Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-ИОНН-ыг улсын бүртгэлд бүртгэхээс Дээд шүүх татгалзсантай холбоотойгоор та бүхэн намаа үүсгэн байгуулах хурлаа гуравдугаар сарын 3-нд дахин хийхээр товложээ. Танай намыг бүртгээгүй үндэслэл нь юу юм бэ?
-ИОНН-ын дүрэм нь Улс төрийн намын тухай хуульд харшилсан гэдэг үндэслэлээр татгалзсан. “Харшилна” гэсэн нь хатуу томьёолол шиг санагдсан л даа. “Хуульд нийцээгүй” гэх мэтээр томьёолж болох байсан. Хуулийг зориуд зөрчиж, харшлуулж, уландаа гишгээгүй. Гагцхүү улс төрийн намын удирдах байгууллага, албан тушаалтан, төрийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох үйл явцыг заавал нууц санал хураалтаар явуулахыг шаардсан зохицуулалт Улс төрийн намын тухай хуульд байдаг юм байна. Манайхан санал хураалтыг нууц, эсвэл ил явуулах, эсэхийг тухай тухайн үедээ шийдэхээр дүрэмдээ заасан. Харин хуульд зайлшгүй нууц санал хураалт явуулах зүйлсийг заагаад өгчихсөн учраас дүрэмдээ өөрчлөлт оруулна.
-Үүнээс өөр засах алдаа байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй. Харин Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тэмдэглэлд зарим хүн намын гишүүн биш талаар дурдсан байна лээ. Тэр нь манай намыг бүртгэхээс татгалзах хэмжээний үзүүлэлт биш.
-Та “ИОНН-ыг бүртгээгүйгээ Дээд шүүх ил тод мэдээллээ” гэж ёжилж хэлээд байх шиг санагдсан.
-Дээд шүүхээс гаргасан, манайхтай төстэй шийдвэрүүдийг уншиж байсан. Хуулийн ямар шаардлагыг хангаагүй юм, дүрэм, нэрийн жагсаалт, өргөдлийн бүрдэл гээд алинд нь асуудал байсан учраас бүртгээгүй вэ гэдэг ямар ч мэдээлэл байдаггүй. Хэвлэлийн мэдээндээ ИОНН-ынх шиг хэзээ ч дурдаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, нэг талаас урьд нь гаргаж байгаагүй стандартыг баримталсан. Нөгөө талаас, энэ нь Дээд шүүхэд бүртгүүлэх дараагийн намуудад тустай. Намуудыг бүртгэсэн, эсэх талаарх шийдвэрээ ингэж дэлгэрэнгүй мэдээлдэг байсан бол бид ийм алдаа гаргахгүй. Олон нийтийн боловсрол ч сайжирна. Гэтэл өнгөрсөн 30 жилийн туршид энэ ажлыг маш нууцлалтай хийдэг юм шиг ойлгогдож ирсэн. Угтаа улс төрийн намыг бүртгэх захиргааны ажлаа Дээд шүүх нууцлалтай хийх ёсгүй. Хэдийгээр намыг бүртгэх, эсэхийг нийт шүүгчийн хуралдаанаар шийдвэрлэж байгаа ч энэ үйл явц бол шүүх хуралдаан биш. Ердөө л улсын бүртгэлийн байгууллагын хийдэг шиг, захиргааны хэргийн үйл явц. Дээд шүүхийн 23 шүүгч нийлж хуралдаад захиргааны ажил хийсэн гэсэн үг. Захиргааны ажилтны бүх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстой. Тиймээс манай намыг бүртгэхээс татгалзсан хуралдааны тэмдэглэлийг хүсэж, албан бичиг илгээсэн. Хариуд нь тус тэмдэглэл байгууллагын нууц болохыг мэдэгдсэн л дээ. Байгууллагын нууц гэдэг нь бизнесийн байгууллагад л хамаатай. Өөрөөр хэлбэл, зах зээлийн давуу байдлаа хадгалахад нь хэрэг болох мэдээллийг тухайн байгууллага нууж болохоор заасан байдаг. Харин төрийн байгууллагын хувьд албаны болон төрийн нууц гэсэн хоёр ойлголт бий. Төрийн нууц нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол албаных гэдэг нь тухайн албаны шугамаар олж авсан мэдээллийг задалж болохгүй гэсэн үг. Хэрэв ИОНН-ыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг албаны нууцад авсан юм бол энэ нь хугацаатай, зэрэглэлтэй байх ёстой. Ямар зэрэглэлийн нууц юм, хэн гэдэг албан тушаалтан нууцын тамгыг хэзээ, хэдэн жилийн хугацаатай дарсан юм бэ гэдэг нь тодорхой байх учиртай. Энэ тохиолдлоос Дээд шүүх, ялангуяа түүний Тамгын газар, нийт шүүгчийн хуралдаан өөртөө зах зээлийн тоглогчийн эрхийг өгсөн нь харагдаж байгаа юм. Уг нь шударга ёсыг тогтоодог стандартыг тэнд байлгах гэж зориод байгаа юм шүү дээ. Шударга ёсыг ингэж хангадаг юм, энэ нь шударга биш байна гээд олон нийтэд ойлгомжтой тайлбарлаад өгөх хэрэгтэй биз дээ. Гэтэл энэ чиглэлд бүр юу ч хийдэггүй. Өрөөндөө хоёр, гурвуулхнаа нууцхан шийдвэр гаргачихаад хүсэлтийг хангаж, эс хангаж шийдвэрлэв гэж мэдээлээд л орхичихдог. Хангаж, эс хангасан гэх шийдвэрийнх нь дунд, хаана нь шударга ёс байгааг хэн ч мэддэггүй. Үнэн хэрэгтээ шүүхийн шийдвэр болгон шударга ёсны шат шүү дээ. Тайлбар бүр нь шударга ёсны боловсрол олгодог байх ёстой.
-Ер нь улс төрийн намыг Дээд шүүх бүртгэж байгаа нь зөв үү?
-Шүүгчид захиргааны ажил хийж байгаагаа мэддэггүй юм биш үү. Шүүх хурал, захиргааны ажил хоёроо ялгаж, салгаж чаддаг бол хэн нь ч бүртгэсэн яах вэ. Гэтэл Дээд шүүх улс төрийн намыг бүртгэхдээ шүүн таслах ажиллагаа шиг нууцалдаг юм байна. Ийм тохиолдолд иргэдийн хяналт дор захиргааны байгууллага нь бүртгэсэн нь дээр. Бүртгүүлэх гэж байгаа намынх нь төлөөлөл хуралдаанд нь оролцох эрхгүй байна шүү дээ. Үг хэлэх, ажиглах ч боломж олгохгүйгээр хаалттай хаалганы цаана 23 шүүгч 801 хүн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх, эсэхийг шийдчихэж байгаа нь шударга бус. Улс төрийн намын тухай хуулийн төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо намуудыг бүртгэхээр ярьж байгаа юм билээ. Гэхдээ сонгуулийн байгууллага аль нэг намд үйлчлэх эрсдэл өндөр. Тиймээс ч хараат бус институц гэдэг талаасаа Дээд шүүхэд энэ эрхийг өгсөн байх л даа.
“НАМУУДЫН ХАР ХУУЛЬ”-ЫГ БАТАЛЖ БОЛОХГҮЙ
-Хоёр жилийн өмнө баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын сонгуулийн насны нийт иргэний нэг хувиас доошгүй нь нэгдэж нам байгуулахаар тусгасан. Одоогийнхоор тооцоход 200 мянга гаруй иргэн нэгдэж байж нам байгуулна гэсэн үг. Өдгөө 801 хүний гарын үсэг цуглуулан, нам байгуулж, бүртгүүлэх гээд явж байгаа хүний хувьд та юу гэж хэлэх вэ?
-Энэ бол эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг устгах заалт. Үүнийг хэрэгжүүлснээр Монгол Улсад нам байгуулагдахгүй гэсэн үг. Ардчилал, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөндөө баяртай гэж хэлэх хэрэг гарах байх. Эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийг нь чөлөөтэй эдлүүлэхийн тулд үүнд нь зориудаар учруулсан саад тотгор аль болох бага байх ёстой гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөмжүүд байдаг. Манай улс 1970-аад оноос хойш хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой олон улсын олон конвенцод элссэн хэрнээ ийм заалт Үндсэн хуульдаа оруулсанд нь цочирдсон. МАН-ынхан үүнийг үнэмлэхүй олонхоороо батлахдаа “Манайхаас өөр нам цаашид үлдэх ёсгүй” гэж бодсон байх. Дээр үед төлөвлөгөөгөө биелүүлээгүй малчдыг шоронд аваачдаг, “Жамбалдоржийн хар хууль” гэж байсан юм билээ. Үүнтэй адилхан, “Намуудын хар хууль” гэж хэлмээр байна. Чухам яаж хэрэгжүүлэхийг нь мэдэхгүй ч энэ заалтыг эргэж харах шаардлагатай.
-Та намаа бүртгүүлэх гээд ажиллаад байдаг. Та гишүүн нь байсан АН-ын бүртгэлтэй холбоотой маргаан Дээд шүүхэд үргэлжилсээр л байна. Энэ талаар юу бодож байна вэ?
-Ер нь бол Дээд шүүхийг хараат бус, улс төрөөс ангид, шударга ёсны эцсийн хэмжүүр, үйл ажиллагаа нь хиргүй, тунгалаг гэж итгэж явсан. АН-ын бүртгэлтэй холбоотой маргаан ч намынхных нь дотоод бүтэлгүйтэл гэж бурууг өөрсдөд нь нааж ирлээ. Гэтэл Дээд шүүхтэй өөрөө нүүр тулаад ирэхээр тэнд ажилладаг шүүгч нар нь “но”-той хүмүүс шиг санагдаж байна. Тэднийг нэрээр нь хэлж чадахгүй. Шүүгч нарын нэр хүндэд нэгбүрчлэн халдах сонирхол алга. Гэхдээ Дээд шүүхийн 23 шүүгчээс 15-ыг нь гэмт хэрэгт холбогдож, баривчлагдаж, АТГ-т шалгуулж, 461 дүгээр ангид саатуулагдаж байсан гэж хэвлэлээр бичиж, мэдээлж байсан юм байна. Тэд цагаатгагдаж, эсвэл ял авсан байх учиртай. Гэтэл энэ талаар ямар ч мэдээлэл алга. Хамгийн сонин нь хэрэгт холбогдсоныхоо дараа тэд Дээд шүүхийн шүүгч болсон байх юм. Тодорхой нээнтэгтэй хүмүүсийг Дээд шүүхэд олноор томилсон нь цочирдуулсан. Дээд шүүх чинь “гэмт хэрэгтнүүдийн бирж” болчихсон юм биш биз дээ гэж бодогдлоо. Явж явж АН-ынханд тохиолдоод байгаа эцэс, төгсгөлгүй зовлон Дээд шүүхээс давхар хамаараад байгаа юм биш биз гэж бодож эхэлсэн. Тиймээс “экс” намынхныгаа 100 хувь буруутгаж чадахгүй байна.
-Гэхдээ л АН-ынхан Дээд шүүхээс үл хамааран нэгэнт ойлголцохоо больсон юм биш үү?
-Үйл явц хэрхэн өрнөөд байгааг сайн мэдэхгүй юм. Гаднаас нь харахад адал явдалт кино шиг л байна. Шүүхийн доторх тоглолт нам руу нь нэвчиж орж ирээд буй нь харагдаад байна.
-Та АН-ыг орхиж, шинэ нам байгуулсан шийдвэртээ улам итгэлтэй болж байна уу?
-Зөв шийдвэр гаргасандаа өдөр ирэх бүр итгэлтэй болж байна. ИОНН-д залуучууд, эмэгтэйчүүд олноороо нэгдэж буй. Тэд гишүүдийн 65-70 хувийг эзлэх жишээтэй. Манай намын удирдлагын бүрэлдэхүүний олонх нь эмэгтэй. Энэ бол АН-д байх боломжгүй зүйл. Бүр ойрын ирээдүйд бий болно гэх итгэл ч төрөхөө байсан учраас тэндээс явсан. АН-д байхдаа яг ийм хүмүүст орон зай өгөхийг хүсэж байсан. Тэр орон зайг би өөртөө ч, бусдад ч гаргаж чадаагүй. Улс төрийн намыг өмнө нь дандаа эрчүүд нууцхан байгуулж ирсэн. Миний хувьд ганцаараа нам байгуулж, дарга нь болох сонирхол алга. Бүх үйл явцыг ил тод болгох нь миний зорилго.
-Танай нам хэдэн гишүүнтэй юм бэ?
-Дээд шүүхэд бүртгүүлэх зорилгоор 1117 хүний нэрийг хүлээлгэж өгсөн. Дүрмийг маань Дээд шүүх бүртгээгүй учраас татвараа авч эхлээгүй. Албан ёсоор бүртгүүлээд, гишүүдээсээ татвар аваад эхлэхээр тухайн жилийн тоо гараад ирнэ. Өөрөөр хэлбэл, жилийнхээ татварыг төлчихвөл гишүүнчлэлээ идэвхжүүлчихэж байгаа юм. Одоогоор ажиглагч гишүүнээр бүртгүүлсэн 3430 хүн байна.
ЭМЭГТЭЙЧҮҮД НУНЖ ДОРОЙ БАЙВАЛ ТЭДНИЙГ УИХ-Д СОНГОХ ГЭЖ ХҮСЭХЭЭ БОЛИНО
-Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын талаар тантай ярилцахыг хүсэж байлаа. Жишээ нь, УИХ-ын эмэгтэй гишүүд идэвхгүй байгаа нь дараагийн парламентад бүсгүйчүүд сонгогдоход саад болж байх талтай. Таныг гишүүн байх үеийн парламентын эмэгтэйчүүдтэй ч харьцуулах нь бий. Энэ тухайд байр сууриа хуваалцахгүй юу?
-2012-2016 оны УИХ-д таван намын эмэгтэй гишүүд баг болж ажиллаж чадсан. Бидний манлайлал бага байвал дараа нь эмэгтэйчүүдийг сонгохгүй, дэмжихгүй учраас хүчтэй байх ёстой гэдэгт санал нэгдэж байлаа. Зарим асуудлаар намынхаа эсрэг ч хамаагүй дуугарч байгаад эмэгтэйчүүдийнхээ байр суурийг хамгаалж ирсэн. Тиймээс ч Тамхины хяналтын, Хүүхэд хамгааллын болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулсан юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар дэмжихгүй, “унагаахад” эмэгтэй гишүүд бүгдээрээ зогсож байгаад хэвлэлийн бага хурал хийж байлаа. Энэ хуулийг батлахгүй бол бид өөр хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэж бойкот хийсэн. Ингэж янз бүрийн эсэргүүцэл үзүүлж, хамтран тэмцдэг байсан.
Эмэгтэйчүүдийн манлайллыг иргэд хүсэн хүлээж байгаа учраас бидэнд зугтах газар байхгүй. Хэрэв бид хоёр, гурван парламент дамжаад манлайлж чадахгүй, нунж дорой байвал эмэгтэйчүүдийг УИХ-д сонгох гэж хүсэж, тэмүүлэхээ болино. Гэтэл эмэгтэйчүүдийг дэмжье гээд саналаа өгөхөд бэлэн болж байгаа орчин, сэтгэл зүйг алдах эрх байхгүй. Бид тасралтгүй манлайлах ёстой. Энэ нь ганцаараа гарч ирээд, “од” болохыг хэлээд байгаа юм биш. Эмэгтэй гишүүд дандаа хамтдаа байх ёстой. Бид туршлагаа Киргиз, Индонезийн парламентынхантай хуваалцаж байсан. 2016, 2020 оны сонгуулиар бүрдсэн манай парламентын гишүүдээс хэн нь ч биднээс туршлагаа хуваалцахыг хүсээгүй л байна. Жишээ нь, Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч нь Д.Эрдэнэчимэг гишүүн. Тэр л энэ төслийг урагшлуулах манлайлагч, түүний ард бусад эмэгтэй нь байна гэсэн зарчмаар ажилласан. Үүнтэй яг адилаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл дээр ажилласан. Ажлын хэсгийн ахлагч нь би. Эмэгтэй гишүүд маань бүгд миний ард намайг дэмжсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч нь С.Одонтуяа байсан. Тэр л энэ хуулийн нүүр царай болно гэж санал нэгдэж, дуудсан үед нь дэмжихэд бүгд бэлэн ажилласан. Одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүд бидний энэ туршлагыг хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Хэн нэг нь зөв юм ярьж байвал ард нь жагс, дэмж, эмэгтэйчүүд ээ. Ингэснээр эмэгтэйчүүдийн манлайллын суурь нь сайжирдаг.
Ер нь манлайлагч хүнд нэг үүрэг бий. Тэр нь хувийн сонирхлоо хойш тавих явдал. Жишээ нь, Д.Эрдэнэчимэг гишүүн тамхи татдаг байсан юм билээ. Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдсоны дараа бидний өмнө тамхи татахгүй гэдэг үүрэг хүлээж, хуулиа ч батлуулсан.
-Харамсалтай нь, тамхи татаж байгаа бичлэг нь ил болсон.
-Хэнийг нь мэдэхгүй юм, тэр бичлэгийг эрэгтэй хүн авч, тараасан гэж боддог. Яагаад гэвэл, тэр бичлэгт орсон эрэгтэй хүний царайг бүдгэрүүлчихсэн байсан. Эрэгтэйчүүд эрэгтэйчүүдээ ингээд л хамгаалаад аваад үлдчихдэг. Эмэгтэйчүүдийг муудалцуулж, манлайллыг нь үгүй хийх зорилгоор цацагдсан бичлэг гэж үздэг. Гэхдээ хүнийг хийсэн ажлаар нь үнэлдэг учраас Тамхины хяналтын тухай хуулийн ач холбогдлыг ярьсаар л байна шүү дээ. Ажлыг дэс дараатай, төлөвлөгөөтэй хийгээд, үр дүнд хүргэдэг хүн л манлайлагч байдаг.
-Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийлэл гээд эмэгтэйчүүдэд хаягладаг, хаядаг асуудлууд бий. Бүсгүйчүүд энэ л сэдвүүдийг барьж авах ёстой юм уу?
-Эмэгтэйчүүдэд тэр асуудлыг найдаад байгаа нь эрэгтэй хүмүүст хэлээд, хэлээд бүтээгүй гэсэн үг. Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл хэдэн зуун жилийн турш л байсан шүү дээ. Ялангуяа манайд ардчиллын 30 жилд эрчүүд манлайлж байхдаа үүнийг шийдэж чадаагүй. Хэний ч шийдэж чадаагүй, эрсдэлтэй асуудлыг иргэд нь бариад ирж байхад эмэгтэйчүүд хоорондоо зөвлөлдөөд, манлайлж ажиллах хэрэгтэй. Битгий зугт, эмэгтэйчүүд ээ.
ИОНН-Д ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАГҮЙ
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж байгаа. Санхүүжилтийн асуудлуудыг ч уг хуулийн хүрээнд шийдэхийг зорьж буй юм билээ.
-Ажлын хэсгийг нь эмэгтэй хүн удирдаж байгаа нь боломж. Өөр нүдээр хараад, санхүүжилтийг нь өөрөөр томьёолбол сайн л байна. Эрэгтэйчүүд л улс төрийн санхүүжилтийг өнөөдрийн түвшинд хүргэсэн шүү дээ. Сонгуулийг мөнгөнийх болгодог тэд хуулийг нь шинэчлэн сайжруулна гэвэл ашиг сонирхлын асар их зөрчилтэй тулгарна. Өөрсдийнхөө явж ирсэн замаас өөрөөр томьёолох гэвэл мэдлэг нь хүрэхгүй байх л даа. Хэрвээ манай намыг бүртгэчихсэн бол би дүрмийг маань хуулаад, чөлөөтэй ашиглаж болно гээд өгөхөөр байлаа. Бүртгэгдээгүй дүрмийг олон нийтэд түгээх боломжгүй. Манайх дүрэмдээ улс төрийн санхүүжилтийг ил тод, даруухан мөртлөө гишүүн өөрөө хянах боломжтойгоор бүрдүүлэхээр тусгасан. Жишээ нь, гишүүн улс төрийн зорилгоор хуримтлал бүрдүүлэх эрхийг нээж өгнө. Одоо намууд тухайн гишүүн нь мөнгөтэй, хуримтлалтай, эсэхээс үл хамааран маргааш гэхэд 100 сая төгрөг авчир гэж тулгаж байгаа шүү дээ. ИОНН-ын гишүүн улс төрийн хуримтлалаа өөрөө бүрдүүлж, дансаа намдаа бүртгүүлнэ. Улмаар улс төрийн хуримтлал хийж байгаа гэдгээ жилдээ нэг удаа нотлох юм. Ингэхдээ тухайн жилд хуримтлуулж байгаа мөнгөнөөс нэг хувь хүрэхгүй хэмжээгээр намд шимтгэл болгож шилжүүлэхээр заасан. Улс төрийн хуримтлалаа тасралтгүй хийж байгаа хүнийг нэр дэвшүүлэх жагсаалтад оруулахаар томьёолсон.
-Улс төрийн намуудыг УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран төрөөс санхүүжүүлэх талаар дээрх төслийн хүрээнд яригдаж байгаа юм билээ. Танай намд төрийн санхүүжилт шаардлагатай юу?
-Шаардлагагүй. Бид маш даруухан төсвөөр ажиллаж болохоор байна. Үүсгэн байгуулах анхны хурлаа 23 сая төгрөгөөр хийсэн. Одоо дахин хийх хурлаа гурван сая төгрөгт багтаахаар төлөвлөж байна. Үүнээс ч багыг зарцуулж магадгүй. Бид алхам тутамдаа улс төрийн үйл ажиллагааны өртгийг хямдруулна. Ингэснээр бид сонгуулийн зардлыг ч бууруулна. Дүрэмдээ нам нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болохгүй гэсэн заалт оруулсан. Гишүүдийн хандив, татвар нь намын үйл ажиллагааг л санхүүжүүлэх ёстой. Түүнээс хөрөнгийг санхүүжүүлж болохгүй. Нам нь баяжиж, байшинтай болох гээд ирэхээрээ л хол явахгүй. Гишүүдийнхээ төлсөн татварын хэмжээнд л ажиллах ёстой.