Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх бодлого, эрх зүйн орчныг манай улсад хэрхэн бүрдүүлсэн бэ. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн захирал С.Тунгалагтамиртай ярилцлаа.
-Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн дэмжлэг маш чухал гэж олон улсад төдийгүй манайд ч ярьж, энэ чиглэлийн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж буй. Эрт үеийн дэмжлэг, оролцооны тогтолцоог Монголд хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод 1990 онд анх нэгдсэн орнуудын нэг. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод 2009 онд нэгдсэнээр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн сурч боловсрох орчин нөхцөлийг хангах үүрэг хүлээсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газрын үүрэг, амлалтыг бодит болгоход чиглэсэн “Эрхийг бодитой болгоё” хэмээх Инчоны стратегийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оролцоо ба боловсролд хамруулалтыг өргөжүүлэх” хэмээх тавдугаар зорилгын хүрээнд хүүхэд төрсөн цагаас сургуульд орох хүртэлх хугацаанд хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт илрүүлж, дэмжлэгийн үйлчилгээнд хамруулах, цаашлаад бага, дунд сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэхийг тэргүүлэх зорилт болгосон. Эдгээр конвенцын үзэл санааны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ-аар батлан, хэрэгжүүлж байна. Тус хуулийн 28 дугаар зүйл нь бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн. Үүний зэрэгцээ 37 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулахаар хуульчилсан. Энэ нь хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт оношлох, хүүхдийг хөгжүүлэх, дэмжихэд томоохон ахиц дэвшил болсон.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг 2014 онд байгуулсан. Мөн ХНХЯ-наас 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар баталж, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, дараагийн шатны үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлээд буй. Тус комисс одоогоор хэдэн хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бол?
-Төв комисс нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт орон тооны бус салбар комисс байгуулан, удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр ханган ажилладаг. Салбар комисс 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг тогтоон, шаардлагатай тохиолдолд хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гарган, холбогдох байгууллагуудад холбон зуучилж, хяналт тавьж байна. Энэ оны III улирлын байдлаар 7124 хүүхдийн асуудлыг салбар комиссын хурлаар хэлэлцэж, 4249 нь хөгжлийн бэрхшээлтэй болохыг тодорхойлсон. Мөн 1090 хүүхдэд байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон байна. Түүнчлэн 4388 хүүхдийн байнгын асар гааны хугацааг сунгажээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд 2238, цэцэрлэгт 371, ерөнхий боловсролын сургуульд 778, боловсролын бусад үйлчилгээнд 308 хүүхдийг хамруулах шийдвэр гарган, холбон зуучилж, хяналт тавьсан. Үүнээс гадна комиссын дүрмийг шинэчлэн боловсруулж, хурлыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ялгаатай хэлбэрээр зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, мөн үйл ажиллагааны хяналт шалгалтын талаар нэмэлт оруулан, Засгийн газрын 173 дугаар тогтоолоор батлуулсан. Дэлхий нийтийн чиг хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусдын адил нийгмийн харилцаанд тэгш оролцуулахад чиглэж байгаа. Тиймээс манай яамнаас хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг бага насанд нь илрүүлэн, шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамруулан хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх чиглэлээр ЭМЯ, БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг батлан, хэрэгжүүлж буй. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед буюу 18, 36 сартайд нь илрүүлж, хөгжлийн дэмжлэг үзүүлэх тогтолцоо бий болгон, энэ үйл ажиллагаанд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарынхан ямар үүрэг, оролцоотой байхыг уг заавраар тодорхойлсон. Ингэснээр хүүхдийг цэцэрлэг, сургуульд орохын өмнө цогц үзлэгт хамруулан, өвчин, эмгэг болон хөгжлийн хоцрогдлыг илрүүлэн, шаардлагатай тусламж, үйлчилгээ, дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх тогтолцоо бүрдсэн.
-Өрхийн эмч нар хүүхдийг 18, 36 сартайд нь бүтэн биеийн үзлэгт хамруулж, хөгжил нь хэвийн, эсэхийг тодорхойлж, бэрхшээл илэрвэл нэн даруй арга хэмжээ авах боломжтой. Гэхдээ зарим эцэг, эх, асран хамгаалагч үүнийг төдийлөн мэддэггүй, эсвэл нэг их ач холбогдол өгдөггүй. Өрхийн эмнэлгийнхэн ч аав, ээж, асран хамгаалагчдад сайн мэдээлэл өгдөггүйгээс олон хүн үүнийг хэрэгжүүлж чаддаггүй юм уу гэж хардаг. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг батлуулсан цагаас хойш эрүүл мэндийн байгууллагын үүрэг, оролцоог таниулах сургалт, уулзалт, зөвлөгөөнийг дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран 10 гаруй удаа зохион байгуулсан. Үүнд давхардсан тоогоор эрүүл мэндийн салбарын 300 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэгийг хэрхэн зохион байгуулах чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг сургаж буй. Одоогоор Хөвсгөл аймгийн бүх сум, нийслэлийн Баянгол дүүрэгт тогтмол үзлэг хийж эхэлж байгаа. Түүнчлэн Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг, Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг хийж эхэллээ. Дээр дурдсан дөрвөн аймаг, хоёр дүүрэгт 2020-2021 оны эхний хагас жилд 18 сартай 9874 хүүхдийг үзлэгт хамруулсан. Үүний үр дүнд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй байж болзошгүй 231 хүүхдийг илрүүлсэн байна. Мөн 36 сартай 6401 хүүхдийг эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгт хамрууллаа. Ингэснээр хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй байж болзошгүй 206 хүүхдийг илрүүлэн, дараагийн шатны тусламж, үйлчилгээ, хөгжлийн дэмжлэгт холбон зуучилсан. Ерөнхийдөө эрт илрүүлэлтийн үзлэг үр дүнгээ өгч байгаа. Энэ үзлэгийг өрх, сумын эрүүл мэндийн төвд хийнэ. Уг ажлыг эрүүл мэндийн салбарынхан хариуцах үүрэгтэй.
-Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх, эрт илрүүлэх дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хангалттай байдаг уу?
-Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг аль болох багад нь буюу зургаан нас хүрэхээс нь өмнө илрүүлэн, тогтмол дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйд асар том хөрөнгө оруулалт болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрт үеийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн зохистой тогтолцоо шаардлагатай. Энэ талаар эрүүл мэндийн салбараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв байх.
-Хүүхдийн хөгжлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх бодлого, эрх зүйн орчныг сайжруулахын тулд цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ. Үүнд холбогдох байгууллагууд хэрхэн оролцох вэ?
-Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх гол арга хэмжээ бол эрт илрүүлэлт. Эрт илрүүлэх тусам хөгжлийн бэрхшээлийг эмчлэх боломж, сэргээн засах үйлчилгээний үр дүн нэмэгддэг. Манай яамнаас хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн нэг зорилт бол хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн тогтолцоог сайжруулах юм. Энэ зорилтынхоо дагуу олон улсад ашигладаг, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн асуумж, хэрэгслийг (скрининг) Монголын нөхцөлд тохируулах, стандарт ажиллагааны заавар боловсруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт (ягаан дэвтэр) тусгах, туршилт, судалгаа хийх ажлуудыг зөвлөх үйлчилгээ авах замаар хэрэгжүүлж буй. Эрт илрүүлэлтийн асуумж, хэрэгслийг нэвтрүүлэхтэй зэрэгцээд сургагч багшийн гарын авлага боловсруулах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг туршлагажуулах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь эрүүл мэндийн анхан шатны байгууллагууд, их, дээд сургуулиуд, судлаачид, боловсролын салбарынхан, эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг олон талын оролцоо шаарддаг үйл ажиллагаа. Энэ нь бид эрүүл мэнд, эмнэлгийн загвараас нийгмийн загвар луу шилжиж буйн нэг илрэл.
-Бодлого, эрх зүйн орчныг сайжруулахын тулд олон улсын сайн туршлагуудыг хэрхэн нэвтрүүлж байгаа вэ. Тухайлбал, аль улсын ямар ямар туршлагыг нэвтрүүлж байгаа бол?
-Зөвлөх үйлчилгээний хүрээнд гадаадын улс орнуудын стандарт, сайн туршлагыг судалж байна. Тухайлбал, Европын улсуудад хөгжлийн бэрхшээлийг үнэлэхэд түгээмэл хэрэглэдэг Бауманы аргачлалыг Монголын нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэхээр зорьж байна. Бауманы аргачлал нь танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, нийгэм-сэтгэл хөдлөл, зөн төрх гэсэн үндсэн таван айтай.
-ХНХЯ-наас зургаан аймаг, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулж байгаа. Төвүүд байгуулах ажил өдгөө ямар шатанд явна вэ. Тэдгээрийг байгуулснаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үйлчилгээнд ямар давуу талууд бий болох бол?
-Төвүүдийн барилгын ажил одоогоор 35-65 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх оны зун гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Улаанбаатар дахь төвийн барилгын ажлыг харин ирэх хавар эхлүүлнэ. Тэдгээр төвийн барилгад олон улсын стандартын дагуу хүртээмжтэй орчныг бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлдэг байх юм. Тухайлбал, дээр дурдсан зургаан аймгийн төвийг ашиглалтад оруулснаар орон нутгийн оршин суугчид хүүхдийнхээ хөгжлийг үнэлүүлэх, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх бүхий л боломжоор хангагдана. Улмаар шаардлагатай тусламж, үйлчилгээг орон нутагтаа авах боломж бүрдэж буй юм. Төвүүдэд хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч ажиллаж, “Портеж” хөтөлбөр, сэтгэл зүй, ортез, портезын туслах хэрэгслийн үйлчилгээ нэвтрүүлнэ. Ингэснээр энэ төрлийн үйлчилгээ авах иргэд заавал Улаанбаатарыг зорих шаардлагагүй болно. Төвүүд зөвхөн хүүхдүүдэд үйлчлэхгүй. Насанд хүрсэн хүмүүс ч үйлчилгээ авч болно. Улаанбаатар хот дахь төвийг одоогийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэд барих юм. Энэ төвийн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг мэргэжлийн ур чадварт сургах зэрэг үйл ажиллагаа явуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах чиглэлээр ажил олгогчид дэмжлэг үзүүлэх зорилготой.
-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслөөс хэрэгжүүлж буй гол ажлуудын нэг нь “Портеж” хөтөлбөрийг Монголдоо нутагшуулах. Хүүхдийн хөгжлийг эрт үед нь дэмжихэд чухал үүрэгтэй уг хөтөлбөрийг өдгөө хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-“Портеж” хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлийнхнийг дэмжихэд чухал үүрэгтэй. Ялангуяа алслагдсан газарт амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга барилыг эзэмших боломж бүрдүүлж буйгаараа онцлогтой. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдлыг цаг алдалгүй илрүүлж, хөгжлийг нь дэмжих арга барилд суралцах юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид энэ хөтөлбөрөөр дамжуулан олж авсан мэдлэг, ур чадварынхаа дагуу хүүхдийнхээ хөгжлийг өдөр тутамд сайжруулах боломжтой гэсэн үг. Төслийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сараас “Портеж” хөтөлбөрийн үндэсний 16 сургагч багш бэлтгэсэн. Мөн төсөл хэрэгжүүлэх зургаан аймагт тус бүр 6-8 сургагч багш бэлтгэлээ. Цаашид Архангай, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагт эцэг, эх, асран хамгаалагчдад гэрээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх явуулын 180 орчим багш бэлтгэнэ. Түүнээс гадна сонгогдсон зургаан аймгийн хөгжлийн төвүүдэд “Портеж”-ийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдүүлэхээр төлөвлөж байна.
-Хүүхдийн хөгжлийн эрт үеийн дэмжлэг, оролцоог сайжруулахад төрийн байгууллагаас гадна эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, оролцоо чухал. Бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад эцэг, эхчүүд хувь нэмрээ хэрхэн оруулах боломжтой вэ?
-Жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн байгууллагаас олгодог ягаан дэвтрийн хүүхдийн хөгжилтэй холбоотой хэсэг дэх асуумжуудыг ээж, аавууд тогтмол бөглөх хэрэгтэй. Мөн хүүхдийг ес, 18, 36 сартайд нь эрт илрүүлэлтийн үзлэгт хамруулах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс нь эрүүл мэндийн байгууллагын оношийг үндэслэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих, боловсрол, сэргээн засах болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилготой. Өмнө нь хүүхдэд зөвхөн халамжийн мөнгө олгодог байсан арга барилыг өөрчилж, бүх талын дэмжлэг үзүүлж буйгаараа онцлогтой. Үүний хүрээнд тус комисс нь салбар дундын зохицуулалтыг тасралтгүй хийх үүрэг хүлээн ажиллаж байна. Эцэг, эхчүүд комиссын зөвлөсний дагуу хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээ, эмчилгээнд хүүхдээ тогтмол хамруулах нь зүйтэй. Ингэснээр эрт үеийн илрүүлэлт, хөгжлийн дэмжлэг, оролцоонд хувь нэмрээ оруулан, бидэнтэй хамтран ажиллаж буй хэрэг юм.
Бэлтгэсэн Ч.Мөнх