Монголын волейболын улсын шигшээ баг, ХХЕГ-ын “Хилчин” багийн ахлагч, спортын мастер Г.Энхнаранг ямар тамирчин болохыг спорт сонирхогчид мэднэ. Хүүхэд байхаасаа энэ спортоор хичээллэсэн тэрбээр МУИС-ийн болон улсын шигшээ, цаашлаад “Хилчин” багт тоглож, ур чадвараа хөгжүүлжээ. Тэрбээр 2017 онд “Тэнүүн-Огоо кап” клубүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд С.Дэлгэрмаа дасгалжуулагчийн удирдлагад багийнхантайгаа оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэр цагаас тус багийнхныг хөгжөөн дэмжигчид нь “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтод өрсөлдөн аварга болох болов уу гэж битүүхэн харж, хүлээсэн. Тэд энэ удаа алтан медаль, аваргын цом гардаж баярлууллаа. Ийм амжилтаас атгахад багш нарынх нь үүрэг, оролцоо их бий. “Хилчин”-ийнхэн 2020 онд УАШТ-д оролцохдоо өсвөр, идэрчүүдийн ангилалд түрүүлж, залуучууд, насанд хүрэгчдийнхээс мөнгөн медаль өвөртөлсөн. Тэр жил С.Дэлгэрмаа багш нь “Оны шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч байв. Дээд лигийн тэмцээний тойргийн болон хагас шигшээд тэднийг аваргын төлөө тоглосон ч үзэгчид “Хобби эйс”-ийнхнийг түрүүлнэ гэж таамаглаж байлаа. Багийн ахлагч Г.Энхнаран тамирчдаа зөв залж, зоригтой, шийдэмгий, дайчин тоглолтоороо хүчтэй өрсөлдөгчөө талбайд буулган авч, хожлын салхийг өөрийн талд эргүүлсэн юм. “Үндэсний дээд лиг 2021” тэмцээний “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарсан түүнийг зочноор урилаа.
-Монголын волейболын холбооноос зохион байгуулсан “Үндэсний дээд лиг 2021” тэмцээнд цахиур хагалж алтан медаль, аваргын цом гардсан “Хилчин” багийнханд баяр хүргэе. Амжилт гэдэг бол олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл, зүтгэлийн үр дүнд ирдэг зүйл шүү дээ.
-“Таван цагариг”-ийн шинэ оны анхны дугаарт зочноор уригдаж, хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Үндэсний дээд лигийн тэмцээнд багийнхантайгаа түрүүлж, нэг жил завгүй хөдөлмөрлөсөн хичээл, зүтгэлээ үнэлүүлэх сайхан байлаа. Олныг огшоож, суудлаас нь бостол өндөлзүүлдэг ийм нэр хүндтэй тэмцээнээс “Шилдгийн шилдэг тамирчин”-ы шагнал гардахдаа өөртөө ч итгээгүй. Тэр үед төрсөн мэдрэмж, сэтгэл догдлол, баяр хөөрийг үгээр хэлэхэд багадмаар санагдаж байна. Би өмнө нь “Хилчин” клубт харьяалагдаж тоглодог байлаа. 2015 онд Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр “Чи манай ХХЕГ-т ажиллаач. Чамайг цалинжуулъя. Тус байгууллагийн өмнөөс волейболын тэмцээнд оролцооч” гэж санал тавьсан. Би одоо тус цэргийн ангид спорт заалны зохион байгуулагчаар ажилладаг юм.
-Сагсан бөмбөг сонирхдог байсан охины сэтгэлийг волейбол тэгтэл их татсан нь сонирхолтой санагддаг.
-Би 12 настайдаа сагсан бөмбөг их сонирхдог байлаа. Аймгийнхаа спортын ордонд найзтайгаа сагсан бөмбөг тоглохоор очихдоо волейболын дасгалжуулагч Г.Баярсайхан багшийг анх харсан. Түүний бэлтгэл хийлгэх арга барил, хүүхдүүдийн тоглож байгаа техникийг хараад волейболоор хичээллэх сонирхол төрсөн юм. Тэрбээр намайг харчихаад “Хөөе, тэр сагсан бөмбөг барьсан охин заалнаас гараарай” гээд хөөж билээ. Би гэртээ хариад ээждээ “Волейболын бэлтгэл хийж буй хүүхдүүдийг харлаа, хичээллэмээр байна” гэхэд дуртай зөвшөөрсөн. Би бэлтгэл анх хийхдээ гурван км гүйж байлаа. Миний тамирчин болох замнал тэр өдрөөс эхэлж, өөрийгөө ялан дийлэх тэсвэр хатуужлаас суралцсан. Г.Баярсайхан багш одоо “Хобби эйс” багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Сая үндэсний дээд лигийн тоглолтод тус багийнхан аваргын төлөө манайхантай тоглож, мөнгөн медаль хүртлээ.
-“Хилчин” багийнхан энэ удаа залуу тамирчдаар хүч хэр сэлбэв?
-Манай баг шинэ, залуу тоглогчдоос бүрдсэн. Тэдний олонх нь 18-19 настай, их, дээд сургуулийн оюутан. Багийн спортод нэгдмэл байдал хамгийн чухал. Охид хүмүүжил сайтай, эвтэй найрсаг харилцаатай. Миний зөвлөж хэлснийг сайн сонсдог. Бэлтгэл хийх үед хэн хичээл зүтгэл гаргаж байгааг нь багтаа сонгож авсан. Миний хувьд тус багт тоглоод зургаан жил болж байна. Бид үндэсний дээд лигийн тоглолтод амжилттай оролцохын тулд хөнгөн атлетик, хурд, хүч, бие бялдар хөгжүүлэх бэлтгэл хийсэн. Тойргийн тоглолтуудад “Хобби эйс” багийнхан нэг ч хожигдолгүй тэргүүлж, түрүүлэх зорилготой байсан нь тэмцээний явцаас анзаарагдсан юм. Тэд бэлтгэл хийсэн ч сэтгэл зүйгээ сайтар бэлдээгүйгээс манай багт хожигдсон болов уу. Бид өрсөлдөгчдөө ялахын тулд бүх нөөц, боломжоо дайчилсан. Багийн ахлагчийн хувьд тамирчдадаа урам өгч, “Чи чадна, чиний хамгийн сайн чадах зүйл тэр чинь шүү дээ” гэж хурцалсан минь ч багагүй нөлөөлсөн. Тэмцээний үед манайхан нэгнээ дэмжиж, харц, хөдөлгөөнөөрөө хүртэл ойлголцож чадсаны хүчинд аваргын төлөө тоглож, цом гардлаа.
-Цэргийн байгууллагын сахилга бат, үүрэг хариуцлага, нэгдмэл байдлыг танайхан тоглолтоороо харуулсан гэж бодож байна.
-Тийм ээ, хаана ч явсан байгууллагын нэр хүнд их нөлөөлдөг. ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн “Та нар ХХЕГ-ын нэрийг гаргаж байгаа. Тиймээс багийнхаа ахлагчийн үгийг сайн сонсож, зоригтой, дайчин тоглоорой. Тоглолтын үед хариуцлагатай байж, цэрэг шиг тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй” гэж захисан. Бид тэмцээний ямар үед давуу талаа гаргахаа төлөвлөн тооцоолж, хожигдохоос айхгүй тоглосон. Багийн спортын тамирчид сахилга бат, үүрэг, хариуцлага, сэтгэл зүйн бэлтгэл сайтай байж амжилт гаргадаг.
-Багийн ахлагч аваргын цом өргөдөг. Тэр баяртай мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Аваргын цом өргөх үнэхээр зүүд мэт санагдаж байлаа. Баярлаж, догдлоод ч тэр үү, бараг өргөж дийлэхгүй шахуу зогссон. Тэмцээн өндөрлөсний дараа хилийн цэргийн отрядуудаас холбогдож “Байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж, сайн тоглосон та бүхэнд баярлалаа” гээд урам хайрласан нь сайхан байлаа. Бидэнд алтан медаль эрч хүч, урам зориг хайрлаж, хойшид аваргаа хамгаалах үүрэг, хариуцлагыг мэдрүүлсэн. Хүмүүс “Хилчин” багийнхныг цаашид хэрхэн тоглох бол гэж харна. Тиймээс итгэл, найдварыг нь алдахгүйг хичээнэ. Аваргын төлөөх тоглолтын үед хөгжөөн дэмжигчдийн санал хоёр хуваагдаж, нэг хэсэг нь “Хобби эйс”, нөгөө нь “Хилчин”-ийхэн түрүүлнэ гээд ярьж байгаа нь хүртэл тод сонсогдсон. Зарим нь дээд лигт шинэ баг хүч түрэн орж ирлээ, яагаад түрүүлж болохгүй гэж байв. Үзэгчдийн суудлаас “Хилчин”-ийнхэн сайн тоглоорой, заавал аварга болоорой, дэмжиж байгаа шүү” гээд хашхирах хүн олон байлаа. Багийн ахлагч байх амаргүй. Хожлыг шийдвэрлэх чухал тоглолтод тамирчдаа зөв удирдаж, өрсөлдөгчдөө судлан, тактик боловсруулахаас өгсүүлээд ухаан зардаг. С.Дэлгэрмаа багш тоглолтын дараа тухайн өдөр ямар багтай тоглосон бичлэгийг үзэж, дүгнэлт хийн, дараа яаж тоглох талаар байнга зөвлөдөг байсан. Тэмцээний бичлэгээс багуудын тоглох арга барил, довтолгоо, хамгаалалтыг нь харж, судалсан маань хэрэг боллоо.
-Аваргын цом дөрвөн жил дараалж гардсан “Энагура” багийнхныг фэнүүд нь түрүүлнэ гэж харсан. Тэд энэ удаа туршлага зааж, хүрэл медалиас атгалаа. Эрэгтэйчүүдээс “Хасу мегаватт MGL” багийнхан ч аман хүзүүдсэн. Танайханд эрэгтэйчүүдийн багийн тоглолтыг үзэж, санаа авах зүйл байв уу?
-Тэмцээнд сэтгэл зүйн бэлтгэл сайтай оролцох их нөлөөлдөг юм билээ. Хүчний дасгалжуулагч Э.Энхбаатар багш “Хэн чадалтай нь бус, аль зоригтой нь хождог юм. Та нар тоглолтдоо бүх зүйлээ шийдэмгий хий, юунаас ч битгий ай. Алдсан ч хамаагүй, хамгийн гол нь зоригтой бай” гэж хэлсэн. Эрэгтэйчүүдийн тоглолтыг үзэхэд “Натур мед ноён”-ыхон зоригтой, шийдэмгий байсан. Харин “Хасу мегаватт MGL” багийнхан өмнө нь аваргаар шалгарсан болохоор хожих ёстой гэдэг бодлоор хэт хичээж тоглосон. Сэтгэл зүйн бэлтгэлээс илүү энэ удаа аваргаа заавал хамгаалах ёстой гэж өөрсдөдөө ачаалал өгсөн нь ялагдахад хүргэсэн байх.
-Дээд лигийн тоглолтыг үзэж суугаа хүмүүс дэмждэг багийнхаа довтолгоо, хамгаалалт, техникийг нь хүртэл судалдаг юм билээ.
-Волейболын дээд лигийн тоглолт үзэгчдийн жил бүр хүлээж үздэг тэмцээний нэг. Өмнө нь намайг тоглодог байхад ахмадууд голдуу ирж үздэг байв. Тэд залуудаа энэ спортоор хичээллэж, тэмцээнд оролцдог байсан тул ямар ч тоглолтыг алгасдаггүй. Багийн гишүүдийн овгийг нэртэй нь бичиж, хэрхэн тоглодгийг нь хүртэл судалчихсан байдаг. Намайг тоглож байхад “Хөөе, дөрвөн номертой Г.Энхнаран ингэж, тэгж тоглооч” гээд араас хашхирна. Биднийг сайн тогловол урам өгч, амттанаар дайлдаг.
-Тамирчид үзэгчдийн уур амьсгалаас эрч хүч авдаг. Тэдний дэмжлэг тоглолтод хэрхэн нөлөөлдөг вэ?
-Биднийг хагас шигшээд шалгарсны дараа Хилийн цэргийн хамт олон ирж, дуулж, хөгжим тоглоход бид бүр огшиж, догдолсон. Хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой, хандлага, уур амьсгал амжилт гаргахад ямар хүчтэй нөлөөлдгийг тэр үед мэдэрсэн. Тэмцээнд ана мана тоглож байгаа хоёр багийн хурд, овсгоо самбаа илүү гаргасан нь ялдаг. Волейболын тэмцээнд ухаан багагүй зардаг болохоор шатар тоглохтой адил гэж ярьдаг. Бид хүчтэй өрсөлдөгчөө хожихын тулд сэтгэсэн, бас судалсан. Ялалт, ялагдалд сэтгэл зүйгээ бэлдсэн тамирчин амжилтад хүрдгийг бид харуулсан.
-Гэрийнхэн тань тууштай дэмждэгийн хүчинд та багийнхаа тоглогчдыг зөв залж, амжилтаас атгалаа. Түрүүлэхэд өөрөөс тань дутуугүй баярласан хүн олон байсныг ч тэр үед анзаарсан л даа.
-Надад тусалдаг олон хүн бий. Хүү минь одоо хоёр настай. Би олон ажлыг гэрийнхнийхээ туслалцаатай амжуулж байгаа. Тэмцээнтэй үед хадам ээж Баянхонгороос ирж, хүүг минь харж, асарсан бол ээж минь Сэлэнгэ аймгаас ирж эргэж тойрсон. Ядарчих вий гэж хадам ээждээ санаа зовниход “Миний охин тэмцээндээ анхаарал хандуулж, сайн тоглоорой” гэнэ. Тэд минь миний найдвартай ар тал болоогүй бол аваргын цом гардтал амжилт гаргахгүй л байсан болов уу. Орон нутагт амьдардаг ах, дүүс хүртэл дэмжиж, биднээр туслуулах ямар ажил байна, зорьж очоод хүүг тань харъя гэж байлаа.
-Ах, дүүс тань хэр спортлог вэ, тан шиг волейбол тоглодог уу?
-Аав минь аймагтаа зохион байгуулсан ширээний теннис, хөлбөмбөгийн тэмцээнд байгууллагаа төлөөлж оролцдог. Спортод дуртай, эвсэлтэй занг нь би дуурайсан. Дээд лигийн тоглолт бүрийн дараа аавтайгаа ярихад “Охиныхоо тоглолтыг ажлынхантайгаа дэмжээд, алгасахгүй үзэж байгаа” гэдэг. Манай ах ажлынхандаа “Хилчин”-д тоглож байгаа энэ охин миний дүү шүү дээ” гээд гайхуулж ярьдаг гэсэн.
-Та багийнхаа чөлөөт хамгаалагч Д.Сосорбурам, “Хобби эйс-ийн Х.Болормаа нартай ойр дотно нөхөрлөдөг. Дээд лигийн тоглолтод найзтайгаа аваргын төлөө ана мана өрсөлдлөө шүү дээ.
-Найзуудтайгаа волейболоор хичээллэж байхдаа танилцаж, ойр дотно нөхөрлөсөн. Тэднээс Д.Сосорбурам, “Хобби эйс” багийн чө лөөт хамгаалагч Х.Болормаа нар дээд лигийн тэмцээнд оролцдог. Спортын талбарт найз ч байсан шударга өрсөлд гэдэг бичигдээгүй хууль бий. Бид энгийн үед сайхан нөхөрлөдөг ч тоглолтын талбайд бол ана мана өрсөлдөнө. Би Д.Сосорбурамтай “Хилчин”-д хамт тоглодог юм. Аваргын төлөө “Хобби эйс” багийнхныг хожи ход Х.Болормаа найз минь уйлаад бүр урвайчихсан сууж байв. Бид сэтгэлийг нь тайвшруулж, аргадсан. Найзынхаа багийг хожоод аваргын цом өргөх надад ч бас амаргүй санаг даж байлаа. Хэд хоногийн дараа найз минь “Та хоёроороо их бахархсан шүү. Аваргын төлөө танайхан гайхалтай тоглолт харуулсан” гээд урам хайрласан. Хүүхэд байхаасаа нөхөрлөсөн найзуудын сэтгэл хаана ч явсан хувирдаггүй.
-Та өмнө нь МУИС-ийн волейболын шигшээ багт тоглодог байсан санагдана.
-Би МУИС-д нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж, 2016 онд төгссөн. Д.Сосорбурам бид хоёр сургуулийнхаа шигшээ багт тоглож, тэмцээнд оролцдог байлаа. Манай сургуулийн багийнхан аваргын төлөө тоглохоор байнга шалгардаг сан. Бид түрүүлээгүй ч мөнгө, хүрэл медаль цөөнгүй хүртсэн. МУИС-ийн волейболын шигшээ багийнхан дасгалжуулагч Э.Эрдэнэбилэг багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байв. “Хилчин” клубт тоглож байгаа охидын олонх нь тус сургуульд сурдаг. Миний хувьд оюутан байхдаа хичээлдээ анхаарал хандуулах, эсвэл бэлтгэлээ хийх үү гэдэг сонголттой нэг бус удаа тулгарсан. Ээж “Чи сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй. Чамайг дуртай спортынхоо төлөө зүтгэл гаргаж байгааг мэднэ. Гэхдээ хичээлээ орхиж хэзээ ч болохгүй” гэнэ. Сургуулийн багш нар, ангийн нөхөд минь ойлгож, дэмжсэний хүчинд амжилттай төгссөн. Тэмцээн дөхөхөөр багш нараас чөлөө авах гээд уулзана. Наанаа дурамжхан байгаа ч намайг ойлгож оюутнуудад “Та нар энэ хүүхэдтэй барьцахгүй биз дээ. Сургуулийнхаа шигшээ багт тоглож, тэмцээнд оролцож байгаа болохоос шоу цэнгээн хөөж яваагүй шүү” гэж хэлээд хичээлээс чөлөөлдөг байв. Тэр үед хичээл, бэлтгэл, тэмцээн гэж хоолтой, хоолгүй их гүйсэн. Дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрч, нэг л мэдэхэд дипломоо өвөртлөөд сургуулиа төгсөж байлаа. Гэрээсээ холдож үзээгүй надад Улаанбаатарт оюутан болж ирсэн минь заримдаа хэцүү санагддаг байв. Бэлтгэл хийгээд орой ирэхэд хоол, унд хийж угтах хүнгүй болохоор их ядардаг байсан. Хааяа халширсан ч үеийнхээ охидтой хөгжилдөж ядарснаа мартдаг байв. Тэр үед залуу насныхаа эрч хүч, хүсэл тэмүүллээр саад бэрхшээлийг даван туулсан гэж боддог.
-Ээж болсны тань дараа хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөв. Спортдоо эргэж ирэх амаргүй санагдсан уу?
-Багаасаа спортоор хичээллэж, тэсвэр хатуужлаас багагүй суралцсан болохоор ямар ч ажлын ачаалал даадаг. Намайг хүүгээ төрүүлсний дараа хүмүүс “Чи одоо тоглох уу, эсвэл яаж тоглоно доо” гэдэг байлаа. Би хүүгээ хардаг байсан ч бэлтгэлээ таслаагүй. Оюутан байхдаа олон ажил зэрэг амжуулж сурсан минь амьдралд хөл тавихад тус болсон. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулж болдгийг би хичээл, зүтгэлээрээ харуулахыг зорьсон. Гэр бүлийн минь хүн тархвар судлаач, эмч мэргэжилтэй. Нөхөр минь намайг дэмжиж, тэм цээнд оролцуулдаг. Надтай гэрлэснээс хойш волейболын тэмцээн сонирхож үздэг болсон. Ажлынхаа зав, үдийн цайнаар дээд лигийн тоглолтуудыг үзсэн тухайгаа ярьдаг юм. Тоглолттой өдрүүдэд гэрийнхнийхээ тус дэмийг их мэдэрсэн болохоор одоо ч баярладаг.
-С.Дэлгэрмаа багш шавь нараа хэрхэн удирдаж, ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг вэ?
-Багш бэлтгэл хийлгэхдээ байнга шинийг эрэлхийж судалдаг. Бид уйгагүй, хөдөлмөрч, бас зөөлөн, тайван зангаар нь бахархдаг. Шавь нараа зэмлэхээс илүү зөвлөж ярилцах дуртай. Биднийг хожигдох гээд тэвдэж байхыг багш хараад “Хүүхдүүд ээ, битгий сандар. Дараагийн тоглолт байгаа шүү дээ, санаа зовохгүй тогло” гэдэг. Баяр ёслолын үед өөрийгөө мартаад шавь нартаа санаа тавина. Гэр бүлдээ тэр бүр гаргаагүй цаг, заваа бидний бэлтгэлд зориулдаг. Нөхөр нь “Танай багш өөрийгөө гэхээс илүү шавь нарынхаа төлөө гүйдэг хүн дээ” гэдэг юм. “Хилчин” багийнхан 2021 онд амжилт арвинтай, өөдрөг байлаа. Энэ ташрамд, амжилт гаргахад бүх талаар дэмжиж тусалсан ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн болон биднийг удирдаж, бэлтгэл хийлгэсэн дасгалжуулагч С.Дэлгэрмаа, Э.Энхбаатар, Х.Уянга багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Шавь нар нь өмнөхөөсөө илүү хичээж, та нарынхаа итгэл, найдварыг алдахгүй аваргаа хамгаална.
-2022 он айлчлаад удаагүй байна. Хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа зүйлээсээ сонирхуулаач.
-Багийнхантайгаа “Үндэсний дээд лиг 2022” тэмцээнд аваргаа хамгаалж тоглох зорилго тавьсан. Бид амжилтаа ахиулж, өмнөхөөсөө илүү түвшинд тоглохын тулд бэлтгэлээ шаргуу хийнэ. Монголын волейболын холбоо эмэгтэйчүүдийн шигшээ багаа Азийн наадамд сойхоор төлөвлөж байгаа. Үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөсний дараа хөгжөөн дэмжигчид “Шилдгийн шилдэг тамирчнаа улсын шигшээ багт яагаад авахгүй байгаа юм бэ” гэж Монголын волейболын холбоонд хандаж, санал тавьсан. Миний хувьд хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгээр шигшээ багт орсон гэж бодож байгаа. Волейболын лигийн тэмцээнийг зөвхөн Улаанбаатарт амьдардаг хүмүүс бус, орон нутгийнхан ч сонирхож үздэг. Монголд энэ спорт хөгжиж, хүрээгээ хэрхэн тэлснийг олны санал, хүсэлт, сэтгэгдлээс мэдэж болно.