан гэж дээд байгууллагад танилцуулсан нь шалгалтаар илэрсэн л дээ. Түүнээс хойш НАХЯ-ны коллегийн хурлаар намайг бангадаж байхад С.Бүдрагчаа прокурор “Прокурорын байгууллага бол зөвхөн хуулийнхаа хүрээнд, хуульд заасны дагуу хэний ч эрхшээлд оролгүй үйл ажиллагаа явуулж байна” гэж айхавтар үг хэлж байлаа.
-УЦСЕГ-аас Мөрдөн байцаах газрыг тусад нь байгуулах санаачилга гаргаж байсан хүмүүсийн нэг нь таныг гэх юм билээ.
-Тийм ээ. 1990 онд ЗХУ-д ДЯЯ-ны академи төгсөж ирээд өрөөнийхөнтэйгөө энэ талаар ярилцаж, өргөх бичиг барих санаачилга гаргаж байсан минь үнэн. Би нөхдөдөө “Цагдаа, мөрдөн байцаах байгууллагыг салгая гэсэн өргөх бичиг Засгийн газарт өргөн барья” гэж хэллээ. Би Оросод сургуулийг нь төгсөөд ирээд удаагүй байсан юм л даа. Тэгэхэд “УМБГ газар гэж байгууллага байгуулаад улсаас хангамж авч, Засгийн газрын харьяанд оруулах, хэв журмын цагдааг орон нутгийн харьяанд байгуулбал зөв” гэсэн санал гаргаж, гурван орой сууж төслийн танилцуулга бичиж Засгийн газарт хүргүүллээ. Хэд хоногийн дараа тухайн үеийн Засгийн газрын Шадар сайд Д.Дорлигжав дуудахад нь очиж саналаа танилцуулахад тэрбээр их дэмжиж ажил хэрэг болгохоор болсон. Удалгүй УМБГ-ын дарга Д.Алтангэрэл ч бидний санааг зөв гээд дэмжсэн ч таг болж, санал гаргасан мань мэтийг тарааж, албан тушаалд томилж байсан юм даа.
-Одоо ч зарим хуульч Мөрдөх алба байгуулж, цагдаа, тагнуул, АТГ-ын мөрдөгчдийг нэг малгай дор ажиллуулах ёстой гэсэн санал гаргаж байдаг шүү дээ.
-Би ч тийм саналтай явдаг хүмүүсийн нэг. Мөрдөн байцаах байгууллага Монголд үүсэж хөгжөөд 75 жил болж байна. Энэ байгууллага өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах нэг л хуультай. АТГ-ын мөрдөгч нэг хууль хэрэглэдэг, тагнуулын мөрдөгч, цагдаагийн мөрдөгч нар өөрийг баримталдаг гэсэн ойлголт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах нэг л хуультай. Нэг л хуулийн дагуу ажилладаг байгууллагуудыг нэгтгэх ёстой. Өнөөдөр мөрдөн байцаах байгууллага талын нэг тарчихсан. Ингэж ажиллаж байгаа нь Монгол Улсад хор хөнөөлтэй. Нэгдүгээрт, мөрдөн байцаах байгууллагын нэгдсэн бодлого, мэргэших чадвар алдагдчихаад байна. Улмаар улстөрчдийн гар хөл болох аюултай болсон. Мөрдөн байцаах байгууллагыг тараасан нь эрх мэдэл авах гэсэн хүмүүсийн л хийсэн үйл ажиллагаа.
Мөрдөх байгууллагуудыг нэгтгээд Монгол Улсын Мөрдөн байцаах хороо, эсвэл газар гээд Ерөнхийлөгчийн дэргэд юм уу, Засгийн газрын харьяанд байгуулчихвал улстөрчдөөс хоёр алхам хол байж чадна. Ингэснээр улстөржилтөөс ангижирч, нэгдмэл бодлогоор үйл ажиллагаагаа явуулж, бие даан ажиллах боломж бүрдэх юм. Мөрдөн байцаах байгууллага ингэж олон салснаар Үндсэн хуулийн үзэл баримтлал ч зөрчигдөж байгаа. Тухайлбал, АТГ, тагнуулын байгууллагын мөрдөгчдийн цалин цагдаагийнхаасаа илүү өндөр, ахуй хангамж нь хангалттай байх зэргээр өөр байгаа юм.
Түүнчлэн мөрдөгчийн үйл ажиллагааг албаны дарга юм уу, прокурор л хянаж шалгах ёстой. Гэтэл өнөөдөр амьдрал дээр тийм биш. Цагдаагийн мөрдөгчийн үйл ажиллагаатай дуртай нэг дарга нь танилцдаг, УИХ-ын гишүүн нь мэдээлэл авдаг болчихоод байна. Мөрдөн байцаах байгууллага бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүйгээс хэн дуртай нь ингэж оролцож, улстөржүүлэх гээд байгаа юм.
Мөрдөн байцаах байгууллагыг нэгтгэх боломжгүй гэж үзэж байвал энэ байгууллагыг 1992 оны бүтэц рүү нь оруулах шаардлагатай. Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулаад ЦЕГ-ын дэд дарга Мөрдөн байцаах албаны дарга гээд хуульчлаад бие даасан үйл ажиллагаа явуулахад ч болохгүй гэх газаргүй. Мөрдөгч хүн бол далд фронтын дайчид. Тэд хүний сэтгэл зүй, оюунтай нь харилцдаг юм шүү дээ.
-Ер нь хууль сахиулах салбарт ажиллаж байсан хүний хувьд хуулийн байгууллага улстөржлөө гэдэгтэй санал нийлэх үү?
-Бүх хуулийн байгууллага улстөржчихлөө гэж яриад байгаа асуудлаас гарах ганц л арга бий. Энэ нь шүүгч, прокурор, мөрдөгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулах ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэж хуульчлах ёсгүй. Харин шүүгч, прокурор, мөрдөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж өгөх хэрэгтэй. Тэгвэл шүүх эрх мэдлийн байгууллага улс төрөөс ангижирна. Даанч манай улстөрчдөд тийм зориг байхгүй, айж буй юм. Ингэж баталгаажуулж өгөхгүй бол энэ салбар бүр дампууралд орно. “Төрийн байгууллагын нэр хүндийг хуулийн байгууллагууд унагалаа” гэж УИХ-ын дарга өнгөрсөн жил хэлж байсан. Би үүнтэй санал нийлэхгүй. Харин ч эсрэгээрээ улстөрчид хуулийн байгууллагын нэр хүндийг унагаж, үүнээс шалтгаалж төрийн нэр хүнд ард түмний дунд унаж байна. Европ, Ази, Америк гэлтгүй эрх зүйн систем нь өндөр хөгжсөн орнууд Төрийн тэргүүн ч бай, улстөрчид ч ялгаагүй гэмт хэрэг үйлдсэн л бол хариуцлага хүлээлгэж чадаж байгаа. Энэ нь шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын эрх зүйн байдлыг баталгаажуулж чадсаных. Төрийн нэрийн өмнөөс ажиллаж, гэм буруутай, эсэхийг шалгаж, ял шийтгэх санал гаргаж, эцэслэн шийдвэрлэж байгаа мөрдөгч, прокурор, шүүгчдээс зөвхөн мөрдөгчдийг салган авч ажлыг нь хөсөр хаяж байгааг эргэн харах л ёстой.
-Эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна гээд л салбарын сайд, албан тушаалтнууд нь яриад байдаг. Амьдрал дээр эрх зүйн шинэчлэл хийгдэж чадаж байгаа юу?
-Манайхан шүүх засаглал гэж зөвхөн шүүх гэж ярьж, ойлгоод байна. Энэ бол онолын хувьд буруу л даа. Шүүх засаглал гэдэг бол дөрвөн субъектээс бүрддэг юм. Шүүх, прокурор, мөрдөн шалгах, өмгөөлөх үйл ажиллагаанаас шүүх засаглал тогтдог байтал манайхан ганц шүүхийг л яриад, анхаарлаа хандуулчихаад бусад гурвыг нь хаячихаад байна. Энэ дөрвөн субъект бол хуулийн байгууллага. Хуулийн байгууллагын шинэчлэлийг цогцоор нь хийх ёстой. Түүнээс биш ганц шүүхэд шинэчлэл хийгээд эрх зүйн шинэчлэл амжилттай хэрэгжүүллээ гэж буй нь өрөөсгөл ойлголт. Манайд эрх зүйн шинэчлэл өнгөрсөн 30 жилд хийгдээгүй гэж би үздэг. Дөнгөж л эхэлж байна. Шүүх, прокурор, мөрдөн байцаах байгууллага ерөөсөө болохгүй байна, хууль бус шийдвэр гаргалаа гэж муулж ярьж байгаа нь эцсийн эцэст тухайн салбарт ажиллаж буй хүмүүсийн эрхэд халдсан явдал. Хууль бус үйлдэл гаргаад байгаа шүүгч, прокурор, мөрдөгчийг нэр цохож ярихгүй, улстөрчид нийтээр нь хэлж буй нь тухайн салбарт ажилладаг шударга олон хүний эрхэд халдсан гэж хэлж болно.
Өнөөдөр хүний эрх гэж их ярьж байгаа. Хүний эрх хуулиар хязгаартай байдаг. 1967 оны Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг асар сайн боловсруулсан. Г.Совд, Б.Содовсүрэн багшийн боловсруулсан энэ хуулийн доторх зүйл, заалтыг цаг үетэйгээ уялдуулан шинэчлэн сайжруулаад явах ёстой байтал хэрэглээнээс нэг мөсөн хассанаас хууль цоорхойтой болж, хүний эрх хөсөр хаягдах болсон.
Ерөнхийлөгч маань 30 жилийн өмнөх байдлыг сэргээж, Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган санаачлан зохион байгууллаа. Энэ чуулганы үеэр ЦЕГ-ын дарга 1967 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлалын талаарх судлаачдын саналын талаар дурдсан нь шүүмжлэлд өртөж байх шиг байна лээ. ЦЕГ-ын даргын хэлсэн санаа маш зөв юм. Харин түүний үгийг өлгөн авч шүүмжилж байгаа нь нөгөө л эрх мэдлийн төлөө зүтгэсэн, улс төрийн нөлөө үзүүлэх гэсэн хүмүүсийн үйлдэл юм.
Энэ чуулганы үеэр шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан өөрсдийнхөө амбицыг хамгаалсан зүйл л яриад байна лээ. 30 жилийн өмнө Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын чуулганы үеэр шүүх, прокурор, мөрдөх, өмгөөлөх байгууллагынхаа болохгүй байгаа зүйлийг тодотгон ярьж, тусгай комисс гарган шийдвэрлэдэг байв.
-Хууль тогтоогчид Өршөөлийн хууль ойр, ойрхон батлаад л, ХЭҮК гэх байгууллага нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн эрх зөрчигдлөө гэж шалгалт явуулж дүгнэлтээ танилцуулаад л байдаг. Хохирсон хүний эрхийг ярьдаг байгууллага ховор байгаа нь ажиглагддаг л даа.
-Тийм ээ. Өнөөдөр гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хамгаалсан хууль л гаргаж байгаа атлаа хохирогчийн эрхийг хамгаалсан хууль огт батлахгүй юм. Гэмт этгээд ял завшиж байна, хариуцлагаас мултрах хууль л УИХ батлаад байгаа. Хүний амь бүрэлгэсэн, бага насны хүүхэд хүчиндсэн этгээд 20 жилийн хорих ял аваад шоронд явж байна. Гэтэл хохирсон иргэн, түүний ар гэр, хууль ёсны төлөөлөгчийг хамгаалсан эрх зүйн баримт бичиг алга. Гэмт хэрэг хийсэн хүнд амьд явах эрхийг нь өгчихөөд, хохирсон иргэний амьд явах эрхийг хөсөр хаячихаад байгаа шүү дээ. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд хуулиа зөв боловсруулан баталж, эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Төрийн олон тэрбум төгрөг идэж, шамшигдуулсан хүмүүс цөөхөн жилийн ял сонсоод, эсвэл торгуулаад өнгөрч байна. Тэр завшсан мөнгөнөөс нь ар гэрийнхэн, ах дүү, садан төрлийнхөн нь бүгд л хэрэглэж байгаа шүү дээ. Хятадын хуулиар хөрөнгө завшсан хүний ар гэр, ах дүү нарынх нь хөрөнгөөс ч хураадаг нь маш зөв санагддаг. Энэ зүйл заалтыг манай хуульд оруулж өгвөл авлига багасна гэж бодож байна.
Эцэст нь, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн түшээдээс эрх зүйн шинэчлэлийг зоригтой хийж өгөөч гэж хүсмээр байгаа юм. Ялангуяа Ерөнхийлөгч үүнийг зоригтой хийж өгөөч гэж хэлмээр санагддаг.