“Би багш-2021” нэвтрүүлгийн ялагчаар тодорсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV сургуулийн багш Д.Мөнхбаатартай ярилцлаа. Аймаг, нийслэлийн тэргүүний 20 багшаас ур чадвар, авьяасаараа тодорч, үндэсний шилдэг багшаар өргөмжлөгдөн, 100 сая төгрөгөөр шагнуулсан юм. “Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах нь амьдралдаа баримталдаг нэг зарчим минь” хэмээсэн түүний хичээл заах арга барил, өрсөлдөгч багштай харилцах үг, үйлдэл, биеийн хэлэмж зэрэг нь нэвтрүүлгийн явцад бусдаас ялгарч, онцгойрч байсантай олон хүн санал нэгдэх биз ээ.
-Юуны өмнө үндэсний шилдэг багшаар шалгарсанд баяр хүргэе. Түрүүлнэ гэж бодож байв уу?
-Баярлалаа. Сүүлийн шатанд шилдэг дөрвөн багшийн нэг болж, тунаж үлдсэндээ маш их баярласан. Эцсийн дүн гаргахад нэвтрүүлгийн явцад авсан онооны дундаж нөлөөлнө гэж сонссон юм. Даалгавар гүйцэтгэх явцдаа дөрвөн удаа шилдэг багшаар шалгарсан учраас түрүүлчихэж мэдэх юм гэж битүүхэн горьдсоноо нуухгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шилдгийн шилдэг багшаар миний нэрийг дуудахад үнэхээр их баярласан ч сэтгэл хөдлөлөө барьсан. Багш хүн сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй.
-Тухайн үед та баярын нулимс унагаж байх шиг харагдсан.
-Үгүй, үгүй. Догдлолоо аль болох нуусан шүү.
-Та МУБИС-д газар зүй, биологийн багшийн мэргэжил эзэмшсэн юм билээ. Сургуулиа хэдэн онд төгсөв. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Би 2011 онд МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн газар зүй, биологийн багшийн ангийг төгссөн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны улсын тэргүүний IV сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Ажлынхаа гарааг төрөлх сургуулиасаа эхэлсэн. Тэндээ долоон жил ажиллаад, 2018 оноос Мандал сумын IV сургуульд багшилж байна.
-2019 оны “Би багш” нэвтрүүлгийн ялагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш тодорсон. Нэг аймаг, бүр нэг сумаас үндэсний шилдэг багш нар төрнө гэдэг ховор тохиолдол байх. Танай аймгаас шилдгүүд “төрж” буйн нууц нь юу юм бэ?
-Нэг аймаг, тэр дундаа нэг сумаас хоёр дахь удаагаа үндэсний шилдэг багш болсон нь Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын хамт олон, сургуулийн удирдлага багш нараа дэмжиж ажилладгийн тод жишээ гэж бодож байна. Нэг хүний амжилт мэт харагдаж буй ч цаана нь олон хүний хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл шингэсэн байдаг. Манай сургууль үйл ажиллагаагаа эхлээд таван жил болж байна. Энэ хугацаанд олон залуу багшийг чадавхжуулсан сургуулийн захирал Б.Нарангэрэлийн хичээл зүтгэл их. Мөн аливаа асуудлыг баг хамт олноороо шийдвэрлэдэг нь амжилт гаргахад нөлөөлсөн болов уу.
-Үндэсний шилдэг багш болоод нутагтаа очиход гэр бүл, хамт олон нь яаж хүлээж авсан бэ?
-Нэвтрүүлэг дуусаад “Би түрүүлчихлээ. Маргааш өглөө эрт нутаг руугаа гарна” гэж сургуулийн удирлага, гэр бүлийнхэндээ хэлсэн. Нутагтаа ирэхэд “Мандал сум” гэсэн угтах хаалган дээр ажлын хамт олон, гэр бүл, сумын удирдлага мөнгөн аягатай сүү, хадаг бариад тосож авсан.
-Та сумдаа суурьшаад багагүй хугацаа өнгөрчээ. Залуу хүн хөдөө ажиллаж, амьдрахын давуу болон сул тал юу байна вэ?
-Оюутан байх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотод амьдрахдаа идээшиж дасаагүй. Нутагтаа л ажиллаж, амьдаръя гэж боддог байв. Хотод замын түгжрэлээс эхлээд бухимдуулах зүйл цөөнгүй шүү дээ. Хөдөө амар амгалан, гэр бүлтэйгээ цаг гаргах боломжтой нь сайхан. Манай Зүүнхараагийнхан их хөдөлмөрч хүмүүс. Ногоогоо өөрсдөө тарина. Дэд бүтэц сайтай. Төмөр болон авто замаар Улаанбаатар хоттой холбогдсон. Аймгийнхаа төвөөс олон хүн амтай. Монгол Улсын хамгийн том сум. Тийм болохоор хөдөө амьдарч байна гэх мэдрэмж төрдөггүй юм. Яах вэ, сул тал гэвэл хоттой харьцуулахад орон нутагт сурч хөгжих боломж арай бага юм уу даа.
-Харин ч хөдөөгийн багш хөгжлөөс хоцроогүйг та ялагч болсноороо баталлаа шүү дээ. Улсын болон хувийн хэвшлийн шилдэг сургуулийн багш нартай өрсөлдсөн. Тэднээс ялгарах таны онцлог юу байсан бэ?
-Шилдэг 20 багш бүгд л өөрийн гэсэн давуу тал, арга барилтай байсан. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө бид бүгд уулзсан юм. Анх өрсөлдөгчид гэж харсан. Яагаад энэ нэвтрүүлэгт орох болсон тухайгаа ярилцахад бүгд л адилхан хүүхдийн боловсролын төлөө хийж чаддаг зүйлээ нийгэмд харуулах, багшийн үнэлэмжийг өсгөх зорилготой байлаа. Нэвтрүүлгийн явцад даалгавар гүйцэтгэхээс бусад үед ах, дүү, найз нөхөд шиг дотно байсан. Миний хувьд харилцааны даалгавар дээр арай илүү байсан байх. Хүүхдийг ойлгох, эцэг, эхэд зөвлөгөө өгөх, сурагчаар илтгэл бэлтгүүлэх зэрэг харилцаа голчилсон даалгаврыг илүү сайн гүйцэтгэсэн болов уу. Хичээл заах, эцэг, эхтэй уулзах, өөрийгөө ойлгуулах гээд багшийн ажил бол тэр чигтээ харилцаанд тулгуурладаг. Энэ удаа нэвтрүүлэгт оролцсон 20 багшаас шалгарч, үндэсний шилдэг багш болсон ч надаас илүү амжилт гаргасан, хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг эрдэмтэн багш олон бий. Тиймээс энэ шагнал надад илүү хариуцлага үүрүүллээ.
-Анх нэвтрүүлэгт орох болсон шалтгаан юу байв. Хамт олон нь оролцох санал гаргав уу?
-2019 оны “Би багш” нэвтрүүлэгт зөвхөн бага ангийн багш нар өрсөлдсөн. Хэрэв дунд ангийн багш нарын дунд зохион байгуулбал материалаа явуулж үзэх сэн гэж бодож байлаа. Энэ жилийн нэвтрүүлгийн удирдамж гарсны дараа манай Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ч.Алтантуяа надтай холбогдож, “Заавал бүртгүүлээрэй” гэж хэлсэн. Сургуулийн удирдлагын баг ярилцаж, намайг дэмжсэн нь тухайн үед их урам өгсөн. Гэр бүлийнхэн минь ч дэмжсэн. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
-Нэвтрүүлгийн хамгийн хүнд даалгавар нь юу байсан бэ. Та хасагдах шатанд очиж байв уу?
-Эхний хоёр удаагийн нэвтрүүлэг буюу багийн даалгаврын үед хасагдах шатанд үлдсэн. Багийн даалгаврууд хүнд байлаа. Дөрвөн хүн нэгдэж, зөв санаагаа олж авна гэдэг амаргүй. Буруу чиглүүлчихвэл хасагдах эрсдэлтэй. Хэдийгээр хоёр удаа хасагдах шатанд үлдсэн ч “аврагдсан”. Тухайн үед хасагдсан багш нараа харахаар олон хүн золиослоод өөрөө үлдчихсэн мэт хэцүү байлаа.
-Та нэвтрүүлэгт оролцсоноор шинээр юу сурав. Түүнийгээ яаж хэрэгжүүлэх гэж байна?
-Нэвтрүүлэг 45 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж байгаа мэт санагдсан. Урьд нь хийж байгаагүй даалгаврууд гүйцэтгэлээ. Түүний дотроос хүүхдээр илтгэл бэлдүүлж яриулсан даалгавар шинэлэг байлаа. Урьд нь сурагчдаар илтгэл бэлдүүлж, амжилт гаргаж байсан л даа. Гэхдээ энэ удаагийн даалгавар нь хүүхдийн дотоод ертөнцийг илрүүлэх. Хүүхдийн дотоод ертөнцийг илрүүлж, бусдын өмнө яриулж болно гэж төсөөлж байгаагүй. Хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр ийм илтгэлийн уралдаан сурагчдынхаа дунд зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Боловсролын салбар, багшийн заах арга, ур чадвар илүү дижитал, цахим хэлбэрт шилжихийг цаг үе шаардах болсон. Орчин үеийн хүүхдүүдэд ямар арга зүйгээр хичээл заавал оновчтой бол. Таны бодлоор ямар багшийг сайн гэж үнэлэх вэ?
-Нийгмийн хөгжил эрс өөр болсон. Бидний багад хичээлийн бус цагаа найз нөхөдтэйгөө тоглож, зурагт үзэж, ном уншиж өнгөрүүлдэг байв. Одоо хүүхдүүд ном уншихаас илүү ухаалаг утас, интернэттэй холбогдох болсон. Би 11 дэх жилдээ багшилж байна. Дөнгөж төгсөөд ирсэн багш нар биднээс илүү хүүхдүүдтэй ойлголцдог, цахим орчинд хичээл заах арга барил нь илүү сайн байгаа. Манай сургуулийн багш нарын 70 хувь нь эхний таван жилдээ ажиллаж байна. Залуу багш нараас их зүйл сурдаг. Биднийг их сургуульд сурч байхад цахим орчинд хичээл заана гэсэн төсөөлөл байгаагүй. Цар тахлын улмаас цахимаар хичээл заах, контент бэлдэхэд суралцах болсон. Миний бодлоор сайн багш гэж хүүхдэд хайртай хүнийг хэлнэ. “Багш өөрийнх нь заадаг хичээлээс өөр тус болох зүйл хорвоо дэлхий дээр байхгүй мэт аягладаг” гэдэг үгийг оюутан байхдаа номоос уншиж байлаа. Ийм багш болохгүй юм сан гэж хичээдэг. Миний заадаг газар зүй, биологийн хичээл хүүхэд бүрийн амьдралд хэрэг болохгүй байж магадгүй. Тиймээс хүн чанартай байх, бусдыг ойлгох сэтгэлийг хичээлээс минь бага ч болов ойлгоосой гэж боддог.
-Нэн тэргүүнд эрүүл мэнд үү, боловсрол уу гэсэн сонголттой бид сүүлийн хоёр жил гаруй хугацаанд нүүр туллаа. Төр, засгаас эрүүл мэнд чухал гээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Үүнээс болж хүүхдүүд сурах эрхээ хасуулахаас гадна зан төлөв, харилцааны доголдолтой болж байна гэх юм. Багш хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Дэлхий нийтээр танхимын сургалтыг нээж байна. Гэвч манай улс цар тахалтай тэмцэх бэлтгэлгүй байлаа. Саяхан сургуульд суурилсан үнэлгээний шалгалтыг яамнаас авсан. Сурагчдын дундаж гүйцэтгэл 47-51 хувьтай гарсан. Миний заадаг хичээлийн гүйцэтгэл л ийм байгаагүй. Бусад багшийн хичээл ч мөн адил дундаж нь 52 хувьтай байсан. Жирийн үед сурагчдын гүйцэтгэл 68-70 хувьтай байдаг. Одоо 20 хувиар доогуур үнэлгээтэй байна. Цаашид танхимын сургалт явуулах нь чухал.
-Нууц биш бол та шагналынхаа 100 сая төгрөгийг юунд зарцуулахаа төлөвлөсөн үү?
-Нэвтрүүлэг эхлэхээс өмнө 20 багштайгаа бид дундын сан нээх талаар ярилцсан юм. Тодруулбал, үндэсний шилдэг болсон багш шагналынхаа мөнгөнөөс 10 сая төгрөгийг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулахаар ярилцсан. Чухам юунд зарцуулахаа багш нар хэлэлцэж, хамтын шийдвэрт хүрэх юм. Шагналын мөнгөө авахаараа хэрэгжүүлнэ. Харин үлдсэн мөнгөө цалингийн зээл төлөх зэргээр амьдрал ахуйдаа зарцуулна.
-Багш нарын цалин бага, үнэлэмж тааруу байгаа нь сайн боловсон хүчнээ алдах, эсвэл энэ ажлыг хүүхдүүд сонгон суралцахгүй байх эрсдэлтэй. Ялангуяа орон нутагт багшлах хүний нөөц дутагдалтай юм билээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Тийм ээ. Сургуулиа дөнгөж төгсөж ирсэн багш нэг сард 700 000 төгрөгийн цалин авдаг. Үнэлэмж муу байгаа нь багш нар тогтвор суурь шилтай ажиллахад нөлөөлдөг. Ялангуяа эрэгтэй багш нар 700 000 төгрөгөөр гэр бүлээ тэжээх, амьжиргаагаа залгуулахад амаргүй шүү дээ. Тиймээс чадварлаг багш нар уул уурхай, барилга гээд өндөр цалинтай ажил руу “урвах” болсон.
-Ажлаасаа халширч юм уу, цалингаасаа болоод шантарч, эргэж буцаж байсан үе танд бий юү?
-Багш болсон эхний нэг жил заах арга зүй, эв дүйгээ олохгүй ажлаасаа шантарлаа. “Ажлаасаа гаръя, хийж чадахгүй юм байна” гээд өргөдөл бариад сургалтын менежерийн өрөөнд орсон. Гэтэл сургалтын менежер өргөдлийг минь ураад, “Явж хичээлээ заа” гээд зандардаг юм байна. Би ч өрөөнөөс нь уйлаад гарсан. Түүнээс хойш хоёр жил ажиллаад Сэлэнгийн багш нарын ур чадварын уралдаанд түрүүлсэн. Тэр үед сургалтын менежер маань “За одоо ажлаасаа гарах уу даа” гэхэд нь инээмсэглээд өнгөрсөн. Уйгагүй хөдөлмөр, олон хүний хичээл зүтгэл багшийн амжилтад чухал нөлөөтэй юм билээ. Энэ дашрамд, эцэг, эхчүүдэд хандаж хүүхдэдээ цаг гаргаж байхыг хүсье. Аав, ээжүүдийн олонх нь ажил гээд хүүхдээ багшид даатгаад орхичихдог. Хүүхдийн төлөвшилд гэр бүл маш чухал үүрэгтэй. Хүүхдийн зан чанарын 90 хувь нь зургаан нас хүртэлх хугацаанд нь төлөвшчихсөн байдаг. Тэгэхээр багш нар хүүхдийг хүн болгон төлөвшүүлэх хувь нь тун бага хэмжээг эзэлж буй юм. Гэр бүлийн суурь хүмүүжил их чухал учраас эцэг, эхчүүд хүүхдээ сонсдог, ярилцдаг байгаасай гэж хүсдэг.