Туркийн Истанбул хотод энэ сарын 11- 12-нд зохион байгуулсан таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ-д дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлагад оролцсон Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” спорт хорооны Г.Болор-Эрдэнэ К44 ангиллын 63 кг-ын жинд түрүүлсэн. Тэрбээр Ази тивийн АШТ-д дөрөв, ДАШТ-д таван удаа аваргаар шалгаран, 2014, 2019 онд дэлхийн шилдэг тамирчин болж байв. Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ойн баярт алтан медалиар бэлэг барьж, жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй түүнтэй ярилцлаа.
-Токиогийн паралимпийн наадмын дараах таеквондогийн томоохон тэмцээн Туркийн Истанбул хотод боллоо. Тав дахь удаагаа дэлхийн аварга болсон таныг тэндээс сэтгэл өндөр ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр үед медалийн тавцанд амжилтад хөтөлсөн багшаараа бахархаж зогссон биз?
-Баярлалаа. Токиогийн паралимпийн наадмаас медаль хараахан хүртээгүй ч ДАШТ-д тав дахь удаагаа түрүүлж, алтан медаль хүртсэндээ сэтгэл өндөр байна. Намайг тулааны спортоор хичээллүүлж, амжилтад хөтөлсөн анхны багшдаа талархдаг. Би багадаа хөдөлгөөнтэй, Жэки Чаны тоглосон тулаантай кинонуудыг үзэж, түүн шиг тулалдан, биеэ хамгаалж сурах сан гэж боддог байв. Мөрөөдөлдөө хөтлөгдсөн жаал хүү таеквондогоор хичээллэхээр шийдсэн нь тэр. Аав минь намайг нэг өдөр дасгалжуулагч Н.Нэргүй багштай танилцуулснаар шавь нь болж билээ. Багшийнхаа удирдлагад 21 хоног бэлтгэл хийж, Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүлээ. Тэр үеэс өөрийгөө хөгжүүлж, гадаад, дотоодын тэмцээнд оролцох хүсэл төрж хичээллэсэн. Анхны шагнал минь Азийн болон ДАШТ-ээс олон медаль хүртэх амжилтын минь эхлэл байлаа.
-Аваргын медаль Токиогийн паралимпийн наадмын дараа таагүй бодлыг тань үргээж, урам, эрч хүч өгсөн болов уу?
-Тийм ээ, паралимпийн наадмын тэмцээнд ялагдаж ирчихээд сэтгэл санаа хүндхэн байсан. Олон жил хичээллэсэн ч оргилд нь хүрч чадаагүйдээ харамссан. Тэр үед спорт сонирхогчид намайг Токиогоос медальтай ирэх болов уу гэж харж байсан нь анзаарагдсан юм. Олноос сайн, муу шүүмжлэл аль алийг нь сонссон ч санаа авмаар хэрэгтэй зөвлөгөөнүүд ч бас байв. Цар тахлын улмаас бэлтгэл хийх чухал үе цалгардаж, амжилт гаргахад багагүй нөлөөлсөн. Миний хувьд тамирчин болж, олимпод оролцох нь хамгийн сонирхолтой санагдаж байлаа. Олимпын дэвжээ үнэхээр өөр юм билээ. Өмнө нь түрүүлнэ гэж огт төсөөлөөгүй Бразилын тамирчин аварга болсон. Паралимпийн наадамд оролцсон тулаанчдаас тэр л надтай тулалдаж үзээгүй нь байсан. Тэндээс ирээд жингийнхээ тамирчдыг судалж, тоглолтынх нь бичлэгийг сонирхож үзсэн юм. Энэ удаагийн ДАШТ-ий гурав дахь тойргийн тулаанд паралимпийн аваргатай таарч, хожлоо. Харин аваргын төлөө Италийн тулаанчтай таарч, ялсан. Өмнө нь би түүнд ялагдаж байсан удаатай. Спортын талбарт энэ мэтчилэн тооцоолж бодоогүй, санаанд оромгүй зүйл бишгүй тохиолддог. 2019 онд паралимпэд оролцох тамирчдын сорил тэмцээн Токиод болоход би түрүүлсэн. Энэ жил Токиогоос ирэх замдаа би одоо л гаргах байсан амжилтаа тэр үед гаргачихаж дээ гэх бодол төрсөн. Үргэлж ялна гэж юу байх вэ, надад ялагдсан удаа цөөнгүй бий. Ялагдал хүнд сургамж болж, дахин алдахгүй байх зорилго, тэмүүлэл өгдөг. Би өрсөлдөгчийнхөө тактикт өөрөө гүйж ороод алдаа гаргасан. Түүнээсээ гарч чадахгүй байсаар хүрэл медалийн төлөөх тулаанд хожигдсон юм. Тэр жижиг алдааг засаж чадсан бол медалиас атгах байв. Токиод болсон паралимп олон зүйлийг ухааруулж, ойлгуулсан гэж боддог. Олимп гэж анхаарал хандуулсан миний толгойд медаль заавал хүртэх ёстой гэх бодлоос өөр зүйл нэг хэсэгтээ бодогдоогүй. Өөртөө ингэж хэт ачаалал өгсөн минь нэг талаар дарамт болсон болов уу. Зөвхөн чаддаг зүйлээ хийгээд, энэ миний хийх тоглолт шүү гээд тулалдсан бол арай өөр байх байсан.
-Медалийн төлөөх тоглолт өрсөлдөөнтэй болсон шүү дээ. Тэгээд ч манай тамирчдын тоглолт ойрхон болсон болохоор нэгэндээ зөвлөх зав гараагүй байх л даа.
-ОУХМ Х.Энхтуяа эгч бид хоёр нэг өдөр тоглосон. Тэр үед нэгнийхээ тулалдахыг хараад тэг, ингэ гэж зөвлөж, ярилцах зав ч гараагүй. Түүнийг дэвжээнд тулаанаа өндөрлүүлээгүй байхад би тоглохоор гарсан. Медалийн төлөө хожигдчихоод хоёулаа уйлсан. Маргааш нь хүнд жингийн тулааныг үзэж суухдаа түрүүлсэн тамирчныг хараад түүн шиг медаль авчихсан бол гэж бодож суусан. Олимпод оролцохын тулд тамирчин хүн медалиас илүү олон зүйлийг судалж, өөрийгөө бүх зүйлд бэлэн байхаар бэлтгэж оролцох ёстойг ойлгосон. Харин энэ удаагийн ДАШТ-ий алт, хүрэл медаль бидний дараагийн зорилгыг тод болгож өгсөн.
-Олон тамирчинтай өрсөлдөж, ДАШТ-д оролцох эрх авах амаргүй. Хилийн дээс алхаж үзнэ гэхээс хэрхэн догдолж байснаа дурсаач.
-ОХУ-д 2014 онд зохион байгуулсан ДАШТ-д анх удаа аварга болчихоод өөртөө итгээгүй. Тэр тэмцээнд дэлхийн аварга, эзэн орны тамирчинтай аваргын төлөө тулалдаж ялсан юм. Хилийн дээс алхахаасаа өмнө гадаадын алдартай тамирчдыг харж, биширдэг байснаас биш, дэвжээнд нүүр тулна гэж төсөөлөөгүй явсан. Шагналын тавцанд медалиа зүүж, дэлхийн шилдэг тамирчнаар шалгарсныг зарласны дараа л итгэсэн. Тэндээс ирснийхээ дараа дэлхийн аваргын медалиа олимпын наадмынх яагаад болгож болгохгүй гэж бодож байлаа.
-Та Токиогийн паралимпийн наадамд оролцох анхны эрхийг эх орондоо авчирсан байх аа?
-Азийн орнуудаас БНСУ-д таеквондо өндөр хөгжсөн. Тамирчид нь хурдтай, хөнгөн. Тулалдах арга барил, техник нь ч өөр. Сүүлийн үед Узбекистан, Ираны тамирчид хүч түрэн орж ирж байна. Тамирчдынхаа чансаагаар Монгол, БНСУ, Ираны тамирчид эхний байруудад жагсдаг. Паралимпийн наадамд оролцох эрхийг чансаагаараа эхний дөрвөн байрт жагсдаг тамирчдад олгодог. Би I байрт бичигдэж байгаад паралимпийн наадмын тэмцээнд ялагдаж, чансаа доошилсон. Энэ удаа ДАШТ-д түрүүлж, жагсаалтыг дахин тэргүүлж эхэллээ. Таеквондогийн тулаанчдад олгодог олимпын эрхийн оноо бөхийн төрлүүдийн тамирчдынхаас бага байдаг. ДАШТ-д түрүүлбэл 140 оноотой болно. Эхний дөрвөөс хойших 12 тамирчныг тивээс нь шалгаруулж эрх олгодог юм. Олимп, паралимпийн наадамд өрсөлдөхийн тулд тухайн жилд зохион байгуулсан Азийн болон ДАШТ-д амжилттай оролцсон байх шаардлагатай. Монголд ирэх жил Азийн АШТ-ийг наймдугаар сард зохион байгуулна. Миний хувьд Азийн АШТ-ээс дөрвөн алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медальтай.
-Тэмцээнд 63 кг-ын жинд гадаадын тамирчидтай өгөө, аваатай л тулалддаг. Ялж, ялагдахаас илүү туршлага хуримтлуулах л чухал байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Амжилт гаргахын тулд жингээ олон жил барих амаргүй. Хоол унд, ажил, амралт, бэлтгэл хийхээ хүртэл зохицуулдаг. Энэ жиндээ таван жил дараалан түрүүлж, дэлхийн аварга боллоо. 2018 онд болсон дэлхийн тулааны их наадмын тэмцээнд аваргын төлөө тулалдаж мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хоёр сарын дараа зохион байгуулсан Азийн АШТ-д намайг ялсан тамирчинтай таарсан. Монголын таеквондогийн холбооны фэйсбүүк хуудсанд тэмцээн эхлэхээс сарын өмнө “Энэ удаа хэн нь ялах вэ” гээд бидний зургийг тавихад хүмүүс сэтгэгдлээ бичсэн байлаа. Бид алтан медалийн төлөө тулалдаж, оноо тэнцсэн юм. Тиймээс эхэлж оноо авсныг нь ялагчаар шалгаруулах болов. Нэмэлт дөрөвдүгээр үед би эргэлттэй өшиглөлт хийж, аварга болж байсан минь одоо ч санаанаас гардаггүй. Түүнийг хожихын тулд багш нартайгаа зөвлөлдөж, бүх талаас нь уйгагүй судалсан. Тэрбээр олон тэмцээнд өрсөлдсөн туршлагатай, одоо ч тулалддаг. Надад хоёр хүрэл медаль бий. Би жиндээ Туркийн тамирчидтай цөөнгүй таардаг. Йордан улсын Амман хотод болсон тэмцээнд тус улсын тамирчинд ялагдаж, хүрэл медаль хүртсэн. Бид тэмцээнд өгөө, аваатай л байдаг. Зургаан тоглолтод таарахдаа би ч, тэр ч гурав хожиж, гурав ялагдсан. Тэрбээр сая болсон ДАШТ-д жингээ өөрчилж, 58 кг-д аваргын төлөө тоглоод, мөнгөн медаль хүртлээ. Паралимпийн наадмын дараа бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, ДАШТ-д түрүүлэх зорилготой оролцсон. Токиогоос ирснээс хойш бэлтгэл хийхдээ анхаарал хандуулж, сэтгэл дэх таагүй бодлуудаа мартдаг байв.
-Хойшид ч жингээ өөрчлөхгүй “Парис 2024”, “Лос-Анжелес 2028” паралимпийн наадам оролцоно гэж ойлгож болох нь ээ?
-Болно. Би 63 кг-ын жингээ Парисын олимпод оролцох хүртлээ өөрчлөхгүй, цаашлаад 2028, 2032 оны паралимпийн наадамд оролцох зорилготой. Таеквондогийн тамирчид 33 нас хүртлээ тэмцээнд оролцдог. Монголын жүдо бөхийн тамирчдаас М.Уранцэцэг эгч 33 насандаа Токиогийн олимпиос хүрэл медаль хүртлээ. Түүний авьяас, ур чадвар, хичээл зүтгэл олон тамирчинд үлгэр дуурайл болсон.
-Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар багшийн удирдлагад хэзээнээс бэлтгэл хийж эхлэв?
-Токиогийн олимпын дараа Монголын таеквондогийн холбооны удирдлага, багш дасгалжуулагч нарыг шинээр томиллоо. Удахгүй шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулна. Би одоо “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар багшийн удирдлагад хичээллэдэг. Өмнө нь Л.Отгонбаатар багшийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байв. 2019 онд ДАШТ-ээс алтан медальтай ирсний дараахан Н.Эрдэнэбаатар багш “Г.Өсөхбаяр дарга чамтай уулзъя гэж байна, хүрээд ирээч” гэв. Г.Өсөхбаяр даргатай уулзахад “Чи манай спорт хорооны тамирчин болох хүсэлтэй байна уу” гэж санал тавьснаар “Алдар”-т хөл тавьж байлаа. Үе үеийн алдартнуудыг төрүүлсэн энэ том айлаар овоглоод Азийн болон ДАШТ, паралимпийн наадамд оролцохдоо хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. Надаас гадна Х.Энхтуяа эгч тус спорт хороонд харьяалагддаг. Манай холбооны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа. Шинэ оны дараа тамирчдаа гадаад, дотоодын тэмцээнд оролцуулах төлөвлөгөө гаргах байх.
-Манайхан Азиас БНСУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг. Европынхонтой хэзээнээс хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бол?
-Манайхан БНСУ-д очиж, тамирчидтай нь жил бүр хамтарсан бэлтгэл хийсний үр дүнг олон тэмцээнд харуулсан. Ази, Европын зарим орноос Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийх санал нэг бус удаа тавьсан. Хамтарсан бэлтгэлийн үед тамирчдад нэгнээсээ суралцах зүйл их байдаг. Таеквондо хүндлэл, хүнлэг, сахилга бат, ёс суртахуун, хүмүүжил, зөв хандлагатай байхыг эрхэмлэдэг спорт. Намайг олон тэмцээнд оролцож, медаль хүртсэн болохоор хардаг, судалдаг өрсөлдөгч олон. Тэд ч гэсэн ялагдахыг хүсэхгүй шүү дээ. Монголын тамирчинтай тулалдаж, хожно гэсэн зорилготой ирдэг. Тэмцээнд түрүүлэхээр миний зургийг гадаадын сайтууд тавьдаг болохоор сонирхож уншдаг хүн олон байдаг юм билээ.
-Тамирчны замналаа эхлүүлэхдээ ойр дотнынхоо хүмүүсийн эсэргүүцэлтэй хэр тулгарсан бэ?
-Аав, ээжийн удамд спортоор хичээллэдэг хүн байдаггүй юм. Би ах дүүс, хамаатан саднаа спортоор хичээллэх анхны суурийг таеквондогоор тавьж байна. Гараа гэмтээчихсэн байхад ээж хичээллэхийг зөвшөөрөөгүй. Хичээллэх тухай хэлэхэд бүр сонсохыг ч хүсээгүй. Гэрийнхнийхээ дургүй байгааг мэдсэн болохоор нууцаар бэлтгэл хийдэг байлаа. Тэмцээнд оролцохын тулд ээждээ нэг өдөр үнэнээ хэлж, мандатын мөнгө авав. Намайг тэмцээнээс медаль авахыг ээж хараад баярласан. Хүүгээ зоогийн газарт амттай хоолоор дайлж, дуртай зүйлээр нь шагнаж байсныг мартдаггүй. Түүнээс хойш өнөөг хүртэл тууштай дэмжиж, гадаад, дотоодын тэмцээнд оролцоход зардлын мөнгөөр тусалж ирлээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум миний төрж, өссөн нутаг. Аймгийнхаа II арван жилийн сургуульд сурч, төгссөн. Намайг ДАШТ-д оролцуулахын тулд аав, ээж минь мөнгөө үрэхгүй хойш нь хадгалдаг байв. Тэр үед дээд сургуульд сурдаг байсан оюутан эгч минь намайг ДАШТ-д оролцуулахын тулд жилийн чөлөө хүртэл авч байлаа. Дэлхийн тулааны дэвжээнд таван удаа, Азийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, аав, ээж, эгчийнхээ ачийг хариулж яваа. Одоо аав, ээж минь “Бид хүүгээ зөв зүйл рүү нь чиглүүлж дэмжжээ. Хэрвээ чи энэ сургуульд сур гээд дургүй байхад нь хүчээр ятгасан бол өдийд ийм амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү” гэж ярьдаг юм.
-Та ч гэсэн би зөв алхам хийжээ гэдгээ хэзээнээс мэдрэв?
-Намайг УАШТ-ээс алтан медаль хүртээд аймагтаа ирэхэд Н.Нэргүй багш “Миний хүү олимп, дэлхийн аварга болно оо” гэж урам хайрлаж байлаа. Багшийн минь хэлсэн үг намайг мөрөөдөл рүүгээ тэмүүлэхэд нөлөөлсөн. Тэрбээр тулааны спортод олон тамирчин бэлтгэсэн туршлагатай дасгалжуулагч. Багш гадаад, дотоодын тэмцээнээс медаль хүртсэн олон шавьтай. Тухайлбал, таеквондо, муай тай боксын тамирчдаас тус бүр нэг, кик боксоос хоёр тамирчин дэлхийн аварга болжээ. Бид багштайгаа байнга холбоотой байдаг юм.
-Боловсрол соёл, эрх зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн гэл үү?
-Тийм ээ, өнгөрсөн жил төгссөн. Оюутан байх жилүүдэд хичээлдээ гүйх, бэлтгэл хийх, гадаад, дотоодын тэмцээнд оролцож завгүй өнгөрүүлсэн. Тэмцээнтэй үед хичээлээс чөлөө авч, дараа нь нөхөн бичиж, шалгалт өгдөг байлаа. Хэдий тийм байсан ч хичээлээсээ аль болох хоцрохгүйг хичээсэн. Ангийн багш, хамт олон надад тусалдаг байсанд баярладаг. ДАШТ-ээс алтан медаль, Токиогийн паралимпийн наадамд оролцох эрхтэй ирж, сургуулийнхаа удирдлага, багш нар, ангийн нөхдөө баярлуулж байлаа.
-Бид оны босгон дээр ярилцлаа. Удахгүй шинэ он айлчлан ирэх нь. Дэлхийн аваргын урам хайрласан мэндчилгээ энэ спортоор хичээллэдэг залууст эрч хүч төрүүлэх байх.
-Бидний тулааныг сонирхон үзэж, сэтгэлээрээ дэмждэг спорт сонирхогчдод баярлалаа. Азийн болон ДАШТ-д оролцдог тамирчдадаа спортын өндөр амжилт хүсээд удахгүй болох шинэ оны мэнд дэвшүүлье. Хэрвээ залуус таеквондогоор хичээллэхийг хүсвэл манай тамирчидтай хамт бэлтгэл хийж, нэг өдрийг зориулаарай. Тэр өдөр төрсөн сэтгэгдэл тань магадгүй өөрийг тань хэзээ нэгэн цагт амжилтад хөтлөх ч юм бил үү. Хүний авьяас далд байдаг. Түүнийгээ нээх нь чухал. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулж, чадахгүй, мэдэхгүй зүйлээ хичээсний хэрээр сурдаг. Эмч болно гэж мөрөөддөг байсан намайг таеквондо эргэж буцахааргүйгээр татсан. Би гайхамшгийг нь мэдэрч, амжилтаас атгасан. Тэр үед “Энэ л миний сонгож хичээллэх спорт, үүгээр хойшид амжилт гаргана” гэсэн бодол төрж байлаа. Хүн зорилго тавиад, зүтгэхэд боломжгүй зүйл байдаггүй. Өөрийг тань сорьсон саад бэрхшээл цаг зуурынх юм. Тиймээс хэцүү гэж бодолгүй даван туулахад амжилт ойрхон байдаг юм билээ. Би үүнийг өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн. Тиймээс тамирчдадаа гадаадын тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж, “Парис 2024” олимпын наадамд оролцох эрх аваарай гэж ерөөе.