Сурагчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны мастер, “Гэгээн арвай” клубийн тамирчин, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагч Г.Амартүвшин өсвөр үеийнхний УАШТ-ий таван түрүү, хошой хүрэл, Азийн АШТ-ээс нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальтай. Тэрбээр дэлхийн аварга болохоосоо өмнө 2013 онд Иран улсад зохион байгуулсан Азийн АШТ-ий рапид төрөлд түрүүлж, стандартад мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл 2020 онд Дэлхийн шатрын холбоо Азийн шатрын холбоотой хамтран www.chess.com сайтад зохион байгуулсан тивийн цомын аварга шалгаруулах багийн цахим тэмцээнд Монголынхоо тамирчидтай оролцохдоо дэлхийн шилдгүүд болох Казахстаны их мастер Ринат Жумабаев, Сингапурын Кевин У Веймин, Ираны Магсудлу Пархам нарыг хожиж, багтаа шийдвэрлэх ялалтыг авчирч байв. АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 23-30-нд болсон сургуулиудын шатрын багийн ДАШТ-д нэгдүгээр сургуулийнхаа баг тамирчидтай хамт өрсөлдөж, IV байрт шалгарсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Тайландын Паттаяа хотод 2015 онд зохион байгуулсан сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний стандарт төрөлд U11 насны ангилалд алтан медаль хүртсэн. Дэлхийн аваргын цомтой ирж байсан тэр үеийн дурсамжаар ярилцлагаа эхэлье.
-Тэнд анх хөл тавихад бүгчим агаар төөнөж байлаа. Онгоцонд олон цаг нисэж ядарсан тул бушуухан амрахыг л хүссэн. Халуунд дөрвөн цаг тэвчээр гаргаж хүлээсний эцэст буудаллах байрандаа орсон тэр үед амаргүй санагдаж билээ. Сурагчдын дэлхийн аваргад “Цэцэн нүүдэл” клубээс Ц.Тэнгис бид хоёр оролцсон. Клубийнхээ найзтай гадаадын тэмцээнд учраа таарна гэж үнэхээр төсөөлөөгүй. Сүүлийн өрөгт түүний хожвол алт, тэнцвэл мөнгөн медаль хүртэх шийдвэрлэх чухал тоглолт байлаа. Аваргын төлөө I ширээнд өрнүүлсэн бидний тоглолтод үзэгчдийн анхаарал төвлөрсөн. Өрөг удаан үргэлжилсэн тул Ц.Тэнгис ядарч, алдаа гаргаж хожигдсон юм. Бид нэг үеийнх. Өмнө нь Монголд цөөнгүй тэмцээнд таарсан болохоор нэгнийхээ тоглох арга барилыг мэддэг. Түүнээс хойш гадаадын тэмцээнд нутгийнхаа тамирчинтай дахиж таараагүй.
-Эхний өргөөс л хүчтэй өрсөлдөгчтэй таарсан уу?
-Хожил авах тусам өрсөлдөгчдийн маань тоглолт ширүүсч, улам өрсөлдөөнтэй болж байлаа. Би өмнө нь найм, есөн настайдаа олон улсын тэмцээнд оролцсон тул туршлага багагүй хуримтлуулчихсан байв. Өмнөд хөршийн тамирчинтай таарсан өрөг хамгийн сонирхолтой. Түүнийг ялахын тулд өөрт байгаа бүх нөөц, боломжоо гаргасан. Тэрбээр төгсгөл хэсэгт алдаа бага гаргаж, тайван, тооцоолж тоглосон ч миний хувьд тэсвэр, тэвчээр гаргасны хүчинд тэнцсэн. Түүнтэй өмнө нь тоглож байгаагүй тул судалж амжаагүй. Тэмцээний явцад өрсөлдөгчийнхөө сэтгэл зүй, тактикийг мэдэрч, өөрийнхөөрөө тоглохыг хичээсэн. Тэрбээр тус тэмцээнээс мөнгөн медальтай нутаг буцаж байлаа.
-Тоглолтын үед хэн дэргэд тань байж урам өгч, хурцалсан бэ?
-Ээж минь намайг ДАШТ-д оролцуулахаар хамт явсан. Тоглолтын үед найдвартай ар минь болсон болохоор тэмцээндээ анхаарлаа төвлөрүүлж, өрсөлдөгчдөө хожсон. Аваргын төлөө тоглохын өмнө Батжанцан багш “Өрсөлдөгчтэйгөө тайван тогло, битгий сандраарай” гэж зөвлөсөн. Гэхдээ тоглолтын дунд хэсэгт би сэтгэл зүйн алдаа гаргаж, одоо хожвол түрүүллээ гэж бодон өргийнхөө байрлалыг амаргүй болгосон. Тэр үед тамирчин хүн өрсөлдөгчөө ялсныхаа дараа л хожлоо гэж бодох хэрэгтэйг ойлгосон. Түрүүлчихээд өөрийнхөө бодож байсан тоглолтоо хөлөг дээр харууллаа гэж баярласан. Дэлхийн аварга болчихоод медалийн тавцанд Төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод огшсон, бас өөрөөрөө ч бахархсан. Тийм үед дахиад түрүүлэх сэн гэж амжилтын төлөө шунадаг юм билээ.
-Ази, Европынхны тоглох арга барил өөр. Тэгээд ч шатарчид нэгнийхээ давуу талаас байнга суралцдаг шүү дээ.
-Тамирчин бүрийн тоглох арга барил өөр байдаг. Тухайлбал, Энэтхэгийн тоглогчид тайван, маш няхуур, алдаа бага гаргадаг бол хятадынх хурдан, хурц шийдэлтэй давшиж тоглоно. Монголчуудынхаас дайчин, шийдэмгий, довтлох арга барил анзаарагддаг. Тэгвэл европынхон тэмцээний орчин нөхцөл, өрсөлдөгчийнхөө техник, тактик, сэтгэл зүйд тохируулан сэтгэж нүүдэл хийдэг. Тоглолтын дунд үед өргийнхөө байрлалаас хамаараад хурдан, тайван тоглохоо шийднэ. Дасгалжуулагч нь тамирчдадаа ямар хувирбараар хэрхэн тоглохыг багаас нь заадаг. Тэр дундаа өсвөрийн тамирчдынх нь тоглолтоос илүү ажиглагдсан.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцохдоо амжилт хэрхэн гаргав?
-Иран улсад 2013 онд зохион байгуулсан Азийн АШТ-д анх удаа оролцохдоо рапид төрөлд түрүүлж, аварга болсон. Сүүлийн өрөгт Е.Төгстөмөртэй таарч байлаа. Стандарт төрөлд Энэтхэгийн тамирчинд хожигдож, мөнгөн медаль хүртсэн.
-Их мастер Д.Батсүрэн, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга Е.Төгстөмөр, Дэлхийн шатрын холбооны мастер Ц.Тэнгис та нар нэг үеийнхэн. Найзууд өрсөлдөгч болсон удаа цөөнгүй байдаг биз?
-Бий, бий. Тайландын Паттаяа хотод 2015 онд болсон ДАШТ-д Д.Батсүрэнтэй тоглоод тэнцэж байлаа. Тэрбээр тайван, энгийн байрлалаас нүүж тоглосон. Түүнийг өнгөрсөн жил үеийнхнээсээ түрүүлж, их мастер цол хүртэхэд нь бахархсан, бас хүчтэй өрсөлдөгчдийн минь нэг болохоор өөрийгөө ч хурцалсан.
-2020 онд Азийн шатрын холбооноос www.chess.com сайтад зохион байгуулсан тивийн цомын аварга шалгаруулах багийн цахим тэмцээнд манайхан амжилттай тоглож, хүчирхэг багуудыг хожсон байх аа?
-Дэлхийн шатрын холбоо Азийн шатрын холбоотой хамтран 2020 оны аравдугаар сарын 10-25-нд тус сайтад зохион байгуулсан тивийн цомын аварга шалгаруулах багийн цахим тэмцээнд Монголынхоо тамирчидтай оролцсон. Нэгдүгээр ширээнд би, хоёрдугаархад их мастер С.Билгүүн ах, гуравдугаархад их мастер Ц.Батчулуун ах, дөрөвдүгээрхэд нь олон улсын мастер С.Ган-Эрдэнэ тоглосон. Нөөц тоглогчоор их мастер Д.Батсүрэн оролцсон. Тэр тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд манай баг тамирчид эхний шатанд III байрт орсон. Миний хувьд дэлхийн шилдгүүд болох их мастер Ринат Жумабаев, Кевин У Веймин, Магсудлу Пархам нарыг хожиж, багтаа шийдвэрлэх ялалт авчирч байлаа. Хасагдах шатанд манайхан Энэтхэгийн багийнханд хожигдсон юм. Миний хувьд дотооддоо зохион байгуулсан цахим тэмцээнд бараг оролцоогүй. Танхим, цахимаар шатар тоглох их ялгаатай. Тамирчид цахимаар тоглох үед интернэт, техникийн асуудалтай их тулгардаг. Европын тэмцээн Монголын цагаар шөнө болдог. Амарч байх цагтаа тоглохоор анхаарал сайн төвлөрөхгүй. Тоглолтын цаг өндөрлөх дөхөхөд буруу нүүдэл хийх эрсдэлтэй. Яарч сандраад санамсаргүй нэг нүүдэл буруу хийхэд буцаах боломжгүй тул хожигдох магадлалтай. Өрөг хожих байрлалтай байсан ч өөрөөс шалтгаалахгүй зүйлээс болж ялагдах тохиолдол гардаг. Компьютерийн дэлгэц удаан ширтсэнээс болж нүд чилж, ядрахаас өгсүүлээд эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Миний хувьд Азийн багийн аварга шалгаруулах цахим тэмцээнд ганц оролцсон нь тэр. Танхимаар тоглох давуу талтай. Өрсөлдөгчийнхөө өөдөөс хараад тоглохоор өөртөө итгэлтэй болдог.
-Азийн орнуудаас ямар орны шатарчид хамгийн уран, сонирхолтой тоглолт өрнүүлдэг вэ?
-Миний үеийнхнээс Энэтхэгийн шатарчин Рамешбабу Прагнанандхаа, Нихал Сарин нар Ази тивээс хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэд их мастер цолтой. Тив, ДАШТ-д амжилтаараа цахиур хагалж гарч ирсэн. Рамешбабу Прагнанандхаа 2013 онд найм хүртэлх насны өсвөрийн шатарчдын ДАШТ-д түрүүлж, 2015 онд 10 хүртэлх насныхад аварга болсон. Нихал Сарин 2020 оны шатрын олимпиадад Энэтхэгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, алтан медаль хүртэж байв. Тэр жилээ рапид төрөлд цахимаар зохион байгуулсан 18 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д түрүүлсэн юм. Тэднээс гадна Ираны тамирчид ур чадвартай. Азийнхан хоорондоо таарахдаа эн тэнцүү тоглодог. Шатарчид өрсөлдөгчийнхөө зан чанар, сэтгэл зүйн байдлыг өрөг дээрх нүүдлээс нь хараад мэддэг. Тухайн тамирчны өөртөө итгэлтэй, итгэлгүй байдал нь нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, харцнаас нь анзаарагддаг юм. Тийм тохиолдолд сэтгэл зүйн дайралт хийж, хождог тамирчин бий. Зарим нь өрсөлдөгчийнхөө нэр, цолтой нь тоглож, гаргасан амжилтынх нь тухай бодож, эмээсээр ялагддаг тал бий. Тэгэхээр ямар цол, алдар нэртэй байх нь хамаагүй зөвхөн өөрийнхөө арга барил, мэдрэмжээр тоглох хэрэгтэй.
-Дандаа хожно гэж юу байх вэ, хааяа алдаа гаргаж ялагдсан тохиолдол байдаг уу?
-Томоохон тэмцээнд хожно гэсэн итгэлтэй оролцоод амжилт гаргаагүй тохиолдолд нэг хэсэгтээ л сэтгэл хямардаг. Тэмцээнд өрсөлдөгчөө басаж, эмээж болохгүй. Тоглохдоо ялж, ялагдах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Би 12 настай байхдаа Бразил улсад болсон ДАШТ-д оролцсон юм. Миний хувьд дэлхийд чансаагаар нэлээд дээгүүр жагсаж байлаа. Тэр тэмцээнээс медаль хүртэх боломжтой байсан ч чадаагүй. Сүүлийн өргүүдэд хүндхэн учраатай таарч тоглолтоо санасандаа хүртэл гаргаагүй. Тэр тэмцээнд АНУ-ын тамирчид хүчтэй өрсөлдөж, алт, хүрэл, Узбекистаных мөнгөн медаль хүртсэн.
-Азиас Хятадын тамирчдыг ур чадвартай гэдэг. Тамирчдынхаа авьяасыг хөгжүүлэхийн тулд гадаадын дасгалжуулагчдыг эх орондоо урьж ажиллуулдагтай холбоотой болов уу?
-Өмнөд хөршийхөн спортын төрлүүдээ жигд хөгжүүлэхийн тулд гадаадын ур чадвартай, туршлагатай дасгалжуулагчдыг урьж, тамирчдаа бэлтгэл хийлгэдэг. Тэднийг амжилт гаргуулахын тулд улс нь бүх талаар дэмждэг. Тамирчид нь зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулсны хүчинд ур чадвараа хөгжүүлж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа. Энэ нь ч тоглолтоос нь анзаарагддаг юм. Шатарчид өөрийнхөө ур чадварыг байнга хөгжүүлж байх ёстой. Сарын хугацаанд тоглохгүй завсарлахад маш олон зүйлээс хоцорно. Тэр бүхнийг нөхөхийн тулд өмнөх бэлтгэл хийдэг байснаасаа хэдэн дахин илүү хөдөлмөр, хүч зарцуулна гэсэн үг.
-Хэдэн настайдаа шатар тоглож, хөлөг дээр нүүж сурсан бэ?
-Таван настайдаа шатар тоглож сурсан. Манайхаас аав шатрын нүүдэл мэддэг. Гэрийнхнээсээ тэмцээнд оролцдог нь би. Харин хамаатны ах дүүсийн хүүхдүүдээс шатраар хичээллэж, амжилт гаргасан тамирчин бий. Тухайлбал, их мастер С.Билгүүн ах, түүний дүү С.Чингүүн нар ээжийн минь талын хамаатан. С.Чингүүн бид хоёр чацуу. Надад тэднээс суралцах зүйл их бий. Тамирчдыг амжилт гаргахад гэрийнхнийх нь дэмжлэг их нөлөөлдөг. Аав, ээж минь намайг шатар тоглох үеэс өнөө хүртэл дэмжиж ирлээ. Би энэ жилээс 17-18 насныхны ангилалд өрсөлдөнө. Шатрын тамирчдад нас зааж, хязгаарладаггүй болохоор насанд хүрэгчдийн тэмцээнд ч оролцдог. Насанд хүрэгчдийн шигшээ тэмцээнд өсвөрийн тамирчдаас Д.Батсүрэн, С.Ган-Эрдэнэ бид гурав шалгарч сүүлийн гурван жил оролцож байгаа. Миний хувьд Монголынхоо шилдэг тамирчидтай тоглож үзсэн. 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээд их мастер Г.Мөнхгал ахыг хожсон өрөг их сонирхолтой санагддаг. Тэрбээр өмнөх жилийнх нь УАШТ-д түрүүлж, аварга болсон байв. Аваргаас айхгүй тоглоод хожсон маань дурсамж болж үлджээ.
-Шатар заасан багш нараас хэн нь хамгийн өвөрмөц арга барилаар бэлтгэл хийлгэдэг вэ?
-Багш болгоны заах арга барил өөр. Батжанцан багш тоглох арга барилыг маань нээж өгсөн бол их мастер Д.Шаравдорж багш бодлого түлхүү бодуулж, анализ хийлгэдэг. Би одоо “Гэгээн арвай”-гийн Б.Гүндаваа багшийн удирдлагад хичээллэж байна. Миний гадаад чансаа 2350. Манай клубийн тамирчид сүүлийн хоёр жил УАШТ-д багаараа тэргүүллээ. Би ур чадварынхаа түвшинг ахиулахын тулд олон клуб дамжсан. Эхлээд “Төгс нүүдэл” клубийн дасгалжуулагч З.Цэнгэнбаяр, дараа нь Ц.Лхагвасүрэн багшийн удирдлагад хичээллэсэн.
-АНЭУ-ын Дубай хотод сургуулиудын шатрын багийн ДАШТ өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон. Тус тэмцээнд та нэгдүгээр сургуулийнхаа багийхантай оролцоод ирсэн шүү дээ.
-Тийм ээ, АНЭУ-ын Дубайд болсон сургуулиудын шатрын багийн ДАШТ-д болоход Монголоос нэгдүгээр, 33 дугаар сургуулийн баг тамирчид оролцсон. Тэмцээнд 33 дугаар сургуулийн баг III байрт шалгарч, манайх IV байр эзэлсэн. Тус тэмцээний сүүлийн өрөгт Монголын хоёр сургуулийн баг таарч тоглосон юм. Өмнө нь хэсэгтээ манайхан 33 дугаар сургуулийн багийнханд хожигдсон юм. Сүүлийн өрөгт хоёр тоглож тэнцсэн ч коэффициентоороо тус сургуулийн тамирчид III байрт шалгарсан.
-Сургуулийн удирдлага, багш нар тань тамирчдаа хэр дэмждэг вэ?
-Би тус сургуулийн 11в ангийн сурагч. Сургуулийн захирал биднийг тэмцээнд оролцох үед анхаарал хандуулдаг. Манай багш нар сургуулиудын шатрын багийн ДАШТ-д оролцсон тамирчдаа сайн дэмжсэн. Биднийг ирэхэд захирал угтан авч, тэмцээний талаар сонирхолтой яриа өрнүүлэх зуураа тоглосон өргүүдийг маань мэдэж байв. Шатрын олимпиад ирэх долдугаар сард болно. Миний ойрын зорилгын нэг нь энэ. Тус олимпиадад оролцохын тулд насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож, шигшээд шалгарах ёстой. Шигшээ тэмцээний эхний таван байрт шалгарсан тамирчин шатрын олимпиадад өрсөлдөх багийн бүрэлдэхүүнд багтдаг юм.
-Дэлхийн шилдэг шатарчдын амжилтын нууц юунд байдгийг судалдаг уу?
-Тамирчид зорилгынхоо төлөө тууштай хичээллэж, амжилт гаргадаг. Тиймээс ажил, амралтаа зохицуулж, бэлтгэл хийх, хооллох цагаа хүртэл сайн тохируулах хэрэгтэй. Хожим эрүүл мэнддээ тулгарч болзошгүй асуудлуудыг анхаарахад гэмгүй. Миний хувьд гадаад, дотоодын тамирчдын амжилт гаргасан өргийг сонирхож харахаас гадна энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг болохыг багагүй судалдаг. Монголчууд шинэ оныг угтаад удаагүй байна. Энэ ташрамд, шатраар сонирхож хичээллэдэг үеийнхэндээ “Зорилго, тэмүүлэлдээ хүрэхийн тулд өөрийгөө дайчилж хичээгээрэй. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн бүхэн тань нэг л өдөр амжилт болж эргэж ирнэ. Ур чадвар байгаа бол хичээгээд үз. Шатар амжилт гаргадаг спортын нэг төрөл шүү” гэж хэлье.