Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, ОУХМ М.Лхагвагэрэл Норвегийн Осло хотод өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулсан ДАШТ-ий 125 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Ингэснээр манай тамирчид анх удаа ДАШТ-ий хүнд жингээс медаль хүртэж, спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. Казахстаны Алматы хотод өнгөрсөн оны хавар болсон Азийн АШТ-ээс М.Лхагвагэрэл хүнд жинд олимпын эрх өвөртөлж, Токиог зорьсон нь мөн л анхны тохиол байлаа. Түүнчлэн чөлөөтөөс гадна үндэсний бөхөөр барилддаг тэрбээр “Бүх цэргийн наадам 2021” барилдаанд зодоглон, цэргийн арслан цол хүртсэн. Мөн “Бөртэ чоно-2021” наадмаас “Шилдэг тамирчин”-ы шагнал гардсан, Монголын чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойн баярын үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан гээд дурдаад байвал М.Лхагвагэрэлийн хувьд өнгөрсөн он ганзага дүүрэн жил байв. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-2021 оныг амжилт арвинтай үдэж, олон шагнал гардлаа. Шинэ онд хэрэгжүүлэхээр зорьж, төлөвлөснөөсөө хуваалцаач
-Цар тахлын улмаас бэлтгэл тууштай хийхэд хүндхэн байсан ч тамирчид зүгээр суугаагүй. Саад бэрхшээлийг бие, сэтгэлийн хүчээр даван туулцгааж, хэцүү бүхнийг боломж болгон харуулахыг зорьсон. Миний амьдралд анхны гэсэн тодотголтой олон зүйл өрнөлөө. Тухайлбал, Токиогийн олимпын наадмын дэвжээнд анх удаа зодоглож, Норвегийн Ослод болсон ДАШТ-ээс хүнд жинд анхны хүрэл медалийг Монголдоо авчрав. Шинэ онд хийхээр зорьж, төлөвлөсөн зүйл олон бий. Хамгийн ойрын зорилго бол энэ сарын 11-нд эхлэх насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцохоор бэлтгэлээ шаргуу хийж байна. Мөн сар шинийн баярын өмнө ОХУ-ыг зорьж, Иван Ярыгины нэрэмжит гран при тэмцээнд хүч сорино. Энэ жил болох ДАШТ-д медалийн өнгөө хувиргах, цаашлаад “Парис 2024” олимпод амжилттай оролцох зорилго тавьсан.
-Токиогийн олимпын дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй хүч сорьж, V байрт шалгарна гэдэг чамлахааргүй амжилт. Тэндээс таныг ямар бодолтой ирснийг сонсмоор санагдлаа.
-Тэнд Беларусь, Германы бөхийг ялж, хагас шигшээд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Гейбл Дэн Стивсонтой барилдсан. Түүнтэй өмнө нь ДАШТ-д учраа таарч байсан тул арга барил, техникийг нь гадарладаг ч би алдаа гаргаж, хожигдсон. Олимпын наадмын дэвжээ үнэхээр сүрдмээр юм билээ. Надад олон зүйлийг ойлгуулж, ухааруулсан. Сургамж, бас туршлага болж үлдсэн болохоор хойшдоо алдаа, дутагдал гаргахгүйг маш их хичээж байгаа.
-Та ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь спорт сонирхогч олон хүнийг баярлуулсан. Манай чөлөөт бөхийнхөн ДАШТ-д хүнд жингээс медаль зүүж байгаагүй болохоор ийм амжилтыг цөөнгүй хүн хүсэн, хүлээсэн нь ч анзаарагдсан.
-Токиогийн олимпын наадмын дараа болсон томоохон тэмцээн нь тэр байлаа. Би өмнө нь дэлхийн дэвжээнээс медаль зүүхийг мөрөөддөг байв. Ослог зорихын өмнө Б.Адъяахүү багш “Миний шавь энэ жил ДАШТ-ээс медаль заавал хүртэнэ. Өөртөө итгэлтэй, сайн барилдаарай” гэж захисан. Би ч медаль хүртэх зорилготой барилдсан. Хүүхэд байхаасаа багштайгаа амжилтын төлөө хамт зүтгэлээ. Ямар ч үед түшиг тулгуур болж, өөрийн биеэр үлгэрлэж ирсэн багшдаа үргэлж талархдаг. Токиогийн олимпын наадмаас авч чадаагүй медалиа Ослогийн дэвжээнээс хүртчихээд сэтгэл уужирч, тайвширсан. Японоос медальгүй ирсэн болохоор сэтгэл санааны байдал хүндхэн байсан юм. ДАШТ-ий хүрэл медаль сэтгэлд хургасан таагүй бодлыг үргээсэн. Медалийн төлөөх барилдаанд Азийн аварга, Казахстаны Олег Болтиныг хожиж, шагналын тавцанд зогссон. Өмнө нь түүнтэй хоёр ч удаа барилдахдаа нэг ялж, нэг ялагдсан юм. Барилдахын өмнө багш нар минь “Чи олимпын наадамд оролцож үзлээ. Өрсөлдөгчтэйгөө өгөө, аваатай барилддаг. Түүнийг ялахад чамд дутуу зүйл алга. Дэвжээнд гараад өөрийнхөөрөө барилд” гэж зөвлөсөн. ДАШТ-д зодоглосон тамирчин бүр медалиас атгадаггүй. Тэнд өмнөхөөсөө илүү амжилт гаргах зорилго тавьж, өөдрөг сэтгэгдэлтэй ирсэн. Монголын чөлөөт бөхийн түүхэнд өмнө нь байгаагүй амжилтыг гаргалаа гэж бөхийн хорхойтнууд огшиж, баярласныг онгоцноос буугаад л хүмүүсийн урам хайр ласан үгнээс мэдэрсэн. Тэр үед дэлхийн аваргаас хүртсэн медалиа зүүгээд аав, багшдаа үнсүүлж, найз нөхөдтэйгөө уулзах хамгийн сайхан байлаа.
-Норвегт амьдардаг монголчууд тамирчдаа угтан авч, тэмцээнд оролцох нөхцөл боломжоор хангасныг сонссон. Нутаг нэгтнүүдийн дэм, тус манайханд эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв үү?
-Норвегт өмнө нь чөлөөт бөхийн томоохон тэмцээн болж байгаагүй юм билээ. Анх удаа зохион байгуулсан нь насанд хүрэгчдийн ДАШТ. Энэ хотод ажиллаж, амьдардаг нутаг нэгтнүүд биднийг маш найрсаг хүлээж авсан. Тэмцээний үед халуун сэтгэлээр тусалж, дэмжсэн монголчууддаа баярласнаа илэрхийлж, шинэ оны мэнд дэвшүүлье. Тэдний ачаар бид тэнд эх орондоо мэт сайхан байлаа.
-Та чөлөөтөд хөл тавихаасаа өмнө үндэсний бөхөөр хичээллэсэн. Аав тань хүүгээ бөх болгоё гэж их зорьсон байх.
-Тийм ээ, үндэсний бөхөөр барилдахад аав минь их нөлөөлсөн. Багадаа бэлтгэл хийхийг нь харж өссөн болохоор барилдах дуртай. 10 настайдаа “ТВ9” телевизээс зохион байгуулдаг өсвөр үеийнхний үндэсний бөхийн тэмцээнд оролцож, спортын гараагаа эхлүүлсэн. Аавыг минь Д.Мөнхтөр гэдэг, Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн арслан цолтой. Ээж минь бөхийн удамтай. Улсын начин Даймаа хэмээх бөх ойрын хамаатан нь. Намайг улсын начин, Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү багшийн шавь болсон цагаас манайхан өнөөг хүртэл дэмжиж, спортын талбар дахь ялалт, ялагдлыг минь хамт хуваалцаж ирлээ. Бөхийн спортод хөл тавьсан үеэс багшийнхаа заасан эрдмээс сурч, өдий зэрэгт хүрсэндээ баярладаг. Сайн бөх байхыг зөвхөн барилдахаар төсөөлж болохгүй. Амжилт гаргахын тулд бүхнээ харамгүй зориулж, уйгагүй хөдөлмөрлөх нь чухал. Тиймдээ ч бөх болно гэж өөртөө амласнаа биелүүлэхээр хичээж яваа. Аав миний барилдахыг харах дуртай. Олны дунд биеэ зөв авч явах, тэмцээнд хэрхэн барилдах, барилдааны үед сэтгэл зүйгээ яаж удирдах талаар байнга зөвлөдөг.
-Чөлөөт бөхөөр хичээллэх шийдвэр хэрхэн гаргаж байв?
-Үндэсний бөхчүүдээс чөлөөтөөр барилддаг тамирчин олон бий. Би тэдний нэг. Бөхийн спортын төрлүүд нэг нь нөгөөгийнхөө барилдаанд суурь болдог тал бий. Үндэсний бөхийн золгож барилддаг онцлог болон мэхний хувилбарууд нь чөлөөтийн барилдаантай уялддаг. Үндэсний бөхийн барьцнаас барилдаж сурсан минь надад давуу тал болдог. Би 2013 онд чөлөөт бөхөд хөл тавьсан. Үндэсний бөхөөр барилддаг надад чөлөөтөд хүч үзэх ойр санагдсан юм. Тив, ДАШТ-ээс медаль хүртсэн аваргуудын барилдахыг хараад хичээллэх хүсэл төрж билээ. Би Б.Баттулга багшийн удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэл анх хийсэн. Тэрбээр олимпын наадамд олон тамирчин сойсон туршлагатай дасгалжуулагч. Эрэгтэйчүүдийн шигшээ багийнхны бэлтгэлийг түүнээс гадна А.Цэдэнсодном, Б.Батзориг багш нар удирддаг. Дэвжээнд бэлтгэл хийхээр анх ирэхэд үеийнхэн минь өсвөр үе, залуучуудын тэмцээнээс медаль хүртэж, туршлага багагүй хуримтлуулчихсан угтаж байлаа. Хичээллээд удаагүй байхдаа Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үе, залуучуудын тэмцээн Орхон аймагт болоход оролцож, хүрэл медаль хүртээд их баярласан. Түүнээс хойш насанд хүрэгчдийн УАШТ-д дөрөв дэх удаагаа хүч сорих гэж байна. Өмнөх гурван тэмцээнээс иж бүрэн медальтай. 2020 оны УАШТ-д аваргын төлөө улсын начин, Азийн аварга Д.Хүдэрбулга ахтай хүч үзэж түрүүлсэн. Тэрбээр үндэсний бөх, чөлөөтийн аль алинаар нь барилддаг. Олимп, ДАШТ, тивийн АШТ-д эх орноо төлөөлж цөөнгүй өрсөлдсөн.
-Ослогоос ирснийхээ дараа Бүх цэргийн наадмын түрүү бөхөөр тодорч, цэргийн арслан цол хүртсэн. Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд хүч тэнцүү байсан тул хэн нь түрүүлэх бол гэж бөхийн хорхойтнууд догдолж суусан. Та түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Хоёр жилийн өмнө Бүх цэргийн наадамд түрүүлэх зорилготой барилдсан ч хараахан чадаагүй. Аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн заан Л.Отгонбаатар цэргийн арслан цол хүртсэн юм. Тэр жил Л.Отгонбаатар намайг долоогийн даваанд өвдөг шороодуулж байв. 2021 оны наадамд би Булган аймгийн Орхон сумын уугуул, аймгийн арслан Э.Сумъяабаттай үзүүр, түрүү булаалдсан. Бид өмнө нь таарч байгаагүй. Би 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяраар улсын наадамд аймгийн заан цолтой анх удаа зодоглосон. Үндэсний бөх, чөлөөтийн тамирчдаас үе тэнгийнхэнтэйгээ ойр дотно нөхөрлөдөг. Бид завтай үедээ бэлтгэл сургуулилалт, амжилт, ажил, амьдралын тухай яриа өрнүүлдэг. Нөхөдтэйгөө энгийн үед сайхан нөхөрлөж, дэвжээнд бол ана мана өрсөлддөг юм.
-Цэргийн арслан цол хүртчихээд Сергей Козыревтэй халз барилдахаар Москваг зорьсон. Хойд хөршийн аваргатай хүч сорьсон барилдааныхаа тухай сонирхуулаач.
-“Москва гран при” бөхийн шоу тэмцээнд “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын Сергей Козыревтэй халз барилдаж ялагдсан. Тамирчдад ялж, ялагдахдаа бус, өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцан, туршлага хуримтлуулж, хэрэгжүүлэх л чухал. Тэмцээнд алдаа гаргадаггүй тамирчин ховор. Харин алдаагаа дахиж давтахгүй байх хэрэгтэй. Миний хувьд золгож, харин тэрбээр хөл авч барилдсанаараа ялгаатай. Бид нас ойролцоо, түүнтэй хойшид олон таарах биз. Тэр үед би арай өөр барилдах байх.
-Казахстаны Алматыд болсон Азийн АШТ-д та амжилттай оролцож, олимпын эрх өвөртөлсөн. Энэ бүхэн ДАШТ-ээс медаль зүүх эхлэл байсан болов уу?
-Азийн АШТ-д хоёр дахь удаагаа оролцсон нь тэр. Казахстаны Алматы хотод Азийн АШТ-д өрсөлдөж, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас долоо дахь эрхийг авчирч байлаа. Тэр тэмцээний хэсгийн аваргын төлөө Японы Тэцүя Танакаг 9:0-ээр буулган авч, Токиог зорих болсон. Миний жинд Казахстан, Киргизийн тамирчдаас эрх аваагүй. Токиогийн олимпод Ази, ДАШТ-д учраа таарсан бөхчүүд өрсөлдсөн. Гэхдээ би Азийнхантай барилдаагүй, Европ, АНУ-ын бөхтэй барилдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Бөхийн спортоор хичээллэж, амжилт гаргах амаргүй. Та ч гэсэн тамирчдын туулдаг саад, бэрхшээлтэй олон удаа нүүр тулгарсан байх?
-Бөхөөр хичээллэх амаргүй санагддаг ч надад шантрах бодол төрж байгаагүй. Тууштай хичээллэхэд гэр бүлийнхний минь дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн. Үргэлж баярлана гэж юу байх вэ, хааяа сэтгэлээр унах үе гардаг. Тийм үед дэлхийн алдартай тамирчдын саад, бэрхшээлийг бие, сэтгэл зүйгээрээ даван туулж, амжилт гаргасан түүх, баримтат кино, хөрөг нэвтрүүлэг үзсэнээ санаж, эрч хүч авдаг юм.
-“Хилчин” спорт хороогоор овоглоод багагүй хугацааг үдсэн байна. Энэ “айл”-д хөл тавиад ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ?
-Би “Хилчин” спорт хороонд 2018 оны сүүлчээр хөл тавьсан. Тэр цагаас тус байгууллагаар овоглоод гурван жил гаруй болжээ. Унгарын Будапешт хотод 2019 онд зохион байгуулсан 23 хүртэлх насныхны ДАШТ-д хүрэл медаль хүртэж, ОУХМ цолны болзол хангасан. Миний хувьд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс тус бүр хүрэл медальтай. Хүрэл медалийн төлөөх барилдаан өрсөлдөөнтэй болдог. Ялбал медальтай, ялагдвал хоосон буцах учраас тамирчид дэвжээнд өөрт байгаа бүх нөөц, боломжоо шавхдаг. Багагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд үнэ цэнтэй олддог болохоор тамирчид их бэлгэшээдэг. Миний гол зорилго бол хичээж, хөдөлмөрлөснийхөө үр дүнг харуулж, медаль хүртэх байсан. Тэндээс зорьсноо биелүүлж ирсэндээ одоо ч сэтгэл өндөр байдаг.
-Монголын чөлөөт бөхийн холбоо 60 жилийн ойн баяраа оны босгон дээр тэмдэглэсэн. Тус баярын үеэр та ДАШТ-д оролцсон тамирчдынхаа хамт шагнал хүртэж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан шүү дээ.
-Оны босгон дээр Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртө чоно” наадмаас “Шилдэг тамирчин”-ы шагнал гардлаа. Холбооныхоо 60 жилийн ойн баярын үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан гээд яривал 2021 он надад аз, хийморь хайрласан өөдрөг жил байлаа. Өмнө нь тус наадмаас шагнал хүртэж буй тамирчдыг хараад “Тэдэн шиг хэзээ нэгэн өдөр ийм хүндтэй шагнал хүртэх сэн” гэдэг нууцхан хүсэл төрдөг байв. Энэ удаа зорилгодоо ч хүрлээ, хүсэл минь ч биеллээ. Шагнал хүртэх сайхан ч өндөр үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан. Хэдхэн сар бэлтгэл хийчихээд эдгээр шагналыг хүртээгүй. Хэдэн жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл, зүтгэлийн эцэст ирсэн амжилт. Миний амжилтын ард олон хүний итгэл, сэтгэл, тус дэм, хөдөлмөр шингэсэн. Тиймээс итгэл, найдварыг нь алдахгүйг хичээнэ.