Шинэ оны өмнөхөн 60 “нас” хүрсэн ХСҮТ-ийн хамт олон өнгөрсөн жилд амжилт, ололтоор дүүрэн байж, Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд анхдагч болох хэд хэдэн хуудас нээсэн. Түүнчлэн тус байгууллагаас Ардын болон Гавьяат эмч гурав төрж, Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ээлжийн сувилагч Дашдаваагийн Урантөгс Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсон юм.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гардан хийдэг, тэргүүн шугамын “дайчин”, тэр дундаа ээлжийн сувилагчид Гавьяат цол хүртээсэн нь мэргэжил нэгтнүүдийнх нь хөдөлмөрийг үнэлсэн том шагнал байсныг онцлоод, шинэхэн Гавьяатын ярилцлагыг хүргэе. “Төрийн ордонд маргааш шагналыг тань гардуулна” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан утсаар хэлэхэд “Буруу сонсчихов уу” гэж гайхах, баярлах зэрэгцсэн” хэмээсэн тэрбээр шинэ оны босгон дээр ээлжтэй хонож таарсан юм. Их ажлаас нь түүнийг түр “олзлон” ярилцав.
-Монгол Улсын Ардын болон Гавьяат эмч цөөнгүй бий. Харин сувилагчдаас “Гавьяат” хэмээх тодотголтой нь олон биш. Тэр дундаа ХСҮТ-өөс төрсөн хоёр дахь Гавьяат сувилагч нь Та боллоо. Шагнал гардах мөчид юу бодсон бэ?
-Сүрдэж, сандраад элдэв юм бодох сөхөө байгаагүй, үнэндээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үе үеийн сувилагчдын хөдөлмөр, сэтгэл, зүтгэлийн үнэлгээ над дээр “буулаа” гэж бэлгэшээж байгаа. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнуулсан сувилагч улсын хэмжээнд зургаа байдаг гэсэн. Тэдний нэг нь манай ХСҮТ-ийн Дуламсүрэн эгч. Миний хувьд 2004 оноос хойш Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ээлжийн сувилагчаар ажиллаж байна.
-Эмч, сувилагчдын ажлын ачааллыг аль хэсэгт, ямар үүрэг гүйцэтгэж буйгаар нь дүгнэн, хооронд нь харьцуулах боломжгүй, зохимжгүй. Гэсэн хэдий ч хавдрын тусламж, үйлчилгээ, тэр дундаа Хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхны хувьд энэ ойлголт арай өөр, ялангуяа сэтгэл зүйн хувьд асар их ачаалалтай, “дарамттай” байдгийг мэдэхгүй хүн үгүй. Та ажлынхаа чиг үүргийн талаар товчхон танилцуулаач.
-ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар дөрвөн их эмч, 11 сувилагч ажиллаж байна. Нийт сувилагчийн найм нь ээлж сувилгааных. Мөн туслах сувилагч хоёр, нэг эмзүйчтэй. Тасгийн хувьд хэвтэн эмчлүүлэх 18 ортой. Үүнээс хоёр ор нь Яаралтай тусламж, үйлчилгээний хэсэгт байдаг. Хавдрын эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд тусламж, үйлчилгээ, асаргаа, сувилгаа хийдэг нь бидний ажлын онцлог. Эмч нарынхаа бичсэн эмчилгээг цаг тухайд нь хийхийн зэрэгцээ үйлчлүүлэгчийнхээ хэвтрийн байрлалыг солихоос эхлээд асаргаа, сувилгааны ажил их өргөн хүрээтэй. Хөнгөвчлөх тасгийн сувилагчийн ажил үүргийн чиглэл нь бусад тасаг, нэгжийнхээс арай өвөрмөц. Хавдрын хожуу үед мэс засал, бусад эмчилгээ хийх боломжгүй болсон өвчтөнүүд маань байнга хэвтэрт байдаг учраас байрлалыг нь хоёр цаг тутамд солих зэргээр арчлахгүй бол цооролт үүсдэг аюултай. Өсгий, тохой, ахар сүүл, нуруу гэхчлэн цооролт хаа саагүй үүсдэг учраас асаргаа, арчилгаа маш чухал. Мөн амны болон арьсны арчилгааг тогтмол хийх ёстой. Тоочвол урт жагсаалт болох байх. Тэр бүхнийг ээлжийн сувилагч, туслах сувилагчтайгаа хамтраад хийдэг.
Та сэтгэл зүйн ачааллын талаар асуусан. Бид тусламж, үйлчилгээ, арчилгаа, сувилгаагаа хийхээс гадна нас барсан өвчтөнүүдээ шарил хадгалах өрөө рүү зөөхөөс эхлээд эмнэлгээс эцсийн замд нь үдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэсээр байдаг. Ажлын шаардлага ийм. Гэхдээ үүнийг сэтгэлийн “дарамт” гэж хэлж болохгүй. Ажлынхаа онцлогийг мэддэг учраас бид сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ тэр бүр санаагаар болохгүй л дээ. Нялх хүүхэдтэй хүмүүст хэцүү учраас халшраад явах нь ч бий.
-Өнгөрсөн тавдугаар сард Америкийн сувилагч Жули МакФадден хөнгөвчлөх тасагт эдгэршгүй өвчтэй хүмүүсийг асарч байгаа талаар, ажлынхаа онцлогийн тухай нийгмийн сүлжээгээр цацсан нь олны анхаарлыг их татсан. Түүний бичлэгээс хүмүүс их зүйл ойлгосон, зарим нь ухаарал авсан гэж сэтгэгдэл үлдээжээ. Ер нь хоспис үйлчилгээ үзүүлдгээ гэр бүлийнхнээсээ нуудаг хүн олон байдгийг сэтгэгдлүүдээс уншсан юм. Нуух шалтгаанаа хайртай хүмүүсийнхээ сэтгэлийг өвтгөхгүйн тулд гэж тайлбарлаад “Энэ ажил сэтгэл зүйд их нөлөөлдөг” гэсэн байна лээ. Та ажлынхаа ачааллаас үүссэн сэтгэлийн хямрал болон алжаалаа хэрхэн тайлдаг вэ?
-Манай эмнэлэг сэтгэлзүйчтэй. Өвчтөнүүдээс гадна эмнэлгийн ажилтан, эмч, сувилагч гээд хүсвэл хэн ч хандаж болно. Бид хэдийгээр тухайн өдрийн ажлаа хийчихээд гэртээ харьж амардаг боловч сэтгэл санаагаараа бол тасралтгүй ажиллаж л байдаг. Өвчтөний биеийн байдлын талаар, тухайн өдөр ямар хоносон гэхчлэн утсаар асууж, лавладаг. Ээлжээс буусан нэгэн рүүгээ утасдахгүйг хичээдэг ч аргагүй байдалд яах ч билээ. “Сайхан амарч байна уу, уучлаарай” гэж байгаад л ярина даа. Эмч нар маань ч амрах үедээ ялгаагүй байнга л утасдаж, ярьж, холбогддог. Ер нь өөрийгөө удирдаж чаддаг байхгүй бол хэцүү л дээ. Тийм учраас би ажлынхаа нөхцөл байдлын талаар гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ тэр болгон ярьдаггүй, сэтгэлийг нь зовоож, хямраагаад яах вэ гээд. Харин хамт олныхоо сайхан уур амьсгалыг, амжилтыг байнга ярьж, бахархдаг. Миний хоёр охин ч манай эмнэлгийнхнээр бахархаж, “Ийм сайхан хамт олонтой байх чинь бас их аз” гэж хэлдэг юм.
-Америк сувилагч эмэгтэй Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг “үдэлтийн” гэж тодотгоод, нөхцөл байдалтайгаа эвлэрч чадахгүй байгаа өвчтөнүүдэд сэтгэлийн дэм хамгийн чухал гэжээ. Ийм тохиолдол гарч байв уу. Хэдийгээр та бүхэн үйлчлүүлэгч бүртээ сэтгэл дэвсдэг ч тэдний дундаас санаанаас огт гардаггүй нь бий юү?
-Хавдрын өвчлөл янз бүрийн насныхан, онцлон дурдахад залуу үеийнхний дунд их тохиолдох болжээ. Ялангуяа хөхний, умайн хавдар их байна. 20 ч хүрээгүй насандаа хавдартай гэж оношлуулаад, нөхцөл байдалтайгаа эвлэрч чадахгүй байгааг харах үнэхээр шимширмээр. Энэ ташрамд хэлэхэд, эрүүл мэндийн товлолт үзлэгт байнга хамрагдаж байгаарай. Хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа хамрагдаж байснаар өвчин даамжрахгүй, эмчлэгдэх боломжоо алдахгүй шүү гэж захимаар байна. Эрт илрүүлж чадвал хавдар эмчлэгдэх боломжтой өвчин.
Хэдэн жилийн өмнө зун умайн хавдрын хожуу үедээ орсон, хижээл эмэгтэй манай тасагт хэвтэхээр ирлээ. Доошоо байнга хурц үнэртэй ялгадас, идээ, цус гардгаасаа санаа нь зовж байгаа нь илт. Ар гэрийнхний сувилгаа, арчилгаа муугаас болж анх ирэхдээ өтсөн байсан. Манай эмнэлгийнхэн, тасгийнхны арчилгаа, асаргаа, сэтгэлийн дэмээр өвдөлт, шаналлаасаа бага боловч салаад эмнэлгээс гарахдаа “Та бүхэнд маш их баярлалаа. Үнэр минь ч багаслаа” гээд уйлж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Манай туслах сувилагч Гэрэлцэцэг уйгагүй ажилласан даа.
-Хорт хавдар тухайн хүнд л хамаатай өвчин биш, цогц, хамтын ажиллагаа шаарддаг онцлогтой. Ялангуяа ар гэрийнхний сэтгэл, хандлага их чухал. Өвчтөнүүдийн ар гэрийнхний дарамт их байдаг талаар нэг биш удаа сонссон. Энэ нь та бүхний ажилд хэр хүндрэл учруулдаг бол?
-Янз бүр, зарим сахиурын авир аашийг тэвчинэ гэдэг бас л хэцүү. Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлаас болж ганц, хоёр сахиур “Та нар халдвар тараана, өрөөнд битгий орж ир” гэхчлэн нэлээд хүндрэл учруулсан. “Энэ ингэлээ, тэглээ” гээд адилхан байж болохгүй. Эмч, удирдлагадаа хэлээд асуудал үүсгээд байх нь ч утгагүй. Ямар ч байсан зохицуулах гэж оролдоно. Ер нь ажлаа зөв, сайн хийгээд байхад цамнаж загнаад байх нь гайгүй л дээ. Зарим айлынхан хүнээ үлдээгээд явчихдаг, асарч, сувилах нь та нарын үүрэг гээд. Бас “Зүгээр байсан хүн танай эмнэлэгт ирээд л нас барчихлаа” гэж өвчтөнийхөө бие болоод өвчнийх нь нөхцөл байдлыг ойлгохыг хүсэхгүй хүмүүс ч байдаг. Манай сувилагч, ажилтнуудыг цохисон, гар хүрсэн тохиолдол цөөнгүй. Хайртай хүнээ эцсийн замд нь явтал сайхан асарч, тойглож, бидэнтэй хамтарч, хичээдэг нь ер нь олонх л доо. Сүүлийн үед Монголд шашны янз бүрийн урсгал хөгжиж байгаа нь талийгаачдыг үдэх үед их мэдрэгддэг. Уламжлалт шашныхаа зан үйлийн дагуу ёслохоос гадна христийн номын дагуу үдэх нь элбэг болсон. Үүнээс болж гэр бүлийнхний дунд маргаан, зөрчил үүсдэг шиг байгаа юм.
-Тухайн тасаг, нэгжээс шалтгаалаад сувилагчдын чиг үүрэг тодорхой хэмжээнд ялгаатай, онцлогтой байдаг. Та өнөөдрийг хүртэл тасралтгүй 33 жил ажиллахдаа орон нутгийн болон хүүхдийн, мэс заслын, хөнгөвчлөхийн гээд олон чиглэлээр мэргэшжээ. Ер нь орон нутагт ажиллахын давуу, сул тал нь юу байдаг вэ. Сүүлийн үед аймаг, сумуудад багш, эмч, сувилагч гэхчлэн мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байгаа. Үүнд юу нөлөөлж байна гэж хардаг вэ?
-Орон нутагт ажиллахад мэдээллээс хоцордог, мэдлэг, боловсролоо ахиулах боломж дулимаг санагддаг. Залуу хүмүүст хөгжих боломж, нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихвөл уг нь хот, хөдөөгийн ялгаа байхгүй болсон. Харин сүүлийн үед эмнэлгүүд боловсон хүчнээ чадавхжуулах тал дээр анхаарч, сургалтад хамруулдаг, зардлыг нь даадаг болж байна. ХСҮТ-ийн хувьд хавдрын тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх, дадлагажуулах, олон талт сургалтуудыг улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. Манай тасагт л гэхэд орон нутгаас эмч, сувилагч нар ирж, гурван сарын хугацаанд суралцаж, дадлагажаад явдаг. Мөн үндсэн үйл ажиллагаа болох хөнгөвчлөх эмчилгээгээ явуулахаас гадна төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг удирдан зохион байгуулдаг.
-Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд сувилагч хомсдолтой байгаа. Олон улсад ч энэ мэргэжлийнхэн дутмаг байгааг ДЭМБ-ын тайланд дурдсаар иржээ. 30 гаруй жил сувилагчаар ажилласан хүний хувьд мэргэжлийнхээ сайхныг товчхон тодорхойлооч. Та анхнаасаа л сувилагч болох хүсэлтэй байсан уу?
-Сувилагч сайхан мэргэжил, хүнд тустай. Бусдыг баярлуулдаг, ерөөлтэй ажил гэж хэлнэ. Сувилагч ямар байх ёстой вэ гэсэн асуултад би “Чин сэтгэлээсээ бусдад ханддаг, ажил, үүргээ дээд зэргээр ухамсарладаг, харилцааны доголдолгүй, бусдыг ялгаварладаггүй байх ёстой” гэж хариулна. Ер нь бусдыг эдэлж, хэрэглэж байгаагаар нь ялгаварлан харилцахад би голоосоо дургүй. Миний баримталдаг зарчим ийм. Би сувилагч болсныхоо эрдмийг гэх үү, сайхныг гэх үү аавыгаа арчилж, тойглож гаргасандаа баярлаж явдаг. Аав маань цус харваж байсан юм.
Би Өмнөговь аймгийн Ноён сумд төрж, Хөвсгөлд дунд сургуулиа дүүргэсэн. Аав маань цэргийн хүн учраас томилогдсон газар бүрт нь бид дагаад л явдаг байлаа. 1987 онд аравдугаар ангиа төгсөөд, Дарханы анагаахын дунд сургуульд хуваарь авч, хоёр жил сувилагчийн мэргэжлээр сурсан. 1989 онд төгсөөд тэндхийн Нэгдсэн эмнэлэгт ээлж сувилгааны буюу ээлжийн сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн. 1996 он хүртэл тэндээ ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ирээд, хэсэг хугацаанд Хөвсгөлд, дараа нь Баянхонгор аймагт мэргэжлээрээ ажилласан. Ингэж яваад хотод суурин байх болж, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллаж байгаад 2004 онд ХСҮТ-ийн сувилагч болсон доо. Мэс заслын тасагт хуваарилагдан, дөрвөн жил орчим ажиллаж, дараа нь Хөнгөвчлөх эмчилгээний тасагт харьяалагдах болсон.
-Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн сувилагч, эмчийн хөдөлмөрийг хүнд нөхцөлд хамруулдаг уу. Цалин, хангамж ямар байдаг бол?
-Бидний ажлын нөхцөлийг хүнд, онцгой зэрэгт хамруулдаггүй. Хортой нөхцөлийнх ч биш гэж үздэг. Харин ХСҮТ-ийн удирдлага маань энэ тал дээр анхаарч, зохицуулалт хийснээр хөнгөвчлөхийн 10 хувийн нэмэгдэл олгодог. Үүнд нь талархах учиртай. Тухайн байгууллагын дотоод журмаар олгодог нэмэгдэл болохоор тэтгэвэр тогтоолгох зэрэгт энэ харин хамаарахгүй юм билээ.
Би ХСҮТ-ийн хамт олондоо үргэлж талархаж явдаг. Энэ байгууллагынхны тус дэмээр их ч зүйлд суралцаж, өдий сайхан явж, төр, засгийнхаа шагналыг хүртлээ. Энэ бол ХСҮТ-ийн, тасгийнхны минь бүгдийнх нь шагнал гэж бодож байгаа. Дахин дахин талархлаа илэрхийлье. Мөн Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийнхэнд баярлалаа. Тасгийнхандаа талархаад баршгүй. Та бүхний итгэл найдварыг алдахгүй улам хичээж ажиллах болно. Манай Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ахлах сувилагч Оюунгэрэл гэж хамт олныхоо жаргал, зовлонг ойлгодог, ажиллах нөхцөл байдалд анхаарч, аливааг маш хурдан, эв зүйгээр зохицуулж чаддаг, зохион байгуулагч хүн бий. Нэг удаа тасгийн маань сувилагч залуухан бүсгүй нас барсан өвчтөний биед хүрэхээс айгаад, бага насны хүүхдүүдтэй учраас эвгүйцдэг талаараа учирласан юм. Ахлагч маань тэр дор нь асуудлыг ярилцаж, шийдээд өөр тасагт шилжүүлэн ажиллуулж байлаа. Энэ мэтээр дурдвал олон жишээ байна. Мөн тасгийн эмч нар, залуу сувилагчдадаа баярлалаа гэж хэлье. Сүүлийн үед залуу сувилагч нар их мэдлэг, мэдээлэлтэй болжээ. Тэднээсээ өдөр бүр суралцсаар яваа би азтай хүн.
-Таны ярианаас анзаарахад эв эеийг хичээдэг хүн бололтой. Урантөгс гэдэг эмэгтэйг та тодорхойлоод хэлээч.
-Би хүн гомдоохоос, бусадтай ам мурийхаас айдаг. Болж өгвөл ая эвийг нь олж, эвтэй найртай байхыг хичээдэг зантай.