АНЭУ-ын Абу-Даби хотод усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 16-21-нд болоход Монголын дөрвөн тамирчин оролцсон. Эмэгтэйчүүдээс “Виста” клубийн тамирчин, “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч, спортын мастер Х.Энхзул өврөөр даллах 50 метрийн зайд гараандаа тэргүүлж, олон улсын тэмцээнд Төрийнхөө далбааг гаргасан юм. Дэлхийн усан спортын замд Монголын тамирчин ийн түрүүлсэн нь анхны тохиол байв. Түүнд оролцоогүй гадаад, дотоодын олон тэмцээн ховор. Тухайлбал, Монголд 2018 онд болсон өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс 12 алт, нэг мөнгөн медаль хүртсэн бол тэр жилээ Индонезийн Жакартад 2018 онд зохион байгуулсан Азийн наадамд оролцжээ. Манай тамирчид тэр үед хэсгээсээ хараахан шалгараагүй ч улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчилсэн. Араар даллах 400 метрийн буухиа сэлэлтэд тэрбээр А.Хэрлэн, Б.Есүй, Б.Энххүслэн нартай хамт оролцож, улсынхаа дээд амжилтыг ахиулсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-АНЭУ-ын Абу-Даби хотод болсон ДАШТ-д манайхан оролцоод ирлээ. Монголоос очоод тэндхийн цаг агаар, орчин нөхцөд хэр хурдан дасав?
-Миний хувьд тус хотод анх удаагаа хөл тавьсан. Онгоцонд олон цаг хол зам туулж ниссэн болохоор тэнд буухдаа их ядарсан байлаа. Миний сэлэх тэмцээний гараа хэд хоногийн дараа байсан тул усанд дасах бэлтгэл хийсэн. Би Азийн болон ДАШТ-д Монголынхоо тамирчидтай цөөнгүй оролцсон. Азиас өмнөд хөршийнхөн амжилттай оролцсон бол Японы тамирчид энэ удаа өнжлөө. АНУ-д бэлтгэл хийдэг Японы нэг тамирчин ирж өрсөлдөөд холимог сэлэлтийн төрөлд медальтай буцсан.
-Аав, ээж тань усанд сэлэлтийн тамирчин. Охиноо энэ спортоор хичээллүүлэхээр багаас нь бэлдсэн гэх юм билээ.
-Тийм ээ, аавыг минь Ё.Хуягбаатар ОУХМ, ээжийг минь Н.Гэрэлмаа гэдэг, спортын мастер цолтой. Манайхан намайг зургаан настайгаас минь усан бассейнд сэлүүлж сургасан. “Виста” клубийн дасгалжуулагч А.Тамир багш нэг өдөр “Чи буухиа тэмцээнд оролцооч” гэж санал тавьснаар усанд сэлэлтээр хичээллэх сонирхолтой болж билээ. Тэмцээнд анх удаа оролцож, багийн төрөлд хүрэл медаль хүртчихээд урам авсан. Түүнээс хойш медалиа харах бүрт өөрийгөө сорьж үзмээр санагддаг байв. Тухайн үед жаахан байсан тул тэмцээн ямар болдгийг мэдэхгүй оролцсоноо бодохоор инээд хүрдэг юм. Багадаа хамт хичээллэдэг нөхдөө хараад “Тэдэн шиг хурдан сэлж сурах сан” гэж боддог байлаа. Би 2015 онд 10 настай, багийнхаа гишүүдээс хамгийн залуу нь байсан. Харин одоо “ахмадууд”-ын нэг нь болжээ.
-“Жакарта 2018” Азийн наадамд та анх удаа оролцсон санагдана. Тамирчидтайгаа тус улсыг зорьсноо яривал сонирхолтой дурсамж өгүүлэх байх даа?
-Тэр жил Индонезийн Жакартад зохион байгуулсан Азийн наадамд оролцох азтай завшаан надад тохиосон юм. Жил бүр зохион байгуулдаг идэрчүүдийн УАШТ-ээс 12 алт, нэг мөнгөн медаль хүртэж, тус наадамд оролцох эрх авсан. Монголын тамирчид ур чадвараар Малайз, Тайландынхантай ойролцоо. Жакартад БНХАУ, БНСУ-ын тамирчид хүчтэй өрсөлдсөн. Бид тэндээс медальтай ирээгүй ч багаараа шигшээд үлдэж, улсынхаа дээд амжилтыг ахиулсан. Тэнд Японы усанд сэлэгчид хамгийн техник сайтай нь байлаа. Харин өмнөд хөршийнхөн хатуу чанга дэглэмд бэлтгэл базааж, оролцож байгаа нь анзаарагдсан. Ази тивдээ томоохон наадам болсон болохоор Монголынхоо алдартай тамирчидтай нээлтэд нь оролцсон минь сайхан дурсамж үлдээжээ. Анх удаа Азийн наадамд оролцсон болоод ч тэр үү сандарч, догдолж байснаа мартдаггүй. Тэндээс ирснийхээ дараа БНХАУ-ын Ханжоу хотод арванхоёрдугаар сард болсон өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцож байв. ДАШТ-д дэлхийн шилдгүүд ирдэг. Европоос ОХУ-ын тамирчид маш хүчтэй өрсөлддөг. Тамирчид нь туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад хичээллэдэг болохоор ур чадвар өндөр. Тэдний бэлтгэл хийдэг арга барил, усанд сэлэх техник Азийнхнаас өөр байдгийг Сибирьт болсон АШТ-д оролцохдоо харсан юм.
-БНСУ-д болсон ДАШТ-д өрсөлдөхдөө нэг их сандраагүй байх. Хэдэн тэмцээнд оролцоод үзсэн болохоор туршлага хуримтлуулсан ч биз?
-2019 онд дотооддоо болсон өсвөр үе, идэрчүүдийн УАШТ-д түрүүлж, БНСУ-ын Гванжу хотод болсон ДАШТ-д өрсөлдөх эрх авсан. Эх орондоо зохион байгуулж байгаа болохоор тамирчид нь ч гэсэн амжилттай оролцохыг зорьсон нь ажиглагдсан. Гэхдээ Азийнхан европчуудыг бодвол нуруу намхан тул улсынхаа дээд амжилтыг л эвдэж байлаа. Усанд сэлэлтээр АНУ-ын оролцогчид манлайлж, төрөл бүрээс нь медаль хүртдэг. Энэ спортод амжилт гаргахад биерхүү, урт чацтай, хурд, хүч, мэдрэмжтэй байх их нөлөөлдөг.
-Манайхан гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийснийг өмнө нь сонссон л доо.
-“Виста” клубийнхэн АНУ-ын Флорида мужийн “Азура” клубтэй 2016 оноос жил бүр хамтарсан бэлтгэл хийж байгаа. А.Тамир багш тус клубийн дасгалжуулагчтай хамтарч ажилладаг. Мөн олимпын хүрэл медальт, ОХУ-ын дасгалжуулагч Андрей Сердиновын удирдлагад бэлтгэл базаадаг. Бид хамтарсан бэлтгэлийн үед сэлэх техник, дасгалуудад анхаарал хандуулдаг. Багш минь одоо Авсрали улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа. Тиймээс Х.Одгэрэл багш өнгөрсөн жилээс ахлах дасгалжуулагч болж, бидний бэлтгэлийг удирдаж тэмцээнд оролцуулж байна. Манай клубт олон хүүхэд хичээллэдэг. Тэднээс амжилт гаргасан нь олон улсын тэмцээнд оролцдог юм. Сая Абу-Дабид болсон ДАШТ-д Монголын усанд сэлэлтийн холбооны Х.Батболд багш тамирчдаа удирдаж оролцууллаа. Токиогийн олимпод өрсөлдсөн хоёр тамирчны эрэгтэй нь энэ удаа өнжсөн. Харин ОУХМ Б.Энхтамир, спортын мастер Б.Жүрмэд нар анх удаа оролцсон. Б.Энхтамир өврөөр даллах 100, 200 метрийн төрөлд оролцохдоо улсынхаа дээд амжилтыг эвдсэн бол Б.Жүрмэд ОУХМ цолны болзол хангахад 20, улсынхаа дээд амжилтыг эвдэхэд 10 доль дутсан. Өврөөр даллах, далайн гахай сэлэлт нэг гараатай байдаг. Миний хувьд өврөөр даллах 50 метрийн зайд гараандаа түрүүлж, Төрийнхөө далбааг гаргасан.
-Дасгалжуулагч болгон өөрийн гэсэн арга барилтай. Багш нар тань бэлтгэл хийлгэхдээ юунд илүү анхаарал хандуулдаг вэ?
-А.Тамир багш шавь нараа холын зайд бэлтгэл хийлгэхдээ тэсвэр, хатуужилтай болгох, мөн сэлэх техникт анхаардаг. Х.Одгэрэл дасгалжуулагч хол, ойрын зайд хослуулсан бэлтгэл хийлгэдэг. Х.Батболд багш гарын ажиллагаанд бага, хөлийнхөд түлхүү анхаардаг юм. Манай тамирдаас зарим нь спортын гимнастикаар давхар хичээллэдэг юм билээ.
-Та Шведийн алдартай тамирчин Сара Фредрика Шёстрёмийн ур чадвараар бахархдаг гэл үү?
-Тийм ээ, тэрбээр “Рио 2016” олимпын түүхэнд шинэ хуудас нээж, 100 метрийн эрвээхэй сэлэлтэд 55.48 секундээр дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Тэр жилийн олимпын наадамд Швед улс усанд сэлэлтээр анхны алтан медалиа хүртсэн дээ.
-Спортын мастер цолыг ямар тэмцээнд амжилттай оролцож хүртэв?
-2017 онд болсон УАШТ-д түрүүлж хүртсэн. Би медалиудаа тоолдоггүй юм. Олон улсын тэмцээнд миний өрсөлддөг гол төрөл бол өврөөр даллах 50 метр, далайн гахай сэлэлт (дельфин). Дотооддоо болсон тэмцээнд араар даллах төрлөөр хааяа оролцдог.
-Амжилт амархан ирдэггүй болохоор хааяа халширдаг удаа цөөнгүй биз?
-Жаахан байхдаа олон цаг бэлтгэл хийж, ядарсандаа халширдаг байлаа. Тэр үед өрсөлдөгч олон болохоор амжилт гаргаж чадах болов уу гэж боддог байсан. Миний хүртсэн медалиудад үнэ цэнтэй ирсэн шагнал цөөнгүй бий. Усанд сэлэлтийн нэрэмжит тэмцээнд анх удаа оролцохдоо маш их хичээснээс биш өөрийгөө медаль зүүнэ гэж төсөөлөөгүй. Анхны хүрэл медаль минь хичээсний хүчинд ирсэн болохоор их дуртай. Араасаа олон ч шагнал буухиалсан. Тамирчин хүн амжилтаа ахиулахын тулд байнгын бэлтгэлтэй байх ёстой. Бэлтгэл тасалдахаар сурсан бүх зүйлээ эхнээс нь давтах амаргүй. Багш нар минь “Өөрөө өөртэйгөө уралд” гэж хэлдэг. Миний хувьд гараанд гарсан тамирчдаа өмнө нь ямар амжилт гаргаж байсныг минут, секундтэй нь судалдаг.
-Аав тань тэмцээний үед таны сэтгэлзүйч болдог уу?
-Манайхан намайг усан спортод хөл тавьсан цагаас маш сайн дэмжсэн. Аав, ээж тамирчин болохоор бүх талаар тусалдаг. Өглөө бэлтгэлтэй үед аав хүргэж өгнө. Тэмцээний үед өөрийгөө хэрхэн бэлдэж, бие, сэтгэл зүйгээ яаж удирдах талаар аав минь зөвлөдөг. Багадаа тэмцээн эхлэхийн өмнө нэлээд сандарч итгэл, найдварыг нь алдах вий дээ гэж эмээдэг байсан бол одоо тодорхой туршлага хуримтлуулсан болохоор тайван оролцдог. Өрсөлдөх үедээ өөрийн хийх ёстой зүйлийг амжилттай гүйцэтгэх ёстой гэж боддог болсон. Гэрийнхэн минь амжилт гаргасны дараа баяр хүргэдэг. Надад ингэх нь ч нэг бодлын амар санагддаг юм.
-Та “Шинэ Монгол” сургуулийг ирэх хавар төгсөх нь. Сургуулийн тань багш нар сурагчдаа спортоор хичээллэхийг хэр дэмждэг бол?
-Ирэх хавар сургуулиа төгсөх болохоор өмнөхөөсөө зав багатай болсон. Багш нар тэмцээнд оролцуулахаар чөлөө өгдөг ч төгсөх ангийн сурагч болохоор санаа тавьж, “Хичээлдээ анхаараарай” гэдэг. Энэ жилийн ДАШТ-д хичээл, шалгалтын хажуугаар бэлтгэл хийж явсаар ачаалалтай оролцлоо. Сүхбаатар аймагт өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр болсон УАШТ-ий сүүлчийн өдөр амжиж оролцохдоо өврөөр даллах 50, 200 метрийн зай, мөн далайн гахай сэлэлтийн төрөлд гурван алтан медаль хүртсэн. Тэр үед шалгалт өгч таарсан. Манай сургуулийн удирдлага сурагчдаа спортын төрлүүдээр хичээллэхийг дэмждэг. Надтай хааяа тааралдахаараа “Одоо ямар тэмцээнд оролцох вэ, амжилт хэрхэн гаргаж байна” гэж асуудаг юм. Ангийн багш ч гэсэн “Бэлтгэлээ хэр хийж байна, одоо оролцох тэмцээн бий юү. Хичээлээ ингэж, тэгж хийгээрэй. Асуух зүйл байвал холбогдоорой” гээд зөвлөдөг. Шалгалттай үед тэмцээн болж таарвал ангийн нөхөд тусалдаг юм. Манай ангийнхан спортлог, сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Спортын дэд мастер цолтой хэдэн хүүхэд бий.
-Ирээдүйд ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?
-Австралийн Сидней их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурах хүсэлтэй байгаа. Гадаадын их, дээд сургуульд сурахаар шалгалт өгсөн. Одоогоор Австралийн Сидней их сургууль, Иллинойсын их сургуульд тэнцэж, хариугаа авсан. Гадаадад сурвал усан спортоо орхихгүй хичээллэнэ гэж боддог.
-Дүүгээ усан спорт руу урвуулчихсан уу?
-Дүүг минь Х.Баярлах гэдэг. Өнгөрсөн намар болсон УАШТ тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Түүний өрсөлддөг төрөл нь өврөөр даллах, далайн гахай сэлэлт. Усан спортын хүнд төрөлд далайн гахай сэлэлт ордог. Надаас сэлэх техник, эргэлт, үсрэлт хэрхэн хийх талаар асууж, зөвлөгөө авдаг. Дүү минь зургадугаар ангийн сурагч. Бид нэг сургуульд сурдаг, Х.Одгэрэл дасгалжуулагчийн удирдлагад хамт бэлтгэл хийж байгаа.
-Чөлөөт цагаараа спортын өөр төрлийн тэмцээн, уралдаан сонирхож үздэг биз дээ?
-Надад багийн спортоос волейбол их таалагддаг. Дунд ангийн сурагч байхдаа сургуулийнхаа волейболын секцэнд нэг хэсэг явдаг байлаа. Сургуулийн захирал сагсан бөмбөгт дуртай болохоор тамирчдаа дэмжин, хамтарч ажилладаг.