-Жил бүр зохион байгуулдаг мал тооллогын дүн гарч, малын тоо өссөн. Хүний хувийн малыг тоолж бүртгэх ямар хэрэгтэй вэ гэх хүн цөөнгүй байдаг. Мал тоолж бүртгэх нь яагаад чухал вэ. Мөн эдийн засаг, нийгмийн ямар мэдээлэл өгч буй хэрэг бол?
-Манай улс 1960 оноос хойш жил бүр малаа тоолж ирсэн. Энэ нь зөвхөн таван хошуу мал төрөл тус бүрээр тэдэн саяар нэмэгдэж, хорогдлоо гэдгийг илэрхийлж буй хэрэг биш. Нэгдүгээрт, малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг батлан, тэдний тэтгэвэрийг тогтоох, эсэх үндсэн баримт болдог. Мөн ноолуур, ноос, арьс, шир бэлтгэлийг урамшуулж төрөөс олгодог мөнгөн дэмжлэгийг малын тоонд харгалзуулан олгодог. Банкны зээлд хамрагдах шалгуур буюу малчдын хөрөнгийнх нь баталгааг ч гаргаж буй хэрэг. Малчин өрхийн амьжиргааны дүр төрх, орлогын хэмжээ, малчдын нас, хүйсийн харьцаа зэрэг олон мэдээллийг мал тоолсноор олж нэгтгэдэг юм. Мөн Малын хөлийн татварын тухай хуулийг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор татварын баримт болно гэсэн үг.
Малын тоо нь улсын эдийн засгийн томоохон үзүүлэлт болдог. Манайх нийт үйлдвэрлэлийнхээ 12 орчим хувийг мал аж ахуйн салбараас бүрдүүлдэг. Мөн үндэсний тооцоолол гаргах буюу малаас авсан түүхий эдийн хэдэн хувийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгож буйг ч тооллогын дүнгээс харж болдог. Тухайлбал, нийт малаас гарч буй түүхий эдийн 13 хувийг л боловсруулдаг аж. 2020 онд 27 сая ширхэг арьс, шир бэлтгэснээс дунджаар 7.5 сая ширхгийг боловсруулжээ. Бүх эх малыг саавал нэг сая тонн сүү бэлтгэх боломжтой дүн бий. Гэтэл 50 000 тонн сүү боловсруулж үүнийхээ 32 000 тонныг импортоор авсныг малын тооны статистикаас харж болохоор байгаа юм. Ийнхүү малын ашиг шимийг бүрэн ашиглаагүйгээс малчин өрхийн сарын дундаж орлого улсын дунджаас 300 000 төгрөгөөр бага буюу 2020 онд 1.2 сая төгрөг байсан нь ойлгогдоно. 2020 онд ядуурал хотод 26.5, хөдөөд 30.5 хувьтай гарсан. Хотын гурван хүний нэг, орон нутгийн дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа гэсэн мэдээллийг дээр дурдсанаар мал тооллогын дүн, түүхий эдийн ашиглалт, малчдын орлого, зарлагын байдлаар илэрхийлэгджээ. Хоорондоо уялдаа холбоо бүхий ийм чухал тоо, мэдээлэл агуулдаг учраас мал тоолохгүй орхиж болохгүй.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард улсын инфляц 10.5, Улаанбаатарынх 10 хувьтай гарсан. Нэг жилийн өмнөхөөс бараа, бүтээгдэхүүний үнэ дунджаар 10 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн нь бага дүн биш үү. Зарим барааны үнэ 2-3 сард л 60-70 хувиар өссөн шүү дээ. Энэ талаар юу хэлэх бол?
-Монгол өрхүүд сард дунджаар 370 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авдаг гэсэн тооцоо байдаг. Ийм олон төрлийн бүтээгдэхүүнээс яг алийг нь айлууд ихэвчлэн хэрэглэж, хэдэн төгрөг зарцуулж буйг түүвэр судалгаанаас харж болдог. Автобусны зардал, мах, сүү, талх, гурил зэрэг дундаж айлуудын үндсэн хэрэгцээт бүтээгдэхүүний үнэ төдийлөн өсөөгүй ч нарийн ногоо, жимс, жимсгэнийн үнэ жилд 60-70 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн монгол өрхүүд сарын зардлынхаа 26.5 хувийг хүнсэнд, тээвэр болон шатахуунд 14 орчим хувь, цахилгаан, дулааны төлбөрт 2.8 хувийг зарцуулдаг аж. Дээр дурдсанчлан хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн мах, гурил, төмс, хүнсний ногооны үнэ нэг жилийн хугацаанд төдийлөн нэмэгдээгүй бас цахилгаан, дулааны үнийг төрөөс тэглэсэн, автобусаар зорчих тарифыг өөрчлөөгүй зэрэг нь инфляц 10.5 хувьтай гарах нөхцөл болжээ. Гэхдээ эдийн засаг агшсан буюу өрх, аж ахуйн нэгжийн бүтээмж буурсан ийм үед 10.5 хувиар өснө гэдэг муу үзүүлэлт, иргэдийн амьжиргаа илүү доройтож байгааг харуулж буй хэрэг. Үүнээс гадна инфляцын сагсанд багтаж буй 370 гаруй нэрийн бүтээгдэхүүний нэр, төрлийг өөрчлөх шаардлага гарсан. Нэмж, хасах зүйлс бий. Тухайлбал, 2015 онд А-80 автобензины хэрэглээ их байсан бол одоо хэрэглэх нь цөөрчээ. Айл өрхийн хэрэглээнд технологийн болон эрүүл мэндээ сайжруулахтай холбоотой зардал нэмэгдсэн нь илт анзаарагддаг. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний сагсны өөрчлөлтийг энэ онд хийхээр төлөвлөсөн.
-Сүүлийн судалгаагаар ядуурлын түвшин манай улсад 27.8 хувьд хүрсэн нь 2018 оныхоос 0.6 пунктээр багассан дүн болсныг ҮСХ мэдээлсэн. Гэтэл цар тахлын улмаас амьжиргааны нөхцөл илүү доройтсон дүр зураг олон. Ядуурлын түвшин тодорхойлох судалгааг ямар аргачлалаар гаргадаг юм бэ?
-Насанд хүрсэн нэг хүн эрүүл амьдрахын тулд өдөрт багадаа 2100 ккал илчлэгтэй хүнс хэрэглэх ёстой. Мөн амьдрах орон байр болон бусад зардлаа төлөх тодорхой орлоготой байх хэрэгтэй. Ийм наад захын хэрэгцээг хангахад нэг хүн сард багадаа 184 000 төгрөг зарцуулбал ядуу гэж нэрлэхгүй. Үүнээс бага мөнгийг сард хэрэглэдэг иргэнийг ядуу буюу ядуурлын түвшингээс доогуур амьдралтай гэж үздэг. Дэлхийн банкны тооцоогоор хүний өдрийн хэрэгцээ хоёр ам.доллароос бага бол ядуу гэж үздэг юм билээ. 184 000 төгрөг бол дэлхийн жишигтэй ойролцоо буюу ядуурлыг тооцдог жишиг үзүүлэлттэй дүйцэхүйц дүн. Гэтэл ядуурлын түвшин бага хэмжээгээр буурсан гэхээр хүмүүс эрзэлзэж, бухимдаж байна. Эл дүгнэлтэд халамжийн мөнгөний нэмэгдэл нөлөө үзүүлсэн. Халамж олгож буйн улмаас нэг хүнд ногдох мөнгө ахиу байгаа хэрэг. Гэхдээ ядуурлын судалгааны дүн бол 2020 оных. 2020 онд инфляц 2.3 хувьтай байсан учраас 2018 оныхоос ядуурал буурсан дүн гарчээ. Ядуурлын түвшний судалгааг хоёр жилд нэг удаа хийдэг бөгөөд энэ онд шинэ тоо гарна.
-Өрхийн дундаж орлого, зарлага хэрэглээг тооцохдоо түүврээр судалгаа явуулдаг юм билээ. Судалгааны объектыг хэрхэн сонгодог вэ. Мэдээллийн үнэн, зөв байдлын талаар юу хэлэх бол?
-Улсын хэмжээнд 900 000 гаруй өрх бий, үүнийг их олонлог гэж байгаа юм. Бүх айлаас судалгаа авбал зардал өндөр гарахаас гадна хүн хүч, цаг хугацаа их зарцуулна. Тиймээс их олонлогоо төлөөлөхүйц түүврийг сонгон авдаг. 900 мянгаас жил бүр 16 000-20 000 өрхийг сонгон мэдээлэл цуглуулдаг. Тухайн айл хаана амьдардаг болон ам бүлийн тоо, ажил эрхлэлт, гэрт, эсвэл орон сууцанд аж төрдөг үү гэх мэтийг харгалзан амьжиргааны бүх түвшний төлөөллийг хамруулж судалдаг. Их олонлогийг төлөөлөхүйц үр дүнг харуулах хэсгийг сонгодог гэсэн үг. Иргэдийн цалин, орлогын мэдээлэл андуу ташаа гардаг уу гэж тодруулж байх шиг байна. Тухайлбал, цар тахлын энэ үед буюу 2020- 2021 онд иргэдийн орлого тогтвортой байсан дүн гарсан. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон, цөөнгүй бизнес дампуурч, хөл хорионы арга хэмжээ авсан ийм үед иргэдийн дундаж орлого тогтвортой байх боломжгүй гэсэн шүүмж ч дагуулсан. Гэтэл нэг өрхөд ногдож буй халамжийн орлого буюу хүүхдийн болон группийн мөнгө, хүнсний талоны мөнгөн дүнгийн хэмжээг өсгөсөн нь орлого тогтвортой байх нөхцөл болж. 2019 оны эцэст халамж, тэтгэвэрт нэг өрхөд дунджаар 200 000 төгрөг олгож байсан бол 2021 оны гуравдугаар улиралд 460 000 болж 100-гаас илүү хувиар нэмэгджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 2.4 сая иргэн, хүүхэд халамжийн мөнгө авсан юм байна. Энэ нь нийт хүн амын гуравны хоёроос их дүн. Тэгэхээр цар тахлын ийм үед өрхийн дундаж орлого буураагүй, тогтвортой байсан гэсэн нь ташаа дүн биш.
-ҮСХ магадгүй Засгийн газрын нөлөөллөөр үйл ажиллагаа явуулдаг. Улмаар өрхийн болон иргэдийн цалингийн орлого өссөн, ядуурал буурсан хэмээн эерэг мэдээлэл түгээдэг гэж ойлгох хүн цөөнгүй. Түүвэр судалгаагаар цуглуулсан тоог өөрчлөх, нэмж, хасах боломжтой юу?
-Манай байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн байдлаар тоо солих, буруу мэдээлэх боломж байхгүй. Судалгааны дүн болон ирж буй мэдээллийг үндэсний тооцооны системийн тусламжтайгаар бодон, тоон утгыг нь олдог. Тооцоо хийж байхдаа аль нэг тоог санаатайгаар өсгөх, эсвэл хорогдуулбал тооцооллын хариу буруу гарч, алдаа үүссэн нь заавал мэдэгдэнэ. Тэгээд ч ҮСХ-ны мэдээллийг томоохон их сургууль, эдийн засагчид, эрдэмтэд, олон улсын байгууллагууд ашигладаг учраас мэдээлж буй тоо нь буруу, алдаа гарсан бол тэдэнд ч анзаарагдана гэсэн үг. Товчхон хэлэхэд тоо худлаа хэлдэггүй гэдэг дээ.
-ДНБ-ий өсөлт, инфляцын түвшин зэрэг эдийн засгийн чухал үзүүлэлтээ бид аль улстай жиших ёстой юм бэ. Хөгжиж буй орнуудтай харьцуулахад бидний амьжиргааны түвшин хэр зэрэг байна вэ?
-Олон улсын судалгаа, эрэмбэ, жагсаалт болон экспорт, импортын мэдээллээс харахад дэлхийн 190 орчим улсаас бид аль ч үзүүлэлтээр тэг дунд нь л явдаг юм билээ. Миний бодлоор юуны түрүүнд хоёр хөрштэйгөө өөрсдийгөө жиших ёстой. Хөршүүдээсээ дутуугүй амьдарч, үйлдвэрлэж, бүтээж байж бид энгийнээр хэлбэл тэдэнд уусахгүй, урт хугацаанд оршин тогтноно гэсэн үг. 1990 онд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1700 ам.доллар байсан бол БНХАУ-ынх 800 орчим байж. Тэр үед манай нэг хүнд ногдох ДНБ Хятадынхаас хоёр дахин өндөр байжээ. Тухайн үед ОХУ-ынх манайхаас 6-7, Казахстаных гурав дахин их байсан. Харин өдгөө БНХАУ-ынх манайхаас хоёр дахин өндөр болсон аж. Сүүлийн 30 жилд БНХАУ-ын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 11, ОХУ-ынх 5-6 дахин өссөн бол манайх 2.5 дахин нэмэгдсэн. Харин Казахстантай харьцуулахад бид нэг хүнд ногдох ДНБ-ээ илүү өндөр хувиар өсгөж чадсан. Гэхдээ цөөн хүн амтай улсын хувьд нэг хүнд ногдох бүтээмж ийм бага, урт хугацаа зарцуулж нэмэгдэж буй нь харамсалтай дүр зураг. Нэмж хэлэхэд, статистикийн байгууллага нь судалгаа явуулж, тоон мэдээлэл цуглуулах эрх, үүрэгтэй, зөвлөмж гарган, санал бодлоо илэрхийлэх боломжгүй субъект.
-Дэлхийн статистикийн байгууллагуудын нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжийг үнэлэн дүгнэдэг үзүүлэлтээр 2020 онд Монгол Улсын статистикийн систем 187 улсаас есдүгээрт жагсан, Зүүн өмнөд Азид тэргүүлсэн байсан. Статистикийн байгууллагын чадамж, ажлын үзүүлэлт нь тухайн улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байдаг вэ?
-Нэгдсэн үндэстний байгууллагын статистискийн хэлтсээс улс орнуудын статистикийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавидаг. Статистик мэдээллийн нээлттэй байдлыг үнэлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ядуурлын түвшин, тогтвортой хөгжлийн үзүүлэлт зэрэг голлох тоо баримтаа үнэн бодитоор тооцон, хүртээмжтэйгээр мэдээлж буй, эсэхийг дүгнэдэг гэсэн үг. Мөн мэдээлэл тооцох аргачлал болон мэдээллийн эх үүсвэр нь маргаангүй, нээлттэй байх зарчим бий. Ийм суурь үзүүлэлтүүдээр бид дээрх байрыг эзэлсэн юм. Ер нь Монгол Улсын статистикийн систем бүхэлдээ дэлхийд дээгүүрт үнэлэгдэн, Төв Азидаа тэргүүлэгчдийн эгнээнд ордог. Энэ нь манай байгууллагын үе үеийн ажилтнууд, боловсон хүчин, удирдлагуудын хөдөлмөрийн үр дүн бөгөөд хууль эрх зүйн орчин сайтайг илэрхийлж буй. Мөн хүн ам цөөнтэй нь давуу тал болдог ч гэж ойлгож болно. Үндэсний статистикийн хорооныхон бид эл үнэлгээгээ мэдээж ахиулан, байр сууриа хадгалахыг эрмэлзэнэ. Үүнээс гадна яам, агентлаг зэрэг төрийн байгууллагууд, судлаачид, иргэдийг мэдээллээр хангах, мэдээллийн хүртээмж, чанараа илүү сайжруулахад анхаарч байгаа. Технологийн дэвшлийг түлхүү ашиглан илүү хүртээмжтэй, давтамж өндөртэй мэдээлэл боловсруулна гэсэн үг.
-Энэ онд хийх ажлын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?
-Бид хууль эрх зүйн орчноо илүү сайжруулахад анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн хүний нөөцөө чадавхжуулах буюу цахим шилжилтэд бэлтгэхэд анхаарна. Ажилтнуудынхаа статистикийн программууд, дэвшилтэт технологиудтай харьцах чадварыг сайжруулна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарын тооллого хийх юм. Малыг жил бүр тоолдог учраас бэлэн өгөгдөл бий. Харин газар тариалангийн салбарын мэдээллийг цуглуулж таримлын төрөл зүйлийг гарган, газар нутгийн хэдэн хувийг тариалангийн зориулалтаар ашиглаж байгааг нарийн тодорхойлно. Тариаланч өрхүүдийн амьжиргааны түвшин, нийгмийн байдал зэрэг хувь хүн, айл өрхөд чиглэсэн мэдээллийг ч нэгтгэх юм. Түүнчлэн аж ахуйн нэгжийн улсын тооллогын нэгдсэн дүнг энэ сард багтаан зарлана.
Нийт 215 000 гаруй аж ахуйн нэгжийг хамруулахаас 178 000 орчмоос нь цахимаар мэдээлэл авч чадсан. Мөн үсчин, лангуу түрээслэгч, такси үйлчилгээ үзүүлэгч зэрэг хувиараа хөдөлмөр эрхлэгч 60 000 иргэнийг анх удаа тооллогод хамруулж, асуумж бөглүүллээ. Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тооллого, судалгааны дүнгээс нийгэм, эдийн засагт хэрэг болохуйц цөөнгүй мэдээллийг түгээнэ.