Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Улмаар хөгжлийн брэхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр мөн Халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийхээ илэрхийлж, хамтран ажиллахыг урьжээ.
Үүнээс өмнө Хөгжлийн бэрхшээл иргэд мэдээлэл хийснийг бид цаг тухайд нь дамжуулсан. Ковидын хуулийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгө 188 000 байсныг нэмж, 288 000 төгрөг болгосон. Харин 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр уг нэмэгдлийг хасаж, ковид тархахаас өмнө олгож байсан үндсэн мөнгө буюу 188 000 төгрөг олгож эхэлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгасныг эсэргүүцэж, өглөө мэдээлэл хийсэн билээ.