Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй ярилцлаа. Манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 17 дахь Элчин сайд тэрбээр “Сүрүн” хэмээх нэр минь монгол хэлнээ дуудахад хялбар байгаа нь олзуурхууштай. Монголчууд намайг “Сүрэн” гэж өөрсдийнхөө нэрээр дуудсан ч таатай байх болно” гэсэн юм.
-Та манай оронд анх удаа ирэв үү. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Монгол Улсад анх удаа хөл тавилаа. Ирээд гурван сар болж байна. Танай оронд ажиллах болсондоо тун баяртай байгаа. Францчууд Монголын тухай тодорхой ойлголттой байдаг. Ирснээсээ хойш Улаанбаатараас өөр газруудад очиж амжсан шүү. Сэтгэгдэл тун өндөр байгаа.
-Манай орны талаарх мэдээлэл, ойлголт, төсөөлөл танд хангалттай байв уу. Улаанбаатарт ирэхэд өөр орчин угтсан уу?
-Монгол Улс, бүс нутгийнх нь өмнө тулгарч буй сорилт, онцлог байдал нь миний анхаарлыг их татдаг. Энд сүүлийн 30 жилийн турш ардчилсан, нээлттэй улс болох бодлого хэрэгжүүлж, үйл явц өрнөлөө шүү дээ. Би Зимбабве улс, Берлин, Тегеран, Жакарта хотод ажиллаж байсан. Монгол Улс эдгээрээс тэс өөр. Гэхдээ энэ нь дээрх газруудтай нийтлэг, төстэй ч юм шиг. Ази тивийг бүхэлд нь авч үзвэл, соёлын нийтлэг элементүүд харагддаг ч өөр хоорондоо ялгаатай, бүр эрс тэс ялгаатай нийгмүүд оршин тогтнож байна. Энэ бол Ази тивийн нэгэн сонирхолтой хүчин зүйл. Монгол ч бас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Харин Жакарта, Тегеран, Улаанбаатарт нэг нийтлэг зүйл байгаа нь замын түгжрэл. Тиймээс надад танил санагдаж байна.
-Манай ардчиллыг үлгэр жишээ, бас гажуудсан гэхчлэн янз бүрээр үнэлж байна. Та хэрхэн харж байна вэ?
-Миний бодсоноос өөр байгаагүй. Ардчилал бол үйл явц. Алга урвуулахын төдийд ардчилсан төр үүсээд, бүх зүйл нь сайн, сайхан болчихгүй. Ардчилал өөрөө өөрийгөө бүтээдэг. Монгол Улсын өнөөгийн хүн амын тал нь ардчилсан нийгмийг сонгосноос хойш мэндэлсэн байх жишээтэй. Монголчууд ардчиллыг өөрсдөө сонгож, бас эхлүүлсэн. Өдгөө өөрсдөө цогцлоох болсон. Жишээ нь, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гээд институц хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг илүү тэнцвэртэй байлгахыг зорьж байна. Аль ч нийгэмд ардчилал ингэж л тогтдог. Хүмүүс нийгэмдээ сэтгэл хангалуун биш байж болно. Өнгөрсөн есдүгээр сард манай Сенатын төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр хууль тогтоох засаглалын чиг үүрэг ямар байдаг, тулгамдсан асуудал нь юу болох талаар парламентын гишүүд нээлттэй санал солилцсон юм. Бэрхшээлтэй зүйлийнхээ талаар бусадтай нээлттэй ярилцаж, хуваалцана гэдэг чухал. Энэ замыг арай түрүүлээд туулчихсан хүмүүстэй ярилцах нь бүр ч сайн хэрэг.
-Та Парисын улс төр судлалын сургуулийг төгссөн. Таны сонирхон судалдаг сэдэв юу бол?
-Улс төрийн газар зүй. Газрын зураг дээр асуудлыг харна гэсэн үг. Монгол гэхэд л газар зүйн талаасаа маш онцлогтой. Өргөн уудам нутаг дэвсгэртэйнхээ хэрээр сонирхолтой. Хэдийгээр Монгол Улстай Франц улс ийм салбаруудад ингэж хамтарч ажиллана гэж тодорхойлсон ч бидний хэрэгжүүлж ирсэн төслүүд улсынх нь газар зүйн онцлогтой нийцэж байна уу гэдгийг судлах нь чухал.
-Газар зүйн онцлог, манай хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа таны хэлсэнчлэн нийцэж байна уу?
-Би “тийм” гэж хариулна. Ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан бий. Энэтхэг, Номхон далайн бүс нутагт Францын харьяа нутаг орнууд оршиж буй. Энэ бүс нутагт ойролцоогоор Францын 1.5 сая иргэн амьдарч байна. Мөн энд манай 7000 орчим цэрэг аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа. Тиймээс ч эл бүс нутагт баримталдаг Франц улсын стратеги чухал. Бид аливаа асуудлыг дипломат замаар шийдэхийг эрмэлздэг. Франц улс олон талт хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг. Бидэнтэй адил бүс нутагт оршиж буй улс орнууд эрх зүйт төрийг бэхжүүлэхэд нь дэмжиж, хамтарч ажиллах бодлого баримталдаг. Аливаа улс орон өөрийн хууль, журмыг бэхжүүлэх нь чухал. Үүнээс гадна харилцаа холбоогоо ашиглаж, дэлхийтэй аль болох өргөн хүрээнд холбогдох хэрэгтэй. Зөвхөн энэ ч биш, зам тээвэр, боомтууд гээд эдийн засгийн харилцааг хялбарчлах бүхий л арга замыг ашиглах нь чухал.
Франц, Монголын хамтын ажиллагааг хоёр хүрээнд хамруулж тодорхойлмоор байна. Эхнийх нь Монгол Улсын бие даасан байдлыг бэхжүүлэх, хоёрдугаарт, дэлхий нийтийн асуудал болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэх. Энэхоёр агуулга бол бидний хамтын ажиллагааны цөм нь юм.
-Монгол Улсын бие даасан байдлыг бэхжүүлэх гэснээ та тодруулахгүй юу?
-Франц улс танай орны бие даасан, тусгаар байдлыг нь хангахад чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, дэмжиж ажиллахыг эрмэлздэг гэсэн үг. Жишээ нь, иргэний аюулгүй байдлын салбарт танай улсын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар дурдмаар байна. Монгол Улс ард, иргэддээ чиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулах нь бие даасан байдлаа бэхжүүлэхэд чухал байр суурьтай. Дээрх төслийн хүрээнд зөвхөн техник, тоног төхөөрөмж, машин нийлүүлээд зогсохгүй тэдгээрийг цаашид ажиллуулж, авч явах алба хаагчдад зориулсан мэргэжлийн цогц сургалтууд зохион байгуулж байгаа. Мөн манай хоёр улсын цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог. Эрчим хүчний салбарыг ч дурдаж болно. Монгол Улс эрчим хүчний хувьд хараат бус, хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэг болоход нь туслахыг эрмэлздэг. Сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй улс шүү дээ. Цаашлаад хилийн нэг боомтын үйл ажиллагаа тасалдахад импортын бараа, бүтээгдэхүүний хомсдол ямар түвшинд хүрч байгаа билээ дээ. Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбар нь сайн бэхжээгүй байгаагийн илрэл. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж ирсэн төслүүд маань хоёр талт хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг. Цар хүрээгээр нь хэмжвэл өөр өөр ч гэлээ манай хоёр улсын харилцааны бодлогын цохилох зүрх болсон төслүүд юм.
МОНГОЛЫН ТАЛААС ШИЙДВЭРҮҮДЭЭ НЭГ ШУГАМАНД БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Онцгой байдлын байгууллагад машин, нисдэг тэрэг нийлүүлэхээс гадна нисгэгч нарыг нь сургаж байгаа юм билээ. Энэ төсөл цаашид хэр өргөжих бол?
-Гал унтраах 38 машиныг Монголын талд хүлээлгэж өгсөн. Тэдгээр машинаар үүрэгт ажлаа гүйцэтгэж явааг харах нь сайхан байна. Нисдэг тэрэг жолоодогч нарын тухайд бүр анхнаас нь сурч байгаа хүмүүс ч бий. Уг нь туршлагатай хүмүүсийг сургах хүсэлтэй байгаа ч ховор юм билээ. Францчуудын зорилго бол нэг техник, тоног төхөөрөмж өгчихөөд дараа нь 10 жилийн дараа дахиад шинийг нийлүүлэх явдал биш. Төслийн хамгийн чухал зүйл нь нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжүүдийг монголчууд өөрсдөө ажиллуулж сураад, дараа дараагийн хүмүүсээ өөрсдөө сурган, авч явахад оршиж байгаа юм. Энэ нь мөн л Монголын бие даасан байдлыг бэхжүүлэхтэй холбоотой. Салбар бүрийн бие даасан байдлыг бэхжүүлснээр Монгол Улсын тусгаар тогтнол улам батжина. Сургалтуудыг удирдах сургагч нар Францаас ирэх, буцах бүрт нь би уулздаг. Тэд монголчуудаас их зүйл сурч байгаагаа хэлдэг. Жишээ нь, Францад үйлдвэрлэсэн машинуудыг хасах 30 градусын хүйтэнд хэрхэн ажиллуулж байгааг ярьсан. Энэ нь харилцан туршлага солилцож буй хэрэг. Монголын гал сөнөөгчид бидэнд заахуйц чадварлаг арга барилтай.
-Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь манай хоёр улсын харилцаа, цаашлаад байгаль орчны чиглэлийн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Манай Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг тань хүлээн авсны дараа тантай уулзахдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэсэн. Шинэ биш энэ харилцааг цаашид илүү үр дүнтэй болгож, эрчимжүүлэхийн тулд монголчууд бид өөрсдөөс шалтгаалах юуг хийх ёстой вэ?
-Сонирхолтой асуулт байна. Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар ярилцахаар манай хоёр орны салбарын яамдынхан энэ сарын сүүлчээр хамтарсан ажлын хэсгийн хурал зохион байгуулахаар төлөвлөсөн. Удахгүй болох хурлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын үеэр хөндөгдсөн сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцана.
Монголын талаас шийдвэрүүдээ нэг шугаманд байлгах хэрэгтэй. Хоёр талын харилцан тодорхойлсон чухал салбаруудын тэргүүлэх ач холбогдолтой асуудлууд юу вэ гэдэг нь ойлгомжтой байна. Тэдгээрийг Засгийн газрын түвшинд ч тэргүүлэх асуудал гээд санал нэгдчихсэн байдаг. Гэтэл орон нутгийн түвшинд гол асуудлаа арай өөрөөр тодорхойлсон байх жишээтэй. Бүх түвшний шийдвэрүүдийг нэг шугаманд аваачихгүй бол хугацаа алдаж, төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Мэдээж олон нийтийн дунд янз бүрийн санал, өөр өөр байр суурь бий. Энэ бол ардчилсан нийгмийн чухал мөн чанар. Гэхдээ олон нийтэд зөв, шинжлэх ухаанч мэдээлэл хүргэх нь бид хамтдаа хийх ёстой ажил юм.
Жишээ нь, түрүүнд замын түгжрэлийн талаар дурдлаа. Үүнийг бууруулах ёстой гэдэг нь тодорхой. Шийдлийг нь олох ёстой. Монголоос тавьсан хүсэлтийн дагуу Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосон. Гол зорилго нь нийтийн тээврийг хүртээмжтэй болгож, хялбаршуулж, төрөлжүүлэх явдал. Хотын төвөөс алслагдсан, гэр хорооллын иргэд замын түгжрэлд цаг алдахгүй байх цоо шинэ шийдэл юм. Уг төслийг УИХ, Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын түвшинд баталчихсан боловч одоо чиглэлийг нь дахин ярилцах хэрэгтэй гэж бидэнд мэдэгдсэн. Талууд бүгдээрээ аль хэдийн хүч хөдөлмөр зарцуулаад хийчихсэн ажлыг дахиад ярилцана гэхээр цаг үрнэ. 2024 он гэхэд эхний шугамынх нь нээлтэд Элчин сайдын хувиар оролцоно гэж итгэж байгаа.
-Энэ төслийн талаар илүү тодруулахгүй юу?
-Дүүжин тээвэр бол ямар ч тохиолдолд түгжрэл үүсгэхгүй, газрын хөрсөн дээр зай эзлэхгүй байхаар бүтээгдсэн технологи. Нэг минут тутамд нэг автобус ирж байгаа юм шиг эргэлттэйгээр явна. Хотын захаас төв рүү ирэхэд дунджаар 60 минут зарцуулж байгааг 17 болгон бууруулна. Дэлхийн олон томоохон хот үүнийг нийтийн тээвэртээ нэвтрүүлсэн. Байгальд ээлтэй, нүүрстөрөгч ялгаруулахгүй, агаарын бохирдол огт үүсгэхгүй. Мөн дуу чимээ гаргах нь туйлын бага. Тиймээс орчин тойрондоо стресс үүсгэхгүй. Олон улсын хэмжээнд хотын нийтийн тээврийн салбарт томоохон технологи нэвтрүүлсэн шийдэл.
Нөгөө талаас энэ төсөл зөвхөн Франц, Монголын хоёр талт хамтын ажиллагаанд хамаарч буй ажил биш. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс хотын алслагдсан бүс, Баянхошуу орчимд хэрэгжүүлж буй, илүү том цар хүрээтэй төсөлтэй уялдаа холбоотой.
-Францын талаас нэлээд хөнгөлөлттэй нөхцөлөөр энэ төслийг хэрэгжүүлэх санал тавьсан гэж сонссон. Болзол, шалгуурынх нь талаар мэдээлэл өгч болох уу?
-Зээлийн талаарх дэлгэрэнгүй нарийн зүйлсийг сайн мэдэхгүй. Гэхдээ хамгийн таатай нөхцөлтэй зээл гэдгийг нь мэднэ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү маш бага, эргэн төлөгдөх хугацаа нь хэдэн жилийн дараа эхэлнэ. Санхүүжилтдээ төслийн хүрээнд нийлүүлэх техник, тоног төхөөрөмжөөс гадна сургалтуудын зардлыг багтаасан.
-2024 оны Парисын олимп хүртэлх цикл бараг дундаа орж байна. Франц улс хэрхэн бэлдэж байна вэ. Парисын олимпын онцлог юу байх бол?
-Олимпын хороо болон паралимпийн холбооныхонтой холбоо тогтоож, уулзахаар төлөвлөж байгаа. Энэ сарын эхээр Монгол, Францын өсвөрийн болон насанд хүрэгчдийн жүдогийн шигшээ багийнхан хамтарсан бэлтгэл хийлээ. Тэдний бэлтгэлтэй нь ч очиж танилцлаа.
Ирэх олимпын наадмыг паралимптэй зэрэг зохион байгуулахаар зорьж байгаа. Сүүлд нь хийхээр паралимп нь төдийлөн анхаарал татахгүй үлдчих гээд байдаг. Мөн гар утсанд бараг бүх спортын төрлийн эможи байдаг ч паралимпийнх байдаггүй. Энэ бүгдийг өөрчилж, паралимпийг олимпын наадамтай ижил түвшинд байлгахын төлөө ихээхэн ач холбогдол өгч байгаа. Монголын баг тамирчдыг илүү таниулахын тулд бүхий л бололцоогоороо дэмжинэ. Танай тамирчид маш чадварлаг. Монголд хөгжөөд удаж байгаа, шинээр хөгжиж буй спортын олон төрөлд танай тамирчид амжилт гаргах их нөөц боломж бий.
-Тухайлбал, ямар спортыг нэрлэх вэ?
-Мэдээж жүдочид нь маш чадварлаг. Мөн харьцангуй шинээр хөгжиж байгаа сагсан бөмбөгийн 3X3 төрлийнхөн байна. Ялангуяа охидын баг үнэхээр чадварлаг. 2024 оны Парисын олимпын наадмын медалийн тавцанд Франц, Монголын тамирчид зэрэгцэн зогсохыг харахыг үнэхээр их хүсэж байна.
-Та спортод элэгтэй хүн бололтой.
-Миний сонирхдог спорт рагби. Монголд энэ спортыг сайн мэддэг юм байна. 2023 оны рагбигийн ДАШТ-ийг манай улс зохион байгуулна. Танай улсын тамирчид үүнд оролцох, эсэхээс үл хамааран Монголд улам хөгжөөсэй гэж хүсэж байна. Монголчуудын төрмөл зан, дайчин чанар нь энэ спортын онцлогтой нийцэх байх. Мөн би гар бөмбөгөөр хичээллэдэг байсан. Гэхдээ тоглолгүй уджээ.
-Манайд рагби тоглох боломж хэр байна вэ. Та судалж үзэв үү?
-Монголын рагбигийн шигшээ багийн хоёр ч дэд дасгалжуулагчтай таарсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр багтай юм билээ. Сонирхогчдын болон цэргийн багуудад зориулсан клубууд ч байдгийг мэдэж авсан.
-Монгол, Францын хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг салбар нь уул уурхай, тэр дундаа уран. Гэхдээ “Орано”, “Бадрах энержи” гэхээр Монголын байгаль, хүн, амьтныг хордуулж, сүйтгээд байгаа мэт ойлголт төрдөг нь нууц биш. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Энэ төслийг эхлүүлээд 20 гаруй жил болж байна. Францын талаас Засгийн газар дийлэнх хувийг нь эзэмшдэг “Орано”, Монголын талаас төрийн өмчит “Мон атом” компани хамтран “Бадрах энержи”-ийг байгуулсан. Хэдийгээр тус компанийн хөрөнгө хоёр талд хуваагддаг ч хөрөнгө оруулалтыг Францын тал хийдэг. “Орано” компани хэд хэдэн улсад үйл ажиллагаа явуулдаг, салбартаа арвин туршлагатай. Франц улс ураны ордуудтай учир тэдгээрийгээ нээж, ашиглах өндөр чадавхтай. Энэ төслийн талаар олон нийтэд зөв, бодит мэдээлэл өгөх ажил орхигдсон учраас орон нутгийн иргэд, малчдын дунд буруу ойлголт байдаг. Одоогоос үнэн зөв, бодит мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй өгөхөд анхаарах хэрэгтэй. Нутгийн иргэдийн хүсэлтээр Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, суудлаачид өнгөрсөн сард ураны нөлөөллийн талаар судалгаа хийсэн. “Бадрах энержи” компанийн явуулж байгаа үйл ажиллагаа нь байгаль орчин, хөрс, усанд ил болон далд сөрөг нөлөө огт үзүүлээгүй бөгөөд хүн, малын эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй гэдгийг дээрх судалгааны үр дүнгээр баталсан. Ийм судалгаануудыг өмнө нь ч олон удаа хийж байсан л даа. Хариу нь дандаа ижил гардаг. Нутгийн иргэд судалгаа хийлгэх хүсэлт гаргах нь зөв. Уул уурхайн ямар ч төсөл байсан энэ төрлийн судалгаа хийх нь буруу биш. “Орано”-гийн технологи нь тун өвөрмөц, газрын хөрсөнд ямар нэг ул мөр үлдээдэггүй. Сэндийлсэн нүх, овоолгоостой шороо үүсгэдэггүй гэсэн үг. Энэ технологийг Казахстан улсад ашигласан. Хамгийн чухал нь Монгол, Франц хоёр улс энэхүү хамтарсан төслийг хэрэгжүүлье гэдэгт санал нэгдсэн. Гэсэн хэдий ч үйлдвэрлэл явуулалгүй нэлээд удлаа. Одоо үйлдвэрлэлээ эхэлж, үр дүнг нь харах чухал байна.
“МОНГОЛ” ГЭДЭГ НЭРИЙГ ГАГЦХҮҮ НЭГ АРД ТҮМЭН ХЭМЭЭН ИЛЭРХИЙЛЭХЭД ФРАНЦ ХЭЛ ХАНГАЛТТАЙ БАЯЛАГ
-“Бадрах энержи”-гийн талаар ярьсан чинь Монголд “Ковид-19”-өөр өвдсөн анхны хүн болох Францын иргэн санаанд орлоо. Манай ард түмний зочломтгой, найрсаг зан энэ үед ч илэрч байсан. Хоёр улсын иргэд хоорондын харилцаа дипломат бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал гэдэг.
-Хүн, иргэд хоорондын харилцааны талаар гурван зүйлд тулгуурлаж яримаар байна. Нэгдүгээрт, хүн хоорондын харилцааг хэл хөнгөвчилдөг. Маш олон монгол хүн франц хэлтэй. Аль ч салбарын, хэн ч бай хоорондоо харилцаад, улмаар дипломат харилцаанд хүрэх тэр бүх зүйлийг хэл л холбодог. Иймд Монголын салбар бүрт франц хэлний мэдлэгтэй хүмүүс байгаасай гэж хүсдэг. Гүнзгий, эсвэл мэргэжлийн түвшиний франц хэлтэй байх албагүй. Франц хэлийг анхан шатны хэмжээнд эзэмшчихээд, цааш нь өөрийнхөө хүссэн салбартаа ашиглаж, гүнзгийрүүлж болно шүү дээ. Хоёрдугаарт, ялгаатай байдал. Соёлын ялгаа гэсэн үг. Үүнийг сайн мэдэж, мэдэрч, бас ойлгох хэрэгтэй. Энэ чанар дипломатч хүнд зайлшгүй байх ёстойг дипломат салбарт 25 жил ажиллаж, 60 гаруй улсад очихдоо сайн ойлгосон. Гуравдугаарт, ижил байдал буюу хоёр ард түмний төстэй чанар. Монгол, франц хүмүүст анзаарагддаг төстэй чанар гэвэл аль аль нь нь хүчтэй, дайчин, баатарлаг, өөртөө итгэлтэй, бахархалтай зан чанар. Францын өвөг дээдэс болох галлууд дайн байлдаан их хийдэг, зүрх зориг ихтэй байснаараа алдартай. Монголчууд ч бас ялгаагүй.
Дипломат алба хашиж буй хүмүүсийн хувьд ард иргэд, хүн хоорондын харилцааг ойлгох нь маш чухал. Бид улс төр, эдийн засгийн талаар Засгийн газрын хооронд яриа хэлэлцээ хийж, шийдвэр гаргадаг ч монгол хүний онцлогийг энд байх хугацаандаа таньж мэдэх нь чухал, сонирхолтой санагдаж байна. Тэр ч утгаараа би албаны хурал, уулзалтуудаас гадна Монголын залуучуудын өнөөгийн хэв маягийг тодорхойлох нийгэм, соёлын үйл ажиллагаануудад бололцоогоороо оролцож, тэдний ажил төрөл өрнөдөг тэр л газарт нь очиж уулзан, танилцахыг хичээдэг. Мөн Улаанбаатараас давж, илүү том цар хүрээтэйгээр монголчуудыг таньж мэдэхийг хүсэж байна. Харин Улаанбаатарт бол би явган алхах дуртай. Гудамжаар явж байгаа залуусаас маш их эрч хүч мэдрэгддэг. Францын Элчин сайдын яам хотын төвд оршдог. Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж яваа хүмүүсийн зам дээр байдаг гэж хэлж болно. Өдөрт манай Элчин сайдын яамны урдуур алхаж яваа олон хүний ихэнх нь хийж, бүтээх хүсэл эрмэлзэл, урам зориг, эрч хүчээр дүүрэн залуус байдаг нь анзаардагддаг.
-Элчин сайд тантай уулзсаных, эцэст нь нэг зүйлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй нь. Францын реппер “Монгол” гэх нэрийг доромж утгаар хэрэглэн дуулсан нь бидний хувьд туйлын таагүй санагдсан. Үүнийгээ ч монголчууд ил тод илэрхийлж буй. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-Францын реппер энэ тэмдэг нэрийг доромж маягаар дуундаа оруулсанд бухимдаж байгааг хувь хүнийхээ үүднээс маш сайн ойлгож байна. Өдөр бүр монголчуудтай ажилладаг хүний хувьд энэ үгний тохиромжгүй хэрэглээг ойлгохгүй юм. “Монгол” гэдэг нэрийг гагцхүү нэг ард түмэн, нэг соёл иргэншилтэй холбоотойгоор л ашиглана гэдгийг маш тодорхой илэрхийлэхэд франц хэл хангалттай баялаг.