Улсдаа 51 жил тасралтгүй зүтгэж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн Н.Сайжаа гуай шинэхэн ажилтан мэт ажилдаа эртлэн ирдэг аж. Өдгөө 78 настай ч алхаа шалмаг, ухаан сийрэг. Та “том” албан тушаалтай, зөвлөх хүн атал ажилдаа байнга ирдэг гэсэн үү гэхэд тэрбээр “Гэртээ суухаар уйдна, эмгэнтэйгээ хэрэлдэнэ, зараалд нь явна. Тэгснээс эндээ ирээд суух нь сайхан” хэмээн дассан сэтгэлээ нууж ядан, гэр бүлийнхээ хүнээр түрээ барив. Шинэ оны өмнөхөн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсон, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Н.Сайжаатай ярилцлаа.
-Тантай ижил нэртэй хүн Монгол Улсад 13 байдаг юм байна. Та нэрийнхээ утга учрын талаар аав, ээжээсээ сонсож байв уу?
-Би Увс аймгийн Сагил сумын Цагаан шувуут гэх газар 1944 онд төрсөн. Аав, ээж минь анх надад Сайжрах гэж нэр хайрласан юм билээ. Гэсэн ч удалгүй Сайжаа гэх төвөд нэрээр сольсон гэдэг. 1963 онд Увс аймгийн 10 жилийн дунд сургууль, 1968 онд Анагаах ухааны дунд сургуулийг эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Намайг элссэн жил Анагаах ухааны дунд сургуульд анх удаа эрүүл ахуйн анги нээгдсэн юм. Тэнд суралцаж төгссөн 32 хүүхдийн нэг нь би, бас манай эхнэр. Бид хамтдаа нэг ангид таван жил суралцаад, Говь-Алтай аймагт ажиллахаар хуваарилагдсан юм. Тус аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцад эрүүл ахуйч, улсын байцаагчаар ажилласан. Эхнэр Ц.Ханджав маань аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багшилж, ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Монголын анхны эрүүл ахуйч мэргэжилтнүүдийн нэг гэдгээрээ бид бахархдаг.
-Та удалгүй хотод ирж, Анагаах ухааны дээд сургуульд багшилсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Говь-Алтай аймгийн Ариун цэвэр, халдвар хамгааллын станцад хоёр жил ажиллаж байтал 1970 оны намар Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр Улаанбаатарын Анагаах ухааны дээд сургуулийн Эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхимд орчны эрүүл ахуйн багшаар томилсон. Ингээд л оюутнуудын дадлага удирддаг, лекц уншдаг, шалгалт авдаг “лут” ажил эрхэлсэн дээ. 1977 онд оюутнууд удирдаж Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль руу дадлага ажлаар явахаар болов. Тухайн үед би орос хэл тааруухан мэддэг байсан ч 20 гаруй оюутан удирдаж, Эрхүүд нэг сар гаруй хугацаанд ажилласан. Тэр үед би Эрхүүгийн оюутнуудын тангараг өргөх ёслолд эх орноо төлөөлөн индэр дээрээс үг хэлж билээ.
-Та шинэ оны өмнөхөн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсон. Тэр өдөр танай салбараас цөөнгүй гавьяат төрсөн. Та өмнө нь олон шагнал, урамшуулал авч үзсэн байх. Харин гавьяат болсон сэтгэгдэл юугаараа өөр, онцлог байв?
-Тийм ээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд эрүүл мэндийн салбараас 38 хүн төрийн дээд шагнал, одон медаль хүртсэн. Тэр дундаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “угшилтай”, академич П.Нямдаваа Хөдөлмөрийн баатар болсон бол зөвлөх Ж.Оюунбилэг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, “Этүгэн” анагаах ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн удирдлагын багш Д.Отгонбаатар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсон. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчтэй гар бариад, хүндтэй шагнал хүртэж зогсоход сайхан байлаа. Би өмнө нь П.Очирбат Ерөнхийлөгчөөс “Алтангадас” одон хүртсэн. 1996 онд Хөтөлд холер өвчин гарсан юм. Тэнд нэг сар гаруй хугацаанд ажиллаж, уг өвчнийг дарж авсан. Түүнээс хойш холер өвчин дахин гараагүй. Дараа нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Харин энэ удаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртлээ. Амьдралынхаа хагас зууныг зориулсан ажил минь олон түмэнд гавьяатай байжээ л гэж бодож сууна. Шавь нар, удирдлагад минь ажиллаж байсан албан хаагчид, Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, гэр бүлийнхэн минь төв талбайн гадаа угтаж авсан. Олон хүн ирснийг хараад ажлаараа бахархсан даа.
-Таны амьдрал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй салшгүй холбоотой. Энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ. Голчлон ямар судалгаа хийж байв?
-Би 1968-2019 он хүртэл 51 жил улсад мэргэжлээрээ ажилласан. Гурван жилийн өмнө гавьяаны амралтдаа гарсан ч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвдөө зөвлөхөөр ажиллаж байна. Анагаахын шинжлэх ухааны их сургуульд долоо, Говь-Алтай, Хөвсгөл аймагт тус бүр хоёр жил ажилласнаас бусдаар энэ байгууллагадаа 40 орчим жилийг өнгөрүүлжээ. Ажиллах хугацаандаа тушаал дэвшиж, Засгийн газрын шийдвэрээр Улсын ариун цэвэр, халдвар судлалын албаны дарга, улсын ерөнхий байцаагчаар дөрвөн жил ажилласан. Мөн Улсын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газрын тэргүүн дэд захирлаар томилогдсон юм байна. Монгол Улс дахь эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын бүх ажилд оролцож явлаа. Тухайлбал, сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, барилга, байгууламжийн төлөвлөлтийг хянаж шалгана. Зураг төслийг нь хянахын зэрэгцээ барилгын явц, ашиглалтад хүлээн авахын өмнөх эрүүл ахуй, халдвар судлалыг шалгадаг байв. “Эрдэнэт үйлдвэр”-ийн барилгын зураг төслийг хянахаас эхлээд ашиглах хүртэлх бүх хяналтыг хийсэн. Мөн дулааны цахилгаан станцууд, нүүрсний уурхай, Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалт миний “гараар орсон доо”. Хот, суурин газар бий болсноор хүрээлэн буй орчны агаар, хөрс, ус хэрхэн бохирдсон, энэ нь хүн амын эрүүл мэндэд яаж нөлөөлж буйг судалж, хянах нь миний үндсэн үүрэг. Үүний дагуу Монгол Улсын хотуудын агаарын бохирдлыг судалж, эрдмийн зэрэг хамгаалсан. Шинжлэх ухааны докторын зэргийг 2004 онд Эрхүүгийн Анагаах ухааны их сургуульд хамгаалсан юм. Түүнчлэн “Уурхайн ажилчдын хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдал”, “Мөнгөн усны бохирдлын судалгаа”, “Цаг уурын өөрчлөлтийн судалгаа” зэрэг үндэсний хэмжээний томоохон судалгаа хийсэн дээ.
-Агаар, хөрс, ус, орчны бохирдлыг газар авхуулахгүй байхад эрүүл ахуйч хүний үү рэг, оролцоо их. Тухайн үед таны судалж байсан хотуудын агаарын бохирдол одоогийнхтой харьцуулахад ямар байсан бол?
-Орчны бохирдлыг хот, суурин газрын төлөвлөлт болон барилгын явцад нь хянадаг. Тухайлбал, хот, суурин газар бий болохоос өмнө байгалийн унаган төрх ямар байсан, бүтээн байгуулалт сүндэрлэснээр ямар бохирдол үүссэнийг жил бүр харьцуулан судалдаг. Сүүлийн жилүүдэд барилга, байгууламжийн төлөвлөлтийн эрүүл ахуйн шаардлага алдагдсан. Улаанбаатар хотод агаар сэлгэлт сайн байх ёстой. Гэтэл хэтэрхий олон барилга нэг дор барьснаас үүдэн агаар, ус, хөрс, орон сууцын бохирдол ихэссэн. Ялангуяа, орон сууц, үйлчилгээний байгууллагын төлөвлөлт эрүүл ахуйн шаардлага хангаагүй бол тэнд ажиллаж, амьдарч буй хүмүүс бохирдолд өртөж, амьсгалын зам, гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Тиймээс бид харьцуулсан судалгааны үндсэн дээр хот төлөвлөлт, барилга байгууламжийн ашиглалтын төлөвлөгөөг хэрхэн хийх талаар заавар зөвлөмж гаргаж, норм, стандарт батлуулсаар ирлээ. Төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтад мөрдөх 120 гаруй стандарт, дүрэм, заавар, арга аргачлал боловсруулж, батлуулан, хянаж ажилласан.
-Манай улсад төрөл бүрийн норм норматив, стандарт олон бий ч хэрэгжүүлж буй нь цөөн. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Цаасан дээрх дүрэм журмыг амьдралд яаж хэрэгжүүлэх вэ?
-Монгол Улсын төр, засаг тандалт, хяналтын үйл ажиллагааг сайжруулахын тулд мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан норм, норматив, стандартыг хэрэгжүүлэх хуулийн хатуу заалтуудыг гаргах хэрэгтэй. Жишээ нь, гудамж, талбайд шүлс, тамхины иш, машины цонхоор хогоо хаячихвал торгох тухай одооноос л ярьж байна. Уг нь гурван сая иргэнийг зохион байгуулалтад оруулахад боломжгүй зүйлгүй. Тухайлбал, нэг ангид сурч буй хүүхдүүдийн тоо, хичээллэх цаг хүртэл яг л стандарттай байх хэрэгтэй. Нэг хүүхдээс ялгарсан “бохирдол”-ыг нийтээрээ амьсгалж, агаар сэлгэлт муутай орчинд өвдөх эрсдэл үүсгэсээр байна. Салбар салбарын сайд, дарга нар хариуцсан ажилдаа эзэн болж, арга хэмжээ авах хэрэгтэй. Иргэдээ эрүүл, урт наслуулах нь тухайн улсын үүрэг, хариуцлага. Гэтэл эрүүл орчныг бий болгож чадахгүй байна. Чанаргүй барилгыг зохион байгуулалтгүй барьснаас болж хүүхэд тоглох талбайгүй, хөгшид нарлах газаргүй, ногоон байгууламжгүй цардмал зам л үлдлээ шүү дээ. Хүн эрүүл орчинд амьдардаг бол аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой. Гэр орон, сургууль, хөдөлмөр эрхлэх орчин нь эрүүл, аюулгүй байх ёстой. Тэр ч бүү хэл, орон сууцын эрүүл ахуй гэдэгт хүний амрах ор, дэрний стандарт ч чухал нөлөөтэй байдаг. Сүүлийн үед хүүхдүүд зурагт, ухаалаг утас зэрэг цахилгаан соронзон орны нөлөөнд их өртсөнөөр мэдрэл сэтгэхүйн өөрчлөлтөд орж, сурах чадвар нь буурч байгаа нь харамсалтай.
-Орон сууцын бохирдол гэдгийг тодруулахгүй юу?
-Орон сууц нэгдүгээрт, материалаасаа физикийн бохирдол үүсгэдэг. Би энэ асуудлаар судалгаа хийж байгаа. Хананы зарим материал халахаараа ардон гэж цацраг идэвхт бодис ялгаруулдаг. Хоёрдугаарт, дотоод орчны бохирдол их байна. Хүмүүс ихэвчлэн гэр орноо ямар химийн бодисоор ариутгах, яаж зөв цэвэрлэхээ мэддэггүй. Гэрийн тоосонцор уушгинд орж үрэвсүүлдэг. Хиншүү, хярвас мөн адил дотоод орчныг бохирдуулж байна. Түүнчлэн ор, хөнжлийн бохирдол гэж бий. Хүний биеэс маш их хөлс ялгардаг. Ялангуяа хүмүүсийн өргөн хэрэглэдэг хийлдэг гудас (мишок) хүний биеэс ялгарсан хөлс, чийгийг гадагшлуулдаггүй. Хүний арьснаас хайрс ялгардаг. Үүнийг хөнжлийн хатиг иддэг юм. Хатигнаас ялгарсан бохирдлоос болж хөнжлийн харшил үүсэх нь бий. Ор, хөнжлийн даавуугаа угааж цэвэрлэхээс гадна агаарт сайн гаргах хэрэгтэй.
-Та агаарын бохирдлын талаар багагүй судалсан юм билээ. Манай улс агаарын бохирдлоос салах гэж өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Сайжруулсан түлш нэвтрүүлсэн ч агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс ихэслээ. Утааг бууруулах гарцыг та юу гэж харж байна вэ?
-Сайжруулсан түлшийг сайн хийх ёстой атал саар үйлдвэрлээд байна. Яагаад гэхээр муу нүүрсээр үйлдвэрлэж буй. Угтаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн коксжих нүүрсээр хийх хэрэгтэй. Агаарын бохирдлыг судалж үзээд, түлшнээс шалтгаалсныг Монголын төдийгүй ОХУ-ын эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Улаанбаатар болон бусад хотын агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлшийг сайн чанарын нүүрсээр үйлдвэрлэх ёстойг би эрдэм шинжилгээний ажилдаа дурдсан. Хаягдлаа дотооддоо “шахаад”, сайныг нь гадагш гаргаж, мөнгө олно гэсэн бодол үйлдвэрлэгч, удирдагчдад бий. Тэр бодлоо өөрчлөх хэрэгтэй.
-Улсын эрүүл ахуйн асуудалд санаа тавьдаг хүн гэр бүлдээ бол ариун цэврийн “дарга” биз?
-Би хүү, охин хоёртой. Хүү С.Амартүвшин малын эмч мэргэжилтэй. Охин С.Дэлгэрмаа хувиараа бизнес эрхэлдэг. Дөрвөн ач, зээтэй. Гэрт бол өвөөгийн хэлсэн үг хатуу хууль, бүгд биелүүлнэ. Хамгийн бага дөрвөн настай зээ минь гэхэд гаднаас орж ирээд гараа угаахгүй, шалан дээр оймстой явна гэсэн ойлголт байхгүй. Хүүхдийг айлгаж биш, учирлаж тайлбарлах нь илүү үр дүнтэй. Тухайлбал, гараа угаахгүй бол гэдсэнд нь муухай нян, бактери ороод түүнийг нь гаргаж авах гэж эмнэлэг явах хэрэг гарна гээд энгийнээр хэлэхэд амархан ойлгосон. Хүн ер нь сэтгэл өөдрөг, хөдөлгөөн сайтай байх хэрэгтэй. Би одоо ч гэсэн байшин, хашаа барьж, хадлан хадан, мод тарьдаг. Гар хадуураар өвс хадна шүү дээ. Биед хуримтлагдсан бохирдлыг дасгал хөдөлгөөн сайн хийж байж гадагшлуулах нь чухал.