МоАХ-залуус, NoDouble стандарт, Тэвчээр тасарлаа, Хэвтүүл хөдөлгөөнүүд нэгдэн засгийн газраас хариуцлага нэхэж мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөний залуус "УИХ-ыг тарж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Өнгөрсөн хоёр жил хүний эрхийг хязгаарласан, Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дампууруулсан, тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан МАН-ын дарангуйлалтай жил болж өнгөрлөө. Мөн дээрээс нь цагдаагийн дарангуйлал өнгөрсөн онуудад маш их нэмэгдлээ. Жишээ нь би Х.Нямбаатар сайдыг "Чи эмэгтэй хүнийг баривчилсан шүү" гэж хэлсэний төлөө надад эрүүгийн хуулийн 13, 14 зүйл дээр эрүүгийн хэрэг нээх гэж оролдсон. Намайг баривчилж явсан цагдаа нар нуруу нугсанд гэмтэл учруулсан хэдий ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Би хэвтүүл хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг. Бид 2019 онд ордонд сууж байсан ЖДҮ хулгайч нартай тэмцэж байсан. Тухай үедЖДҮ-д холбогдон албан тушаалаа огцорсон Я.Содбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Ийм хүмүүст хариуцлага тооцох ёстой байтал үзэл бодлоо илэрхийлж, үг хэлсэн залууст хариуцлага тооцдогоо болих хэрэгтэй. Харин хариуцлагыг Улсын Их Хурлын танхимаас эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иргэдийн амьдрал туйлдаа хүрснийг хэлж ярьж яваа залуус гэмт хэрэгтнүүд биш. Бид төрийн эсрэг тэмцээгүй. Төрийн нэрээр хулгай хийж, давхар эрх эдэлж байгаа Монголын төрд шургасан хачиг, бясаа, жоомтой тэмцэж байна. Бид залуусыг гудамжинд гарч ирж үгээ хэлээрэй гэж уриалж байгаа юм. Хэдий хүртэл бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй ажил, орлогогүй байх юм бэ? Бид өнөөдрөөс буюу 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн бүтэн жилийн турш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцортол тэмцэх болно" гэлээ.