“С.Сүх-Очирын cолонгос хэлний сургалтын төв”-ийг үүсгэн байгуулагч, багш, синхрон орчуулагч С.Сүх-Очиртой ярилцлаа. Тэрбээр бизнесийн удирдлагын чиглэлээр Монголд магистрын зэрэг хамгаалснаас гадна БНСУ-ын “Инха” их сургуульд улс төр судлаач, олон улсын харилцааны чиглэлээр суралцжээ. Мөн Сөүлийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлагын докторантурын хөтөлбөрийг дүүргэсэн байна.
-Сургалтын төвөө хэзээ байгуулав, одоогоор хэдэн төгсөгчид солонгос хэл заагаад байна вэ?
-Анх гэр бүлийн бизнес болох СНСС компанийн харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулсан юм. 2002 оноос эхлүүлэн солонгос хэл төдийгүй нарийн мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж буй гэхээр бараг 20 жил болжээ. Сургалтын төвөө солонгос хэлний мэргэшсэн байгууллага болгохоор “С.Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төв” гэж нэрээ өөрчилсөн нь 2019 оны аравдугаар сар. Сүүлийн хоёр жилд л давхардсан тоогоор 1000 гаруй суралцагчид солонгос хэлийг зөв суурь, дуудлагатай заажээ. Мөн солонгос үндэстний соёл, түүхээс сурагчдадаа мэдээлэл өгч, хичээлийн агуулгаа баяжуулдаг.
-Та солонгос хэлийг хаана ингэж сайн сурсан юм бэ?
-Миний аав Н.Содномцог дипломатч хүн байсан. Аав маань 1978-1984 онд БНМАУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, зөвлөхөөр ажиллах үед би нялх тэнд очиж, бага насаа Пёньян хотноо өнгөрүүлсэн. Мөн аав маань 1991-1995 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн асуудал эрхлэх зөвлөхөөр ажиллан, манайх Сөүл хотод амьдарч байхад би өсвөр насны хүүхэд байлаа. Ийнхүү багаасаа Солонгосын хойгт нийт 28 жилийн турш аж төрж, суралцсан тул солонгос хэлийг төрөлх хэлтэйгээ ижил түвшинд сурсан гэж болно. Бидний ярьдгаар унаган солонгос хэлтэй гэсэн үг л дээ.
-Богино хугацаанд ахисан түвшний мэдлэг эзэмшүүлдэг, өөрийн гэсэн заах арга барилтай хэмээн танаар хичээл заалгасан хүмүүс ам сайтай байдаг юм билээ. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрөө өөрөө боловсруулдаг уу?
-Солонгосчууд өөрсдөө БНСУ-ын албан ёсны “хэл” гэж нэрлэдэг сөүл аялгыг би анх хэцүү нөхцөл байдалд сурсан. 1991 онд анх ийм аялгаар ярьж сурч эхлэхэд гарын авлага, ном байгаагүй учраас сонсголоороо тогтоон, таамгаар шахам л цээжилж байлаа. Хожим “Молонгос” буюу монгол аялгатай солонгос хэлтэй болсноо мэдээд, дуудлагаа сайжруулахад анхаарч 10 гаруй жил хичээсний үр дүнд сөүлийн аялгаар нь цэвэр дуудлагатай ярьдаг болсон.Өөрийнхөө алдаа эндлийг мэдэрч, хэрхэн засаж сайжруулснаа л өдгөө шавь нартайгаа хуваалцдаг. Сургалтын өөрийн гэсэн аргуудыг нэгтгэн, дүрмүүдээ зохиож, сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.
-Хамгийн багадаа хэдэн сар, жилийн дотор солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй болж, үсгээ нүдлэх бол. Мөн гадаад хэлийг амархан сурах арга гэж байдаг уу?
-Манай сургалтын төвийн анхан шатны ангийнхан 20 хоногийн дотор 138 өгүүлбэртэй Улаан малгайт үлгэрийг солонгос хэлээр зөв дуудлагатай уншиж, ойлгож, эх хэлнээ орчуулж чаддаг болдог. Бүх үсгүүдээ нүдэлж, бичиж сурдаг гэсэн үг. Үлгэрт аж байдал, гэр бүл, ахуйн холбогдолтой олон үг, утга санаа шингэсэн байдаг учраас ийм номоор хичээлээ эхлэх нь үр дүнтэй байдаг юм.
Ямар ч гадаад хэлийг хурдан, хялбар сурах арга гэж үгүй. Туршлагатай, сайн багшийн удирдлагаар зөв аргачлалын дагуу уйгагүй хичээн зүтгэвэл цаг алдалгүй, богино хугацаанд сурах боломж бүрдэнэ. Түүнчлэн сурагчид хичээж чадвал зургаан сарын дараа синхрон орчуулга хийж чадна. Зургаан сарын хугацаанд солонгос хэлээ ерөнхийд нь зөв суурьтай эзэмшсэн хүн цөөнгүй бий.
-Ер нь өдөрт хэдэн цагийг хэл сурахад зарцуулж хэвшвэл үр дүнтэй бол?
-Уйгагүй хичээл зүтгэл гэдэг бол бүтээмжтэй зарцуулсан цаг хугацааг хэлнэ. Шинээр солонгос хэл сурч эхэлж буй шавь нартаа хөтөлбөрт хичээлээсээ гадна гэртээ багадаа гурван цаг сууж, хэлээ давтахыг зөвлөдөг.
-Монгол хүмүүсийг хэл сурахдаа чадмаг, дуудлага, аялга сайтай гэдэг нь хэр үнэн үг вэ?
-Бид ямар ч оронд очсон, бусад гадаад хүмүүстэй харьцуулахад хамгийн түрүүнд тухайн хэлээр нь ярьж сурдаг юм билээ. Энэ нь бидний нүүдэлчин ахуй соёлтой холбоотой гэж боддог. Холоос ирсэн зочдыг эелдэг найрсгаар хүлээн авч, мэдээ мэдээлэл солилцдог байсан зочломтгой зан чанар, уламжлал нь ийнхүү гадаад хэл хурдан сурах суурь болдог болов уу.
-Англи хэлийг дэлхийн нийтийн хэл, хятадыг бизнесийнх хэмээн тодорхойлох нь бий. Таныхаар солонгос хэлийг хэрхэн томьёолох вэ?
-Солонгосын дайн гурван жил үргэлжлэн дууссаны дараа буюу 1953 онд маш ядуу иргэд тэй, үйлдвэржээгүй, дорой буурай байсан БНСУ-ыг 100 жилийн дараа ч сэхэхгүй нь хэмээн олон улсад дүгнэж байжээ. Гэтэл 2020 он гэхэд эдийн засгаараа дэлхийн тэргүүлэх 10 улсын нэгт багтаж чадсан, ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй үндэстэн болон дэвжсэн. Ийм үсрэнгүй хөгжилд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ тухайн үндэстний хөдөлмөрч зан чанар, ёс зүйг эрхэмлэх сэтгэлгээ, мөн аливааг том зургаар харж, дэлхийн хөгжлийг дагаж биш, угтан хөдөлсөн нь нөлөөлсөн хэмээн товчоор дүгнэж сууна. Тиймээс ч би шавь нартаа зөвхөн хэл төдийгүй энэ улс руу залуучууд тэмүүлж буй шалтгаан, соёлоо хэрхэн дэлхийд экспортолж буйг очиж хараад, ойлгон, суралц хэмээн захидаг.
Солонгос хэлийг өнөөг хүртэл бүс нутгийн хэмжээнд суралцаж байсан бол удахгүй дэлхийн хэмжээний хэл болох суурь бүрэлдэж буй. Ялангуяа Солонгосын урлагийн салбар үсрэнгүй хөгжиж, олон үндэстний анхаарлыг татаж буй энэ үед Англи, Хятадаас дутахгүй эл хэл даяаршин, түгэх болов уу. Тэгээд ч манай улсаас цөөнгүй хүн БНСУ-д ажиллаж амьдардаг. Тэр утгаараа бидний “хоолоо олж идэх” хэл нь солонгос боллоо гэхэд буруудахгүй.
-Та бас синхрон орчуулгын хичээл заадаг. Ярих болон бичгийн чадвар эзэмших хэр зэрэг ялгаатай вэ?
-Ярианы болон бичгийн орчуулагчийн ур чадвар тухайн хүний зан төлөвөөс хамаардаг тул хүн бүр синхрон орчуулагч болох хэцүү.
Бичгийн орчуулгыг урлаг, аман орчуулгыг авьяас гэдэг юм билээ. Энэ үгтэй би санал нэг байдаг. Хэл гэдэг нь хэдийгээр яриагаар илэрхий лэгддэг ч бичгийн ур чадварыг эзэмшихгүй бол учир дутагдалтай. Тиймээс манай төв ярих болон бичих ур чадварыг хослуулж, сурагчдаа зөв эзэмшүүлэхэд анхаарч ирсэн.
-Монгол хэлнийхээ дүрэм, найруулгыг сайн мэддэг, үгсийн баялагтай хүмүүс гадаад хэлийг илүү сайн сурдаг гэх юм.
-Эх хэл бол гадаад хэл сурах хамгийн гол суурь нөхцөл юм. Эх хэлээрээ алдаатай бичдэг хүн гадаад хэлийг зөв сурна гэж үгүй. Сүүлийн үед латин үсгээр галиглаж бичсэн зүйлээ монголоор бичсэн шиг андуурдаг хүмүүс олширсон нь анзаарагдаж буй. Эх хэлээ хайрлаж, зөв бичиж, ярьж чадахгүй байж эх орон гэж цээжээ дэлдэх ч бүр илүүц хэрэг юм. Гадаад хэл сайн суръя гэж байгаа бол эх хэлээрээ алдаагүй бичиж, ярих нь хамгийн чухал.
Манай суралцагчид саяхнаас хичээлээ 70 инчийн дэлгэцээр үзэж эхэлсэн. Ангиа эрс шинэчилж, инновацлаг танхим болгон засаж тохижуулсан. Хичээлийнхээ явцад суралцагчид тэмдэглэл хөтлөх шаардлагагүй, бүх тэмдэглэгээг ухаалаг самбар дээр багш бичээд, файлаар нь илгээж буй. Мэдээллийн технологийн давуу талыг гадаад хэлний сургалттай хослуулж буйгаа цаашид улам хөгжүүлж, илүү ойлгомжтой, тав тухтай, цахим танхимтай болох зорилго тавьсан.
Гадаад хэл гэлтгүй аливаа зүйлийг шинээр эхлүүлж байгаа бол уйгагүй хичээл зүтгэл гаргахыг өсвөр үе, залуучуудад зөвлөх нь зүйтэй. Уйгагүй хичээл зүтгэлийн эцэст амжилт өөрөө аз мэт ирдэг юм. Азтай гэгддэг хүмүүс хэчнээн их хичээл зүтгэл гаргасныг тооцох аргагүй. Маргааш хийе, маргааш эхлүүлье гэж аливааг хойш тавих нь хамгийн буруу зуршил. Түүнчлэн улс орны хөгжлийг дарга нар биш, иргэн хүн бүрийн хичээл зүтгэлээр бий болгодог. Түүний дотор эрдэм мэдлэгтэй хүмүүсийн чармайлт хэр чухал вэ гэдгийн бодит жишээ нь БНСУ юм. “С.Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төв”-өөрөө дамжуулан өсвөр үе, залуучуудад солонгос хэл төдийгүй тус улсын түүх соёл, тэдний туулж ирсэн хөгжлийн замыг зааж өгөх боломж бүрдсэнд баяртай байдаг.