ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяртай ярилцлаа. Монгол хэлний толь бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, илүү олон хүнд хүргэх, таниулах чиглэлээр тус хүрээлэнгийнхэн цөөнгүй ажил хийж буй юм билээ.
-Танай хүрээлэнгийнхэн “Монгол хэлний дэлгэрэнгүй толь бичиг” аппликэйшн гаргажээ. Ингэснээрээ толь бичгийг иргэд өдөр тутамдаа ашиглах боломж бүрдлээ гэж харж байна. Уг аппликэйшний онцлог, давуу тал юу вэ?
-Өмнө нь хэвлэмэл байдлаар буюу ном хэвлэлээр дамжуулан эх хэлнийхээ үгийн санг олон нийтэд хүргэж байсан. Харин техник, технологи өндөр хөгжсөн өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ, цахим орчны хэрэглээтэй уялдуулан шинэчиллээ. Өөрөөр хэлбэл, олон нийтэд зориулсан цахим толь бичиг зайлшгүй шаардагдах болсон. Тиймээс академич Л.Болд гуайн удирдлагаар монгол хэлний тайлбар толийг цахимд шилжүүлэн, mongoltoli.mn сайтад байршуулж, нэлээд хэдэн жилийн өмнө иргэдэд хүргэсэн. Харин энэ жил Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Монгол толь”-ийн гар утсанд зориулсан хувилбарыг хөгжүүлэх ажлыг эхлүүлж, андройд болон iOS системд зориулан шинэчлэн боловсруулж, хэрэглэгчдийн хүртээл болголоо.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бүтээлийг 2018 онд гаргаж, өдгөө нийтээр дагаж мөрдөж байгаа. Хэдий тийм боловч уг тольд маргаантай үгнүүд байгаа талаар зарим хүн шүүжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бол нийтээр дагаж мөрдөх толь бичиг юм. Монголчууд 1946 оноос хойш кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн. 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 000 толгой үгийг үсгийн дүрэмдээ нийцүүлэн журамласан. Гэтэл цаг хугацааны явцад хэлний хэрэглээ, үгийн сан баяжсанаар зөрүүтэй бичигдэх үгсийг жигдлэн, журамлах асуудал дахин тулгарсан. Ийм шаардлагаар 38 000 толгой үгтэй энэхүү “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг гаргасан нь чухал ач холбогдолтой.
-Уг толь бичигтэй холбоотойгоор зарим хүн “Монгол хэлний дүрэм өөрчлөгдсөн” гэж маргах тохиолдол ч бий. Мэргэжлийн хүний хувьд та үүнд тайлбар өгнө үү?
-Монгол хэлний зөв бичих зүйн дүрэм өөрчлөгдсөн гэх нь төөрөгдөл. 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь”-д бичсэн дүрэм өдгөө ч өөрчлөгдөөгүй. Гагцхүү зөрүүтэй бичиж байсан цээж, чээж, төвөд төвд, шавж, шавьж, эшлэх, ишлэх, олонтоо, олонтаа, билиг, билэг зэрэг олон үгийг нэг мөр жигдлэн журамлаж, зарим зүйлд нэмэлт тайлбар хийснээрээ “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” онцлогтой. Түүнчлэн энэхүү тольд түгээмэл хэрэглэдэг 1000 гаруй гадаад үг, улс орнууд, тэдгээрийн нийслэлийн нэрийг хэрхэн бичих журмыг шинээр тогтоосноороо ач холбогдолтой.
-ШУА-иас саяхан шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь бичгийг мөн гаргалаа. Ийм толь бичиг бүтээж байгаа талаарх мэдээлэл нэлээд хэдэн жилийн өмнөөс л сонсогдсон. Тэгэхээр ихээхэн хүч хөдөлмөр, хугацаа зарцуулсан бүтээл болов уу?
-Шинжлэх ухааны академийн 16 хүрээлэнгийн 100 гаруй эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийг интернэт орчинд байршуулан, олон нийтэд хүргэлээ. Зургаан салбарын 12 551 толгой оноолт үг бүхий, тайлбартай уг толийг судлаачид төдийгүй нэр томьёо сонирхогч, орчуулагчид засаж сайжруулах, баяжуулах боломжтойгоороо онцлог юм. Энэхүү толийг dict.ac.mn хуудаснаас үзэж болно. Төслийн удирдагчаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар ажиллаж, Математик, тоон технологийн хүрээлэнгийн судлаачид өгөгдлийн сан байгуулан, цахим хэлбэрт оруулсан. Энэ бол бидний хоёр жи лийн ажлын үр дүн. Тус тольд байгалийн ухааны нэр томьёо 5620, анагаахын үг хэллэг 1807, эрүүл мэндийнх 1817, хөдөө аж ахуйн салбарынх 1612, нийгмийн ухааных 1287, хүмүүнлэгийн холбогдолтой үгс 2081, инженерүүдийн голчлон ашигладаг үг 154-ийг оруулж, нэр томьёог жигдлэн, нэгбүрчлэн тайлбарласан.
-Шинжлэх ухааны нэр томьёонуудыг жигдлэх явцад ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарсан бэ?
-Нүүдлийн ахуйтайгаа холбоотойгоор монгол хэлэнд уламжлалт сэтгэлгээ илэрхийлсэн олон үг хэллэг байсан. Харин 1921 оны нийгмийн өөрчлөлтийн дараа орос хэлнээс олон үг, ухагдахуун авах болсон. Тэгвэл техник, технологийн дэвшлийн өнөө үед тусгайлан мэргэжил бүрийн ярианы болон бичгийн хэлийг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа. Тухайлбал, эмчийн мэргэжлийн хүрээнд жор, онош бичих нь харилцан адилгүй байна. Оношийг зарим нь оросоор, нэг хэсэг нь латин, кириллээр бичдэг. Үйлчилгээний салбарынхан мэргэжлийн үг хэллэгээ бүрэн судлаагүйгээс буруу ярих, алдах, будилах тохиолдол гардаг. Цар тахлын энэ үед ч ХӨСҮТ-ийнхний ярьж буй үг хэллэгийг сонсоод ямар сонин содон нэр гараад ирэв гэж харах жишээтэй. Хөл хорио, гэрийн тусгаарлалт, сүргийн дархлаа зэрэг шинэ үгийг бид сүүлийн хоёр жилд байнга шахам сонслоо. Энэ бүхнийг хэлний шинжээч нартай хамтран хэлэлцээд, нэг мөр болгон жигдэлж байх нь оновчтой. Хэл зохиолын хүрээлэнгийн зарим судлаач өмнө нь ХӨСҮТ-ийнхөнтэй хамтарч, сүрьеэгийн нэр томьёоны 3000 гаруй үг хэллэгийг жигдэлж, журамласан. Мэргэжлийн хүмүүс, хэл бичгийн судлаачид хамтарч ажилласан. Мөн хөдөлмөр, үйлчилгээний салбарынхантай хамтарч ажиллаж байв. Боловсрол, менежмент, хүнсний салбарынхантай хамтарч ажилласан нь ч бий. Одоогоор стандарт, хэмжил зүйн нэр томьёонуудыг жигдлэхээр салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна.
-Хэвлэл мэдээллийн салбарынхны үг хэллэгийн онцлогийг тухайлан дурдаж болох уу?
-Радио, телевизийнхэн хүртэл гадаадаас оруулж ирсэн контент гээд ярьж, бичдэг. Гадаадаас авчирсан нэвтрүүлгүүдийг “80 саяын уналт”, “50 саяын уналт” гээд орчуулж байна. Уналт гэдэг үг зохицох уу, “80 саяын төлөө”, “50 саяын төлөө” гэж болохгүй гэж үү. Войсе, талент, көүч гэдэг үгээ монголоор хэлж болдоггүй юм уу гээд иргэд хүртэл санал, шүүмжлэл гаргаж байгаа шүү дээ. Ер нь бүх салбарт мэргэжлийн үг тогтолцоог сайн бүрдүүлэх учиртай.
-Эрдэмтэн судлаачид чимээгүйхэн хөдөлмөрлөж, оюуны их ачаа үүрдгийг Монгол Улсад шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон нийтэд танилцуулсан бүтээлүүдээс харлаа. Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид өдгөө ямар ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Түүхэн ойгоо угтан манай хүрээлэнгийнхэн судалгаа шинжилгээний 40 гаруй ном, хамтын бүтээл бичиж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, нийтэд зориулсан олон ажлыг гүйцэтгэсэн. Жишээ нь, их, дээд сургуулийн оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан оюутнуудыг хүрээлэн, салбар төвүүдээр “аялуулж”, академич Ц.Дамдинсүрэнгийн гэр музей үзүүлж танилцууллаа. Мөн цахим өдөрлөгөөр дамжуулан байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан, найман цуврал бүтээл хийж, олон нийтэд хүргэсэн. Соёлын яам, Үндэсний номын сантай хамтарч “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүх, монгол бичгийн дурсгал”-ын талаар цуврал бүтээл гаргалаа. Үүнээс гадна “Номын хишиг 100” үйл ажиллагаа зохион байгуулж, манай хүрээлэнгийн судлаачдын бүтээлийг олон нийтэд түгээж байдаг улсын болон хотын, их, дээд сургуулийн, монгол судлалын төвүүдийн номын санд номынхоо дээжээс хандивлалаа. Манай нэрт эрдэмтдийн нэрэмжит ерөнхий боловсролын зарим сургуулийн номын санд ч хандив өгсөн. 100 жилийн ойн хүрээнд гаргасан хоёр бүтээлийг дурдмаар байна. Тухайлбал, Чойжи-Одсэрээс эхлээд О.Жамьян гүн хүртэлх, хэл шинжлэлийн түүхэнд “Цагаан толгой” хэмээн нэрлэгдэж ирсэн эрдэмтэн мэргэдийн 17 үнэт дурсгалыг бүртгэн цуглуулж, өнөө үеийн бичвэр зүйн судалгааны зохих түвшинд шинжлэн судалсан академич Д.Цэрэнсодномын шавь нарын хамт бичсэн “Монгол хэл шинжлэлийн үнэт дурсгалууд” бүтээлийг эрхлэн гаргалаа. Бас нэг онцлох ном бол “Хэл зохиолын хүрээлэн: 100 жил, 100 үйл явдал, 100 зураг, 100 эрдэмтэн” хэмээх судалгааны хамтын бүтээл. Энэ бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн туулсан баялаг агаад бахархалтай сайхан түүхийн хамгийн онцлохуйц үйл явдлуудыг олон нийтэд аль болох хялбаршуулсан байдлаар танилцуулж, 440 орчим гэрэл зургаар агуулгыг нь баяжуулсан хамтын бүтээл.